Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00334

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00334

 

 

М.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/00121 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Э ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т ХХК, Б.Т Ж.Б нарт холбогдох,

7,100,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т ХХК болон Б.Т ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Т түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Т ын фэйсбүүк дэх зарын дагуу Ниссан нөүт /Nissan note/ маркийн автомашиныг худалдан авахаар урьдчилгаанд Гранд марк-2 /Grand mark-2/ маркийн автомашин болон бэлнээр 200,000 төгрөгийг хамт өгч гэрээ хийсэн.

Хариуцагч Б.Т ын зээлийн төлбөрт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг Ж.Б гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Сүүлийн хоёр төлөлт болох 2023 оны 03 дугаар сарын 02, 04 дүгээр сарын 02-ны өдрийн төлөлтийг цалин буугаагүй байсан учраас хийгээгүй.

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр банк санхүүгийн байгууллагын ажилчин ирж автомашиныг авч явах замдаа осолд орж, эвдэрсэн бөгөөд тус автомашиныг дахин ашиглах боломжгүй болсон.

Би Ниссан нөүт автомашины үнэ, зээлийн төлөлтөд нийт 7,100,000 төгрөгийг өгсөн.

Иймд хариуцагч нараас 7,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Ж.Б д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

2. Хариуцагч Б.Т ын татгалзал, тайлбарын агуулга:

Би Ниссан нөүт маркийн автомашиныг авахдаа урьдчилгаанд 3,300,000 төгрөг өгч, Т ХХК-аас 13,200,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн барьцаанд автомашины өмчлөх эрхийг Т ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

Зээл төлөхөд хүндрэлтэй байсан тул автомашиныг худалдахаар зар тавьсан. Зарын дагуу М.Э ээс Гранд марк-2 маркийн автомашиныг 5,000,000 төгрөгт тооцон авч, бэлнээр 200,000 төгрөгийг авч, үлдэх төлбөрийг Т ХХК-д цаашид зээлийг үргэлжлүүлэх төлөхөөр тохиролцож автомашиныг худалдсан.

М.Э нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй учраас Т ХХК тус автомашиныг хураан авсан боловч осолд орж дахин ашиглах боломжгүй болсон. М.Э ийн буруутай үйлдлийн улмаас улбаалан уг нөхцөл байдалд хүргэсэн.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчид төлбөрийг Т ХХК төлөх ёстой.

3. Хариуцагч Т ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний дагуу Б.Т 2023 оны 01 дүгээр сар хүртэл зээлээ хуваарийн дагуу хэвийн төлсөн. Харин дараагийн төлөлтөд хуваарийг зөрчиж, хугацаа хожимдож төлсөн.

Компанийн ажилтан Ниссан нөүт маркийн, улсын 59-43-УНП дугаартай автомашиныг хураан аваад буцах замдаа зам тээврийн осол гарсан. Тус машин 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр даатгалд даатгуулсан байсан учраас даатгалын компаниас 9,716,400 төгрөгийн нөхөн олговрыг авсан. М.Э ийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тус компани Б.Т ын зээлд тооцож авсан.

Нэхэмжлэгч тухайн зээлийг мэдээд банк бус санхүүгийн байгууллагад төлсөн нь Б.Т өөрийнхөө хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэж хууль зүйн үндэслэлтэй. Манай компаниас эрх, үүргийг шилжүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг албан ёсоор аваагүй, тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлж байгаа талаар огт мэдээгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т аас 5,200,000 төгрөг, Т ХХК-аас 1,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Т аас улсын тэмдэгтийн хураамж 98,150 төгрөг, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 45,350 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 35,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг огноог 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэж тэмдэглэж, мөн тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлсон М.Баярмаад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байтал тус шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчаар тодорхойлсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг тус тус зөрчжээ.

4.2. Анхан шатны шүүх хариуцагч "Т " ХХК-ийг дээрх 3 удаагийн гүйлгээ буюу 1,900,000 төгрөгийг авах ёсгүй атлаа авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. М.Баярмаагийн дансанд шилжүүлсэн нэхэмжлэгчийн 1,900,000 төгрөгийг "Т " ХХК авсан эсэх үйл баримтад маргасан эсэхээс үл хамаарч, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагаврыг авсан, өгсөн этгээдүүд харилцан буцаах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5 дахь хэсэгт зохицуулсан.

Хэрэв М.Э болон Б.Т нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзвэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд нь 1,900,000 төгрөгийг хүлээн авсан буюу М.Баярмаа байх учиртай.

4.3. "Т " ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл, гэрээний бус үүргийн илүү нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх хэрэглэх байсан. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү хуулийн зохицуулалтыг тайлбарлаж, маргасан боловч энэ талаар шүүхийн шийдвэрт огт няцааж дүгнэлт хийгээгүй.

4.4. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний зүйл нь "эрхийн доголдолтой" эсвэл хууль зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагаврыг шийдвэрлэж байгаа эсэх нь ойлгомжгүй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт "...Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ... гэжээ. Гэтэл "Т " ХХК нь тус иргэний хэргийн нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нартай худалдах, худалдан гэрээ огт байгуулаагүй, тухайн гэрээний харилцаа үүсээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ямар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож буйг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй.

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх эрхийн доголдолтой эд хөрөнгийг бусдад худалдсан буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь "хууль зөрчиж" хийсэн хэлцэлд хамааруулсан гэж ойлгохоор байна. Гэтэл эрхийн доголдолтой хөрөнгө худалдсанаас үүсэх үр дагаврыг өөр заалтаар зохицуулдаг.

Иймд хариуцагч "Т " ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Хариуцагч Б.Т ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх шийдвэртээ М.Э Б.Т ын нарын хоорондох хэлцлийг "Худалдах худалдан авах гэрээ" гэж дүгнэсэн атлаа тус хэлцийг Иргэний хуулийн 56.1.8-д заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Автомашиныг худалдах, худалдан авах гэрээг заавал зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийх талаар хуульд зохицуулалт байхгүй.

5.2. Мөн дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй гэж дугнэсэн. Гэтэл М.Э ээс надад өгсөн хөрөнгө гэж 5,200,000 төгрөгийг буцаах тухай шийдвэр гаргасан атлаа миний зүгээс М.Э ийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн Ниссан нөүт маркийн автомашиныг надад буцаан гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэхгүй орхисон.

5.3. Миний бие анх дээрх машиныг 16,500,000 төгрөгөөр авсан байдаг. Үүний 3,200,000 төгрөгийг би бэлэн өгч, үлдсэн мөнгийг Т ХХК-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээгээр зээлээр авсан. Ийнхүү худалдан авснаас хойш 7 сар болсны дараа тус машиныг Т ХХК-ийн ажилтан хураан авч, замдаа автомашины осол гаргаж, машиныг дахин ашиглах боломжгүй болгосон. Даатгалын компаниас 9,000,000 төгрөг орчим нөхөн олговрыг Т ХХК-д олгосон. Ийнхүү бусдын эд хөрөнгөд хохирол учруулсандаа Т ХХК нь хариуцлага хүлээх үүрэгтэй.

Т ХХК нь өөрийн ажилтны буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирлыг хариуцна. Анхны автомашины үнэ 16,500,000 төгрөг болон даатгалын компанийн 9,000,000 төгрөгийн зөрүү мөнгөнөөс үлдэгдэл зээлийн төлбөр байвал хасаад, үлдсэн мөнгийг М.Э д өгөх ёстой. Энэ мөнгөн дүн нь Элчгэрэлийн шаардаж буй нэхэмжлэлийн дүнтэй таарч байгаа болно. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

7. Хариуцагч Б.Т ын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэл байхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо зөрүүтэй гарсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байна. Энэ шийдвэр нь Б.Т нь Т ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

8. Хариуцагч Т ХХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч Б.Т ын өмгөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:

Т ХХК нь уг хэрэг маргааны хариуцагч мөн учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Б.Т болон Т ХХК, Ж.Б д холбогдуулан 7,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Б д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн уг татгалзлыг батлалгүй орхигдуулсныг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулна.

3. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр Б.Т нь 59-43-УНП улсын дугаартай, Ниссан нөүт маркийн автомашиныг М.Э ийн өмчлөлд шилжүүлэхээр, М.Э нь автомашины урьдчилгаа төлбөрт Гранд марк-2 маркийн автомашин болон 200,000 төгрөгийг өгч, Б.Т ын зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу Т ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

3.1. Б.Т нь Т ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13,200,000 төгрөгийн зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулахдаа уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 59-43-УНП улсын дугаартай, Ниссан нөүт маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээг мөн байгуулжээ /хх 117-121/.

Харин Б.Т нь 59-43-УНП улсын дугаартай, Ниссан нөүт маркийн автомашины өмчлөгч Т ХХК-ийн зөвшөөрлийг авалгүйгээр тухайн автомашиныг М.Э д худалдан борлуулснаас шалтгаалж тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдолтой болсон байна. Ийнхүү гэрээний зүйл эрхийн доголдолтой байгаа нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний зүйлийн эрхийн доголдлын эрх зүйн үр дагаварыг хүчин төгөлдөр бус байх гэрээний хүрээнд буруу тайлбарласныг дээрх байдлаар залруулан дүгнэв.

3.2. Анхан шатны шүүх хариуцагч Б.Т аас 5,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э долгосон нь үндэслэлтэй боловч ийнхүү хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараахь байдлаар залруулна.

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Т ХХК нь 59-43-УНП улсын дугаартай, Ниссан нөүт маркийн автомашиныг буцаан авсан тул М.Э нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Т д холбогдуулан 7,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээ байгуулахад М.Э нь автомашины урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Гранд марк-2 маркийн автомашин болон 200,000 төгрөг буюу нийт 5,200,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт хариуцагчаас 5,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн.

Мөн гэрээнээс татгалзсаны үр дагаварт автомашинаа нэхэмжлэгчээс авах ёстой гэж хариуцагч Б.Т маргаж байх боловч тухайн автомашиныг өмчлөгч Т ХХК буцаан авсан тул нэхэмжлэгч нь автомашиныг Б.Т д хүлээлгэн өгөх үүрэггүй. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар зөвхөн гэрээний талуудад хамааралтай тул Т ХХК энэ талаар аливаа үүрэг хүлээхгүй.

Эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагч Б.Т ын гомдлыг хангахгүй.

Т ХХК болон Б.Т нарын хоорондын зээлийн гэрээний болон фидуцийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан уг хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч нь Б.Т ын Т ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон боловч энэ мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч Т ХХК-ийн гомдлыг хангана.

4.1. М.Э нь Т ХХК руу 1,900,000 төгрөгийг Б.Т ын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт сайн дураараа мэдэж төлсөн байх бөгөөд Т ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг Б.Т ын зээлийн үүргийг төлөхийг шаардсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг төлсөн хэмжээгээр хариуцагч Б.Т нь бусдын зардлаар хөрөнгөжсөн байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар 1,900,000 төгрөгөө Б.Т аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Т аас 7,100,000 төгрөг шаардсан бөгөөд уг шаардлагаа дахин өөрчлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг алдаатай хуваарилсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

5. Хэрэгт авагдсан захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, хурлын тов мэдэгдсэн баримт зэргээр анхан шатны шүүхийн шийдвэр 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарсан байгаа боловч хэрэгт авагдсан шийдвэрт уг огноог 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг энэ дүгнэлтээр зөвтгөн дүгнэж байна.

Уг зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагч Б.Т ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/00121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т аас 7,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М.Э татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэх заалт нэмж,

2 дахь заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 182,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т аас тэмдэгтийн хураамжид 128,550 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 54,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Э д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Т ын тэмдэгтийн хураамжид 98,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ