Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0151

 

 

 

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0080 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0080 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.8, шинэчилсэн найруулсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүү Б-ийг Ш.М, С.Х нарт үрчилснийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Өлгий сумын улсын бүртгэгч М.Р-д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Нэг. Үрчлэгдсэн гэх Б-ийн төрсөн эцэг Х.Г нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 211 дүгээр, эх М.А нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар зарлигаар тус тус Монгол Улсын харьятаас гарсан хүмүүс болно. Өөрөөр хэлбэл, Х.Г болон М.А нар Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд юм.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” Б/260 дугаар захирамжаар үрчлэгдсэн гэх Б нь 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан улсад төрсөн бөгөөд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон төрсний гэрчилгээтэй байна. Тэгэхээр дээрх хүмүүсийн эрх зүйн байдал Монгол Улсын Харьяатын тухай хууль болон бусад хууль журмаар зохицуулагдана.

Харьяатын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар 6 үндэслэлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд хүүхэд Монгол Улсын харьяат байхаар хуульчилсан. Энэ тохиолдолд Бүгд Найрамдах Казахстан улсын харьяат хүүхэд /Б/-ийг Монгол Улсын иргэд үрчлэн авахдаа хэрхэх вэ гэсэн асуудал яригдаж байгаа.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” Б/260 дугаар захирамжид 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдөлд (1) гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ, (2) хүүхдийн төрсний гэрчилгээ, (3) үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эхийн иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг хавсаргах ёстой.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хүүхэд үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх иргэний үнэмлэхтэй байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монгол Улсын иргэд хоорондын хүүхэд үрчлүүлэх асуудлыг дээрх хуулиар зохицуулсан гэж үзэхээр байна. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй.

Хоёр. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн Гэр бүлийн тухай хуулийг хэрэглэж, бусад хуулийг хэрэглэсэнгүй.

Гэр бүлийн тухай хуульд “Гадаад улсын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай зохицуулалтыг 58 дугаар зүйлд заасан харин гадаад иргэдийн дундаас төрсөн хүүхдийг үрчлэн авах тухай зохицуулалт тусгагдаагүй.

Хүү Бекарыс нь Бүгд Найрамдах Казахстан улсад төрсөн бөгөөд тухайн улсын эрх бүхий байгууллагаас төрсний гэрчилгээг авсан, түүнчлэн Б-ын төрүүлсэн эцэг, эх хоёулаа Бүгд Найрамдах Казахстан улсын иргэд гэдэг нь дээрх байдлаар нотлогдож байгаа ба үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Б-ын мэдээллийг шалгахад бүртгэлгүй байна.

Харьяатын тухай хуульд зааснаар гадаад улсын иргэн Монгол улсын харьяат болж болно. Ингэхдээ зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр /зарлиг/-ээр энэ асуудал шийдэгдэх учиртай. Мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “энэ хуулийн 6.3-т заасан хүүхдийг энэ хуулийн 61-д заасан хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана” гэж заасан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “регистрийн дугаар” гэж Монгол Улсын иргэний төрсөн он, сар, хэлнэ гэж заасан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын Арван хоёрдугаар хэсгийн 12.4-д зааснаар төрсний бүртгэлд бүртгэгдээгүй хүүхдийн үрчилсний бүртгэлийг хөтлөхөд төрсний бүртгэлийг эхэлж хөтлөнө гэж заасан. Мөн журмын 2.2 дахь хэсэгт “... Монгол улсын иргэнд регистрийн дугаар олгоно” гэж заасан.

Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/555 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Монгол улсын иргэнд регистрийн дугаар шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журмын хоёрдугаар хэсгийн 2.1.4 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон иргэнд регистрийн дугаарыг шинээр олгоно гэж заасан.

Монгол Улсын харьяат биш /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй, эцэг, эх нь харилцан тохиролцож хуулийн хугацаанд хүүхдээ Монгол Улсын иргэнээр бүртгүүлээгүй/ Г.Б-т регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэл мэдээллийн санд үрчилсний бүртгэл хийх ямар ч боломжгүй буюу хууль нь өөрөө зөвшөөрөхгүй байхад Г.Б-ын үрчилсний бүртгэлийг хийх ямар ч боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” Б/260 дугаар захирамж анхнаасаа хууль зөрчиж гарсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан үүнийг анхан шатны шүүх анхаараагүй явдалд гомдолтой байна. Мөн шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулж, нотлох баримтад тулгуурлаж маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр “Нэхэмжлэгчийн үрчилж авсан зээ хүү нь төрснөөс хойш нагац өвөө, эмээ нартай хамт амьдардаг, тэрээр өөрийгөө Х.Г, М.А нараас төрсөн талаар мэддэггүй болох нь Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг дарга С.Б-ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр, мөн тэрээр Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 4 дүгээр ангид сурдаг болох нь сургуулийн менежер А.А-ийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байгаа, түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхэд үрчлэх, үрчлүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан байх тул Өлгий сумын Засаг даргын Бекарысийг үрчлүүлсэн захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүйгээс гадна энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байна” гэсэн үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.8, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн буруу байна.

Зүй нь, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үрчилж авахыг хүссэн зээ хүү Г.Б аль улсын иргэн нь тодорхойгүй, Казахстан улсын төрсний гэрчилгээтэй, түүний төрсөн эцэг Х.Г нь 1999 онд, эх М.А нь 2013 онд гадаад улсын иргэн болсон байхад Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэсэн сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлүүлэх шийдвэр гаргах эрх олгосон хуулийн энэхүү заалт нь гадаадын иргэдийн хүүхдийг үрчлэх, үрчлүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах эрх олгосон заалт мөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гадаадын иргэн, түүний хүүхдийн эрх зүйн байдлын талаар холбогдох шийдвэрийг гаргах бүрэн эрх байгаа эсэхийг тодруулахаар байна.

Нөгөөтэйгүүр, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан заалтууд нь зөвхөн хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхтэй холбоотой асуудлыг сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/260 дугаар захирамжаар зөвхөн “... хүү Г.Б-ыг Ш.М, С.Х нарт үрчлүүлсүгэй ...” гэж шийдвэрлэсэн байхад уг захирамжийг үндэслэн болгон нэхэмжлэгч Ш.М-ын “... төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгийн сумын улсын бүртгэгчид даалгах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “... төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Өлгийн сумын улсын бүртгэгчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тиймээс нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зөв гэж үзлээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.М-ын үрчилж авахыг хүссэн зээ хүү Г.Б нь 2009 онд Казахстан улсад төрсөн гэх боловч түүний ээж М.А нь 2013 онд Монгол улсын харьяатаас гаргасан байгааг анхаарч дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой байж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхээр нь дээр дурдсан үйл ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР