Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/393

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0362/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Г.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000387 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М Сургуулийн Бизнесийн сургуулийн оюутан, ам бүл 2, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 22 дугаар хороолол ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Г.Г,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 10 дугаар байрны гадна талын автомашины зогсоолд байсан иргэн Б.Ч эзэмшлийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг ХХ-ХХ УБЯ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 780,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Ч “... Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Шинэ хорооллын 10 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн ХХ-ХХ дугаартай Тоёота Приус-30 машинаа байрлуулж орхисон юм. Би 2020 оны 08 дугаар сарын 22- ний өглөө хөдөө яваад 23-ны үдээс хойш ирсэн. Тэгээд шинэ хорооллын 10 дугаар байрны гадна зогсоол дээр байсан машинаа харсан чинь 4 дугуй нь обудтайгаа солигдсон байсан. Миний машин Toyo үйлдвэрийн өвлийн 215.17.60 хэмжээтэй дугуйтай, Приус-30 машины жи сток 17 хэмжээтэй, 5 салаа обудтай байсан юм. Тэгсэн чинь одоо солиод тавьсан дугуй нь 15.65.195 гэсэн хэмжээтэй, 2 нь өвлийн, 2 нь зуны, хээнүүд нь нилээд элэгдсэн муу дугуй , 15 хэмжээтэй, 4 калпактай, хайлшин 4 обудь байна. Манай байр засвар хийж байгаа болохоор манай гэрийнхэн шинэ хорооллын 10 дугаар байранд түр байгаа юм. Миний эхнэр 2020 оны 08 дугаар сарын 22-ны өглөө машинаа унаад зах явах замдаа тулаад байхаар нь гайхсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,

 

Гэрч С.З “...Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Дархан сумын 11 дүгээр баг, 10 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулж тавьсан байсан машин дээрээ очсон. Машин дээрээ очоод харахад жолооч талын урд дугуйных нь калпак хагарсан байхаар нь гайхаад дугуйгаараа юм мөргөчихсөн юм байхдаа гэж бодчихоод машинаа унаад явсан. Тэгээд байж байтал 2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө манай нөхөр хөдөөнөөс ирээд машинаа унаад явж байгаад шинэ хорооллын18 дугаар байрны гадаа очоод дугуйгаа хартал манай машины 4 дугуй обудтайгаа солигдоод оронд нь өөр 4 дугуйтай обуд тавьчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92/,

 

Насанд хүрээгүй гэрч М.М “....тэгээд Г ах машинаасаа буугаад хэсэг байж байснаа буцаж орж ирж машиндаа суучхаад надад хандан “чи машиндаа сууж байгаарай” гэж хэлээд өөрийнхөө машиныг хөдөлгөөд нэг усан цэнхэр өнгөтэй Приус- 30 маркийн машины хойно очиж зогсоод өөрөө буугаад явчихсан. Тэгээд би тэр хооронд чихэвчээр дуу сонсоод машинд сууж байгаад хэсэг унтчихсан байсан. Тэгээд машин хөдлөөд байхаар сэрсэн. Тэгэхээр нь машинаас буугаад Г ах дээр очиход Г ах өөрийнхөө машины дугуйг тайлаад өөр том дугуй хийж байхаар нь би “ахаа хэрэггүй юм биш үү” гэж хэлэхэд Г ах одоо өнгөрсөн, нэгэнт солиод дууслаа гэж хэлэхээр нь би машиндаа ороод сууж байтал Ган-Эрдэнэ ах  нэг их удалгүй орж ирээд болчихлоо явъя гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 97/,

 

“Капитал зууч” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 780,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 99-100/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 87/,

 

Б.Ч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 88/,

 

2. ХХ-ХХ УБЯ улсын дугаартай “Тоеота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01 нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1б байрны гадна зогсоолд байсан иргэн Б.М эзэмшлийн 97-12 ДАР улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обуд, өвлийн дугуйг хулгайлж 300.000 төгрөгийн, мөн шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 11дүгээр баг, 13-р байрны 1 дүгээр орцны харалдаа байрлуулсан иргэн Ч.Д эзэмшлийн ХХ-ХХ УБВ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обуд, дугуйг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогч Б.М “....2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчим гэрийнхээ урд байх автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 97-12 ДАР улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээ байршуулаад маргааш өглөө нь 07 цагт гэрээсээ гараад машиндаа суух гэтэл арын 2 дугуйг аваад оронд нь өөр 15-тай обудтай 2 ширхэг дугуй орлуулж тавиад эрэг боолтыг нь сайн чангалсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан дугуй нь приус-30 автомашины стандарт гэж яригддаг обудны хэмжээ нь 17, дугуйны хэмжээ нь 55-тай хуучин өвлийн дугуй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Хохирогч Ч.Д “...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 20 цагийн үед гэрийн урд автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн ХХ-ХХ УБВ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад өнөөдөр 15 цагт гэрээсээ гараад машиндаа суух гэтэл жолооч талын 2 дугуйг аваад оронд нь 2 ширхэг 15-тай обудтай 2 ширхэг дугуй орлуулж тавиад эрэг боолтыг сайн чангалж орхисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 122/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Б “...2020 оны 08 дугаар сарын 31-нээс 2020 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн орчим би өөрийн найз М хамт тэдний гэр болох Дархан сумын 4 дүгээр багт байрлах 15 дугаар байрны 54 тоотод хамт байсан. Ингээд удалгүй манай байрны ах Ган- Эрдэнэ рүү Мандах бид хоёр утсаар яриад “хаана байгаа юм бэ? “гэхэд “Шүтээн”-ий урд байна гэхэд Мандах бид хоёр очоод буцаад бид 3 Мандахын гэрт ирээд юм идчихээд Г ах үйлчилгээний төвөөс дайвар авна гэж хэлсэн. Тэгээд бид 3 хамт яваад үйлчилгээний төвөөс дайвар авчхаад шинэ хорооллын голын 9 давхар орохоор болсон. Тэнд очоод Г ах машины дугуй үзээд явж байгаад улсын дугаарыг нь санахгүй байна, ямар ч байсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын 2 дугуйг тайлж авсан, эхний дугуйг өөрөө сольж хийгээд, дараагийн дугуйг тайлж аваад өөрийнхөө машины запас дугуйг нөгөө машинд хийгээд өөрөө хулгайлсан дугуйгаа машиндаа хийгээд тухайн үед явж байсан дугуйг запас болгосон. Ингээд цаашаа яваад Дархан сумын 13 дугаар багт байрлах “Комфорт“ зочид буудлын ард байрлах хуучин хорооллын 2 дугаар байрны ар талаас улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн мөн 2 дугуйг тайлж аваад өөрийнхөө машинд хийгээд өөрийнхөө дугуйг нөгөө машиндаа хийсэн. Би Г ахад явъя гэж хэлсэн чинь “хүлээж бай, гялс авчхаад явъя” гээд байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Насанд хүрээгүй гэрч М.М “... 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний 01 цагийн үед би найз Балжинням болон байрны ах Г нартай уулзаад Г ахын машинтай яваад үйлчилгээний төв орчмоос дайвар тосож авсан. Тэгээд буцаж явах замдаа шинэ хорооллын байрны дундуур яваад голын 9 давхрын ойролцоо Ганаа ах машинтай ойртож зогсоод Г ах машинаас буугаад Б ах бид хоёр үлдсэн, ...цэнхэр өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун  талын 2 дугуйг салгаж аваад өөрийнхөө машинд хийгээд өөрийнхөө дугуйг нөгөө машиндаа хийсэн. Тэгээд Дархан сумын 13 дугаар багт “Комфорт” зочид буудлын ард байх хуучин хорооллын 2 дугаар байрны ар талаас цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын 2 дугуйг салгаж аваад өөрийнхөө дугуйг сольж байрлуулсан. Тухайн үед би машин дотор сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 30-31/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4, 114/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8, 115-117/,

 

Эд мөрийн тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/,

 

Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/,

Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-120/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г нь 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 1,380,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Г.Г дээрх гэмт хэргүүдийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу дамократ, дугуйн торцов хэрэглэж, ХХ-ХХ УБЯ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх, дугуйг нь хулгайлах машинаа хайж олох, хулгайлсан болон оронд нь сольж тавих дугуйгаа тээвэрлэх зэрэгт өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслээ ашигласан болох нь тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийн машин механизм ашиглаж үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

 

Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд тусгайлан зориулж хийсэн, олсон, бэлдсэн, худалдаж авсан зүйлийг ойлгох ба ХХ-ХХ УБЯ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслийнхээ дагалдах зүйл /дамократ, дугуйн торцов/-ийг ашиглаж үйлдсэнийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хэрэв шүүгдэгч өөр төрлийн машины дугуйг хулгайлах зорилгоор тухайн машинд зориулсан багаж зэвсгийг тусгайлан бэлтгэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол жишээ нь ачааны эсвэл өөрийн тээврийн хэрэгслээс том оврын тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлах зорилгоор илүү хүнд даацын дамократ, уг дугуйны боолтод таарах түлхүүр зэргийг урьдчилан бэлтгэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Г “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заасан ”хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх хүндрүүлэх шинжийн талаар маргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсийг заримыг биет байдлаар буцаан өгсөн, үлдэх хэсгийг мөнгөөр төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, “эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г нь эхийн хамт амьдардаг, түүний эх 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг /Дархан сумын Өргөө багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 172/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 173/, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн байдал болон учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан.

 

Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор зааж, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь ял албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэх учиртай.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах нь дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой илүү нийцэх ба хэдийгээр шүүх албадлагын арга хэмжээг ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл хэрэглэх эсэхийг шийдвэрлэж болохоор заасан боловч хулгайлах гэмт хэргийн тухайд уг хэргийг үйлдэхэд үйлдлийг хөнгөвчлөх, хэргийн газраас зайлах, хулгайлсан эд зүйлийг тээвэрлэх, эрж хайж олох зэрэгт тээврийн хэрэгсэл машин механизм ашигласнаар илүү их хэмжээний хохирол учруулдаг тул тээврийн хэрэгслийг хураах нь хуулийн зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хураана гэх зохицуулалт нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан тохиолдолд гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн хөрөнгийг хурааж болохгүй гэсэн агуулгатай, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ХХ-ХХ УБЯ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь ХХХ ББСБ ХХК-ийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс автомашины үнийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийвэрлэв.

 

Тоёота приус 30 маркийн ХХ-ХХ УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг Капитал зууч ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 13,000,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Уг автомашин нь 2010 онд үйлдвэрлэгдэж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр импортоор Монгол Улсад орж ирсэн байх тул автомашины үнэлгээг тогтоосон дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “автомашины үнэлгээг дахин хийлгэх, ХХХ ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох” хүсэлт гаргасан ба энэ хэрэгт шүүгдэгчээс автомашины үнийг гаргуулснаар ХХХ ББСБ-ын өмчлөх эрх зөрчигдөхгүй тул иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хийцтэй дугуй өргөгч дамократ 1 ширхэг, дамократны иш 1 ширхэг, торцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт Г.Г-ийг“учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Т овогт Г.Г-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ХХХ ББСБ ХХК-ийн өмчлөлийн ХХ-ХХ УБЯ улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Г гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр хийцтэй дугуй өргөгч дамократ 1 ширхэг, дамократны иш 1 ширхэг, торцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД