Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

    2019       03          28                                   473

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ч.Алтансүх,   

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

яллагдагч С.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,

яллагдагч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, С.Г, Г.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08262 1918 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б.Б,

Г.Г,

С.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, С.Г, Г.Г нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 07- ноос 08-нд шилжих шөнийн 02:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайз гэх караокены орчим иргэн Б.Дэлгэрмөрөнгийн эзэмшлийн жи 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                                                      

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08262 1918 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нар нь хохирогч Б.Дэлгэрмөрөнгийн эзэмшлийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим баарнаас гараад зүүн тийш 100 орчим метр газар яваад би Төгсөөг таксинд суулгаж өгөх гээд замын урд талд зогсож байтал 2 залуу ирээд ахаа утсаараа ганц яриулчихаач тэгэх үү гээд гуйгаад байхаар нь би утсаа гаргаж ирсэн. Тэгэхэд Төгсөө миний утсыг аваад нөгөө хүмүүсээс алив залгах дугаар чинь хэд вэ гэж асуухад нэг нь гэнэт миний гар утсыг аваад зугтаасан, тэгэхэд нөгөөдөх нь мөн адил хамт зугтаасан. Тэгээд би араас нь хөөхөд тэр хоёр залуу гүйх явцдаа хальт гараа өргөхөд нэг машин зогссон бөгөөд тэр хоёр залуу суугаад явчихсан.

Надтай хамт байсан Одонтөгс тухайн үед такси барьж миний утсыг булаасан хүмүүсийн араас хөөгөөд машиных нь номерийг хараад цагдаад хэлсэн байсан. Цагдаа тэр хүмүүсийг барьсан байсан. Би 2018 оны 10 сарын 08-ны өдөр өөрийн гар утсыг тэр хүмүүсээс бүтэн хүлээж авсан. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 69/,

 

Гэрч Г.Гарамжилийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 03 цагийн орчимд байх манай найз С.Г, Б.Б, дүү Г.Г нар манай гэрт ирсэн. Тэгээд би гэрээсээ гарахад бид гурав хамт явж байгаад хүний утас шүүрээд зугтаасан юм. Тэгэхэд тэр хүмүүс араас хөөхөөр нь дэнж дээр машинаа орхичихсон. Тэгтэл хажууд цагдаа ирээд зогсчихлоо. Чи очоод аваад өгөөч гэхээр нь би С.Гын хамтаар машин руу нь очиход Соната 5 маркийн машин байсан. Хажууд нь 2 цагдаа байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Г.Одонтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...би Дэлгэрмөрөнгийн хамтаар такси барих гээд замын хажууд зогсоод Дэлгэрмөрөнгийн утсыг гаргаад Уранзаяатай ярьчихаад зогсож байхад 20-25 орчим насны байх 2 залуу ирээд утсаа өгч байгаач нэг  ярьчихья гэхээр нь нэгж байхгүй гэж хэлээд зогсож байтал тэр хоёрын нэг нь булаагаад хоёулаа зүүн тийш зугтсан. Тэгэхээр нь Дэлгэрмөрөн бид хоёр араас нь гүйхэд тэр хоёр залуу Соната 5 маркийн машинд суугаад зүүн тийшээ явсан бөгөөд тэр машин нь хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би такси бариад араас нь хөөгөөд замаар зүүн тийш чигээрээ яваад хойшоо гэр хороолол руу ороход тэр машин зогсоод утас шүүрч авсан 2 залуу машинаас буугаад гүйгээд явчихсан. Тэгэхээр нь араас нь таксины жолооч бууж хөөгөөд гүйцээгүй. Тэгээд машиных нь дугаарыг харсан байсан учраас цагдаа руу залгаж машиных нь дугаараар хэлж мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн №БЗ1-18-1190 дугаартай:

Самсунг жи-7 маркийн гар утас нь 150.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч Б.Баяртулгын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 сарын 07-ны 20 цагийн үед Ган-Эрдэнийг хаана байна гээд чат бичхэд С.Г тэр 2 писи тоглоомын газарт байна гэсэн. Би тэр хоёрыг хүрээд ирээрэй гэхэд 23 цагийн орчим ирээд бид 3 худаг дээр уулзсан. Юм яриж сууж байгаад С.Г ахаасаа машиныг нь авъя, гурвуулаа жоохон гадуур хэсэх үү гэхээр нь тэгье гээд зөвшөөрөөд 00 цагийн орчимд Чулуун-Овоонд байдаг С.Г ахынхруу очиж соната-5 маркийн машиныг нь гуйж аваад бид гурав Сансар яваад буцаад БЗД-ийн нутаг дэвсгэрт байх "Алтан цайз" төвийн тэнд явж байтал Г.Г хэлэхдээ тэнд ах, эгч хоёр согтуу утас оролдчихсон явж байна ш дээ гэж хэлэхэд С.Г зогссон. Тухайн үед Г.Г хэлэхдээ утсыг нь шүүрээд гүйчих үү гэхээр нь би хамт буусан бөгөөд Г.Г тэр ахад утсаараа нэг яриулчихаач гэж хэлэхэд хамт байсан эгч утсыг нь аваад өгсөн.  Г.Г тэр утсыг шүүрээд зугтаахаар нь би араас нь гүйсэн. С.Г нилээд урд зогссон байсан бөгөөд бид хоёр гүйгээд С.Гын машинд суугаад машинтайгаа зүүн тийшээ явсан. Тэр хүмүүс араас машинтай хөөхөөр нь хойшоо Газарчин дээд сургуулийн тэрүүгээр эргээд явж байгаад Г.Г бид хоёр буугаад, С.Г машинтайгаа явсан.

Гурвуулаа хүний утас шүүрэх үү гэж яриж байгаад шүүрэхээр болоод Алтан цайзын тэнд очсон юм. Бид гурав гуравуулаа л ярилцаж байгаад явсан. Өөрсдийн бодлогогүй байдлаас боллоо, хийсэн үйлдэлдээ гэмшиж, хэрэг үйлдсэн өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр хүний утсыг тухайн өдөр нь буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 сарын 07-ны 18 цагийн үед гэрээсээ гарч С.Гтай хамт Баянзүрх дүүргийн 16-р хороонд байх МЖЛ арина орж писи тоголсон.

Тэгээд орой 23 цагийн орчимд Б.Б надруу чат бичээд хүрээд ир гэхээр нь хаана байгаа юм гэхэд Цахлайгаас дээш өгсөөд 457 дугаар худаг дээр байна гэж хэлсэн. С.Г бид хоёр Б.Бтай уулзаад гурвуулаа гадуур явъя гэж ярьсан.  00 цагийн орчимд бид гурав Чулуун-Овооруу алхаж очоод С.Гын таньдаг ахаас Соната-5 маркийн машиныг аваад гурвуулаа Сансараар 2 удаа тойрч явсан. Тэгээд 02 цагийн орчимд бид гурав Алтан цайзын гадна очоод байж байтал архи уусан байдалтай ах, эгч хоёр гарч ирсэн. Тэгэхээр нь Б.Б бид хоёр машинаас буугаад би тэр ахаас утсаараа яриулчих гэхэд хамт явж байсан эгч нь утсыг нь бариад байж байсан. Би утсыг нь шүүрч аваад зүүн тийш гүйсэн. С.Г машинтайгаа араас дагаж ирээд зогсохоор нь Б.Б бид хоёр машинд суусан. Машинд суусны дараа бид хэдийн араас тэр хүмүүс машинтай хөөхөөр нь 16-р хорооллын зүүн талаар хойш яваад Мөрөөдлийн төвөөр хойш яваад Б.Б бид хоёр машинаас буугаад хойшоо гүйсэн. Бид гурав мөнгөтэй болъё, ганц нэгээрээ явж байгаа хүний юмыг авъя гэж ярилцсан. Өөрсдийн бодлогогүй байдлаас боллоо, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 сарын 07-ны 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хороонд байх МЖЛ арина гэх писи тоглоомын газарт Г.Гтэй хамт тоголсон. 23 цагийн орчимд Б.Б гэх найз маань Г.Грүү чат бичээд хүрээд ир гэхээр нь Цахлайгаас дээш өгсөөд 457 дугаар худаг дээр очсон. Уулзаад гурвуулаа гадуур хэсье гэж ярьсан. Тэгээд 00 цагийн орчимд бид гурав Чулуун-Овоонд байдаг Мэндбаяр ахын гэррүү очиж Соната-5 маркийн машиныг нь гуйж аваад Цайз, Сансар яваад буцаад БЗД-ийн нутаг дэвсгэрт байх "Алтан цайз" караокены гадна очоод байж байтал архи уусан байдалтай ах, эгч хоёр гарч ирсэн. Тэгэхэд Г.Г, Б.Б хоёр машинаас буусан бөгөөд би жоохон хөдлөөд явж байхад тэр хоёр удаагүй гүйж ирээд Г.Г машинд суухад араас нь Б.Б гүйж ирээд суусан. Тэгээд хөдлөөд явж байтал тэр хүмүүс араас машинтай хөөгөөд 16-р хорооны Петровис ШТС-ын тэнд хөөж байсан машин миний урд талд гарахаар нь би хажуугаар нь гараад Газарчин дээд сургуулийн тэрүүгээр хойшоо яваад Г.Г, Б.Б хоёр буусан. Тэгээд би хойшоо яваад 442 дугаар худгийн тэнд очиж машинаа дэнжийн тэнд тавиад машинаас буугаад Г.Г, Б.Б хоёртой уулзсан. Тэгээд харахад цагдаа ирчихсэн байсан бөгөөд бид гурав яах уу гээд яриж байгаад Гарамжил гээд найзынхаа гэррүү очоод Гарамжил бид хоёр цагдааруу очиход цагдаа намайг машинд суулгасан. Тэгээд нөгөө хүмүүсээ дууд гэхээр нь Г.Г, Б.Б хоёрыг дуудуулаад цагдаагийн газарт ирсэн. Анх гурвуулаа машинтай жоохон хэсье гээд машин авсан, тэгээд машинтайгаа явж байхдаа гурвуулаа хүний утас шүүрэх үү гэж яриж байгаад шүүрэхээр болоод Алтан цайзын тэнд очсон юм. Бид гурав гурвуулаа л ярилцаж явсан бөгөөд би машин бариж байсан учраас тэр хоёр буусан. Өөрсдийн бодлогогүй байдлаас боллоо, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/,

-цагдаагийн алба хаагч нарын бичсэн илтгэх хуудас /хх-ийн 22/,

-эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23/,

-гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 71/,

-2085УНД улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 73-75/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-35/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Г, С.Г, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нарын иргэн Б.Дэлгэрмөрөнгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүлэглэн тээврийн хэрэгсэл хэрэглэж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Дэлгэрмөрөн нь хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй ба түүний гар утасыг мөрдөн байцаалтын явцад буцаан өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдэснийг хүндэрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Гансүхийн Г.Г, Дайртан овогт С.Г,   Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Г, С.Г нарыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Баяртулгийг 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нарт тус тус  хүлээлгэсүгэй.

   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.Г, С.Г, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, С.Г, Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ