Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/Хт2016/0145

 

Иргэн С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч С.Эрдэнэболор, Ц.Цэцэнбаатар, хариуцагч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Доржпүрэв, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 841 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар магадлалтай, С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.Оюунцэцэг миний бие анх Цөмийн энергийн газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 147 дугаар тушаалаар тус байгууллагад ажилд орсон бөгөөд Сангийн яамны 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 9-2/5270 дугаар шийдвэр, Төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр тус байгууллагын 2-р гарын үсэг зурах эрх бүхий ерөнхий нягтлан бодогч болсон. Улмаар Цөмийн энергийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах нягтлан бодогчоор томилогдсон. Гэтэл Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгахаар болж, Төрийн өмчийн хорооны даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/271 дүгээр тушаалаар Татан буулган комиссыг байгуулж, даргаар Н.Батбаатарыг томилсон ба А/278 дугаар тушаалаар тус комиссын даргад “Цөмийн энергийн газрын харилцах дансанд нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон” байдаг. Гэтэл Комиссын дарга Н.Батбаатар нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж  2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, тэтгэмж, тэтгэлэг олгох тухай” Б/01 дүгээр тушаал гарган, С.Оюунцэцэг намайг Санхүү аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Төрийн өмчийн хорооны даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/271 дүгээр тушаалаар байгуулагдсан Татан буулгах комиссын багт миний бие багтдаг бөгөөд тус комисст 2015.01.01-2015.04.20-ны өдөр хүртэлх ажилласан. Энэ хугацааны цалинг Засгийн газрын хурлаар Цөмийн энергийн газрыг татан буулгах үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүсийн цалинг шийдвэрлэсний дагуу цалингаа авсан боловч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийгээгүй тул бичилтийг зохих журмын дагуу хийхийг даалгаж өгнө үү. Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын 3-т “холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа байгууллагуудад шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох Сайдуудад даалгасан. Ингээд тус газарт ажиллаж байсан 96 албан хаагчдаас 35-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, 2-ыг Уул уурхайн яаманд, 6-г Ашигт малтмалын газарт зэргээр хуваарилсан ба 25 албан хаагчийг /үүний нэг нь С.Оюунцэцэг би болно/  шинээр байгуулагдсан Ажлын албанд ажиллуулахаар хүлээлгэж байсан. Гэтэл шинээр байгуулагдсан Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга /Г.Манлайжав/ нь албан хаагчдыг томилох эсэх асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар шийдвэрлэх ёстой гээд биднийг томилоогүй. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор “Цөмийн энергийн комиссын дүрэм”-ийг баталсан ба уг дүрмийн 7.2.3-д “санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж байх”-аар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин Цөмийн энергийн газрын Санхүү аж ахуйн хэлтсийн чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдэж байхад шинээр байгуулагдсан Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав нь суурь байгууллагын албан хаагчдыг хүлээж авахгүй, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Иймд, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох бичилтийг хийхийг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Төрийн өмчийн хорооны даргын 2014 оны А/271 дүгээр тушаалаар Цөмийн энергийн газрыг Татан буулгах комисс байгуулагдсан ба комисс нь зарим албан хаагчдыг эд хөрөнгийн хамт өөр төрийн байгууллагуудад шилжүүлсэн, харин орон тооны цомхтголд орсон 28 хүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулж, харъяалах дүүргийнх нь хөдөлмөрийн хэлтсийн мэдэлд шилжүүлж бүртгүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Үүнээс Дарга, орлогч ороод 25 хүний асуудал зохицуулалтын гадна үлдсэн байсан ба Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан Н.Тэгшбаярт танилцуулахад “эдгээр ажилтнууд нь Цөмийн энергийн комиссын Ажлын албанд шилжиж ажиллана. Энэ талаар Ерөнхий сайд амаар зөвшөөрсөн” гэж хэлсэн ба “Цөмийн энергийн хороо” гэсэн нэртэй, 25 хүнээр тооцсон цалингийн сан бүхий төсөв 2015 оны батлагдсан. Нягтлан бодогч С.Оюунцэцэг нь тус газрын хаалтын болон эхлэлтийн балансыг гарган холбогдох газруудад өгсний дараа Үндэсний Аудитын Газраас 2014 оны санхүүгийн тайланд аудит хийж баталгаажуулан, аудитын эцсийн дүгнэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Татан буулгах комиссын дарга, нарийн бичгийн дарга нарт гардуулж өгсөн. Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлт Улсын Их Хурлаар батлагдахгүй удааширснаас шалтгаалж, Цөмийн энергийн газрын суурин дээр байгуулагдах хуулийн этгээд байгуулагдахгүй байсан тул шилжиж ажиллана гэсэн хүлээлттэй, зохицуулалтын гадна үлдсэн хүмүүсээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Татан буулгах комисст цалин хөлс, тэтгэмж авах талаар гомдол гаргах болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын өгсөн үүргийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/01 дүгээр тушаал гаргаж, нэр бүхий хүмүүст 6 сарын тэтгэмж олгох, эх үүсвэрийн 100,3 сая төгрөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцаас гаргахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Цөмийн энергийн комисс, хороонд шилжиж ажилласан тохиолдолд ажилд орсноосоо хойших зөрүүг тушааж тооцоо хийх, даатгал шимтгэлээ өөрсдөө хариуцна гэж тохиролцон, хэн тушаал гаргахаа хүртэл ярьж байгаад Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас хуучин дарга нь болохгүй, Татан буулгах комиссын дарга гарга гэснээр тушаал гаргасан. Уг шийдвэрийг нэхэмжлэгч С.Оюунцэцэг ч өөрөө татгалзаагүй буюу юу ч хэлээгүй, тооцоогоо гаргаж баталгаажуулж өгсөн” гэжээ.

Хариуцагч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрэм, орон тооны хязгаарыг баталж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 76 дугаар захирамжаар Ажлын албаны даргыг томилсноор Цөмийн энергийн комиссын Ажлын алба хуульд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн өмчийн хорооны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/271 тоот тушаалаар Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссыг байгуулж татан буулгах ажлыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэн Төрийн өмчийн хорооны хуралдаанд тайлагнахыг Комиссын даргад үүрэг болгосон. Энэ комиссын гишүүнээр нэхэмжлэгч С.Оюунцэцэг ажил үүргийн хүрээнд орж ажилласан байна. Тухайн комиссын гишүүнээр орж ажилласан нь шинээр байгуулагдсан Татан буулгах комиссоос Цөмийн энергийн комиссын Ажлын албанд хуучин эрхэлж байсан ажлын чиг үүргийг эрхлэн ажиллана гэсэн үндэслэл биш юм. Түүнчлэн Цөмийн энергийн газар татан буугдсан ч Цөмийн энергийн комисс үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Цөмийн энергийн комиссын Ажлын албыг шинэчлэн зохион байгуулсан нь С.Оюунцэцэгийг ажилд авах эрх зүйн үндэслэл болохгүй. Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар нэр бүхий албан хаагчдыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгон шийдвэрлэсэн байх тул Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлээр агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 6.3-т агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан. Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолоор "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасан. Түүнчлэн Улсын Их Хурлаас 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, үүгээр Цөмийн энергийн газрын хэрэгжүүлж байсан үндсэн чиг үүргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн комисст тус тус шилжүүлсэн болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т "төрийн байгууллага татан буугдсан..." гэдгийг Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 16-д “Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ойлгоно” гэжээ. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “1 хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлүүд”-ийг заасан байх бөгөөд 32.1.4-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол татан буулгах”-аар заасан байна. Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасан тул эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гэж үзнэ. Төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нь өөр ажил, албан тушаалд шилжих эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах нэмэгдэл баталгаагаар хангагдахаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т хуульчилсан байна. С.Оюунцэцэг нь Цөмийн энергийн газар татан буугдсаны улмаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авч, хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдсан болох нь "Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, тэтгэмж, тэтгэлэг олгох тухай" Татан буулгах комиссын даргын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар тогтоогдож байх тул түүний эрх ашиг зөрчигдөөгүй” гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 841  дүгээр шийдвэрээр 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, С.Оюунцэцэгийг Цөмийн энергийн комисст, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, Цөмийн энергийн газрыг татан буулгах комисст ажилласан болон ажилгүй хүлээлгэсэн хугацаанд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зохих бичилт хийхийг хариуцагч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг баримтлан Цөмийн энергийн газрыг татан буулгах комисст ажилласан хугацааны цалингаа авах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатарын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 2 дахь хавсралтын С.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгон, С.Оюунцэцэгийг ажилд авахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, түүнийг зохих ажил, албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг болон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Цөмийн энергийн Комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан С.Оюунцэцэгийн “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилд авахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоож, ажилд авахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “Цөмийн энергийн газрыг татан буулгах комисст ажилласан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулах, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “С.Оюунцэцэгийг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилохыг даалгах” гэж өөрчиллөө гэсэн атлаа Магадлалын тогтоох хэсэгтээ энэ тухайгаа дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Засгийн газрын 2014 оны "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, тус газрын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Төрийн өмчийн хорооны даргад тус тус даалгасан байна. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт заасан төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн шийдвэрийг шүүх нотолгооны ач холбогдлыг нь үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар /2015.02.13/ Цөмийн энергийн комисс Ажлын албатай байхаар хуульчилсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталсан. Дээрхээс үзэхэд Цөмийн энергийн комисс нь анхнаасаа Цөмийн энергийн хуулийн дагуу Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллахаар чиг үүрэг нь хуульчлагдсан орон тооны бус байгууллага байсан бөгөөд Цөмийн энергийн газрыг татан буулгаснаар Цөмийн энергийн газрын чиг үүрэг Цөмийн энергийн комисст шилжээгүй билээ. Цөмийн энергийн комиссын Ажлын алба байхаар зохицуулсан нь Цөмийн энергийн газрын чиг үүргийг шилжүүлэн авсантай холбоогүй бөгөөд шинээр байгуулагдсан ажлын алба нь өмнө татан буугдсан Цөмийн энергийн газарт ажиллаж байсан албан хаагчийн нэмэлт баталгааг хангах хууль зүйн үндэслэлгүй юм. Цаг хугацааны хувьд Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын Ажлын албаны орон тооны хязгаарыг баталсан бөгөөд үүнээс өмнө буюу 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, нэмэлт баталгаагаар хангагдсан албан хаагчийг ажилд томилох үүргийг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргад хүлээлгэх боломжгүй юм. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав нь Ерөнхий сайдын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаар захирамжаар томилогдсон юм. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн комиссын Ажлын алба байгуулагдахаас өмнөх цаг хугацааны үйл баримтыг шинээр байгуулагдсан байгууллагад хамаатуулан дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэх гол үндэслэл болсон байна. Төрийн өмчийн хорооны 2015 оны 251 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлээс харахад Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын үйл ажиллагааг дуусгавар болгож төрийн өмчийн эд хөрөнгө, тайлан балансын асуудлыг шийдвэрлэсэн агуулгатай бөгөөд тогтоолын 5 дахь заалтын хувьд төрийн албан хаагчдын асуудлыг шийдвэрлэсэн боловч тэдгээр албан хаагчдыг ажлын байраар хангах үүргийг чиг үүрэг нь шилжиж байгаа байгууллагад биш шинээр байгуулагдсан Цөмийн энергийн комиссын Ажлын албанд даалгаж байгаа нь хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх тогтоолыг шийдвэр магадлалын үндэслэл болгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Энэхүү тогтоол Цөмийн энергийн комиссын Ажлын албаны албан хаагчдыг томилсоноос 1 сарын дараа гарсан нь томилогдсон албан хаагчдын эрхийг зөрчих, мөн Цөмийн энергийн комиссын Ажлын алба байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 30 хоногийн дараа энэ чиглэл ирсэн нь төрийн алба тасралтгүй байх үндсэн шинжийг алдагдуулсан, хэрэгжүүлэх боломжгүй, эрсдэлтэй шийдвэр юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэмэгдэл баталгааны талаархи зохицуулалт юм. Харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зохицуулсан заалт юм. Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасан тул шүүх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаатай холбоотой заалтыг хэрэглэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэх ёсгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан. С.Оюунцэцэг нь Цөмийн энергийн газарт Төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд ажиллаж байгаагүй, Цөмийн энергийн комиссын ажлын албанд эгүүлэн томилогдохыг шаардаж буй ахлах нягтлан бодогчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагч хамаарахаар заасан бөгөөд 12 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөсөн байхаар заасан. Гэтэл С.Оюунцэцэг нь татан буугдсан Цөмийн энергийн газарт төрийн үйлчилгээний албан тушаал хашиж байсан, төрийн жинхэнэ албан тушаалд орох шалгалт өгч, тангараг өргөөгүй байх тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид ногдох нэмэлт баталгаатай холбоотой заалт нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хэрэглэх ёсгүй байсан. Төрийн өмчийн хороо нь төрийн албан хаагчдыг ажлын байраар хангах талаар шийдвэр гаргах, энэ чиглэлээр Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргад үүрэг өгөх бүрэн эрхгүй болно. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга нь Төсвийн тухай хуульд заасны дагуу Төсвийн шууд захирагч, мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад хамаардаг. Цөмийн энергийн Комиссын дарга нь Монгол Улсын Ерөнхий Сайд бөгөөд ажлаа Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шууд тайлагнадаг тул Төрийн өмчийн хорооноос төрийн албан хаагчдыг томилох талаар үүрэг өгөх үндэслэлгүй. Харин төрийн жинхэнэ албан хаагчийн гомдол, хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөл энэ төрлийн шийдвэр гаргаж болох байсан хэдий ч Төрийн албаны зөвлөл уг асуудлыг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэж үзсэн. Шүүх ийнхүү хууль зүйн үндэслэлгүй гаргасан, хууль бус шийдвэрийг үндэслэж хэргийг шийдвэрлэх ёсгүй байсан. С.Оюунцэцэг эгүүлэн томилохыг шаардсан албан тушаалд 2015 оны 3 дугаар сараас эхлэн 1 жил орчмын хугацаанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай хуулийн дагуу нэгэнт өөр этгээд томилогдон ажиллаж байгаа бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тул эрх ашгийг хамгаалах үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан ч шүүх хуулийн уг хэсгийг хэрэглээгүй” гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч С.Оюунцэцэгээс “Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэх ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Цөмийн энергийн комиссын Ажлын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын С.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч болон хариуцагч Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга хяналтын журмаар гомдол гаргаагүй тул тухайн захиргааны актад хяналтын шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин хариуцагч Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргаас  магадлалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан  гомдлын хүрээнд  хэргийг хянаад дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Агентлангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгаж, улмаар 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн”,  “Комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталсны зэрэгцээ тус комисс Ажлын албатай байхаар тогтоожээ.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар “Цөмийн энергийн комиссын Ажлын албаны албан тушаалын нэршил, үндсэн чиг үүрэг, орон тоо”-г батлагдсан  ба үүнд байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, санхүү татварын тайлан хариуцсан “ахлах нягтлан бодогч”-той байхаар тусгажээ.

Цөмийн энергийн газрыг татан буулгаж, улмаар Цөмийн энергийн комиссыг /үйл ажиллагаа явуулж байсан/ Ажлын албатай байхаар тогтоосон үйл баримт болон татан буугдсан газрын албан хаагчдыг цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа агентлаг, байгууллагад шилжүүлэхийг үүрэг болгосон Засгийн газрын шийдвэр зэргээс Цөмийн энергийн газрын чиг үүргийг бусад байгууллагууд болоод Цөмийн энергийн комисст шилжүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт төрийн алба хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хуульчилсан ба уг баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй.

Мөн хуулийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж; 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдөх, татан буугдах, өөрчлөн байгуулагдах зэрэг аль ч тохиолдолд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд үүсэх үр дагаврыг дараах байдлаар зохицуулжээ.

Үүнд, төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, мэдлэг, ур чадварыг үнэлүүлэн сонгон шалгаруулж ажиллуулах; албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллуулах; харин тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар байна.

Тухайн тохиолдолд, Цөмийн энергийн газар татан буугдсан ч түүний чиг үүргийг бусад байгууллагад, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын тухайд Цөмийн энергийн комиссын Ажлын албанд шилжсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга нэхэмжлэгчийг тухайн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, хариуцагчийн “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн, цаг хугацааны хувьд өмнө татан буугдсан газрын албан хаагчдыг сүүлд байгуулагдсан Комисст ажиллуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж,  “С.Оюунцэцэгийг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгахаар” шийдвэрлэсэн боловч эгүүлэн тогтоогдох албан тушаалыг магадлалын “Тогтоох” хэсэгт тодорхой дурдаагүй тул хяналтын шатны шүүхээс зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “....зохих ажил, албан тушаалд томилж” гэснийг “Цөмийн энергийн комиссын Ажлын албаны “ахлах нягтлан бодогч”-ийн албан тушаалд томилж” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН