Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2017/ДШМ/000

 

Д.Идэрхандад холбогдох захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Гомдол гаргагч Г.Цэдэндамбаа

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаагийн гаргасан 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 9 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч Г.Цэдэндамбаагийн давж заалдах гомдлоор Д.Идэрхандад холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Мөнх овогт Дашравдангийн Идэрханд, 1975 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 6 дугаар баг  2-29 тоотод оршин суух, /регистрийн дугаар ВГ75030109/

Д.Идэрханд нь Баянхонгор аймгийн Ардчилсан намаас Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10-д заасныг зөрчсөн гэх зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Д.Идэрхандад холбогдох захиргааны зөрчлийн материалыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч Г.Цэдэндамбаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цэдэндамбаа миний “Д.Идэрханд нь сонгуулийн тухай хууль зөрчиж мөнгө тараасан” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр няцаагдаж буй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Шүүгчийн захирамжийн үндэслэлд “...Д.Идэрханд нь аль намын сонгуулийн штабад нэр дэвшигчийн менежер, шадар туслах, ухуулагч зэрэг ажлын алийг нь гүйцэтгэж сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, мөн УИХ болон ИТХ-ын сонгуульд аль намаас ямар тойрогт өрсөлдсөн эсэх зэргийг тогтоосон баримт огт авагдаагүй...” гэжээ.

Энэ асуудлыг би өргөдөлдөө маш дэлгэрэнгүй бичсэн. Д.Идэрханд нь аймгийн ИТХ-д Ардчилсан намаас Баянхонгор сумын 6 дугаар багт нэр дэвшсэн болохыг тодорхой дурьдсан. Үүнийг Баянхонгор аймгийн сонгуулийн хороонд 2016 оны аймгийн ИТХ-д нам, нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр хандсан Ардчилсан намын хүсэлт болон холбогдох бүрдүүлсэн материал болон Баянхонгор аймгийн сонгуулийн хорооноос гаргасан нам, нэр дэвшигчдийг бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоол, нэр дэвшигчдийн жагсаалт зэргээр нотолно.

2. Шүүгчийн захирамжийн үндэслэлд “...зөрчлийн материалд А.Батдагва гэгч хэн болохыг тогтоож, хууль сануулж тайлбар авагдаагүй..." гэжээ.

Д.Идэрхандаас 20.000 төгрөг авсан А.Батдагваас цагдаа тайлбар авах оролдлого хийсэн боловч чадаагүй. Тиймээс төрсөн эгчээс нь тайлбар авсан. А.Батдагва тайлбар өгч чадаагүй шалтгаан нь: 1.А.Батдагва нь өөрөө хөдөө алтанд явсан байсан, 2. А.Батдагвын нөхөр нь Д.Идэрхандтай Баян-Овоо сумын дунд сургуульд хамт сурч байсан ангийнх нь хүүхэд бөгөөд Цагдаагийн байгууллагад хэрэг шалгагдаж байх үед тайлбар өгөхөд нь саад хийж, “хэрэггүй”, “дэмий”, “яах гээд байгаа юм. Болоод өнгөрсөн юмыг” гэх зэргээр ятгаж байсан байдаг.

Гэтэл А.Батдагва нь өөрийн биеэр 2016 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн цагдаагийн газарт “сонгуулийн үеэр нэр дэвшигч Д.Идэрханд өөрт нь мөнгө өгсөн” талаар өргөдөл гаргаж хандсан байдаг бөгөөд хөдөөнөөс аймагт ирээд 2017 оны 2 дугаар 6-ны өдөр цагдаад тайлбараа өгсөн байна. Өөрөөр хэлбэл А.Батдагва нь өөрийн биеэр өргөдөл гаргаж, түүнийгээ баталсан. Түүний гаргасан өргөдөл, тайлбар нь миний гомдолд хамааралтай, нотлох баримт болж буй тул зайлшгүй шинжлэн судалж үзэх шаардлагатай болно. Тиймээс шүүгчийн зүгээс хэргийг цагдаад буцааж, А.Батдагвын өргөдөлтэй миний өргөдлийг нэгтгэн шалгуулах бүрэн боломжтой байсан байна.

3. Шүүгчийн захирамжийн үндэслэлд “...А.Батдагва гэх хүнтэй хийсэн яриа гэх бичлэг авагдсан байгаа хэдий ч тухайн бичлэгэнд байгаа хүн нь хэн гэдгийг нь тогтоож үзлэг хийж баримтжуулаагүй...” гэжээ.

Гэтэл миний өргөдөлд А.Батдагва, түүнээс бичлэг хийж ярилцлага авсан хүн болох н.Ганзориг, тэдэнтэй хамт байлцсан МАН-ын ухуулагч Б.Сайнцэцэг нарыг тодорхой дурьдсан байгаа. Гэтэл тэдгээр хүмүүсээс тайлбар авч нотлоогүй байна. Эдгээр хүмүүсийг шүүхэд гэрчээр оролцуулж бичлэгийг мөн нотлуулж болно.

4. Зөрчилд холбогдогч Д.Идэрханд нь цагдаад өгсөн тайлбартаа “Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очоод 20.000 төгрөг өгчихсөн” хэмээн өөрийн үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн Д.Идэрханд өөрөө 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 6 дугаар багийн засаг даргын сонгуулийн үеэр 400 хүний өмнө “Би мөнгө өгсөн нь үнэн” гэж индэр дээрээс хэлсэн. Эдгээрийг цагдаагийн байгууллага нотлоод “захиргааны арга хэмжээ авахуулах” тухай санал гаргасан атал шүүгчийн захирамжинд “...Сонгуулийн тухай хууль зөрчиж мөнгө тараасан гэдгийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй..." гэсэн нь илт зөрчлийг өмгөөлсөн үйлдэл гэж үзэж байна.

5. Шүүгчийн захирамжийн үндэслэлд “...захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.

Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр багийн Засаг даргын сонгуулийн үеэр тухайн асуудлыг олж мэдсэн. Мэдсэн даруйдаа цагдаад гомдол гаргасан. Нөгөө талаас А.Батдагва нь “Сонгуулийн хууль зөрчигдсөн талаар” 2016 оны 7 дугаар сард цагдаад гомдол гаргаж, шалгагдаж байна. Энэ гомдол нь миний гомдолтой адил зөрчилд холбогдогч Д.Идэрхандтай холбоотой. Түүний гомдол нь захиргааны хариуцлагын тухай хуулийн хариуцлагад татах хугацаанд гарсан байна. Түүний гаргасан өргөдөл нь хуулийн хугацаандаа шалгагдаж, процесс үргэлжилж байгаа. Тиймээс захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна.

Мөн “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн “531 дүгээр зүйл. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчих” гэсний 1. Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг эдгээр холбогдох хуульд зааснаар зохицуулна” гэжээ. Сонгуулийн тухай хуульд хугацааг тусгайлан зааж өгөөгүй нээлттэй байгаа бөгөөд хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны дагуу тогтоогдсон зөрчилд хэдийд ч захиргааны хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

6. Дээрх байдлаас дүгнэвэл Б.Гэрэлмаа Ерөнхий шүүгч өөрөө ашиг сонирхлын зөрчлийн улмаас энэхүү хэргийг зориудаар өөртөө авч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх үндэслэлтэй байна. Нөгөө талаас Б.Гэрэлмаа шүүгчийн нөхөр болох Ш.Хүрэлбаатар нь Баянхонгор сумын ЗДТГ-ын даргаар ажилладаг. Зөрчилд холбогдогч Д.Идэрханд нь Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатартай сүүлийн арав гаруй жил хамт ажиллаж байгаа найз нөхдүүд юм. Иймээс Д.Идэрхандад захиргааны хариуцлага хүлээлгэхгүй байх ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Иймд Б.Гэрэлмаа шүүгчийн асуудлыг холбогдох шатны байгууллагуудад гомдол гаргаж шалгуулах болно. Ийм учраас миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль бус гэж үзэж, өөрийн хууль ёсны эрхээ хамгаалуулж, надад саналаа өгсөн шударга сонгогчдын нэрийн өмнөөс, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох шударга ёсыг хүсч өргөдөл гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Идэрхандад холбогдох зөрчлийн материалд авагдсан Г.Цэдэндамбаагийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Г.Цэдэндамбаа, Д.Идэрханд нараас зөрчлийн талаар асуусан тэмдэглэл зэргээс үзвэл Д.Идэрханд нь 2016 оны 6 дугаар сард А.Батдагва гэгч хүнд 20.000 төгрөг өгсөн талаар тусгагджээ.

Зөрчлийн материалд хураагдан ирсэн 1 ширхэг CD-нд байгаа “Buten, hesgees” гэх 2 бичлэгийг хэн гэгч этгээд бичсэн болох, уг бичлэгүүдэд ярилцлага өгч байгаа этгээд нь 2016 оны 6 дугаар сарын 24-нд 20.000 төгрөгийг авсан гэх боловч хэнээс мөнгө авсан талаар тодорхой яриагүй, энэ хүн нь Ариунаагын Батдагва гэгч мөн болох талаар тогтоосон баримт байхгүй, энэ талаар цагдаагийн байгууллага үзлэг хийж шалган тогтоогоогүй байна.

Мөн Г.Цэдэндамбаагийн цагдаагийн байгууллагад 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдлөөс үзвэл тэрээр Д.Идэрхандыг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бусдад мөнгө тараасан гэж гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж хуульчилсан байх тул энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий, хууль ёсны болсон гэж үзнэ.

Иймд Г.Цэдэндамбаагийн гомдолд дурдсан үндэслэлээр зөрчлийн материалд нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байх тул зөрчлийн материалыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.    

Харин анхан шатны шүүх нь захиргааны зөрчлийн материалыг хянан шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргахдаа хуулийн зохих зүйл хэсгийг баримтлаагүй, мөн оролцогчийн гомдол гаргах эрхийг заагаагүй орхигдуулсан зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т

заасныг  удирдлага  болгон ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 9 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж гомдол гаргагч Г.Цэдэндамбаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ