Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00587

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/00587

 

 

А ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/00225 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т.Эт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 106,966,994 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А ББСБ ХХК нь иргэн Т.Э, Т.Ч нартай ЗГ00180231 тоот зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг, ЗГ00180232 тоот зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг, ЗГ00190286 тоот зээлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 7,000,000 төгрөгийн зээлийг, ЗГ00210381 тоот зээлийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 5,900,000 төгрөгийн зээлийг тус тус олгосон.

1.2. Ингээд нийт 52,900,000 төгрөгийг 12-18 сарын хугацаатай сарын 2.5-2.9 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд заасан. Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа бүгд дууссан бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаанд нь төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд 4 зээлийн гэрээний хувьд нийт 12,011,273 төгрөгийн үндсэн зээл, 8,131,754 төгрөгийн хүү төлсөн байна.

Үүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул банк бус санхүүгийн байгууллага нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тооцон нэхэмжлэл гаргасан.

Иймд 4 зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 40,888,727 төгрөг, хүүгийн төлбөрт 56,271,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,779,652 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 106,996,994 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

1.3. Түүнчлэн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 фидуцийн гэрээ байгуулсан ба ФГ00180231 тоот фидуцийн гэрээгээр 2011 онд үйлдвэрлэгдсэн 0729 УНН улсын дугаартай улбар шар өнгийн ачааны өөрийн буулгагч автомашины өмчлөлийг, 2014 онд үйлдвэрлэгдсэн 3614ГЧ улсын дугаартай улбар шар өнгийн чиргүүлийн өмчлөлийг гэрээний дагуу Андхо ББСБ-д шилжүүлсэн.

Мөн ФГ00180232 тоот фидуцийн гэрээгээр 3358УНН улсын дугаартайг улбар шар өнгийн, ачааны өөрөө буулгагч автомашин болон 3609ГЧ улсын дугаартай, улбар шар өнгийн чиргүүлийн өмчлөлийг Андхо ББСБ-ын нэр дээр, ФГ00190286 тоот фидуцийн гэрээгээр 2014 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус маркийн 6079УБУ улсын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашины өмчлөлийг мөн А ББСБ ХХК-ийн нэр дээр тус тус шилжүүлсэн.

1.4. Иймд зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд энэ хөрөнгүүдийг бодитойгоор зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хэдийгээр зээлийн гэрээг 2 хүнтэй байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс нь шаардах эрхтэй тул хариуцагч Т.Эээс шаардаж байгаа гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зээлийн гэрээгээр авсан мөнгийг Т.Ч, Т.Э 2 хувьдаа ашиглаагүй. Энэ бүх мөнгөн хөрөнгийг Т ХХК-ийн гөлтгөнө олборлодог уурхайг ажиллуулахаар түлш авахад зарцуулагдсан мөнгө юм. Иймд компанийн үйл ажиллагаатай холбоотой учраас, хариуцагч этгээд нь Т.Э эсхүл Т.Ч гэдэг хувь хүн биш компани байх ёстой гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгчийн дурдсан ЗГ00180231 тоот дугаартай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон, ЗГ00180232 тоот дугаартай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон зээлийг 12 сарын хугацаатай олгосон байна. Эдгээр зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний үүргийн тухайд 3 жил байна гэж заасан. Тэгэхээр дээрх 2 зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дууссан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэдэг үндэслэлээр эхний 2 зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

2.3. Нөгөө 2 гэрээний тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа ба тус зээлийг авсан гэдэгтээ маргахгүй.

2.4. Энэ гэрээний салшгүй хэсэг фидуцийн гэрээ мөн хийгдсэн. Талууд тохирохдоо фидуцийн гэрээний 4.1 дэх хэсэгт үүрэг хүлээгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс энэ гэрээний 2.4 дэх хэсэгт заасан хугацаа дууссан гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл 1 жилээр байгуулсан гэрээний хугацаа дууссан бол зээлийн гэрээ цуцалсан өдрөөс эхлэн шилжүүлсэн эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд худалдан борлуулж, өөрт учирсан хохирлыг үл маргах журмаар гаргуулах эрхтэй гэж заасан.

2.5. Мөн гэрээний 4.3 дахь хэсэгт зээлийн гэрээний заалт зөрчигдсөний улмаас шилжүүлж авсан эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч худалдах эрхтэй. Үүрэг гүйцэтгэгчээс ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн байдаг. Энэ 4 гэрээний үүргийн дагуу 5 ширхэг хөдлөх хөрөнгийн өмчлөлийг банк бус санхүүгийн байгууллага фидуцийн гэрээний дагуу шилжүүлж авсан байгаа.

Тиймээс одоо энэ хөрөнгийн үнэлгээ өссөн байгаа учраас зөвхөн нэг чиргүүлээр бүх төлбөрөө барагдуулах боломжтой байсан. Нэхэмжлэгч өөрийн энэ үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө бид өнөөдөр хариуцлага хүлээх ёсгүй. Өмчлөх эрх нэгэнт шилжсэн байгаа тул бид фидуцийн гэрээний дагуу энэ зээлийг хаах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Эээс зээлийн гэрээний үүрэгт 49,647,829.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 57,319,164.84 төгрөгийн шаардлагыг, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762,985 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 406,189 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.6-д хүү гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хэлнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүтэй ашиглаж байна. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр, ямар ч үнэлэх нотлох баримтгүйгээр 57,319,164.39 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад их хэмжээний хохирол учруулсан шийдвэр гаргасан.

4.2. Хариуцагч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан зээл төлөх боломжгүй болсон гэж хэлснийг үндэслэж шийдвэр гаргасан. Тэгвэл Ковид-19 цар тахлын үед зээлдэгч нь зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлт гаргаагүй. Хэрвээ зээлдэгч гадаад худалдаа эрхэлдэг, эсвэл бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал нь хил гааль дээр саатсан бол Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ авч нотлох баримтаа бүрдүүлээд хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой байсан.

4.3. Зээлдүүлэгчийг 3 жил гаруй хугацаа өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж байна. Зээлдэгч нь удахгүй төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн.

4.4. Бид энэ хүмүүст итгэж байсан учраас фидуцийн гэрээний зүйлүүд болох 1, 2 дахь хэсэгт заасан хөрөнгүүд буюу суудлын автомашинаас бусдыг нь компанийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан.

Зээл олгох үед эдгээр хөрөнгүүдийг ББСБ-ын нэр дээр шилжүүлээд ашиглах, эзэмших эрх нь зээлдэгчид үлдсэн. Гэтэл өнөөдөр эдгээр хөрөнгүүдийг хаана байгааг мэдэхгүй байна. Зээлдэгч эдгээр хөрөнгүүдийг зээлдүүлэгчийн бодит эзэмшилд шилжүүлж өгөөгүй.

Шүүхээс зээлдэгч яагаад өмчлөгч биш этгээдэд тухайн хөрөнгүүдийг шилжүүлж өгөөд байгаа, хэзээ, ямар учраас шилжүүлж өгсөн, хөрөнгө хүлээлцсэн акт нь байгаа эсэх, хэдэн хөрөнгө нь шилжсэн гэх мэтчилэн олон асуудлыг шүүх огт тодруулаагүй. Харин Зээлдүүлэгчийг тухайн хөрөнгүүд дээр өмчлөлдөө байгаа эсэх дээр лавлагаа авчирч өг гэсний дагуу лавлагаа авч өгсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг хангахгүй байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. А ББСБ ХХК-аас хариуцагч нь нийт 4 зээл авсан. Эхний 2 зээлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авсан. Цар тахлын үе эхлэхээс өмнө хугацаандаа зээл болон зээлийн хүүгээ төлж байсан. Цар тахал эхэлснээс хойш үйл ажиллагаа зогссонтой холбоотой зээлээ төлөх боломжгүй нөхцөл үүссэн.

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эхний 2 гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн.

5.2. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн.

5.3. Фидуцийн гэрээний 4.1-д гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч худалдан борлуулах, өөрт учирсан хохирлыг үл маргах журмаар барагдуулна гэж заасан. Фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгийг борлуулахдаа нэхэмжлэгчийн өмчлөлд 5 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Эдгээрийг борлуулахдаа ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэгчээс дахин зөвшөөрөл авах шаардлагагүй талаар гэрээнд тусгагдсан. Гэрээний үүргийг талууд фидуцийн гэрээгээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний дагуу 5 жилийн хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй атлаа 5 жилийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Т.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106,966,994 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.а. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Т.Этэй 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ00180231 дугаар Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлдүүлэх, мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ФГ00180231 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуцийн гэрээ/ байгуулж, гэрээгээр 0729 УНН улсын дугаартай, Beiben маркийн ND3313D41J, ачааны өөрөө бутлагч автомашины, 3614-ГЧ улсын дугаартай улбар шар өнгийн LCTQG21Z чиргүүлийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон;/хх 4-8/

 

3.б. Мөн талууд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ00180232 дугаар Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ФГ00180232 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуцийн гэрээ/-г байгуулж, гэрээгээр Т.Чийн өмчлөлийн 3358 УНН улсын дугаартай, Beiben маркийн ND3313 D41J, ачааны өөрөө бутлагч автомашиныг, 3609-ГЧ улсын дугаартай улбар шар өнгийн LCTQG21Z, чиргүүлийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид тохиролцсон;/хх-9-13/

 

3.в. Талууд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЗГ00190286 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 7,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ФГ00190286 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуцийн гэрээ/-г байгуулсан ба гэрээгээр Т.Эийн өмчлөлийн 6079 УБҮ улсын дугаартай, цагаан өнгийн Prius автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон;/хх 17-21/

 

3.г. Мөн талууд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ00210381 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 5,900,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 14-16/

 

3.д. Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ00180231 тоот зээлийн гэрээний дагуу нийт 7,685,007 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ00180232 дугаар гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт нийт 7,520,579 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ00190286 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт нийт 4,937,441.23 төгрөгийг тус тус төлсөн байна. /хх 26-27, 28-29, 32-33/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн талууд үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ нь хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Анхан шатны шүүхийн зээл, тооцооллын баримтаар хариуцагчаас шаардсан зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр тооцож, зээлийн гэрээний үүргийг тооцоолсон талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон хугацаанаас хойш Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү тооцогдох учраас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул зээлийн гэрээний хугацаагаар хязгаарлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцсон талаар дүгнэлтийг өөрчилнө.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ00180231, ЗГ00180232 дугаартай зээлийн гэрээнүүдийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусч, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний төлбөр төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

 

Хариуцагч тал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй тул уг гэрээний дагуу нэхэмжилсэн 86,493,470 төгрөгийн үүргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхийн дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 37,145,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч тал гомдол гаргаагүй тул уг хэсгийг хэвээр үлдээнэ.

 

6. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотолгооны хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч талд шилжүүлсэн болохыг нотлох бөгөөд талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ00210381 дугаартай зээлийн гэрээний дагуу 5,900,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн талаар баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаагүй тохиолдолд хариуцагчийн ...зээл хаах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэсэн тайлбар, татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

7. Харин, талуудын хооронд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ00190286 дугаар 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй бөгөөд уг гэрээний үндсэн зээл 3,868,727 төгрөг, зээлийн хүү 4,606,715 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 762,052 төгрөг, нийт 9,237,494 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт өөрчилсөнтэй холбоотой хариуцагч Т.Эээс нийт 49,647,829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн дүнд өөрчлөлт орохгүй тул анхан шатны шүүхийн хариуцагчаас 49,647,829 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс 57,319,164 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээнэ.

 

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ... зээлийн гэрээний үүргийг шаардаж, мөнгөн хөрөнгийг гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрт фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж байна.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/00225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР