Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00538

 

 

 

 

     

 

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04748 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б, Э.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд нийт 48,573,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, түүний өмгөөлөгч Ө.Б, хариуцагч Т.Б, хариуцагч Э.Б-гийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.      Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Хёндэ Каунти /Hyundai Country/ маркийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд уг тээврийн хэрэгслийг жолооч Б.Ц нь жолоодож яваад 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 06:30 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Интер мед эмнэлгийн арын замын 1-р эгнээгээр явж байхад нь 2-р эгнээнд зэрэгцээд явж байсан Toёота Приус /Toyota Pruis/ маркийн **** УАР улсын дугаартай автомашин нь Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн **** УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, миний машиныг Toёота Приус /Toyota Pruis/ маркийн машин мөргөж замаас гаргасан. Тээврийн цагдаад дуудлага өгсөн, осол гарсан газарт үзлэг хэмжилт хийж, Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн **** УНҮ улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон. Миний бие хохирлын үнэлгээг Мастер үнэлгээ ХХК-аар хийлгэхэд тээврийн хэрэгсэлд 36,896,000 төгрөг, үнэлгээний хураамжны төлбөрт 2,214,000 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны төлбөрт 120,000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөрт 90,000 төгрөг, нийт 39,320,600 төгрөг, мөн Хёндэ Каунти /Hyundai Country/ маркийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Шинэ Монгол Харумафүжи сургуулийн хүүхдүүдийг гэрээгээр өдөрт 3 удаа /1 рейс 100,000 төгрөг/ зөөж тээвэрлэдэг байсан ба осолд орсноос хойш яваагүй /1 өдрийн 300,000 төгрөг*44 өдөр/ тул 13,200,000 төгрөг, нийт 52,520,600 төгрөгийн хохирол учирсныг гаргуулна гэжээ. 

2.      Хариуцагч Э.Б хариу тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 19-р хороо, Интер мед эмнэлгийн хойд талын замд 2022 оны 10 сарын 26-ны өдөр **** УНҮ улсын дугаартай Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн автомашин жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигт явж байгаад зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийхийг зөвшөөрсөн тасархай зураас тэмдэглэгээгээр зүүн гар тийшээ эргэхээр хурдаа хасч орчны нөхцөл байдлыг үнэлсэн. Эсрэг эгнээнээс их холоос ирж яваа хоёр машины гэрэл харагдсан, эргэх боломжтой гэж үзээд үйлдлээ үргэлжлүүлтэл хурдтай хоёр машин ирж мөргөсөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тухайн осолд холбогдсон 3 машины жолооч буюу Toёота Приус-30 /Toyota Pruis-30/ маркийн **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Тэмүүлэн, Хёндэ Каунти /Hyundai Country/ маркийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц нарыг замын хөдөлгөөний дүрмийн 2-р заалтыг биелүүлээгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд жолооч М.Тэмүүлэн, Б.Ц нар ч гэсэн иргэн Д.А-д учирсан хохирлыг төлөлцөх үүрэгтэй. Миний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд мөн адил хохирол учирсан. Э.Б миний бие уг осолд холбогдсон 3 тал учирсан хохирлоо өөр өөрсдөө хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд надад холбогдуулан гаргасан Д.А-ын нэхэмжлэлийг болгож өгнө үү гэжээ.  

3.      Хариуцагч Т.Б хариу тайлбартаа: Тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Б болон тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буюу 48,573,100 төгрөгөөс хэдэн төгрөгийг нь ямар хуулийн зүйл заалтаар шаардаж байгаа нь тодорхой бус байна. Даатгалын компаниас 3,947,500 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч авсан байна гэх хүсэлт, шаардлагыг гаргасны үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа тус үнийн дүнг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан. Авто осолтой холбоотойгоор Э.Бгийн гэм буруугийн асуудлыг зөвшөөрч байгаа хуулийн дагуу, нотлох баримтын дагуу үнэн шударга, зөв шийдвэрлүүлэхийг Э.Бгийн зүгээс хүсэж, бүх шатны байгууллагуудад гомдол хүсэлт гаргаж, өнөөдрийг хүрсэн. Харумафүжи сургуультай нэхэмжлэгч биш Б.Ц хүүхэд тээвэрлэх үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор 2022 оны 08 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу Б.Ц төлбөр тооцоог авсан. Гэтэл Д.А тус тээврийн хэрэгсэл минийх тул би Харумафүжи сургуультай гэрээ байгуулж, ажиллаж байсан учраас олох ёстой орлого буюу 13,200,600 төгрөгийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан анхны дүгнэлтээр Э.Б зүүн гар тийш эргэх дүрэм зөрчсөн, чигээрээ явж байсан Тоёота Приус маркийн автомашин болон автобус хурд хэтрүүлсэн байх үндэслэлтэй гэх дүгнэлт гарсан тул эцсийн байдлаар энэ дүгнэлтийн үнэн, бодит байдлыг тогтоох үндэслэл, зорилготойгоор гомдол, хүсэлт гаргаад явсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.  

4.      Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Б-гаас 35,372,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,200,600 төгрөг, хариуцагч Э.Б-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 420,553 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Бгаас 334,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэжээ.  

5.      Хариуцагч Т.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.1.     Анхан шатны шүүх хэрэгт бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчээс гэм хорын хохирол шаардахдаа хэрэг бүртгэлтийн хэргийн үйл баримтыг тоочиж үндэслэл болгосон ба уг хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж, 2023 оны 01 сарын 09-ний өдөр Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 25 дугаартай дүгнэлтэд **** УНҮ улсын дугаартай Тоёота Альфард /Toyota Alphard/ автомашины жолооч Э.Б-г буруутгахаас гадна **** УЕЕ улсын дугаартай Хёндэ Каунти /Hyundai County/ автобусны жолооч Б.Ц, **** УАР улсын дугаартай Тоёота Приус /Toyota Prius/ автомашины жолооч М.Тэмүүлэн нарыг Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.3-т тус тус заасныг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна гэжээ. Энэ байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хьюндай Каунти /Hyundai County/ автобусны жолооч Б.Ц тээврийн хэрэгслийн хурдыг тодорхой хэмжээнд хэтрүүлсэн гэж үзэж байна.

5.2.     Мөн нэхэмжлэгчийн Хёндэ Каунти /Hyundai County/ маркийн **** УЕЕ улсын дугаартай автобус нь хүүхэд тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг ба Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нэхэмжлэгч Д.А жолоочийн даатгалд даатгуулаагүй атлаа тээврийн хэрэгслээ ашиглан хууль, дүрмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцуулсан. Замын хөдөлгөөнд оролцож осол аваар гаргах үед тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл болон хурдыг хэтрүүлсэн байх үндэслэл бүхий нотлох баримтуудыг анхаарч үзээгүй. Зөвхөн Э.Бг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэсэн буруутгах байр суурьнаас хандаж бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5.3.     Нэхэмжлэгчийн Хёндэ Каунти /Hyundai County/ автобус нь осол гарах үед хурдтай явж байснаас болж мөргөж Хёндэ Каунти /Hyundai County/ автобус нь замаас гарч замын хажуугийн сад болон барилгын хашаа мөргөж их хэмжээний хохирол учирсан. Учирсан хохирлын хэмжээ нь өнөөгийн зах зээлийн бодит үнээс хэт өндөр үнэлэгдсэн зэрэг байдалд шүүхээс дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж нотлох баримт болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.      Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэсэн. Тухайн осолтой холбоотой үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийн явцад эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтээр зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь хариуцагч Э.Б Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасныг зөрчсөн буруутай үйлдлийг тогтоосон. Улмаар 2023 оны 01 сарын оны 27-ны өдөр Тээврийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Харин Э.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2023 оны 02 сарын 17-ны өдөр 0241970 дугаар шийтгэлийн хуудсаар захиргааны хариуцлага хүлээсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийн явцад мөрдөгч Мастер үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, нэхэмжлэгчийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын дүнг тодорхойлуулсан. Эвдрэл хохирлын дүн 36,896,600 төгрөг гэж тогтоогдсон. Хариуцагч Э.Бгийн унаж явсан **** УНҮ улсын дугаартай автомашин Т.Б-гийн өмчлөл, эзэмшилд байдаг нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э.Б, Т.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 48,573,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 48, 2хх 4-5, 54-58/ 

3.   Хан-Уул дүүргийн 19-р хороо, Наадамчдын гудамж, Интер мед эмнэлгийн хойд замд Тоёота Приус /Toyota Prius/ маркийн **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл /жолооч М.Тэмүүлэн/, Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /жолооч Э.Б/, Хёндэ Каунти /Hyundai County/ маркийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /жолооч Б.Ц/-үүд мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, уг үйл баримтын тухайд зохигч талууд маргаагүй. Харин тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Тэмүүлэн, Э.Б, Б.Ц нарын хэн нь зам тээврийн осолд гэм буруутай болох, улмаар гэм хорын хохирлыг хэн хариуцан арилгах эсэх нь маргааны зүйл болсон байна. /1хх 5-7, 8-9, 10-15, 16-17, 18-20, 125, 175-176, 177, 178, 179-180, 181-182, 209-211, 243-250, 2хх 1-2, 52/

3.1.  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 25 дугаартай дүгнэлтээр Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасныг биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон, мөн Тоёота Приус /Toyota Prius/ маркийн **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Тэмүүлэн, Хёндэ Каунти /Hyundai County/ маркийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц нар Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.1-д заасныг биелүүлээгүй байх үндэслэлтэй гэж дүгнэжээ. /1хх 67-72/

3.2.  ШУТИС-ын Механик, Тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 06/04 дугаартай дүгнэлтээр Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон, харин Тоёота Приус /Toyota Prius/ маркийн **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Тэмүүлэн, Хёндэ Каунти /Hyundai County/ маркийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц нар Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. /1хх 119-201/

3.3.  Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 0241970 дугаартай шийтгэлийн хуудсаар Э.Бгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлд заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн, Э.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар энэ талаар шүүхэд гомдол гаргаагүй байна. /1хх 124/

4.   Иймд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 25 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал нь ШУТИС-ын Механик, Тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 06/04 дугаартай дүгнэлтээр няцаагдсан байх тул ...зам тээврийн осолд тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч М.Тэмүүлэн, Э.Б, Б.Ц нар гэм хорын хохирлыг хамтран хариуцах ёстой... гэх агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хорыг хамтран хариуцуулах үндэслэл тогтоогдсонгүй.

5.   Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас нэхэмжлэгч Д.А-ын өмчлөлийн Хёндэ Каунти /Hyundai County/ маркийн **** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул анхан шатны шүүх Тоёота Альфард /Toyota Alphard/ маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Т.Бгаас гэм хорын хохирол гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцжээ. /1хх 4, 135/

6.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, гэм хорын хохирлыг 35,372,500 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 13,200,600 төгрөг болон хариуцагч Э.Бд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй. /1хх 21-25, 26, 28, 29, 125-134, 212-214, 225-234, 2хх 39-40, 50-51/ 

7.   Нэхэмжлэгч буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.А нь зохих журмын дагуу тээврийн хэрэгслээ даатгуулалгүй замын хөдөлгөөнд оролцсон гэх нөхцөл байдал нь зам тээврийн осол гарсан үйл баримтад шууд хамааралгүй тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.  

8.   Түүнчлэн, хариуцагч тал нь ...зам тээврийн ослын хохирлыг хэт өндрөөр үнэлсэн... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг мөн адил хангахгүй.

9.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 334,812 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР