Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00521

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00521

 

 

М ХХК, К ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00014 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М ХХК, К ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ т холбогдох,

Гуравдагч этгээд: Т ХХК,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээд Т ХХК-ийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгүүлэхээр А ХХК-ийг шинжээчээр томилсон. А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр дээрх хөрөнгийг нийт 4,609,156,932 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, үнэлгээний тайланд Д аймаг, Д сум, С баг, Т гэх газарт байрлах нэгж талбарын 211000**** дугаартай үр тарианы усалгаатай тариалангийн зориулалт бүхий 801,725 м.кв газрыг 1,500 кв.м гэж хэмжээг нь тусган 968,220 төгрөгөөр үнэлжээ. Гэтэл Монгол улс дахь газрын мэдээллийн egazar.gov.mn цахим санд нэгж талбарын дугаараар хайлт хийн дэлгэрэнгүй мэдээллээс үзвэл газрын суурь үнэлгээг тооцсон дуудлага худалдааны анхны үнэ нь 4,916,178 төгрөг байгаа юм. Хэдийгээр тухайн газрын зах зээлийн үнэлгээ нь анхны үнээс хэд дахин өндөр боловч шинжээч нь газрын үнэлгээг тогтоохдоо дор хаяж уг үнийн дүнтэй ижил буюу түүнээс дээш үнэлэх нь зүйтэй байсан. Мөн дээрх газар нь нэгж талбарын дугаараар өөр хуулийн этгээдийн нэр дээр гарч ирж байгаа.

1.2. Хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ ашигласан аргачлал нь оновчгүй байсан. Шинжээч нь машин механизм, усалгааны системийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргачлал буюу зөвхөн нэг үнэлгээний аргачлалыг ашиглан гаргасан. Ийнхүү нэг төрлийн аргачлал ашигласнаас хөрөнгийн үнэлгээ нь хэт зөрүүтэй гарсан.

Иймд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А ХХК-ийн ТХҮ-322-4850 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхой хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр А ХХК-ийг томилж үнэлүүлэхэд 4,609,156,932 төгрөгөөр үнэлэгдсэн.

Д аймгийн газрын хувьд гүйцэтгэх хуудас дээр техникийн алдаа гарснаас зөрүүтэй нэгж талбарын дугаар үнэлгээнд бичигдсэн ч байршил, талбайн хэмжээ бол таарч байгаа. Хөрөнгийн үнэлгээ хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Тухайн газрыг багаар үнэлсэнд маргаж байгаа ч багаар үнэлсэн газар нь илүү том газар байсан. Газрын хэмжээ зөрсөн зүйл байхгүй. Тухайн газрын холбогдох хаяг, байршил нь хариуцагчийн газартай таарч байдаг. Өөр газрыг үнэлсэн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д зааснаар А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200, 70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК нарт тус тус олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

5.1. Анхан шатны шүүх газар тариалангийн талбайн газар эзэмших эрхийг 968,220 төгрөгөөр үнэлэхдээ нормативт арга болон зах зээлийн жишиг нэгжийн аргыг харьцуулан хийсэн байх ба ямар үндэслэлээр тухайн аргыг сонгосон талаар дурьдаагүй гэж байгаа боловч Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй. Улмаар үнэлгээчин нь тайландаа үнэлгээний аргачлал сонгосон үндэслэлээ тайлбарласан байна.

Үнэлгээний аргачлалд нарийвчилсан шаардлага тавигдаагүй байхад анхан шатны шүүхээс хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Үнэлгээчин нь тухайн газар, тариалангийн төхөөрөмжүүдэд тохирсон зах зээлийн үнэлгээний аргыг хэрэглэснийг шүүхээс буруутгаагүй хэрнээ аргачлал сонгосон шалтгааныг тодорхойгүй гэж үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.

5.2. Үнэлэгдсэн газар нь шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлд хангуулах хөрөнгө мөн бөгөөд тухайн газар нь М ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө байх үед төлбөр авагч Т ХХК-д барьцаалсан байдаг. Цаашлаад хэргийн оролцогч М ХХК бусдад барьцаалсан хөрөнгөө гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж харагдаж байна.

Тухайн нэгж талбарын №2110001360 дугаарт бүртгэлтэй газрын эзэмшигчээр Батух Трейд ХХК, нэгж талбарын №211000**** бүртгэлтэй газрын эзэмшигчээр Угтам хан агро ХХК бүртгэлтэйг шийдвэрт дурдсан байна. Гэхдээ тухайн нэгж талбарын дугаар зөрүүтэй байгаа нь эрх зүйн үр дагавар нь өөрчлөгдөхгүй.

5.3. "А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээ нь Д аймаг дахь газраас гадна 11 төрлийн газар тариалангийн төхөөрөмж буй хөдлөх хөрөнгүүдийг нэг бүрчлэн үнэлсэн үнэлгээ болно. Нэхэмжпэгч нар нь тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэлгээтэй маргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн нэг үл хөдлөх хөрөнгөд буюу газарт холбогдох үндэслэлээр бусад 11 төрлийн хөдлөх хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгосон нь алдаатай болжээ. Учир нь газрын нэгж талбарын дугаар зөрөх нь бусад хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөхгүй.

Мөн нэхэмжлэгч талаас тухайн хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшаар үнэлэгдээгүй байна гэж маргадаг ч нотлох баримтаар тогтоогддоггүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

6. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг дэмжсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэлгүй гэх агуулгаар тайлбар гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М ХХК, К ХХК нар нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0523 дугаар магадлалаар М ХХК, Б.С, Д.Н, К ХХК, М.Д нараас 8,035,797,453 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг М ХХК-ийн эзэмшлийн Д аймгийн Д сум, С баг, Т гэх газарт байрлах 1,500 м.кв талбай бүхий газар болон 11 ширхэг хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ /1хх 70-82 /.

3.1. НШШГГ дээрх шийдвэр, холбогдох гүйцэтгэх хуудсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж, шийдвэр, магадлалд заасан барьцаа хөрөнгө болох М ХХК-ийн эзэмшлийн газар болон 11 ширхэг хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, хурааж авсан байна /1хх 91-100 /.

3.2. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/38 дугаар тогтоолоор дээрх хөрөнгүүдийг үнэлүүлэхээр А ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъянг шинжээчээр томилжээ /1хх 103-104/.

3.3. Шинжээч А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар,

Case IH Steaiger 500 маркийн 32-99 УН улсын дугаартай тракторыг 827,454,716 төгрөгөөр,

Case IH ATX 400 маркийн 42-09 УН улсын дугаартай тусгай техникийг 246,666,717 төгрөгөөр,

New Holland T1104 маркийн 61-12 УН улсын дугаартай тракторыг 71,757,591 төгрөгөөр,

New Holland Т1104 маркийн 61-14 УН улсын дугаартай трактор 71,757,591 төгрөгөөр,

Case IH 3016 маркийн 42-04 УН улсын дугаартай подборшикыг 87,804,498 төгрөгөөр,

Cаse IH 3016 маркийн 10-13 ГЧ улсын дугаартай подборшикыг 87,804,498 төгрөгөөр,

Case IH 6140 маркийн 97-28 УН улсын дугаартай комбайныг 762,872,884 төгрөгөөр,

Machio Gaspardo Campo маркийн 10-16 ГЧ улсын дугаартай хор цацагчийг 120,085,821 төгрөгөөр,

Machio Gaspardo Campo маркийн 10-15 ГЧ улсын дугаартай хор цацагчийг 120,085,821 төгрөгөөр,

Macdon М155 маркийн 97-29 УН улсын дугаартай өөрөө явагчийг 784,848,646 төгрөгөөр,

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг 1,427,049,930 төгрөгөөр буюу 11 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 4,608,188,712 төгрөгөөр,

Д аймгийн Д сум, С баг, Т гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газрыг 968,220 төгрөгөөр, нийт газар болон хөдлөх эд хөрөнгийг 4,609,156,932 төгрөгөөр үнэлжээ /хх 103-124/.

4. Анхан шатны шүүх Д аймгийн Д сум, С баг, Т гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газрыг 968,220 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэрээр М ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 2110001360 дугаартай, Д аймгийн Д сум, С баг, Т гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Харин шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор шинжээч томилохдоо дээрх газрын нэгж талбарын дугаарыг 211000**** гэж заасан байна.

4.2. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд нэгж талбарын 211000**** дугаартай газрын эзэмшигч нь Угтам хаан агро ХХК болохыг дурдсан.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт М ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 2110001360 дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байхад шинжээч нь нэгж талбарын 211000**** дугаартай Угтам хаан агро ХХК-ийн эзэмшлийн газрыг үнэлсэн байгааг үнэлгээг бодитоор хийж гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй.

Мөн нэгж талбарын 2110001360 дугаартай газрын эзэмшигчээр Батух трейд ХХК бүртгэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Хэрэгт шүүхийн шийдвэрт заасан М ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 2110001360 дугаартай газрын эзэмших эрх бусдад шилжсэн, нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн талаарх баримт авагдаагүй.

4.3. Иймд анхан шатны шүүх шийдвэрт дурдагдаагүй газрыг үнэлсэн гэж дүгнэн газар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй.

Шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхээс үнэлгээний маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх заалтыг баримтласан нь оновчгүй байгааг залруулна.

5. Харин хөрөнгийн үнэлгээг шүүх бүхэлд нь хүчингүй болгосныг эс зөвшөөрч гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

5.1. А ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа газар болон 11 ширхэг хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна. Иймээс тухайн гаргасан үнэлгээний тайланд заасан хөрөнгүүдийн үнэлгээ нь тус тусдаа тооцогдох буюу харилцан хамааралгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүх үнэлгээний маргааныг шийдвэрлэхдээ үнэлгээний зүйл болох газар болон 11 ширхэг хөдлөх хөрөнгийн үнэлгээ тус бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хийгдсэн үнэлгээ гэж авч үзэх ёстой.

Энэ үүднээс дүгнэвэл анхан шатны шүүх зөвхөн газар үнэлсэн үнэлгээнд өгсөн дүгнэлтэд үндэслэн А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцээгүй.

5.2. Үнэлгээний тайланд тусгаснаар шинжээч нь дээрх 11 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 4,608,188,712 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8-9 дүгээр зүйлд заасан үнэлгээ хийх арга, аргачлал, шаардлагыг хангасан байна.

Уг үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11 ширхэг хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн Д аймгийн Д сум, 1 дүгээр баг, С гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар эзэмших эрхийг 968,220 төгрөгөөр үнэлсэн хэсгийг хүчингүй болгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 11 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 4,608,188,712 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Т.БАДРАХ