Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00432

 

 

 

 

 

     

 

 

 

Б.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03526 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.У-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ШГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01207 дугаар шийдвэрээр 342,066,077 төгрөгийг хариуцагч Д.П, Б.У нараас гаргуулж, Т ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийн үнэлгээг 351,264,438 төгрөг гэж тогтоосон. ШГ-ын 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 4-137/107 дугаартай мэдэгдлийг надад 2023 оны 01 сарын 05-ны өдөр танилцуулсан. Уг орон сууцанд би хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Гэтэл хөрөнгийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг байлцуулалгүй, надад мэдэгдэлгүй шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-************** дугаартай, Хан-Уул дүүрэг, Зайсан гудамж ** байр, ** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 149.94 м.кв талбай бүхий 5 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд байршилтай, төв зам дагуу байрладаг, төвийн шугамд бүрэн холбогдсон, чанартай материалаар баригдсан, дуу чимээ багатай, хүүхдийн тоглоомын талбай нь дэргэдээ, үйлчилгээний төв болон сургууль, цэцэрлэг, бусад үйлчилгээний байгууллагуудтай ойрхон, тав тухтай орчинтой учраас зах зээлийн үнэлгээ өндөр байгаа. Миний мэдсэнээр тухайн барилгын 1 м.кв талбай нь 3,5-4,0 сая төгрөгөөр үнэлэгддэг. Тэгэхээр багадаа 525,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой байхад зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлжээ. Дамно ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчид мэдэгдэлгүй, түүнийг байлцуулалгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн санал болон үл хөдлөх эд хөрөнгийн чанар байдлыг харгалзан үзэлгүй, орон сууцны талбайг буруу тогтоон үнэлсэн. Уг үнэлгээг орон нутгийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээ гэж үзэх боломжгүй. Иймд улсын бүртгэлийн Ү-************** дугаартай, Хан-Уул дүүрэг, Зайсан гудамж ** байр, ** тоот хаягт байршилтай, 149.94 м.кв талбай бүхий 5 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 351,264,438 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Манайх Арвижих эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд эд хөрөнгийг 414,939,000 төгрөгөөр үнэлсэн. Дамно ХХК-ийн үнэлсэн үнэлгээнээс өндөр байгаа гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 1206 дугаар шийдвэрээр Д.П, Б.У нараас 344,162,507 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 сарын 12-ны өдрийн 22290766 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Төлбөр төлөгч Д.П, Б.У- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-************** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ** байр, ** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 149.94 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 22290766/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 22290766/02 дугаар тогтоолоор хурааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 4-137/24033, 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 4-137/24645 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч нарын гүйцэтгэх хуудсанд дурдсан хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 12/467 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 2023 оны 01 сарын 02-ны өдөр орон сууцыг 351,264,438 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч нарт 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 4-137/107 тоот албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт төлбөр төлөгчид баталгаат шуудангаар болон биечлэн хүлээлгэн өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж ** байр, ** тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 149.94 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 351,264,438 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгож шийдвэрлэжээ. 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-************** дугаартай, Хан-Уул дүүргийн 11 хороо, 6 дугаар хэсэг, Зайсан гудамжны ** дугаар байрны ** тоот хаяг байрлах 149.94 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 22290766/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 22290766/02 дугаар тогтоолоор хурааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 4-137/24033, 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 4-137/24645 тоот албан бичгүүдээр мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 12/467 дугаар тогтоолоор шинжээч томилсон. "Дамно ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 351,264,438 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч нарт хөрөнгийг 351,264,438 төгрөгөөр үнэлсэн тухай 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 4-137/107 дугаар албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт төлбөр төлөгчид баталгаат шуудангаар болон биечлэн хүлээлгэн өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

2.   Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч ШГ-т холбогдуулан, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ** байр, ** тоот хаягт байршилтай 149.94 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 351,264,438 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3/  

3.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/01207 дугаар шийдвэрээр хариуцагч Д.П, Б.У- нараас 342,066,077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Д.П, Б.У- нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ** байр, ** тоот хаягт байршилтай орон сууц, 14-34 УБО улсын дугаартай, хар өнгийн Тоёота Харриер маркийн автомашин зэргээр хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх 8-12/

4.   Шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 08 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заагдсан орон сууцыг 2022 оны 09 сарын 22-ны өдөр битүүмжилж, 2022 оны 12 сарын 06-ны өдөр хураан авч, үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 12 сарын 26-ны өдөр шинжээчээр Ц.Түвшинцэнгэлийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 13, 60-61, 62-63, 65-69, 71/

Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчинд 2022 оны 12 сарын 26-ны өдөр эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлан өгчээ. /хх 72/ 

5.   Шинжээч нь шүүхийн шийдвэрт заасан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ** байр, ** тоот хаягт байршилтай 149.94 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны үнэ 2022 оны 12 сарын байдлаар 351,264,438 төгрөг болохыг тогтоосон байх ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж, чанар /байршил, ашиглалтад орсон он, хэмжээ, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, хуримтлагдсан элэгдэл г.м/-ыг тодорхой тусгасан байна. /хх 77-97/

Иймд шинжээч үнэлгээ гаргахдаа ...орон сууцны байршил, төвийн шугамд бүрэн холбогдсон байдал, чанартай материалаар баригдсан, дуу чимээ багатай, хүүхдийн тоглоомын талбай нь дэргэдээ, үйлчилгээний төв болон сургууль, цэцэрлэгтэй ойрхон, тав тухтай орчинтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Шинжээчийн гаргасан үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна.  

6.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчийг заавал байлцуулах шаардлага тавигдаагүй тул ...өмчлөгчийг байлцуулахгүйгээр үнэлгээ хийсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй. Энэ нөхцөл байдал нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл биш. 

7.   Анхан шатны шүүх ...харьцуулсан хөрөнгүүд нь үнэлгээ хийж байгаа хөрөнгөтэй ижил төстэй биш, зөвхөн хоёр хөрөнгөд харьцуулалт хийсэн, харьцуулсан хөрөнгийн онцлог шинжийг тодорхойлоогүй тайландаа тусгасан... гэж дүгнэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Тодруулбал:

7.1.  Анхан шатны шүүх шинжээчийн гаргасан үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй.

7.2.  Шинжээч нь харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгийн байршил, талбай, борлогдох магадлал, насжилт, биет байдал, хийц бүтээц, нэгж талбайн үнэ, зах зээлийн үнэ цэнэ зэргийг тайландаа тодорхой дурдсан байтал ...онцлог шинжийг тодорхойлоогүй... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

8.   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Арвижих-эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Ц.Хөхөөсүрэнгийн гаргасан үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн, уг тайлангаар маргаан бүхий орон сууцыг 414,939,855 төгрөгөөр үнэлсэн байх боловч энэ нөхцөл байдал нь Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй. /хх 123-143/

Учир нь, Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл нь орон сууцны 2022 оны 12 сарын байдлаарх зах зээлийн үнийг тогтоосон бол Арвижих-эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Ц.Хөхөөсүрэн нь орон сууцны 2023 оны 10 сарын байдлаарх зах зээлийн үнийг гаргасан байх тул эдгээрийг харьцуулан дүгнэх нь учир дутагдалтай юм.

9.   Шинжээчийн гаргасан үнэлгээний тайлантай нэхэмжлэгч нь 2023 оны 01 сарын 05-ны өдөр танилцсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ. /хх 14-15/

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ШГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч ШГ-т холбогдох, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ** байр, ** тоот хаягт байршилтай 149.94 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 351,264,438 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР