Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 231

 

Г.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар магадлалтай, Г.Г-д холбогдох 2018 00000 0387 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Г.Уянгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Г

Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-г “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнийг 1 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Г-г 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “3.000.000 төгрөг” гэж,  тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хийцтэй дугуй өргөгч дамократ 1 ширхэг, дамократны иш 1 ширхэг, дорцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Г.Г-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх, зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Г  нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг нэн даруй суллаж, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Уянга бичсэн эсэргүүцэлдээ “... 1. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял болох 1 жилийн хорих ялыг оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх дахин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ангилал, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн...” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах асуудал нь шүүгдэгчийн хувийн байдал болон санхүүгийн боломж, гэмт хэргийн ангилал, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн байдал зэргээс үл хамаарч гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгө орлогоос албадан гаргуулахаар хуульчлагдсан, улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах үндэслэлтэй гэж үзвэл мөрдөн байцаалтын явцад тухайн тээврийн хэрэгсэл, эд зүйлсийн үнийг тогтоолгосон үнийн дүнгээр шүүх шийдвэрлэх байтал давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн дүнг 3.000.000 төгрөг болгож бууруулсан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэгт хэрэглэх зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг үнэлгээгээр тогтоогдсон 13.000.000 төгрөгөөр тогтоосныг давж заалдах шатны шүүх цар тахлын улмаас гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнийн дүнг бууруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах гэсэн эсэргүүцлийг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хяналтын прокурор Г.Уянгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-г 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 10 дугаар байрны гадна талын автомашины зогсоолд байсан иргэн Б.Ч-н эзэмшлийн 04-47 ДАА улсын дугаартай “Тоёота Приус-30 “маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг  43-25 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 780.000 төгрөгийн хохирол,

2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилших шөнө 43-25 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус-30”  маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1б байрны гадна зогсоолд байсан иргэн Б.М-н эзэмшлийн 97-12 ДАР улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обуд, өвлийн дугуйг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол,

мөн тэр шөнөдөө Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 11 дүгээр баг, 13-р байрны 1 дүгээр орцны харалдаа байрлуулсан иргэн Ч.Д-н эзэмшлийн 94-43 УБВ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обуд, дугуйг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, эргэлзээгүй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болно гэж хуульчилсан бөгөөд үүнийг анхан шатны шүүх хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, Г.Г-д оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байх ба үүнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Иймд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Г.Г-с гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэн шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13.000.000 төгрөгийг 3.000.000 төгрөг болгон багасгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийг хөнгөн болон хүнд гэж ангилдаг бөгөөд шүүгдэгч Г.Г-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь дээрх ангиллаар хүнд гэмт хэрэг байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах зохицуулалтыг хэрэглэн Г.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нь хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг илтэд зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр шүүгдэгч Г.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг багасгаж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч шүүхэд үүрэг болгосон байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар прокурорын эсэргүүцлийн “магадлалыг хүчингүй болгох” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн, давж заалдах шатны шүүх магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгч Г.Г-н холбогдсон хэргийн талаар дутуу тусгасан, тодорхойлох хэсэг буюу магадлалын 4 дэх талд “шүүгдэгч Г.Г-н мэдүүлэг болон хохирогч Б.Ч-н” гэж хамтад нь бичсэн нь ойлгомжгүй болсныг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Г.Уянгын бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                      Б.ЦОГТ