Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2015/0726/З |
Дугаар | 70 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 70
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, тоот. Утас: .
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7. Утас:328922
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/638 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, иргэдийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 1998 оны “Барилгын байршил тогтоох, газар ашиглуулах эрх олгох тухай” А/117 дугаар захирамжаар “Х” ХХК-ийн гараашийн доорх газрыг үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаатай захирамжаар эзэмшиж эхэлсэн юм. 2008 онд “Э” ХХК, “Х” хувиараа эрхлэх аж ахуйн газраас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. “Э” ХХК-ийн захирал Б нь тухай үед гараашуудыг эзэмшиж байсан. Тухайн үед иргэдээс нэг бүрчлэн 2,7-3,5 сая төгрөгийн хооронд бүх гараашуудыг худалдаж аваад доорх газрыг 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар баталгаажуулж авсан “Э” ХХК нь газрыг эзэмшигч болон гараашуудын өмчлөгч болсон. Тухайн газрын хэмжээ 3000 м.кв газар байгаа. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний 565 дугаар захирамжаар “Б” ХХК-нд эрх шилжүүлэн авсан. Газрын эрх шилжүүлэн авах тухай гэрээ байгуулсан. Мөн “Э” ХХК болон “Б” ХХК-ийн хүсэлт, албан бичиг байгаа. Хууль ёсны дагуу шилжүүлэн авсан. 2001 онд 3000 м.кв газрын 1000 м.кв газарт нь барилгажихаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмших газрын зориулалтыг өөрчлөх, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 470 дугаар захирамж гарснаар “Б” ХХК барилга барих эрхтэй болсон. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Газар эзэмших ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/115 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Газар эзэмших, ашиглуулах эрхийн гэрчилгээний тухай газрын хэмжээ, байршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжуудаар 5 жилийн хугацаатай сунгаж баталгаажуулсан. 2014-2019 оны хооронд газар эзэмших эрхийн хугацаа хүчин төгөлдөр байгаа. “Б” 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш 3 удаагийн газраа баталгаажуулсан. Энэ хугацаанд эрхээ хэрэгжүүлж хуулийн дагуу үйлчилгээний орон сууцны суурийн ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар тухайн газрын 1000 м.кв газарт барилгын суурийн ажил явагдаж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн бол А/638 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны зүүн талд Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар захирамжаар “Х” ХЭАА-д эзэмшүүлсэн бөгөөд газраа зориулалтын дагуу эзэмшээгүй 10 жил болсны дараа буюу 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар уг газрын эрхийг “Э" ХХК-д шилжүүлэн баталгаажуулсан байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэх нэрээр “Э” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна. Иймд “Э” ХХК нь газрын эрхийг “Б” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565, уг газрын зориулалтыг өөрчлөн барилга барих зөвшөөрөл олгосон 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 470, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/115, газрын зориулалтыг өөрчилсөн 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/993 дугаар захирамжийн “Б” ХХК-нд холбогдох хэсгүүд нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирлын “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр нь Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/638 дугаар захирамжийн үндэслэл нь 1998 оны А/117 дугаар захирамжийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад “Э” ХХК-нд шилжүүлэн олгосон нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч компанид хамааралтай 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хувьд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх, нүдэнд харагдах эрх зүйн үр дагавар үүссэн. Нийслэлийн Засаг дарга өөрийн захирамжийг хүчингүй болгох замаар бусдын газар эзэмших эрхэд нөлөөлж байгаа бол нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөх гэж байна уу, тухайн газар дээр бодитойгоор хийсэн хөрөнгө оруулалт байгаа эсэхийг судалж тогтоох ёстой байтал тогтоогоогүй. Нийслэлийн Засаг дарга 2008 оны 565, 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирамжуудыг гаргаснаараа нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрөөд байгаа ба газар эзэмшүүлэх эрх нь төрийн захиргааны байгууллагад байгаа. Тиймээс эзэмшүүлээд байгаа нь хүлээн зөвшөөрч байгаа зүйл мөн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/638 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 349 дүгээр захирамж нь өөрөө газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан. Тухайн захирамжийн хавсралтад хэнээс баталгаажуулсан талаар дурдсан байгаа. Үүнд 1998 оны А/178 дугаар захирамжийг үндэслэл болгож баталгаажуулсан. Тухайн үед Нийслэлийн онцгой комисс эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуралдаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Б” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/638 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны зүүн талд байрлах 0.02 га газрыг анх Нийслэлийн Засаг дарга 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар захирамжаар “Х” ХЭАА-д үйлчилгээний барилгын зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулж, улмаар “Х” ХЭАА хуулийн этгээдийн оноосон нэрээ “Э” ХХК болгон өөрчилсөнтэй холбогдуулан 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар “Э” ХХК нэрээр баталгаажуулан, хэмжээг 3000 м.кв болгон нэмэгдүүлж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
“Э” ХХК 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Б” ХХК-тай “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар 3000 м.кв газрыг “Б” ХХК-д шилжүүлснээр нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болжээ.
Үүнээс хойш Нийслэлийн Засаг дарга 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 470 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/115 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжуудаар тус газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, зориулалтыг өөрчилж, барилга байгууламж барих зөвшөөрөл олгож байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулж байсан атлаа 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/638 дугаар захирамжаар “...Х” ХЭАА-н газар эзэмших эрхийн хугацаа дуусаж, газар эзэмшигч гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн гэж “Э” ХХК-д баталгаажуулан олгосон нь хууль бус” гэж 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болжээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх ба ингэхдээ иргэн, аж ахуй нэгжээс гаргасан хүсэлт хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг тухайн хүсэлтийг шийдвэрлэхдээ нягтлан шалгах учиртай.
Тухайн тохиолдолд, Нийслэлийн Засаг дарга 2008 оны 349 дүгээр захирамжаар “Х” ХЭАА-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг нягтлан шалгалгүйгээр тухайн газрын эзэмшигчээр “Э” ХХК-ийг баталгаажуулсан байх боловч энэ нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн нь захиргааны байгууллага газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн хууль бус шийдвэрийн эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгох, зөрчлийг таслан зогсоох зорилгоор уг шийдвэрээ хүчингүй болгох эрхийн зохицуулалт юм.
Гэтэл “Х” ХЭАА-н газар эзэмших эрхийг “Э” ХХК-д баталгаажуулсан хууль зүйн факт, тухайн захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байхад үүнийг үндэслэн хариуцагч маргаан бүхий газрыг “Б” ХХК шилжүүлэн, газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, газрын зориулалтыг өөрчлөн, барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрүүдээ хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл үүсээгүй байхад Нийслэлийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/638 дугаар захирамжаар урьд гаргасан 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль бус байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагч “...тухайн газарт барилга барьснаар зэргэлдээх байрны ашиглалтын нөхцөлд нөлөөлсөн” гэж тайлбарлаж байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гараагүй, мөн нэхэмжлэгчийн “газар эзэмших эрх зөрчигдсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэж байгаа тул “тухайн газарт ямар барилга байгууламж баригдах, энэ нь орчны бусад барилга байгууламжид нөлөөлөх эсэх” асуудлыг дүгнэх хууль зүйн боломжгүй.
Мөн шинжээчийн дүгнэлтээр “Б” ХХК бодит байдал 3595 м.кв буюу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар баталгаажсан 3000 м.кв газраас илүү газрыг эзэмшиж байгаа нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/638 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн шинжээчийн зардал 1.021.020 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ