Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00235

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03393 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХК-д холбогдох

Компанийн харилцах данс хааж, битүүмжилсэн, улмаар дансан дахь мөнгөн хөрөнгийг хууль бусаар татан авсны улмаас учирсан гэм хорын хохиролд 446,995,013 төгрөг гаргуулж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь ******* ХК-тай 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгууллагын харилцах дансны гэрээ байгуулж, гэрээний дагуу ******* тоот харилцах дансыг эзэмшдэг.

1.2. ******* ХК нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж бидэнд мэдэгдэлгүйгээр Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газрын дэд даргын хуулийг буруу хэрэглэсэн албан тоотуудыг нягтлан судлалгүйгээр хэт нэг талыг барьж манай компанийн харилцах ******* тоот дансыг хааж, битүүмжлэн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4 дэх заалт, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6 дах заалтуудыг тус тус зөрчиж хууль бус үйлдэл гаргасан.

1.3. Манай компани нь өр төлбөр төлөх талаар ямар нэгэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, хилээр хууль зөрчиж, барааг гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор өөр бараа, тээврийн хэрэгслийн нуувч болгон ашиглан оруулж ирсэн барааны үнэ, түүний татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдээс гаргуулахад хамааралтай Гаалийн тухай хуулийн 2951 дэх заалтыг баримтлан Замын-Үүд дэх Гаалийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тоотоор данс битүүмжилсэн нь илт хууль бус үйлдэл болно. Мөн харилцагчийн эрх, ашгийг хөндөж нэг байгууллагын даргын албан тоотоор дансыг хааж битүүмжлэн, нээсэн нь хууль тогтоомж илт санаатай зөрчсөн үйлдэл болсон.

1.4. Дээрх хууль бус үйлдлийн улмаас манай компанид 105 харилцагчийн 1,182,079,000 төгрөгийн орлогын гүйлгээ саатаж, цахилгаан, төмөр зам, тээвэр, даатгал, түүхий эд сэлбэг хэрэгсэл болон олон улсын хуулийн зөвлөх хэрэг гэрээт 37 харилцагч байгууллагын 2,032,430,961 төгрөгийн төлбөр төлөгдөөгүйгээс 253,845,013 төгрөгийн хохирол, ажил хэргийн нэр хүнд болон харилцагч байгууллагуудын үйл ажиллагаанд хохирол учирсан.

1.5. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б*******ийн гарын үсэг бүхий 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 тоот албан бичгийн дагуу дансанд хуримтлагдсан 193,150,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн зөвшөөрөлгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр зарлага гаргаж хохирол учруулсан. Тус үйл явдал болохоос өмнө 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3/386 тоот албан бичгээр дансанд хуримтлагдсан 193,172,608.30 төгрөгийг манай компанийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргахгүй байх шаардлагыг хүргүүлж байсан ч хүсэлт шаардлагыг үл биелүүлэн харилцагчийн эрх, холбогдох хууль тогтоомжийг зөрчин дансанд хуримтлагдсан 193,150,000 төгрөгийн зарлага гаргаж, тус хэмжээгээр хохирол учруулсан.

1.6. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б******* нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан ******* ХК-д хүргүүлсэн захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 303 тоот магадлалаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь манай компанийн харилцах дансыг хааж, битүүмжлэх, данс дахь хөрөнгийг татан авах эрхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болохыг эцэслэн тогтоосон, магадлал хүчин төгөлдөр болсон.

1.7. Дансыг битүүмжлэхэд бид мөнгөн хөрөнгөө татахаар хүсэл зоригоо илэрхийлсэн боловч зарлага гаргах боломжгүй гэж хясан боогдуулсан нь хадгалуулагчийн хүссэн цагт мөнгөн хөрөнгийг буцаан өгөх, өөрийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хэдийд ч татах эрхтэй гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

1.8. Иймд ******* ХК-ийн эрх бүхий этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь ******* ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс уучлалт хүсэхийг ******* ХК-д даалгаж, эд хөрөнгөд учирсан 446,995,013 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан бичгийн дагуу компанийн дансыг битүүмжилсэн. Гаалийн ерөнхий газар болон хэлтсийн дарга, түр орлон гүйцэтгэгч нь албан татвар төлөгч этгээдийн харилцах болон хадгаламжийн дансанд барилт, битүүмж хийх, зарлагын үнэлгээ хийлгэх эрхтэй. Албан бичгийн дагуу дансанд нь битүүмжлэл хийгдсэн.

2.2. Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан бичигтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхэд тухайн албан бичгээр гарах эрх хэмжээ хуульд заасан эрхтэй юу эсэх асуудлыг шийдвэрлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарсан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн. Замын-Үүд дэх гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн болон өмнөх өөр хоёр албан бичгийн ялгааг гаргахгүй байна.

2.3. Албан бичгийг ямар нэгэн байдлаар шалгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1, Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8-д Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр уг ажиллагаа хийгдсэн тул ******* ХК буруугүй.

2.4. Төрийн эрх бүхий байгууллагаас ирж байгаа шүүхийн шийдвэр захирамж тогтоолыг банк биелүүлэх үүрэгтэй. Иргэний шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дансанд нь битүүмжлэл хийгдэж байгаа, ажиллагаатай адилхан арга хэмжээ юм.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ******* ХК-д холбогдох гэм хорын хохиролд 446,995,013 төгрөг гаргуулах, уучлалт гуйхыг даалгах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,463,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх үйл баримтыг буруу дүгнэсэн. ...Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0169 дугаартай шийдвэрээр *******анд хандсан "Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай", 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 ба 03/3140 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал хэрэгт авагдсан.

Шийдвэрийн үндэслэл хэсэгт шүүх Гаалийн ерөнхий газрын дэд дарга 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дугаар татварыг үл маргах журмаар гаргуулах *******анд ******* ХХК-ийн данс дахь мөнгөн хөрөнгөөс Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1-д заасныг үндэслэн бичиг хүргүүлсэн, дээрх баримтуудыг үндэслэн ******* ХК нь ******* ХХК-ийн дансны гүйлгээг зогсоож, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нээсэн, улмаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 193,150,000 төгрөгийн зарлага гаргасан талаар маргаагүй.

Мөн Гаалийн ерөнхий газрын дад дарга Б.Б******* нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж зөв дүгнэсэн боловч Гаалийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай 03/3140 дугаартай мөн өдрийн 03/3139 дугаартай актууд хүчингүй болсон нь хариуцагч "*******" ХК-ийг буруутай гэх баримт биш гэж үзсэн гэсэн нь үндэслэлгүй.

Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн данснаас суутгал хийсэн нь хууль бус байхыг анхаараагүй. Шүүх захиргааны акт хүчингүй болох болон илт хууль бус байх хоёр ойлголтын эрх зүйн үр дагаврыг буруу ойлгосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарах нөхцөл болсон байх бөгөөд "актууд хүчингүй болсон мэтээр буруу дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэл үүсэхгүй баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн данснаас хасалт хийх нь илт хууль бус юм. Энэ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч талыг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул анхан шатны шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.

4.2. Хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл нь мөн харилцагч нарт шилжих гүйлгээ тасалдаж, төлбөр төлөгдөөгүйгээс 253,845,013 төгрөгийн хохирол, ажил хэргийн нэр хүнд хохирсон. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б*******ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай" 03/3140 дугаартай хууль бус актын дагуу компанийн ******* тоот данснаас 193,150,000 төгрөгийг ******* ХК нь өөрийн идэвхтэй үйлдлээр суутган авч манай компанид хохирол учруулсан.

Өөрөөр хэлбэл ******* ХК нь Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.О******* болон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б*******ийн хууль бус эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан захиргааны актыг нягтлан судлалгүйгээр тус актын дагуу нэг талыг барьж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсгийг тус тус зөрчиж данс хааж, данс дахь мөнгөн хөрөнгийг бидний зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүйгээр данснаас суутган авч хохирол учруулсан.

4.3. Шүүхийн шийдвэрт Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8-д "Гааль татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой шаардсан" гэж дүгнэлт хийсэн боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг анхаараагүй, нэхэмжлэгч талын данснаас хасалт хийх тухай ойлголт биш мэдээлэл бусдад өгөх харилцааг зохицуулсан болохыг анхаараагүй, уг зохицуулалтыг шүүх буруу дүгнэсэн.

4.4. Түүнчлэн Монгол Улсын Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр ******* ХХК-ийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан дэмжлэгийг авах эрх бүхий хуулийн этгээд болохыг тогтоож, цементийн үйлдвэр барихаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн байдаг. Энэ тухай хавтас хэрэг гурван шатны шүүхийн шийдвэр бүрэн авагдсан байгаа болно.

Мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэхэмжлэлтэй гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэлийн үндэслэл, түүнд дурдсан үйл баримтын талаар захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа болох нь тогтоогдож, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/320022/10334 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хэрэгт авагдсан.

Энэ нь шүүхээр тогтоогдсон үйлдэл бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтыг шүүх анхаараагүй байна.

4.5. Хэргийн нотлох баримтыг бүхэлд нь үнэлээгүй байна. ******* ХК-ийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн. Гэтэл "*******" ХК нь өөрийн идэвхтэй үйлдлээр компанийн дансыг хааж, битүүмжилсний улмаас гүйлгээ саатаж, гүйлгээ саатсаны улмаас 253,845,013 төгрөгийн хохирол учирсан, мөн дансаар гүйлгээ хүлээн авах боломжгүй болсон бөгөөд өнөөг хүртэл энэ нөхцөл байдал арилаагүй. Үүнийг даган манай компанийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан. ******* ХК нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* тоот данснаас 193,150,000 төгрөгийн зарлага гаргаж бодит хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Энэ талаар ******* ХК маргаагүй.

******* ХК-ийн эдгээр бүх үйлдэл нь өөрийн идэвхтэй үйлдэл бөгөөд хавтаст хэрэгт авагдсан зохигчоос шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байтал нотлогдохгүй байна гэж үзэх нь нотлох баримтыг бүхэлд нь судлан шинжлээгүй, бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна.

4.6. Мөн манай компани нэхэмжлэлийн шаардлагад гэм хорын хохиролд 446,995,013 төгрөгийг гаргуулах, уучлал гуйхыг даалгах нэхэмжлэлийг гаргасан боловч компанийн нэр хүндэд гэм хорын хохирол учруулсан талаар уучлал гуйлгахтай холбоотой шүүхийн шийдвэрт дурдаагүй энэ талаар шүүх үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан Гаалийн ерөнхий газрын дэд дарга болон Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эрх мэдлээ хэтрүүлэн хууль буруу хэрэглэж харилцах данс битүүмжлэх, дансан дахь мөнгөн хөрөнгөөс шилжүүлэг хийхийг хүссэн албан бичгүүдийг нягтлалгүй хэт нэг талыг барьж компанийн харилцах дансыг битүүмжилсэн, мөн дансан дахь мөнгөн хөрөнгийг хууль бусаар татан авсны улмаас учирсан гэм хорын хохиролд 446,995,013 төгрөг гаргуулах, дээрх буруутай үйлдэлдээ уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татварын өр төлүүлэхтэй холбоотой асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд тухайн ажиллагаа хийгддэг, уг шаардлагыг банк биелүүлэх үүрэгтэй, эрх бүхий байгууллагаас ирж буй албан бичгийг шалгах эрх хэмжээ байхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Гаалийн Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газар даргын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/355 дугаартай Хүсэлт гаргах тухай, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/390 дугаартай Дансны гүйлгээг хаах талаар тодруулга хүргүүлэх тухай, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/560 дугаартай Дансны гүйлгээг хаах тухай албан бичгүүдийг үндэслэн Хаан банк ХК нь ******* ХХК-ийн харилцах данснуудын зарлагын гүйлгээг зогсоосон. /I-хх-ийн 101-105, 116 дугаар тал/

3.2. Гаалийн Ерөнхий газрын дэд даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дугаартай Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай албан бичгийг үндэслэн ******* ХК нь ******* ХХК-ийн ******* тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 193,150,000 төгрөгийн зарлага гаргасан. /I-хх-ийн 98, 106-107 дугаар тал/

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0169 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай магадлалаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын дэд даргад холбогдох маргааныг шийдвэрлэж, Гаалийн Ерөнхий газрын дэд даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139, 03/3140 дугаартай Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, тухайн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /I-хх-ийн 68-83 дугаар тал/

3.4. Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин ******* ХК-ийн үйлдэл хууль зөрчсөн эсэх асуудлаар маргасан байна.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан. Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон байх учиртай.

4.1. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө барагдуулаагүй татвар, шимтгэл төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй гэж заасан. Иймд хариуцагч ******* ХК нь гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан бичгүүдийг үндэслэн ******* ХХК-ийн харилцах дансны гүйлгээг зогсоосон, түүний зөвшөөрөлгүйгээр зарлагын гүйлгээ хийсэн нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт нийцэх бөгөөд банк хуулиар тавьсан шаардлагыг зөрчөөгүй.

4.2. ******* ХК-ийн харилцагчийн зөвшөөрөлгүй зарлагын гүйлгээ хийх үндэслэл болсон Гаалийн Ерөнхий газрын дэд даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай 03/3140 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг хожим шүүх тогтоосон явдалд хариуцагч ******* ХК-ийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед хүчинтэй байсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн хийсэн хариуцагчийн үйлдэл нь хуулийн дагуу байхаас гадна уг шийдвэр хууль бус болохыг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэдгийг тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд хамаарах болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан. Иймд Гаалийн Ерөнхий газрын дэд даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай 03/3140 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

4.3. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Нэхэмжлэгч талын гаргасан дараах давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

5.1. ******* ХХК-ийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа талаар гомдолдоо дурдсан боловч хэрэгт ийм шийдвэр авагдаагүй байна. Харин ийм шийдвэр байгаа талаар хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0169 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/10334 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн үндэслэх хэсэгт дурджээ.

Дээрх татварын асуудлаар маргаантай байгаа эсэх нь хариуцагчид холбогдох энэ маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байна. Учир нь: Татвар хураах, гаргуулах байгууллагын эрх бүхий этгээдийн шийдвэрт дурдсан татварын өр бодит байдалд байгаа эсэхийг шалгах, хянах үүргийг хариуцагч ******* ХК хүлээхгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул хэрэгт авагдаагүй шүүхийн шийдвэрийг үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлэхийг даалгасан 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, тухайн татварыг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж байгаа, энэ талаарх үйл баримт тогтоогдсон болохыг анхан шатны шүүх анхаараагүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг нь хууль бус үйлдэл /эс үйлдэл/, гэм буруутай байх зарчимд үндэслэх болохыг заасан. Хариуцагч гэм буруутай хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хэдий хэмжээний хохирол учирсан болохыг тодорхойлох шаардлагагүй. Иймд хохирлын талаарх баримтуудыг үнэлээгүй, компанийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

6. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь банкны үйл ажиллагаанд хамаарч байх тул гэм хорын хохирлыг хариуцан арилгах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой хуулийн зүйл, заалтыг баримталсан нь оновчтой бус, мөн эд хөрөнгийн хохирлыг мөнгөөр төлөхтэй холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 498 дугаар зүйлийн 498.1 ... гэснийг, 510 дугаар зүйлийн 510.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,464,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА