Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00459

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00459

 

 

 

 

 

 

Г.У , Б.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04464 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.У , Б.М нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК, Н.Н -д тус тус холбогдох

180,823,918 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

81,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Т, нэхэмжлэгч Б.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, түүний өмгөөлөгч Б.О /цахимаар/, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Н.Н , түүний өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Бид С ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамжны ** дүгээр байрны 1 давхарт байрлах 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар М ХХК-ийн захирал Н.Н той 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээний үнийг 195,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа 87,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх төлбөрийг cap бүрийн 20-ны дотор 3,000,000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцсон.

Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт Н.Н ийн хүсэлтийн дагуу Б.Г , Ж.Б нарын дансанд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 35,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 105,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс дэлгүүрийн бараа материалын үнэд 34,000,000 төгрөгийг Б.Г , Ж.Б нарт шилжүүлсэн тул үлдэх 71,000,000 төгрөгийг гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн.

Үлдэгдэл төлбөрийг 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 8 cap мөн 10 сард нийт 20 сар хүртэлх хугацаанд сар бүр 3,000,000 төгрөгийг 20 удаагийн гүйлгээгээр 60,000,000 төгрөг, 2019 оны 9 сард 3,000,000 төгрөгийг миний эх н.О нь Н.Н ид Барс зах дээр байхад нь бэлнээр өгснөөр нийт 63,000,000 төгрөгийг төлсөн. Мөн Б.М ийн ээж Д.О 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр 6,000,000 төгрөг, дансаар 10,000,000 төгрөгийг Н.Н ийн Хаан банкны 5005478260 тоот дансанд шилжүүлсэн.

1.2. М ХХК нь С ХХК-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй байснаас шалтгаалан жинхэнэ өмчлөгч С ХХК-тай 200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг төлж өмчлөгч болсон. Ингэхлээ хариуцагчийн С ХХК-аас авах ёстой гэх 33,673,000 төгрөгийг хасч тооцсон зүйл байхгүй.

Доголдолтой орон сууц худалдсаны улмаас хохирол болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 195,000,000 төгрөг нь 200,000,000 төгрөг болсны зөрүү 5,000,000 төрөг, Төрийн банкны зээлийн хүүд төлсөн 25,823,913.33 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

М ХХК болон Н.Н нараас захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бэлнээр болон дансаар шилжүүлсэн 150,000,000 төгрөг, гэрээний зөрүү 5,000,000 төрөг, зээлийн хүү болох 25,823,918 төгрөг нийт 180,823,918 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. М ХХК нь С ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирлоо Г.У ас биш С ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй. М ХХК, Г.У нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байсан, Г.У нь хууль ёсны эзэмшигч тул тухайн хөрөнгийн үр шимийг хүртэх ёстой учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

2. Хариуцагч М ХХК болон Н.Н ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. М ХХК нь 2017 онд иргэн Г.У тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад уг үл хөдлөх эд хөрөнгө нь С ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн орон сууц, үйлчилгээний төв захиалгаар бариулах, бартерын гэрээний дагуу М ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан.

С ХХК тус үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК-д мэдэгдэлгүйгээр банкинд барьцаалан, улмаар зээлээ төлж чадаагүй байдлаас үүдэн гэрээ бүрэн хэрэгжээгүй.

С ХХК болон Г.У , М ХХК-ийн гурвалсан уулзалтаар С ХХК нь М ХХК-аас авсан 33,673,000 төгрөгийг Г.У д өгч, М ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон. Иймээс Г.У нь дээрх 33,673,000 төгрөгийг С ХХК-д төлөх төлбөрөөсөө хасуулж, 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

Иймд нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 147,000,000 төгрөгөөс дээр дурдсан 33,673,000 төгрөгийг хасаад 113,327,000 төгрөгийг М ХХК хариуцна.

2.2. М ХХК нь 2017-2022 оны хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-тай хийсэн гэрээний дагуу хууль ёсоор эзэмшиж байсан. Энэ хугацаанд Г.У нь тус 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 8 нэрийн дэлгүүрийн зориулалтаар амжилттай ажиллуулж ирсэн ба 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Иймд Г.У нь өөрийн нэр дээр шилжүүлж авахаас өмнөх хугацаанд тус объектод үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсныхаа төлбөрийг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байсан М ХХК-д төлөх ёстой. 2017 оны 09 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр cap хүртэл хугацааны зах зээлийн түрээсийн төлбөрийн нэг сарын дундаж төлбөр 2,580,000 төгрөг байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Гэвч М ХХК нь түрээсийн төлбөрийн нэг сарын төлбөрийг зах зээлийн дундаж үнээр биш, илт багасгасан үнийн дүнгээр буюу 1,500,000 төгрөгөөр тооцсон.

Иймд нэхэмжлэгч нар нь 2017 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар cap дуусах хүртлэх хугацаа буюу 54 сарын хугацаанд 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан ашиг олж, үр шимийг нь хүртэж байсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 81,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М ХХК-аас 147,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У , Б.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,823,918 төгрөгийг болон хариуцагч Н.Н ид холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч М ХХК-аас гаргасан сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 966,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,390,020 төгрөг, хариуцагчаас төлсөн 562,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 4.Хариуцагч М ХХК болон Н.Н ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч ба хариуцагч талуудын аль аль нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. М ХХК нь бартераар авч буй талбайг гуравдагч этгээдэд худалдаж, барааны үнээ гарган авахыг өмчлөгч С ХХК мэдэж байсан. Тиймдээ ч уг объектын түлхүүрийг өгч, засвар хийх үйл ажиллагаанд зааварчилга өгч байсан. Тиймээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй.

4.2. М ХХК нь Г.У -с дансаар 76,000,000 төгрөг, Б.Г аас 44,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Гэтэл анхан шатны шүүхээс М ХХК нь Г.У д 147,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлгүй бөгөөд Б.Г нь 27,000,000 төгрөгөөр тус объектод засвар хийсэн бөгөөд энэхүү засвар нь тэр чигтээ Г.У ын өмчлөлд шилжсэн. Энэ 27,000,000 төгрөг нь М ХХК-д хамааралгүй бөгөөд уг объектыг М ХХК нь нэг ч удаа ашиглаж байгаагүй, зөвхөн Г.У нь 2017 оноос хойш ашиглаж байсан.

Дээрх 27,000,000 төгрөгийг М ХХК нь аваагүй тул хариуцах үндэслэлгүй.

4.3. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц, үйлчилгээний төв захиалгаар бариулах, бартерын гэрээний дагуу М ХХК нь өмчлөгчийн хувьд Г.У тай захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн.

Гэтэл Г.У нь 2017 оны 09 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл М ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр ашиглаж ирсэн. Учир нь энэ хугацаанд Г.У нь М ХХК-д нэг ч төгрөг төлөлгүй бусдын эзэмшлийн объект дээр үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан. Энэ талаар 8 нэрийн дэлгүүрийн түрээсийн сарын дундаж төлбөр 2,500,000-3,000,000 төгрөгийн орчимд 2017-2022 оны хооронд хэлбэлзэж байгаа талаар шинжээчийн дүгнэлт ч гарсан. М ХХК нь түрээсийн сарын төлбөрийг багасгаж 1,500,000 төгрөгөөр тооцож Г.У ас нэхэмжилж байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн бурууг нэхэмжлэгч, хариуцагч хэн хэн нь хүлээх учиртай гэж дүгнэж, хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 147,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн мөртлөө мөн адил буруутай нэхэмжлэгч талыг ямар ч төлбөр төлөх үндэсгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд Г.У д 120,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 27,000,000 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч буй бөгөөд сөрөг нэхэмжлэлээр шаардсан 81,000,000 төгрөгийг хангуулахаар гомдол гаргав.

С ХХК-аас Г.У д шилжүүлсэн гэх 33,673,000 төгрөгийн төлбөрийг тусад нь шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байгаа учир гомдол гаргаагүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд гэрээ байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй. М ХХК нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 147,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан тул буцааж өгөх үүрэгтэй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд М ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь баримтаар нотлогддог тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж түрээсийн төлбөрт 81,000,000 төгрөг шаардах эрхгүй.

Давж заалдах гомдолд дурдсан 27,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй. Учир нь засвар хийсэн объектыг 195,000,000 төгрөгөөр Г.У д худалдсан тул хасах үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.У , Б.М нар нь хариуцагч М ХХК болон Н.Н ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 150,000,000 төгрөг, хохиролд 30,823,918 төгрөгийг, нийт 180,823,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлгүй хөрөнгөжсөн 81,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Г , Ж.Б нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, ** дүгээр байрны **б тоот хаягт байршилтай 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтөй холбоотой дараах гэрээ байгуулагдсан байна.

3.1. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр М ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр, С ХХК нь төлбөрт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон /2хх 99-102/,

3.2. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр М ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 168,000,000 төгрөгөөр Б.Г т худалдахаар тохиролцсон ба 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр талууд гэрээг цуцалсан /1хх 186, 193, 207, 2хх 40/,

3.3. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр М ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 195,000,000 төгрөгөөр Г.У , Б.М нарт худалдахаар харилцан тохиролцсон /1хх 3/,

3.4. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр С ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр Г.У д худалдаж, энэ гэрээнд үндэслэн Г.У нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн /1хх 27-28/.

4. Анхан шатны шүүх М ХХК нь Г.У , Б.М нартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж зөв дүгнэсэн боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Учир нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, ** дүгээр байрны **б тоот хаягт байршилтай 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй байхад хариуцагч нь бусдад худалдан борлуулахаар гэрээ байгуулсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд харин Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдол үүссэн байна.

Энэхүү эрхийн доголдлоос шалтгаалан зохигчийн байгуулсан гэрээ хэрэгжээгүйн улмаас талууд гэрээнээс татгалзаж, улмаар нэхэмжлэгч Г.У улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч болох С ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ.

4.1. Нэхэмжлэгч тал нь гэрээний хүрээнд хариуцагч талд 76,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн, мөн М ХХК нь Б.Г тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсны үр дагаварыг шийдвэрлэх үүднээс гэрээний төлбөрөөс зохих хувийг түүнд шилжүүлэхийг нэхэмжлэгч нартай тохиролцсон нь зохигчийн маргаагүй тайлбараар тогтоогдсон.

Ийнххүү гэрээний төлбөрийн зарим хэсгийг Б.Г т шилжүүлэхээр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцсэн.

4.2. Хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгч нар нь Б.Г т 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 65,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг шилжүүлснээс 34,000,000 төгрөгийг дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнэд тооцсон буюу үлдэх 71,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, ** дүгээр байрны **б тоот хаягт байршилтай 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор шилжүүлжээ.

Хариуцагч нь Б.Г т шилжүүлсэн 71,000,000 төгрөгөөс 27,000,000 төгрөг нь тухайн хөрөнгөд засвар хийсэн зардал тул үлдэх 44,000,000 төгрөгийг гэрээний хүрээнд хүлээн авсан гэж маргаж буй мэтгэлцээний байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч талаас Б.Г руу шилжүүлсэн 71,000,000 төгрөгт хариуцагчийн маргаж буй 27,000,000 төгрөг багтсан тул үүнийг төлөлтөөс хасч тооцуулах талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Мөн С ХХК-аас М ХХК-ийн авах ёстой авлага 33,673,000 төгрөгийг нэхэмжлэгч нь С ХХК-тай гэрээ байгуулахдаа хасч тооцуулсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.

4.3. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлээд нэхэмжлэгч талын шилжүүлсэн 147,000,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэснийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

4.4. Нэхэмжлэлийн шаардлагаас 33,823,918 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Н ид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

5. Хариуцагч М ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үүсгээгүй учир тухайн хөрөнгийг бусад этгээд үндэслэлгүйгээр ашигласан гэж шаардах эрхгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан 81,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн, үүнд холбогдох хариуцагч талын гомдлыг хангахгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/04464 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 147,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У , Б.М нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 33,823,918 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Н ид холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.У , Б.М нараас 81,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ