Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 396

 

Б.И-, О.О- нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар магадлалтай, Б.И-, О.О- нарт холбогдох 1706040650297  дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, “Тайгын булаг” ХХК-ийн хяналтын албанд камерын хянагч, ам бүл 6 нөхөр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 11-242 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-н О-,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 07 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 11-242 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н И-.

О.О- нь Б.И-тай бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянзүрх худалдааны төвд" байрлах *** ХК-ийн худалдагчаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,600,990 төгрөгийн хохирол учруулсан,

Б.И- нь О.О-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянзүрх худалдааны төвд" байрлах *** ХК-ийн жолооч, борлуулагчаар 2017 оны 07 дугаар сарын 26- ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,033,370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-, О.О- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.И-, О.О- нарыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэж шийдвэрлэсэн байна.      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэлдээ “Шийтгэх тогтоол, магадлалд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх Б.И-, О.О- нарт хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн хугацааг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад заасан хугацаагаар тодорхойлоно, ... уг заалтыг дурдаагүйгээс тухайн шийтгэх тогтоол ойлгомжгүй болохгүй, тус шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг явуулахад эргэлзээ төрүүлэхгүй гэж тайлбарласан нь хуулийн үндэслэлгүй байна.

Шүүхийн тогтоол нь шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт ойлгомжтой байхын зэрэгцээ шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч зэрэг хэргийн оролцогч нарт шууд ойлгогдохоор байх ёстой.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсгүүдэд заасан асуудал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа гаргаж буй шийтгэх тогтоол нь шүүгдэгчид шууд ойлгогдохоор тодорхой үг хэллэгээр, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдэх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх”-аар тус тус хуульчлан заажээ. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ ялтан нар нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зөвхөн санаатай гэмт хэрэг үйлдсэнээс үүсэх үр дагаврын талаар заасан байна. Шүүх шийдвэртээ шүүхээс хүлээлгэсэн үүрэг нь хэдий хугацаатай болох, болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биөлүүлэлгүй зөрчсөн болон тухайн үүргийг биелүүлж, хязгаарлалтыг зөрчөөгүй зэрэг тохиолдлуудад ямар үр дагавар үүсч болох талаар тусгайлан, нэг бүрчлэн заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болно гэж ойлгож байна.

Тэнссэн хугацаанд ялтан нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл тухайн гэмт хэргийн болон хүний хувийн байдал зэргийн харгалзан албадлагын арга хэмжээг нь хүчингүй болгож болох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Мөн ялтан нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж тусгайлан заасан байна.

Түүнчлэн ялтанд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж, хязгаарлалтыг зөрчөөгүй бол үүрэг хүлээлгэсэн хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлөгдөх боломж хуулиар олгогдсон. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно” гэж тусгайлан зохицуулжээ. Шийтгэх тогтоолд хуулийн дээрх заалтууд болон шүүхээс үүрэг хүлээлгэсэн хугацааг тусгайлан заавал дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичлээ” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Оногдуулсан ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгийг журамлах ёстой байсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.И-, О.О- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.О- нь Б.И-тай бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянзүрх худалдааны төвд" байрлах *** ХК-ийн худалдагчаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2,600,990 төгрөгийн хохирол учруулсан,

Б.И- нь О.О-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянзүрх худалдааны төвд" байрлах *** ХК-ийн жолооч, борлуулагчаар 2017 оны 07 дугаар сарын 26- ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,033,370 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.И-, О.О- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгч нарт хуульд заасан үндэслэлээр хорих ял оногдуухалгүй, тэнсэн харгалзаж, албадлагын арга хэмжээ оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан ялыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд албадлагын арга хэмжээ, түүний төрлийг сонгон хэрэглэх, түүнчлэн түүний үргэлжлэх хугацааг сонгох эрх хэмжээг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг бөгөөд Б.И-, О.О- нарт оногдуулсан  албадлагын арга хэмжээ үргэлжлэх хугацааг тухайлан тогтоолгүй, тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаагаар тооцохоор тогтоосон болох нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс хоёрдмол утгагүй ойлгогдохоор, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүсч болох хууль зүйн үр дагавар нэг бүрийг буюу хуулиар тодорхойлсон хэм хэмжээнүүдийг нэг бүрчлэн шүүхийн шийдвэр, түүний тогтоох хэсэгт тусгах, хуулбарлан бичих шаардлага шүүхийн шийдвэрт тавигддаггүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байгаа болно.     

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй ...тул шийтгэх тогтоол, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН