Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00579

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/00579

 

 

Н.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШШ2023/00594 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Зын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А.Д, Б.Б, Н БГБХ нөхөрлөл нарт холбогдох,

 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н БГБХ нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.Зын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгох, Н БГБХ нөхөрлөлийн гишүүн Н.З биш болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.З, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Н.Зын хувьд хариуцагч нартай хамтарч ажиллах санаа зорилго байгаагүй. Энэ нөхөрлөл байгуулсан талаар мэдээгүй бөгөөд 2019 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдсанаар мэдсэн.

1.2. Нөхөрлөл байгуулахын тулд талууд хамтын хүсэл сонирхлоо илэрхийлж, нэгдэж байж байгуулдаг. Н бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, протоколыг хууль бусаар бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Ийм учраас Н.Зын нэрийг Н бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээр хууль бусаар оруулж, гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгож, Н бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн Н.З биш болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Бын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Намайг Х ХХК-д ажиллаж байхад А.Д Засаг даргатай Н буюу Зингер дойч банк гэж нөхөрлөл байгуулахаар 10 сард гэрээ байгуулсан байдаг.

Нөхөрлөл байгуулах тухай бүх бичгийг А.Д өөрөө бүрдүүлж өгсөн. А.Дын хийсэн үйлдэл хууль бус гэдгийг би хэд хэдэн удаа шүүхэд илэрхийлж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэжээ.

3. Хариуцагч А.Д, Н БГБХНөхөрлөл нар нь татгалзал, хариу тайлбар гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 12 сарын 21 өдрийн Н БГБХ нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, Н БГБХ-ийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.Зын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгох, Н БГБХ нөхөрлөлийн гишүүн Н.З биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

5.1. Хариуцагч А.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариу тайлбар өгөөгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа түүнтэй холбоотой баримтаа шүүхэд огт гаргаж өгөөгүй байдаг.

Гэтэл Анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч хариуцагчын төлөөлөгч Д нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор тайлбараа ирүүлээгүй, шүүхийн дуудсанаар шүүхэд ирж тайлбар өгөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргасан тайлбарыг удаа дараа гаргаж байсан нь хэрэгт авагдсан, тайлбар тэмдэглэлээр нотлогдож байна гэж дүгнэн өөрчилсөн шаардлагад маргаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьж өөрөөр хэлбэл шүүхээс А.Дын өмнөөс тайлбар гаргасан гэж үзэхээр байна.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана, 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл , түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хариуцагч Б.Баас бодит тайлбарыг шүүх хуралд болон бичгээр тайлбар удаа дараа өгч байхад А.Дын зүгээс Б.Бын тайлбарт ямар ч няцаалт тайлбар байдаггүй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

Гэтэл хариуцагч Б.Болбаатараас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, А.Д, Н БГБХН-өөс нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

5.4. Миний бие гарын үсгийг хялбар зурагддаг, хэн ч дуурайж зурахаар гарын үсэг гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ шинжээчийн дүгнэлтэнд мөн гэж гарсан гарын үсгүүд, Улсын бүртгэлийн газарт хадгалагдах материалд 2 дахь гарын үсгээр зурагдсан байдаг. Гарын үсэг зөвхөн яагаад миний нэрний хойно 2 ширхэг байгаад байгаа нь ойлгомжгүй байдаг.

Мөн уг баримтуудад байгаа гарын үсгүүд төстэй боловч гарын үсгийн дараалал, зурах барил нь өөр өөр байдаг. Миний бие энэ талаар шинжээч томилуулахад маш сайн бичиж, ямар байдлаар зурсан талаар дурдаж өгсөн боловч шүүхээс шинжээч томилсон тогтоолдоо дурдалгүй шинжээч томилсон.

5.5. Ингээд дахин шүүх шинжилгээний байгууллагаас гадна хөндлөнгийн байгууллагаас шинжээч оролцуулж 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулъя гэсэн боловч шүүхээс хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

6.1. А.Д өөрөө миний хажууд Н.Зын гарын үсгийг хуурамчаар зурсан. Тухайн үед яагаад ингэж байгаа талаар асуухад ... Н.Заас өөрөөс нь утсаар асуусан. гэж хэлсэн.

Улсын бүртгэлийн газар Б гэсэн үсэг орсон учраас бүртгэхгүй гэж 2 удаа буцаасан бөгөөд Улсын бүртгэлийн газрын 3 давхарт А.Дын таньдаг хүнээс авсан. Энэ хууль бус үйлдэл гэдгийг би А.Дд анхнаасаа хэлж байсан гэв.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А.Д, Н БГБХНөхөрлөл нар тайлбарын гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.З нь хариуцагч Б.Б, А.Д, Н БГБХ нөхөрлөл нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н БГБХ нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.Зын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгож, Н БГБХ нөхөрлөлийн гишүүн Н.З биш болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б зөвшөөрч маргаагүй, хариуцагч А.Д болон Н БГБХ нөхөрлөл нь хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Н БГБХ нөхөрлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээ, хурлын протокол, үүсгэн байгуулах хурлын тогтоол зэргийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9020006019 дугаарт бүртгэсэн;

 

3.2. Н БГБХ нөхөрлөлийг А.Д, Б.Б, Н.З нар нь тус бүр 33,3 хувийн хөрөнгө оруулалт, эзэмшилтэйгээр байгуулсан;

 

3.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1556 дугаар шинжээчийн дүгнэлт, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2503 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архивт хадгалагдаж буй 9020006019 дугаартай хувийн хэрэгт хадгалагдаж байгаа Н БГБХ нөхөрлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ гэсэн баримтуудад Начинбаатар овогтой З гэсэн хаалт бүхий хэсэгт хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан 3 ширхэг гарын үсэг Н.Зын гэх чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэж дүгнэлт гарсан байна.

 

4. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй, мөн хариуцагч А.Д болон Н БГБХ нөхөрлөл нь хариу тайлбар гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Тодруулбал, нөхөрлөлийн гишүүнээс гарах эсэх асуудлыг Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан журмаар шийдвэрлэх ба нэхэмжлэгчийн нөхөрлөлөөс гарах үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалтын аль ч үндэслэлд хамаарахгүй байхын зэрэгцээ Н БГБХ нөхөрлөл нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/00040 дугаар захирамжаар бусдад төлөх төлбөртэй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Н БГБХ нөхөрлөлийн хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нь ... Н БГБХ нөхөрлөлийн гишүүнээр элсэх санаа зорилго байгаагүй, хариуцагч нартай хамтран ажиллахаар харилцан тохирч байгаагүй, надад төлөх 72,000,000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй зорилгоор А.Д бүгдийг зохион байгуулсан ба 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н БГБХ нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зураагүй тул хууль бусаар гишүүнээр бүртгүүлсэн гэж тайлбарласан.

 

Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нөхөрлөлийн гэрээний үндсэн дээр байгуулна гэж заасан ба үүсгэн байгуулах гэрээ нь хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулсан хэлцлийг хэлнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь Нөхөрлөлийн хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журам зөрчсөнтэй холбоогүй, харин Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж шаардлага гаргасан байхад Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

Н.З нь ... 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н БГБХ нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын тэмдэглэл, Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зураагүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлах боловч Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр уг тайлбар нь үгүйсгэгдсэн тул Н БГБХ нөхөрлөлийг хүсэл зоригийн дагуу байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэсэн өөрчлөлт оруулна.

 

Түүнчлэн, Эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр энэхүү улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1556 дугаар шинжээчийн дүгнэлт, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2503 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ тогтоолгох тухай хүсэлт нэхэмжлэгч гаргасан ба дээрх шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

6.2. Нэхэмжлэгч Н.З нь хариуцагч Б.Б, А.Д, Н БГБХ нөхөрлөл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба Б.Б нэхэмжлэлийг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн зөвшөөрөл баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

 

Хариуцагч А.Д болон Н БГБХ нөхөрлөл нар нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 104/ШШ2023/00594 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Зын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н БГБХ нөхөрлөлийн үүсгэх байгуулах хурлын протокол, Н БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулах гэрээ зэрэгт Н.Зын нэрийг зөвшөөрөлгүй, хууль бусаар оруулж гишүүнээр бүртгүүлсэн болохыг тогтоолгох, Н БГБХ нөхөрлөлийн гишүүн Н.З биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР