Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01078

 

“Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар магадлалтай,

“Д  ХХК”-ийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Нацагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Д ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ асуудлыг бид нар харилцан тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Бид нөөц бололцоогоо ашиглаж 15.000.000 төгрөг төлсөн. Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилсон шинжээч жагсаалтын дагуу 7 хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшийг бодитойгоор тооцож чадсангүй.

Иймд 7 хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшийг бодитойгоор тооцолгүй бага үнэлсэн буюу 981.705.000 төгрөгийн үнэлгээг хчингүй болгуулж, хөрөнгөнд дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1036 дугаар захирамжаар Д  ХХК, Ч.Нацаг нараас 291.926.942 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Д  ХХК”, Ч.Нацаг нарын өмчлөлийн барьцаа хөрөнгийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй ба талуудаас банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул шинжээч томилох тухай тогтоолоор “Капитал зууч” ХХК-аас үнэлгээ хийлгэн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 981.705.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч Д  ХХК-иас хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1036 дугаар шүүгчийн захирамжийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжээч томилох тухай 27 тоот тогтоолын дагуу гарсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д  ХХК тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар магадлалаар: Гомдол гаргагч Ч.Нацагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Нацаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 303 шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 70 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах гэж байхгүй. Н.Нармандах гэдэг хүнд “Д ” ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй. Н.Нармандах гэдэг хүн давж заалдах гомдол гаргаагүй байхад түүнийг гаргасан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бол мөн.

Иймд хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “Д ” ХХК нь хариуцагч Дархан аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 63-64 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт  хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Нацагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ