Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0164

 

 

 

 

“Э ш” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0022 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.15, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ш” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Манай компани нь Ховд аймгийн Булган сумын нутаг “Д н г” нэртэй талбайд ашигт малтмал хайгуулын ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2135 дугаартай шийдвэрээр эзэмших эрхтэй болж 2009 оныг хүртэл өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил явуулсан. Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс ХҮ-00000 дугаартай талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх нөхцөл байдал нь зөвхөн манай компанид ч бус ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бүхий л аж ахуйн нэгжүүдэд үүссэн нөхцөл байдал бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шалтгаалахгүй дээрх нөхцөл байдалд Ашигт малтмалын газраас “...тусгай зөвшөөрлийн төлбөрөө төл гэж шаардахгүй, төлөх төлөхгүй нь компанийн асуудал...” гэсэн байр суурийг удаа дараа амаар мэдэгдэж байсан. Компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг цаг тухайд нь төлсөн ч тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2009 оноос эхлэн төлөлгүй зогсонги байдалд орсон.

Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс хууль батлагдаж үйл ажиллагаа явуулахыг хориглосон 2009 оны 07 дугаар сараас эхлээд 2014 оны 10 дугаар сарыг хүртэлх 5 жилийн хугацаанд ямар үйл ажиллагаа явуулаагүй хэрнээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Эцэстээ компанийн зүгээс эдийн засгийн хүндрэлтэй байдалд орж тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт орж компанийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХҮ-00000 дугаартай талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж хэвийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн боломжтой болоход Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 470 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг 2018 оны 04 дүгээр сард олж мэдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт “...56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно...” гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болон цуцалсан талаарх шийдвэрээ нэхэмжлэгчид огтоос мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсоор байхад шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгож байгаа нь шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг илтэд алдагдуулсан зүйл болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэл” гэдэг нь нэг талаас тусгай зөвшөөрөл үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгох бөгөөд нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай хууль зүйн зохицуулалт гэж үзэхээр байх тул хариуцагчийн зүгээс 470 дугаартай шийдвэрээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн холбогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсан хууль бус үйлдэл болсон.

Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцсэн бүртгэлийн дэвтэрт “Э ш” ХХК-д хаягласан албан бичгийг тэмдэглэн “...буцалт хийсэн...” талаар тодорхой тэмдэглэгдсээр байхад шүүх “... 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн болохыг нотолсон...” баримт ирүүлсэн гэж илтэд үндэслэлгүйгээр дүгнэж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд баримт бичгийг хүлээн авч зохих байгууллага, албан тушаалтанд гардуулах үүрэг бүхий “М Ш” ХХК-иас ирүүлсэн албан бичигт дээрх байдлыг тодруулах боломжгүй гэх нөхцөл байдлыг мэдэгдсээр байхад шүүх “...хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” байна гэж дүгнэж байгаа нь илт хууль бус дүгнэлт болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх 0022 дугаартай шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 470 дугаартай шийдвэрээр “Э ш” ХХК-д олгосон ашигт малтмал хайгуулын ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцалжээ” мөн “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Э ш” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газартай давхцалтай гэсэн үндэслэлээр цуцлаагүй бөгөөд гагцхүү ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байна” гэж дүгнэж байгаа нь илт нэг талыг барьсан дүгнэлт болсон бөгөөд дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгтээ удаа дараа тодорхой дурдсан. Зүй нь нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон 2009 оны 07 дугаар сараас эхлэн хуулийн дагуу ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал гарцаагүй мөн байхад хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцалсан 470 дугаартай актад энэ талаар дурдсан зүйл байхгүй, шүүх нийтэд илэрхий дээрх нөхцөл байдалд хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0022 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгч “Э ш” ХХК-ийн гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаартай шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э ш” ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар хэргийг хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э ш” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шалгалгүй хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэсэн үндэслэлээр “Э ш” ХХК-д олгосон Ховд аймгийн Булган сумын нутаг “Д н г” нэртэй газарт орших 4367 гектар талбайд ХҮ-00000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар тушаал гаргасан байна.

Улмаар “Э ш” ХХК-д олгосон ХҮ-00000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх тушаалаар цуцалсан талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-5809 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хаяглан хүргүүлжээ.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Б.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-5809 дүгээр албан бичгийг тус хуулийн этгээд хүлээж аваагүй” гэж мэдүүлсэн.

Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэр гаргасан талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-5809 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч “Э ш” ХХК-д мэдэгдсэн болох нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны “Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэл” 3-р борт дугаар 5374-6981 дүгээр явуулсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-5809 дүгээр албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд уг шуудангийн бичигт “Буцаалт” хийсэн тэмдэглэлгүй болох нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны “Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэл” 3-р борт дугаар 5374-6981 дүгээр явуулсан бичгийн баримтын 5821 дугаар хүснэгтийн бүртгэлээр нотлогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Б.Н-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн” гэх тайлбар нь дээрх байдлаар үгүйсэгдэж байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь “2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр уг хууль нэмэлт өөрчлөлт орж “Э ш” ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХҮ-00000 дугаартай талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж хэвийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн боломжтой болоход ... тусгай зөвшөөрлийг цуцалсныг 2018 оны 04 дүгээр сард олж мэдсэн” гэж тайлбарлаж байгаа атлаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар тодруулалгүй, энэ талаар дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүд болон нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зөв гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл хугацаа сэргээлгэх хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Э ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Э ш” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР