Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/00306

 

 Д.И*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03604 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.И*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ч*******ад холбогдох

******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 50 хувийн хувьцаа шилжүүлэхийг Б.Ч*******ад даалгах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.И*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б*******, Б.М*******, гуравдагч этгээд Ц.С*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б*******, Э.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б.Ч******* нь ******* ХХК-ийн өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцаагаа худалдахаар тохиролцсон.

1.2. Тухайн үед ******* ХХК нь 2 хувьцаа эзэмшигтэй байсан бөгөөд нөгөө хувьцаа эзэмшигч нь Ц.С******* гэж хүн байсан. Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байрлах барилгад байрлах ******* ХХК дээр очиж уулзахад Б.Ч******* нь Ц.С******* бид 2 миний хувьцааг зарж борлуулах талаар зөвшилцөлд хүрсэн гэж албан бичиг үзүүлсэн.

1.3. Б.Ч*******тай 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр харилцан ойлголцолын санамж бичиг үйлдэн ******* ХХК-д хамаарах өр, авлагыг бүгдийг нь Д.И******* надад шилжүүлэн өгч хувьцаа эзэмшигч нар нь санал нэгтэйгээр хувьцааг худалдахаар тохиролцсон.

1.4. 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ч*******ад хувьцаа худалдсан мөнгийг төлж барагдуулсан ба үүнээс хойш бүтэн жилийн дотор ******* ХХК-ийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өр авлагыг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа ба үүнээс шалтгаалан улсын бүртгэлийн байгууллагад тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр одоог хүртэл бүртгүүлж чадахгүй байна. Иймд ******* ХХК-ийн 50 хувьцаа эзэмшигчээр тогтоож, 50 хувийн хувьцаагаа шилжүүлэхийг хариуцагч Б.Ч*******ад даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд компанийн нөгөө 50 хувийн хувьцааг эзэмшигч Ц.С*******тэй зөвшилцсөний үндсэн дээр өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа Д.И*******д худалдахаар харилцан тохиролцож, түүнээс хувьцааны төлбөрийг авсан.

2.2. ******* ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 гишүүнтэй, хувьцаа эзэмшигчид харилцан зөвшөөрөл авсны үндсэн дээр 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1 ш хувьцаа нь 28,400,000 төгрөгийн үнэтэй, 1 багц нь 10 ширхэг буюу 50 хувийн хувьцааг Д.И*******д худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан.

2.3. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй. Энэ хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хуульд нийцээгүй буюу компанийн тухай хууль мөн компанийн дүрмийг зөрчсөн хэлцэл учраас ийм шаардлага гаргах эрхгүй.

Учир нь гэвэл хэрэгт авагдсан материалаар хариуцагч хувьцаагаа зарах гэж байгаа талаараа нөгөө хувьцаа эзэмшигч Ц.С*******т мэдэгдсэн гэх боловч энэ талаар мэдэгдсэн гэх баримт байхгүй. 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн огноотой 2 бичиг хэрэгт авагдсан байдаг.

3.2. 03/19 тоот бичгийн агуулга нь 100 хувийн хувьцааг 2,3 сая ам.доллароор зарах санал ирсэн чи зөвшөөрөх үү, би зөвшөөрч байна гэсэн байдаг. Нөгөө бичиг нь чи өөрийнхөө хувьцааны 50 хувийг 2,3 сая ам.доллароор зарах уу энэ талаараа хариу хэлээрэй гэсэн утгатай. Эдгээр бичгүүдийн дагуу 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ц.С******* ******* ХХК-д тодруулга татварын үнэ орж байгаа юу, ашигтай ажилласан эсэх талаарх мэдээлэл өгөөч бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргээ яах вэ гэсэн асуудлыг тавьсан. Хариу нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХХК-иас компанийг худалдах үнэд татвар нь ороогүй, компани нь ямар нэгэн байдлаар ашигтай ажиллаагүй гэсэн агуулгатай хариу өгсөн.

3.3. Дээрх бичгийн хариуд 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2,3 сая ам.доллароор өөрийн нэр дээрх 50 хувийн хувьцааг худалдахыг зөвшөөрсөн агуулгатай хариуг Ц.С******* өгсөн. Эдгээр бичгүүдийн агуулга нь чи хувьцаагаа зарах уу гэж л асуугаад байгаа болохоос биш Б.Ч******* өөрийнхөө хувьцааг П.И*******д 284,000,000 төгрөгөөр худалдаж байна, Компанийн тухай хууль болон дүрэмд заасны дагуу хувьцааг худалдан авах уу гэдэг асуудал огт биш.

3.4. Талуудын хооронд харилцан тохиролцсон хамгийн сүүлийн Ц.С*******ийн зөвшөөрлийн бичиг бол Б.Ч*******аас өөрийнхөө хувьцааг 284,000,000 төгрөгөөр Д.И*******д зарахыг зөвшөөрсөн зөвшөөрөл биш юм. Иймд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд энэ үйлдэл нийцээгүй учраас Д.И*******ын шаардлага Иргэнийн хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль бус буюу шаардах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар Б.Ч*******ад холбогдох ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 50 хувийг хувьцаа шилжүүлэхийг Б.Ч*******ад даалгах тухай Д.И*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,648,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухай.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 2021.01.22-ны өдөр худалдан авагч тал компанийн хувьцаа худалдах, худалдан авах түүний дагуу хуулинд заагдсан татвар болон бусад өр төлбөрүүдийг худалдан авагч тал бүрэн хариуцахаар байна гэж ойлголоо. Иймд худалдан авагч талтай уулзаж тохиролцохоор хариу хүргүүлсэн байна." гэх гуравдагч этгээд Ц.Сайханбилэгийн албан бичгийг үндэслэж дүгнэлт хийжээ.

Дээрх нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас буруу дүгнэлтэд хүрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн үндэслэл болгож байгаа хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан гуравдагч этгээд Ц.С*******ээс хувьцаа эзэмшигч Б.Ч*******ад хүргүүлсэн албан бичигт "2021.01.20 өдрийн саналыг өнөөдрийн нөхцөл байдлыг үндэслэл болгон зөвшөөрч байна. 2021.01.21 өдрийн 21/020 тоот хариу тайлбарын дагуу Худалдан авагч тал компанийн хувьцаа худалдах, худалдан авах түүний дагуу хуулинд заагдсан татвар болон бусад өр төлбөрүүдийг худалдан авагч тал бүрэн хариуцахаар байна гэж ойлголоо. Иймд худалдан авагч талтай уулзаж тохиролцох нь зүйд нийцнэ гэж үзэж байгаагаа энэхүү албан бичгээр илэрхийлж байна." гэжээ. Өөрөөр хэлбэл тус албан бичгээр Ц.С******* нь тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж хувьцаа эзэмшигч Б.Ч*******ын саналыг хүлээн авч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Гэтэл анхан шатны шүүх тус албан бичгийн "2021.01.20 өдрийн саналыг өнөөдрийн нөхцөл байдлыг үндэслэл болгон зөвшөөрч байна." гэсэн хамгийн чухал буюу нотолгооны өндөр ач холболтой хэсгийг таслан үлдээж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасанчлан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг ноцтой зөрчсөн байна.

5.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Эдгээр албан бичгээс үзвэл ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ч******* 2021.01.19-ний өдөр өөрийн 50 хувийн хувьцааг худалдан борлуулах гэрээ хийсний дараа Ц.С*******т мэдэгдсэн байгаа нь Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлт хийжээ. Энэхүү дүгнэлтийг хийхдээ Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 "Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ" буюу хэрэв гуравдагч этгээд Ц.С******* нь Б. Ч*******ын хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах саналтай бол 30 хоногийн дотор саналаа ирүүлэх эрхийг олгосон заалт байна.

Нэгэнт Ц.С******* нь Б.Ч*******ын зарах хувьцааг худалдан авах саналгүй болохоо 2021.01.22-ны өдрийн 2021/01-22 тоот албан бичгээр 2021.01.20 өдрийн саналыг өнөөдрийн нөхцөл байдлыг үндэслэл болгон зөвшөөрч байна гэж байгаа нь Ц.С******* нь Б.Ч*******ын хувьцааг худалдан авах санаа зорилго байхгүй, ямар нэгэн саналгүй, харин ч Д.И*******д хувьцаагаа худалдахыг зөвшөөрсөн үйлдэл байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлах замаар үйл баримтыг буруугаар тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан "нотлох баримтыг тал бүрээс нь бодитоогоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэснийг зөрчсөн.

Хэдийгээр шүүхийн дотоод итгэл үнэмпил ямар байсныг таах боломжгүй боловч хуульд маш тодорхой заасанчлан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор үнэлэх бөгөөд анхан шатны шүүхийн хийж байгаа дээрх дүгнэлт Ц.С*******ийн албан бичигт бодитой дүгнэлт хийж үнэлж чадаагүй.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гэрээний нийт үнэ 284,000,000 төгрөr гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэл, харилцан ойлголцлын санамж бичиг зэргээс үзвэл гэрээний үнэ 284,000,000 төгрөг биш байх бөгөөд энэ худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн, 56.1.3 өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул Д.И*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна." гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлт нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар "Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолтой зөрчилдөж байна.

Дээд шүүхийн тайлбарын 5.2-т Энэ зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж тайлбарласан байна.

Д.И******* болон Б.Ч******* нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тухайн гэрээгээр Б.Ч*******ын эзэмшлийн хувьцааг Д.И*******д шилжүүлэх зорилгод хүрэх, талууд өөр өөрсдийн хүсэл зориг, сонирхлоо хангалттай илэрхийлсэн хууль ёсны хэлцэл мөн байна.

Мөн Дээд шүүхийн тайлбарын 5.3-т мөн зүйлийн 5.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл Д.И******* болон Б.Ч******* нарын хооронд 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь ямар нэгэн дүр үзүүлсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдэж байгаа гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдохгүй байна.

5.4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тухай.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалт болон "*******" ХХК-ийн дүрэм"-ийн 9 дэх заалтыг үндэслэн хувьцаа эзэмшигч Б.Ч******* нь дээрх заалтуудыг зөрсөн гэх дүгнэлт хийжээ. Эдгээр заалтууд нь хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдах гэрээ байгуулахыг шууд хориглосон заалт огтоос биш юм.

Үнэхээр хориглосон заалт мөн гэж үзвэл Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ." гэж заасныг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 19-нд хийсэн хэлцлийг гуравдагч этгээд Ц.С нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны албан бичиг хүргүүлснээр хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр үйлдэл болно.

Мөн гуравдагч этгээд Ц.С*******ийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичигт Таны зүгээс хүргүүлсэн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 03/19 тоот албан саналтай танилцлаа." гэжээ. Гэтэл Ц.С*******ийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гэж гараар огноолж гарын үсэг зурсан албан бичигт дурдагдаж байгаа 03/19 тоот Б.Ч*******ын албан бичиг хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан байх бөгөөд огноо нь 2021 оны 01 дүгээр сарын 19 гэсэн байна.

Дээрхээс үзэхэд Анхан шатны шүүхийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй үнэлж чадаагүй нөхцөл байдал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй болгож байна.

5.5. Мөн анхан шатны шүүх гуравдагч этгээд Ц.С******* болон нэхэмжлэгч Д.И******* нарын хооронд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг" нэртэй 2021/01-08 тоот хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээнд ямар ч дүгнэлт өгөөгүй тус гэрээний агуулгад огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүйд хүргэж байна.

Угтаа бол анхан шатны шүүх дээрх албан бичгийг зөрүүтэй байгаа байдлыг арилгах зорилгоор нэмэлт нотлох баримт гаргуулах, хувьцаа эзэмшигч нарын хооронд хийсэн хэлцлийн талаар ядаж хэргийн оролцогчдийг мэтгэлцүүлж байж шийдвэрлэх ёстой. Тус хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал энэ талаар болон маргааны талаар ямар ч мэтгэлцээн талуудын хооронд өрнөөгүй нөхцөл байдал ажиглагддаг. Магадгүй энэ нь нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах хууль, эрх зүйн мэдлэг бүхий өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоогүйтэй холбоотой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгнө. гэж заасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчид өмгөөлөгч авах эрхтэй болохыг сануулж, өмгөөлөгчөөс хууль, эрх зүйн туслалцаа авах боломжтой, түүний ач холбогдлыг ойлгуулах учиртай байсан.

Учир нь тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч өмгөөлөгчтэй, гуравдагч этгээд олон тооны өмгөөлөгчтэй оролцсон. Энэ тохиолдолд эрх зүйн боловсролгүй, хууль зүйн мэдлэгтэй иргэн хүн хэрхэн яаж мэргэшлийн үйл ажиллагаa эрхэлдэг өмгөөлөгч нартай мэтгэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчим шүүх танхимд хэрхэн хангагдах бэ гэдэгт үндэслэл бүхий эргэлзээ төрсөн.

5.6. Мөн хэрэгт Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2202001150202 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол авагдсан. Тус тогтоолын тодорхойлох хэсэгт 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21/06 тоот хувьцаа эзэмшигчдийн тогтоол зэрэг эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн материал хавсрагдсан. Уг хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх нягтлан шалгалгүй нэхэмжлэгч Д.И*******ын гаргасан тайлбараар буюу би хэргээ хүлээсэн, хялбаршуулах хүсэлт өгсөн, энэ хэрэгт тус эрүүгийн хэрэг ямар ч хамааралгүй гэх тайлбараар тухайн эрүүгийн хэргийн материалыг шинжлэн судлаагүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эсхүл мөрдөн шалгах ажиллагаa дуусгавар болсон, тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх талаарх үйл баримт хэрэгт огт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй." гэж заасныг шууд зөрчсөн.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШШ2023/03604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Манай гомдол нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой давхцаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг дүгнэж, шийдвэр гаргахдаа нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүй. Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэхүү маргаан нь иргэн хоорондын компанийн хувьцаа шилжүүлж авах тухай маргаан. Нэхэмжлэгч Д.И******* нь компанийн одоо байгаа 2 хувьцаа эзэмшигчээс 50:50 хувийн хувьцааг нь авах тохиролцоо хийсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан. Б.Ч******* нь Д.И*******той хууль ёсны дагуу гэрээ байгуулж, энэ талаараа нөгөө хувьцаа эзэмшигчдээ мэдэгдэж, хариуг нь авсан.

6.2. Нөгөө хувьцаа эзэмшигч Ц.С******* нэхэмжлэгчтэй дараагийн тохиролцоо хийсэн. Өөрөөр хэлбэл 2,300,000 ам.доллар гэдэг нь Ц.С*******, Д.И******* нарын хооронд хийгдсэн тохиролцоо бөгөөд Б.Ч*******ад хамааралгүй. Өөрийн хувьцаагаа хүн хэрхэн үнэлж, яаж зарах нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчим. Хэдий хуулийн шаардлагад нийцээгүй ч гэсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Д.И*******, Ц.С******* нар байгуулсан. Анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхдээ заавал хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулсны дараа гэрээ байгуулах ёстой гэж үзсэн. Гэтэл бүх хувьцаатай холбоотой хэлцлүүд эхлээд гэрээгээр тохиролцоод, дараа нь үлдэж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарж байгаа талаар мэдэгдэж, давуу эрхээ эдлэх эсэхийг нь асууна. Хэрвээ давуу эрхээ эдэлнэ гэх юм бол энэ асуудал өөрөөр яригдана.

Хэрэгт авагдсан баримтаар Ц.С******* давуу эрхээ эдлэхгүй, харин өөрийнхөө хувьцааг Д.И*******д зарах гэж байсан үйл баримт тогтоогдоно.

Хэрэгт авагдсан баримтаас харвал Ц.С*******, Б.Ч******* нар хувьцаагаа зарах сонирхолтой бөгөөд Д.И******* гэрээний төлбөрийг тодорхой хэмжээнд төлж, гэрээ байгуулж, Улсын бүртгэл ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэсэн боловч бүртгэхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Шүүхээс ... ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ч******* 2021.01.19-ний өдөр өөрийн 50 хувийн хувьцааг худалдан борлуулах гэрээ хийсний дараа Ц.С*******т мэдэгдсэн байгаа нь Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх заалт хувьцаа эзэмшигч нь энгийн хувьцаа, ногдол хувь эзэмших эрхээ бүгдийг буюу хэсгийг гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх саналтай бол энэ тухайгаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ. Хувьцаа эзэмшигч хувьцааг давуу эрхийн дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эсэхээ 30 хоногийн дотор мэдэгдэнэ" гэх заалтуудыг зөрчжээ..." гэсэн дүгнэлтийг хийсэн.

Компанийн хувьцаа нь Иргэний хуульд зааснаар эдийн бус хөрөнгө юм. Эдийн бус хөрөнгийг өмчлөгч буюу хувьцааг эзэмшигч нь түүнийгээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах, худалдах, бусдад шилжүүлэх, бэлэглэх эрхтэй байдаг. Энэхүү эрхийн хүрээнд хувьцаа эзэмшигч нь хувьцааг нь худалдаж авахаар зөвшөөрсөн хэдий ч хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу тус гэрээнд аливаа урьдчилсан нөхцөл, болзол тавих, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг тусгах эрхтэй байдаг.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэв хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдахаар санал гаргасан, тохиролцсон, гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч бусад хувьцаа эзэмшигч нар нь уг хувьцааг тэргүүн ээлжид худалдаж авах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд уг эрхийг бусад хувьцаа эзэмшигч нар хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхээс татгалзах эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй.

7.2. Мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл олгогдсон тохиолдолд байгуулна гэсэн хууль зүйн шаардлага байхгүй бөгөөд талуудын тэгш эрх, гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн гэрээг хэзээ байгуулахаа тохиролцдог харилцаа юм.

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу хувьцаа эзэмшигч Ц.С*******т 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр мэдэгдсэн. Энэ талаар хавтаст хэрэгт баримтууд авагдсан байгааг шүүх дүгнээгүй байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ******* ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч тал бүх үйл ажиллагааг удирдах болсон. Тиймээс шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нь эрх зүйн чухал ач холбогдолтой. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 183/ШШ2023/03604 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү.

8. Зохигчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Д.И*******, Б.Ч******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 13 минутад үйлдэгдсэн. Гэрээний дагуу 284,000,000 төгрөгөөр Б.Ч******* Д.И*******д компанийн 50 хувийн хувьцааг зарсан байдаг.

8.2. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу компанийн эрх бүхий дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал буюу хувьцаа эзэмшигч байдаг. Компанийн хувьцааг зарж байгаа тохиолдолд худалдах, худалдан авах гэрээгээр шийдвэрлэгддэггүй.

Учир нь компанийн эрх барих дээд байгууллага буюу компанийн эрхийн асуудал яригддаг. Тиймээс худалдах худалдан авах гэрээнээс гадна эрх шилжүүлэх гэрээ байгуулах ёстой. Хэрэгт эрх шилжүүлэх гэрээ нотлох баримтаар авагдаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг нотолж байгаа хэлбэр. Хэргийн 21 дүгээр талд шүүхээс эрх, үүрэг танилцуулсан баримтад байгаа бөгөөд тухайн баримттай нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан. Хэргийн 28 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч хэргийн оролцогчдод эрх үүрэг тайлбарлаж өгсөн болох нь харагдана.

8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохигчийн хүсэлтээр хэрэг маргаанд өмгөөлөгч оролцоно. Шүүхээс талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх ёстой эрхийг нь танилцуулан түүнээс биш талуудыг өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангах үүрэг байхгүй. Хэрэг, маргаан жил гаруй хугацаанд шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг шүүх хангалттай хангасан. Өмгөөлөгч авах нь хэргийн оролцогчийн эрх.

8.4. Хувьцаа эзэмшигч өөрөө хувьцаагаа зарж байгаа бол тухайн хувьцааг худалдах асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан. Компанийн хувьцааг зарж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигч өөрөө худалдан борлуулах эрхтэй ч, хэрэгжүүлэх үүрэг нь Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн 3 дугаар зүйлд ...компанийн хувьцааг зарах үүргийг компани хэрэгжүүлнэ гэж заасны дагуу компанид байдаг.

Хэргийн 82 дугаар талд авагдсан баримтад ...Ц.С*******ийг 2,300,000 ам.доллароор хувьцаагаа зарах уу гэхэд Ц.С******* зөвшөөрсөн. Тухайн санамж бичигт Д.И*******д Б.Ч******* нь 284,000,000 төгрөгөөр хувьцаагаа зарахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байж, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэл явуулж байгаа нь хууль зөрчиж байна.

8.5. Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу саналаа шууд хувьцаа эзэмшигчид биш компанид хүргүүлэх ёстой. Үүний дагуу компани хувьцаа эзэмшигч Ц.С*******т мэдэгдлийн дагуу саналыг хүргүүлж, үүний дагуу Ц.С******* 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Энэ үйл ажиллагаа явагдаагүй байхад Д.И*******, Б.Ч******* нар хууль бусаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон хурлын тэмдэглэл, бусад бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

8.6. Хариуцагч гомдолдоо хувьцаа эзэмшигч өөрөө хувьцаагаа худалдан борлуулж, захиран зарцуулах бүрэн эрхтэй гэсэн байдаг. Энэ нь бусад өмчлөх эрхээс ялгаатай, нарийвчилсан хууль болон тухайн компанийн дүрмээр зохицуулагддаг харилцаа. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах эрхийг нь заавал хэрэгжүүлнэ.

Б.Ч******* хувьцаагаа 2,300,000 ам.доллароор зарсан уу эсхүл 284,000,000 төгрөгөөр зарсан эсэх баримт хэрэгт авагдаагүй. Ц.С*******т 2,300,000 ам.доллар гэсэн үнийн дүн хүргүүлчихээд Б.Ч*******, Д.И******* нар 284,000,000 төгрөгийн үнийн дүнд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 284,000,000 төгрөгөөр компанийн хувьцааг худалдан борлуулж байсан бол Ц.С******* тухайн хувьцааг авах байсан.

Б.Ч*******аас Ц.С*******т хандсан 3 албан бичиг хэрэгт хавсаргагдсан. Эдгээр албан бичгүүд нь бүгд агуулгын хувьд зөрүүтэй. Агуулгын хувьд зөрүүтэй байгаа нь өөрийн хувьцааг Ц.С*******т давуу эрхээр авах эрхийг олгосон саналыг үнэн зөв, агуулгын хувьд ойлгомжтой хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Компанийн тухай хууль болон дүрэмд заасны дагуу давуу эрхийн дагуу нөгөө хувьцаа эзэмшигчдээ санал болгож, 30 хоногийн дотор санал авна гэдэг заалт зөрчигдсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Ичинхорлоо нь хариуцагч Б.Ч*******ад холбогдуулан ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 50 хувийн хувьцаа шилжүүлэхийг Б.Ч*******ад даалгах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээд эс зөвшөөрч хувьцаа эзэмшигчийн тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хангаагүй, хууль зөрчсөн гэсэн тайлбарыг гаргажээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Д.И*******, Б.Ч******* нар 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Ч******* нь улсын бүртгэлийн 9011436074 дугаарт бүртгэлтэй, ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа болох 10 ширхэг хувьцааг Д.И*******д шилжүүлэх, Д.И******* нь тухайн хувьцааны үнэ 284,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-хх-ийн 6-8 дугаар тал/

3.2. ******* ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй, 50 хувийн хувьцаа буюу 10 ширхэг хувьцааг Б.Ч*******, 50 хувь буюу 10 ширхэг хувьцааг Ц.С******* эзэмших бүртгэлтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Б.Ч******* бүртгэлтэй байна. /1-хх-ийн 40-45 дугаар тал/

3.3. Б.Ч******* нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 03/19 дугаартай албан бичгээр хувьцаа эзэмшигч Ц.С*******т ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С******* танд өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр 2,300,000 ам доллароор арилжаалах санал ирснийг үүгээр мэдэгдэж байна. Хэрэв хувьцааг шилжүүлэх саналтай байгаа бол та зөвшөөрсөн, эс зөвшөөрөх талаарх мэдээллээ 2021 оны 1 дүгээр сарын 20-ны дотор бичгээр хүргүүлнэ үү гэсэн агуулга бүхий саналыг хүргүүлжээ. /1-хх-ийн 119 дүгээр тал/

3.4. Дээрх саналын хариуд дараах агуулга бүхий бичгийг хувьцаа эзэмшигч Ц.С*******ээс Б.Ч*******ад хүргүүлсэн байна. Үүнд: ...би өөрийн эзэмшиж буй хувьцааг худалдахад нөхцөл байдлын хувьд уг саналыг үндэслэл болгоод цаашид тохиролцоход бэлэн байна. ...Иймд хүргүүлсэн саналын дагуу төлбөр бүрэн, хэрхэн хийгдэх, ******* ХХК-ийн улсад төлөх татварыг хэрхэн шийдэх, компанийн удирдлага бусад этгээд болон хуулийн этгээдтэй хийсэн гэрээ хэлцэл байгаа эсэх, байгаа бол түүнээс үүсэх өр төлбөр, хуулийн асуудлуудыг хэрхэн шийдэх, хэрвээ ийнхүү компани хувь худалдагдах үнэнд татвар орсон эсэх зэрэг асуудлуудыг тодруулмаар байна гэжээ. /1-хх-ийн 120 дугаар тал/

3.5. Үүний хариу 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 21/020 дугаартай албан бичигт ...Компанийн хувьд улсад төлөх татвар, бусад хуулийн этгээдээс үүсэх өр төлбөрийг ******* ХХК-ийг худалдаж авч байгаа иргэн болон хуулийн этгээдтэй тохиролцох замаар шийдвэрлэнэ. Компанийг худалдах үнэнд эрх борлуулсны татвар ороогүй болно гэжээ. /1-хх-ийн 121 дүгээр тал/

3.6. Ц.С*******ээс Б.Ч*******ад хүргүүлсэн 2021/01-22 дугаартай бичигт 2021.01.20-ны өдрийн саналыг өнөөдрийн нөхцөл байдлыг үндэслэл болгон зөвшөөрч байна. 2021.01.21-ний өдрийн 21/020 тоот хариу тайлбарын дагуу Худалдан авагч тал компанийн хувьцаа худалдах, худалдан авах түүний дагуу хуулинд заагдсан татвар болон бусад өр төлбөрүүдийг худалдан авагч тал бүрэн хариуцахаар байна гэж ойлголоо. Иймд худалдан авагч талтай уулзаж тохиролцох нь зүйд нийцнэ гэж үзэж байгаагаа энэхүү албан бичгээр илэрхийлж байна гэсэн байна. /1-хх-ийн 122 дугаар тал/

3.7. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21/06 дугаар хурлын тогтоолоор Тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ч******* нь өөрийн эзэмшлийн 50%-ийн хувьцааг компанийн эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний журмаар Д.И*******д шилжүүлж, компанийн гүйцэтгэх захирлаас Б.Ч*******ыг чөлөөлж, Д.И*******ыг томилсон асуудлыг шийдвэрлэж, уг тогтоолд хувьцаа эзэмшигч Б.Ч*******, Ц.С******* нар гарын үсэг зуржээ. /1-хх-ийн 53 дугаар тал/

3.8. Дээрх тогтоол болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.И*******ыг бүртгэсэн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн үүсгэн байгуулагч /хувьцаа эзэмшигч/-ийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1725 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгожээ. Тухайн бүртгэлийг хүчингүй болгосон үндэслэлээ тус бүртгэлд авагдсан 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 212 дугаартай нотариатчийн гэрчилсэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд тус тус гэрээний огноог 2022 болгож балаар засварласан, тусгай зөвшөөрөлтэй компани шилжүүлсний эрх /АМНАТ/-ийн татвар төлсөн гэх 288,000,000 төгрөг тушаасан баримтыг эх хувиар нь аваагүй, уг татвар төлсөн дотооод шилжүүлгийн баримтын хуулбар нь татварын тодорхойлолтоос зөрүүтэй, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн байхад хяналтын улсын байцаагчаар шийдвэрлүүлээгүй бүртгэсэн, хувьцаа эзэмшигч Ц.С******* ******* ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралд оролцоогүй, нотариатч дээр өөрийн биеэр очоогүй зэрэг Ц.С*******, нотариатч О.Амартуяа нарын тайлбараар нотлогдож байна гэж тайлбарлажээ. /1-хх-ийн 58-61 дүгээр тал/

3.9. Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2202001150202 дугаар тогтоолоор Д.И******* нь үргэлжилсэн үйлдлээр ******* ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн огноотой, № 21/06 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол, түүний 1 дүгээр хавсралтаар баталсан гэх тус компанийн дүрэм зэрэг эрх олгосон баримт бичигт тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С*******ийн гарын үсгийг хуурамчаар зурж хуурамч баримт бичиг үйлдсэн, улмаар 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт дээрх хувьцаа эзэмшигчдийн тогтоол, компанийн дүрэм зэрэг эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэх захирал зэргийг өөрчилсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, тухайн хэргийг шийдвэрлэж дуусаагүй болох нь тогтоогдсон. /1-хх-ийн 130-135 дугаар тал/

Дээрх тогтоолд дурдсан үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 400 дугаартай тогтоолоор Б.Ч*******ад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаартай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1-хх-ийн 223-228 дугаар тал/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад хамаарахгүй Компанийн тухай хуулийн хэм хэмжээг хэрэглэсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэсэн алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү хүлээсэн үүрэг нь тухайн гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд хэрэгжих боломжтой.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэжээ.

Талуудын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний төрөл мөн боловч тухайн гэрээний зүйл болох хувьцааг худалдах эрх үүссэн эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг тогтооход хамааралтай.

4.2. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцаагаа худалдах талаар тухайн компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн дээрх зохицуулалтад заасан журмыг баримтлах болохыг хуульчилсан.

******* ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 9-д Хувьцаа эзэмшигч нь энгийн хувьцаа, ногдол хувь эзэмших эрхээ бүгдийг буюу хэсгийг гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх саналтай бол энэ тухайгаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ. Хувьцаа эзэмшигч хувьцааг давуу эрхийн дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эсэхээ 30 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заажээ. /1-хх-ийн 42-45 дугаар тал/

Иймд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ч******* нь өөрийн эзэмшиж байгаа 50 хувийн 10 ширхэг хувьцааг Д.И*******той байгуулсан гэрээнд заасан үнийн саналаар нөгөө хувьцаа эзэмшигч Ц.С*******т санал болгох үүрэгтэй, энэхүү үнээр хувьцааг худалдан авахаас Ц.С******* татгалзсан тохиолдолд тухайн үнээс доошгүй үнээр Д.И*******д худалдах нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.10 дахь хэсэгт нийцнэ.

4.3. Хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Б.Ч*******, Ц.С******* нарын харилцсан бичгийн баримтуудаас үзэхэд ******* ХХК-ийн хувьцааг 2,300,000 ам доллароор худалдан авах санал ирсэнийг мэдэгдэж, энэ асуудлаар санал солилцож, санал болгосон үнээр компанийн хувьцааг худалдах талаар хувьцаа эзэмшигчдийн хүсэл зориг нэгджээ. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч Б.Ч******* нь өөрийн эзэмшиж буй хувьцаагаа бусдад худалдахаар санал болгож, энэ тухайгаа нөгөө хувьцаа эзэмшигч Ц.С*******т мэдэгдсэн агуулгыг илэрхийлээгүй байна.

4.4. Ийнхүү нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авахаар тохирсон хувьцаа нь компанийн дүрэм болон хуульд зааснаар гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан, энэ эрхэд холбогдох Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй нөхцөлд зөвхөн хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан журмыг зөрчиж байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах эрхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн ...хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл олгогдсон тохиолдолд байгуулна гэсэн хууль зүйн шаардлага байхгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулагдсан цагаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

6. Харин шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон. Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заасан хэлцэл хийгдсэн бол уг хэлцлээр хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасан эрх, үүргийг талууд хэрэгжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

7. Нэхэмжлэгч талын гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино.

7.1. Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан. Улмаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал бусдаас хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээ хэрэгжүүлэх боломж хангалттай бүрдсэн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь энэ хэрэгт хууль зүйн туслалцаа авах зорилгоор байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул мэтгэлцэх зарчмыг шүүх бодитой хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол хангагдахгүй.

7.2. Хэрэгт эрүүгийн 220200115 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар баримтууд авагдсан, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/03979 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШТ2023/00226 дугаар тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. Анхан шатны шүүхээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн дээрх ажиллагааг буруутгах үндэслэлгүйгээс гадна тухайн эрүүгийн хэрэг нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг хуурамчаар зурж хуурамч баримт бичиг үйлдсэн, уг баримтыг ашиглаж компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгүүлсэн гэх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн эрүүгийн хэрэг нь талуудын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй хамааралгүй тул энэ хэргийн баримтуудыг үнэлээгүй гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино.

7.3. Шүүх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг үнэлэх бөгөөд нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх нь хэргийн оролцогчийн үүрэгт хамаарна. Иймд Ц.С*******, Д.И******* нарын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг нэртэй 2021/01-08 тоот хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээнд ямар ч дүгнэлт өгөөгүй гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Ч*******ад холбогдох ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, 50 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.И*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,648,150 төгрөг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,648,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА