Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 214

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, С.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/103 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 2004000000088 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, С.Тэгшжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, “****” ХХК-д жолооч ажилтай, урьд Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Багануур дүүргийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Б.Б-д 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Багануур дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан 3 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосон хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж байсан, Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Цэцэгсүрэн нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүхээс “Б.Б нь О.Ганбаатартай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодох үйлдэл гаргасан нь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч дээрх биед нь халдаж буй үйлдлээс болж хохирогч нь арагш унахад Б.Б дээрээс нь цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас хүнд хохирол учруулж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна” хэмээн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь хэргийн зүйлчлэл, субьектив шинжийн талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн. Учир нь гэм буруу санаатай байх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл санаатай гэм буруу гэдэг нь гэмт санаа, мэдэх хүсэх элементийн нийлбэрээр тодорхойлогдох онолын үндэслэлтэй байдаг. Харин шүүхийн дүгнэлт нь гэм буруугийн санаатай бус өөр хэлбэрийн талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасныг бүрэн тогтоож чадаагүйг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал үүсч байна.

Гэрч Ү.Б шүүх хуралдаанд “...Б.Б ах талийгаачийг алгадсан... талийгаач нь Б.Б ахын үйлдлийн улмаас биш, өөрөө хөл алдаад унасан. Энэ үед Б.Б ах давхаралдаад унасан...” гэж шүүх бүрэлдэхүүнээс асуусан асуултад 2-3 удаа яг энэ хариултаа давтах байдлаар хариулсан байгаа нь энэ гэмт хэргийн санаатай гэх шинжид эргэлзээ бий болгож байна. /Шүүх хуралдааны явцын дуу, дүрсний бичлэгт тодорхой бичигдсэн бөгөөд шүүхийн тогтоолд зөрүүтэй байдлаар бичигдсэн байна/ Өөрөөр хэлбэл Б.Б талийгаачийн нүүрэн тус газар нь алгадсан үйлдэл нь хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй боловч, харилцан заамдалцан хүч үйлчлэх явцад хөл алдан давхаралдан унаж буй үйлдэл, үүний шууд шалтгаанаар үхэлд хүрэх гэмтэл учирч байгаа нь санаатай хүн алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн хохирогчид халдах үеийн сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжмал эсхүл шууд хэлбэр, сэдэлт, шалтгааныг ялган тогтоож, учруулсан хор уршигтай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох байтал гэмт хэргийн улмаас бий болсон эцсийн үр дагавар шүүгдэгчийн хүсэл, зоригийн шууд илэрхийлэл гэж хандаж хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”-ыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Тухайлбал, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Мөн гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн аюулын шинжийг ухамсарласан боловч тухайн үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн хэлсэн саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим алдагдсан, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд гэм буруугийн хэлбэр, шинж буюу Б.Б нь тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэхийг бүрэн тогтоож чадаагүй. Энэ нь мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжийг үүсгэж байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл байх ёстой. Гэтэл Б.Б нь талийгаачийн амь насыг хохироох ямар нэг санаатай үйдэл гаргаагүй. Сэгсрэх, цамцнаас нь заамдах үйлдлийг хийсэн, гэхдээ түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учраагүй. Б.Б нь нилээд хүнд жинтэй бөгөөд талийгаачтай хөлдөө тээглэн давхаралдан унаж байгаа нь болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулж байна. Хохирогчийг хөөх, араас нь туулгах зэрэг ямар нэгэн байдлаар бие махбодид нь гэмтэл учруулахаар хэмжээний үйлдлийг санаатай, амь насыг нь хохироох зорилготой үйлдсэн бол уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хэргийн зүйлчлэлд хамаарахаар байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Ганбаатарыг зодож, заамдах явцад түүнийг газар унахад нь зүүн гарын тохойгоор хэвлийн тус газарт дарж унасны улмаас хохирогч нас барсан болох нь хоорондооо шалтгаант холбоотой байна. Энэ нь шүүгдэгч Б.Б-ийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуульд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч нараас гаргасан гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж анх мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авсан гэрчийн мэдүүлгийг шүүх үндэслэл болгоогүй, харин энэ хэргийн талаар гэрч Ү.Б-ын мэдүүлгийг үндэслэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь хэргийн талаар харсан Ү.Б нь гэрчээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, түүний мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт бөгөөд бусад гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлгийн зөрүүг арилгаж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүхээс дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, С.Тэгшжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь хүнийг санаатай алсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдсан ба хоёр шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэж, шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.   

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Б.Б-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Б.Б-г хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн хохирогчид халдах үеийн сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжмал эсхүл шууд хэлбэр, сэдэлт, шалтгааныг ялган тогтоож, учруулсан хор уршигтай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох байтал гэмт хэргийн улмаас бий болсон эцсийн үр дагавар шүүгдэгчийн хүсэл, зоригийн шууд илэрхийлэл гэж хандаж хэргийг зүйлчилсэн нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн...” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.

Давж заалдах шатны шүүх “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдсон бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг...” хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй ба дээрх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үгүйсгэж байна.

Учир нь Б.Б О.Г-тай маргалдаж, түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсэрч, нүүрэн тус газарт нь алгадан зодсон үйлдэл нь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч биед нь халдаж буй үйлдлээс болж хохирогч арагш унахад Б.Б дээрээс нь цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоорооо тохойлдож унасны улмаас хохирогчийн биед хүнд хохирол учруулж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, С.Тэгшжаргал нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/103 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, С.Тэгшжаргал нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т

зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                            ШҮҮГЧ                                    С.БАТДЭЛГЭР

                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                             Б.ЦОГТ