Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00486

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг д*******ж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03694 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 524,213,173 төгрөг нийт 822,843,516 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 441,972,907.64 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, Б.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*******, А.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

1.2. Дээрх гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, 5,242,131,739.40 төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

1.3. ******* ХХК нь барилга угсралтын ажлыг тогтоосон хуваарийн дагуу гүйцэтгэж, тухай бүр гүйцэтгэлийн актуудаар баталгаажуулж, санхүүжилтийг авч байсан бөгөөд барилгын ажлын бусад гүйцэтгэгч нарын ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гэрээний хугацааг сунгахаар болж, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээгээр барилгын ажлыг дуусгах хугацааг 2018 оны 3 дугаар сарын 01, туршилт тохируулга, улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болгож, гэрээний нэмэлт санхүүжилт 130,700,000 төгрөг болохыг тус тус харилцан тохиролцсон байдаг.

1.4. Дээрх ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартад заасны дагуу чанартай барьж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18/09 тоот албан бичгээр ажлыг дуусгасан тухай мэдэгдэж, захиалагч нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээт ажлыг актаар хүлээн авсан.

Улмаар улсын комисс ажиллаж 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2019/88 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, барилгыг байнгын ашиглалтад оруулсан.

1.5. ******* ХХК болон нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг болохыг тооцоо нийлж баталгаажуулсан боловч хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг олголгүй гэрээний үүргийг зөрчсөөр байна.

1.6. Гэрээний 10-т Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ" гэж, гэрээний тусгай нөхцөлийн 46.1-д Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 1 хувь байна гэж, Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зааснаар Захиалагчийн үүргийн зөрчилд алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 46.2-т Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна, гэрээний ерөнхий нөхцөлийн 40 дүгээр зүйлд Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална гэж заасан тул гэрээний үнийн 10%-иар буюу 524,213,173 төгрөгийн алданги шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

1.7. Иймд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 524,213,173 төгрөг, нийт 822,843,516 төгрөгийг хариуцагч -иас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь ******* ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний дагуу 5 удаагийн баталгаажсан гүйцэтгэлээр нийт 4,814,870,186 төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр олгосон.

2.2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 онд Төрийн өмчит хуулийн этгээд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний дагуу ******* ХХК-тай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэхээр байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тоот гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэт хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үүргээ зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Иймд гэрээний тусгай нөхцөлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувийн алданги тооцож Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хохиролгүй болгохыг шаардаж байна гэсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-09 дугаартай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн албан даалгаврын дагуу ******* ХХК Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 233,489,173 төгрөг төлөхөөр болсон тул дээрх авлага Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн санхүүгийн тайланд тусгагдсан.

2.3. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөгийг хариуцагчаас гаргуулахад шаардлагатай гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл гаргаж хүлээлгэн өгсөн баримт, нэхэмжлэх, тухайн үед тооцоо нийлсэн акт байхгүй тул нэхэмжилсэн дүн болон алдангийг төлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.

2.4. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хийсэн баримтын шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг тус тус үндэслэн -ийн 19,080.0 сая төгрөгийн зөрчил, дутагдалд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаар шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тогтоол гарсан. Уг тогтоолд: ...худалдан авах ажиллагааны зөрчил, дутагдлын дэлгэрэнгүй жагсаалтыг тайлангийн хавсралтаар хүргүүлсэн бөгөөд ...түүнчлэн тус сургуультай барилгын ажил гүйцэтгэхээр аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу цаг хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй байна гэж дүгнэсэн.

-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байх ёстой байсан нэр бүхий компаниуд болох түүн дотор нэхэмжлэгч ******* ХХК нь ажлаа хуваарийн дагуу цаг хугацаандаа гүйцэтгээгүй байсан.

Компани нь барилгын ажлыг хугацаандаа дуусгаагүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан тул гэрээний холбогдох заалтыг үндэслэн алданги ногдуулах нөхцөл байдал үүсэж төрийн өмчит хуулийн этгээдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, төсөв төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөх, төлөвлөгөөг биелүүлэх, гүйцэтгэлийг хянаж ажиллах шаардлагатай талаар зөвлөмж, албан шаардлага ирүүлсэн юм.

2.5. ******* ХХК-тай 5,242,131,739 төгрөгийн -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэхээр байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй байсан тул гэрээний тусгай нөхцөлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу 10 хувийн алданги тооцож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн албан даалгавар гарсан нь үндэслэлтэй.

2.6. -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн актыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гомдол танилцах үед мэдсэн тул актыг хүлээн зөвшөөрөхгүй, тус актад гарын үсэг зурсан албан тушаалтнууд нь хөдөлмөрийн маргаантай байсан тус сургуулийг төлөөлөн гарын үсэг зурах эрхгүй ба сургуулийг төлөөлж ажиллах итгэмжлэл олгоогүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шалгалтаар ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй, -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй нэр бүхий компаниуд нь шүүхэд зөрчил арилгуулах тухай албан даалгавруудыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг гаргасан, шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Иймд ******* ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Гуравдагч этгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайлбарын агуулга:

3.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дах хэсэгт Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-09 дүгээр албан даалгаврыг хүргүүлсэн байсан.

3.2. Гэвч хяналт шалгалтын явцад холбогдох баримт бичгийг дутуу гаргаж өгсөн тухай дурьдан албан даалгаврыг хүчингүй болгуулах хүсэлтийг *******" ХХК-иас ирүүлсэн байдаг.

Тус албан бичгийн дагуу судлан үзэхэд барилгын ажил гүйцэтгэх А-05/2016 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулан хүлээлгэж өгөх хугацааг сунгасан нэмэлт гэрээ, ажил гүйцэтгэх акт болон холбогдох бусад баримт бичгийг улсын байцаагчид дутуу гаргаж өгсөн болох нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2021 оны 5/264, 5/561 дүгээр албан бичиг, 2022 оны 05/46 дугаар албан бичиг болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 2/932 дугаар албан бичгээр тогтоогдсон.

3.3. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 дахь хэсэгт заасны дагуу Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны ТӨ-09 дүгээр албан даалгаврыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-6/606 тоот албан бичгээр хүчингүй болгосон.

3.4. Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаар тогтоол бол зөвхөн ******* ХХК-д холбогдох асуудлын талаар бус Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2017 оны төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хийсэн баримтын шалгалтаар илэрсэн үндсэн хөрөнгө зөвшөөрөлгүй олж авсан 8,909.4 сая төгрөг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокын барилгын ажилтай холбоотой 10,170.6 сая төгрөг, нийт 19,080.0 сая төгрөгийн зөрчил, дутагдлыг арилгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, хангаж ажиллахыг даалгасан тогтоол юм.

3.5. Иймд *******д холбогдуулж ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад захиалагч, гүйцэтгэгч талын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан байх тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №А-05/2016 дугаар -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 18, нэмэлт нөхцөлийн 2 дахь заалт, тусгай нөхцөлийн 46.1, 46.2 дахь заалт, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн -ийн шинэ цогцолборын А, Б блокийн үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт гэрээний 5 дахь заалтын дагуу алданги 441,972,907.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна.

4.2. ******* ХХК-тай 5,242,131,739 төгрөгийн Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот гэрээний дагуу 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч хүлээлгэн өгөөгүй юм.

Мөн хүсэлтийнх нь дагуу гэрээнд өөрчлөлт оруулан барилга угсралтын бүтээцийн ажлыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар, Туршилт тохируулга, улсын комисст хүлээлгэж өгөх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан зураг төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг талууд эцэслэн тогтоосон.

4.3. Тухайн барилгыг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч хүлээн авсан.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх № тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцэх акт 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баримт гэх нь захиалагч талынх биш бөгөөд Төслийн менежер биш сургуулиас эрх ашгийн зөрчилтэй, тухайн үедээ хөдөлмөрийн маргаантай байсан, сургуулийг бүрэн төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй хүнээр ажил хүлээлгэн өгсөн гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

4.4. Иймд талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А-05/2016 тоот, 2018 оны ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлтийн дагуу хугацаа хоцорсон нөхцөл байдал, тусгай нөхцөлийн 46.1, 46.2-д заасан гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон нь улсын комиссын актаар тогтоогдож байх тул гэрээний дагуу ******* XXК-иас алданги 441,972,907.64 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

5.1. ******* ХХК нь ******* /Захиалагч/-тай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №А-05/2016 дугаартай Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ-г байгуулсан. Уг гэрээнд захиалагчийг төлөөлөн төслийн менежер ХҮГ-ын дарга Ц.Б, Гүйцэтгэгчийг төлөөлөн гүйцэтгэх захирал Б.О нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж -ийн захирал Г.Б, Санхүү эдийн засгийн газрын дарга Э.С, Хангамж үйлчилгээний газрын менежер Ю.Ганбаатар, Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер Б.Х, ******* ХХК-ийн захирал Ц.Б нар гарын үсэг зурсан.

Түүнчлэн, талууд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын үндсэн бүтээцийн ажил гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, гэрээний хугацааг сунгасан бөгөөд тус гэрээнд Захиалагчийг төлөөлж Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Б, Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер Б.Х, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О нар гарын үсэг зурж, -ийн захирал Г.Б, ******* ХХК-ийн захирал Ц.Б нар баталсан.

Иймд дээрх гэрээнүүдэд байгууллагыг төлөөлөх эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, талуудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ.

5.2. Талууд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт үйлдсэн ба уг актад Захиалагчийг төлөөлж захиалагчийн хяналт гүйцэтгэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Б.Э, Б.Э, -ийн хяналтын инженер Б.Х, ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.О нар баталгаажуулсан.

Иймээс дээрх актыг анхнаасаа гэрээнд талуудыг төлөөлж гарын үсэг зурсан эрх бүхий төлөөлөгчид болон хяналтын инженерүүд баталгаажуулсан, ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрч ажлыг актаар хүлээн авсан байх тул хариуцагчийн дээр дурдсан сургуулийг төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй хүнээр ажил хүлээлгэн өгсөн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар гэрээг баталгаажуулсан болон талуудын эрх бүхий төлөөлөгчид нь ажлаас чөлөөлөгдөөгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан эрх бүхий төлөөлөгчид болох нь тогтоогдож байна.

5.3. Гүйцэтгэгч ******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээнд заасан хугацаа болох Барилга усгралтын бүтээцийн ажлыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусгах-аар заасан хугацааны дотор буюу 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №18/09 тоот албан тоотоор Захиалагчид ...барилга угсралтын ажлын төмөр бетон карказ угсралт, гадна фасад, дотор цахилгааны ажлыг бүрэн хийж дуусгасан. Иймд зохих журмын дагуу ажил хүлээн авах комисс ажиллуулан гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг хүлээн авах талаар албан ёсоор мэдэгдсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 53-т төслийн менежер ажил дууссан тухай мэдэгдэл гаргаснаас хойш долоо хоногийн дотор захиалагч ажлын талбай болон ажлыг хүлээж авна гэж зааснаар Захиалагч талын төслийн менежер ажил дууссан болохыг хүлээн зөвшөөрсөн учраас 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн барилга угсралтын гэрээт ажлыг актаар хүлээн авсан.

Иймд гэрээний ерөнхий нөхцөлийн А.Ерөнхий заалтын 1-т тодорхойлсон ажил дууссан өдөр бол албан ёсоор талууд ажлыг хүлээлцсэн өдөр болох 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцогдоно гэж үзэж байна.

5.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын №2019/88 дугаартай дүнэлт 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гарсан нь ******* ХХК-иас шалтгаалаагүй буюу барилгын ажлын бусад туслан гүйцэтгэгч байгууллагууд хугацаандаа ажлаа дуусгаагүйтэй холбоотой байсан. Эдгээр туслан гүйцэтгэгч нар нь ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй буюу -тай гэрээ байгуулсан гүйцэтгэгчид тул эдгээрийн хариуцлагыг манай компани хүлээхгүй.

5.5. Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан алданги 441,972,907.64 төгрөг гаргуулах гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад алдангийг хэдий хугацаанаас эхлэн хэрхэн тооцоолсон нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулиас 447,945,515 төгрөг гаргуулан Хаппи бьюлдинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 374,898,001 төгрөгт холбогдох хэсгийг болон, Хаппи бьюлдинг ХХК-иас 441,972,907.64 төгрөг гаргуулах Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,430,130 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 2,397,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 12-р тал/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах" эрхийг тус хуулиар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт олгосонтой холбоотой тус байгууллагын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ТӨ-09 дугаар албан даалгавартай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй нь маргааны үндэслэл болсон нөхцөл байдлын шалтгаант холбоог тогтоогоогүй. Тиймээс хэргийг нэг мөр, хуульд заасан нотлох баримтыг үнэлэх арга аргачилгааг хийгээгүй түүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 16-р тал/

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн актыг үйлдэж баталгаажуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн үүргийг заасныг биелүүлсэн байна гэж үзнэ" хэмээн тайлбарлахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагүй өнгөц дүгнэсэнтэй холбоотой шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь 1-р-хх-36 хуудаст "-ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилга угсралтын ажил гүйцэтгэх №А-05/2016 тоот ажлын гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт" гэхэд захиалагч болох хүлээн авсан эсэх, эсвэл эрх бүхий этгээд хүлээн авсан эсэхэд дүгнэлт өгөлгүй нэхэмжлэгчийг ажлаа хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна гэж нотлох баримтыг тал бүрээс үнэлж үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй.

1-р хх-7-27 дугаар хуудас Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А,Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ"-ний гэрээ байгуулсан хэсэгт "Захиалагчийг төлөөлж" гарын үсэг зурсан эрх бүхий этгээд нь "Төслийн менежер ХҮГ-ын дарга.... Ц.Б гэж хүн байсаар байтал гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зураагүй, эрхгүй хүн гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарагдаагүй актыг "Гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн байна гэж тодотгон дүгнэж байгаад гомдолтой байна.

Дээрх гэрээний асуудлаар захиалагчийг төлөөлж аливаа хэлэлцээр, актад гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь "Төслийн менежер: -ийн Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Б байтал 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн актад "-ийн хяналтын гэрээт инженер Б.Х" гэх захиалагчийг төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан актыг Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаад гүнээ харамсаж байна.

7.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 18-р тал/

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 46.2-т Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна" гэрээний ерөнхий нөхцөлийн 40 дүгээр зүйлд "Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална" гэж заасан тул гэрээний үнийн 10%-иар буюу 524,213,173 төгрөгийн алданги шаардах үндэслэлтэй гэж" тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон дээрх 2 хуулийн өөр өөр ойлголттой заалтыг бүрэн дүүрэн судлаагүй, анзаараагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хууль ёсны байх, нотлох баримтад үндэслэсэн байх нөхцөлийг хангаагүй.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.5, 232.6, 232.7-д заасан хуулийн аль заалтыг хэрхэн хэрэглэсэн талаар тайлбарлаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /18-р талд/ "Гэрээний 10-т "Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ" гэж, гэрээний тусгай нөхцөлийн 46.1-д "Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 1 хувь байна" гэж зааж талууд тохиролцсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.", мөн 232.6-д "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж үндэслэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алдангиар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

7.4. Шүүхийн шийдвэр маргааны гол нөхцөл түүний агуулга, талуудын маргах болсон үндэслэл, түүний нотлох баримтад хууль зүйн дүгнэлтийг буруу, дутуу хийсэн.

Шүүхээс дараах гол нотлох баримтуудын ач холбогдол, түүний дараалал, агуулгын хүрээнд судлаагүй байна. Үүнд:

2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбор А. Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ-ний 10 дугаар зүйл, захиалагчийг хууль ёсны дагуу төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл, "Гэрээний тусгай нөхцөл" 1.1-д заасан Төслийн менежерийн мэдээлэл, "Гэрээний ерөнхий нөхцөл" 1.1- д "Ажил дууссан өдөр" гэж юуг ойлгохыг тодорхой заасныг, "Гэрээний ерөнхий нехцел" 2. Тайлбар хэсгийн агуулгыг, "Гэрээний ерөнхий нөхцөл" 4.1- д Захиалагчийг хэн төлөөлөхийг тодорхой заасан, "Гэрээний ерөнхий нөхцөл" 10.1-д заасан талуудын хүлээх эрсдэл, "Гэрээний ерөнхий нөхцөл" 46.1-д алдангийн зохицуулалт, "Гэрээний ерөнхий нөхцөл" 52- 53 дахь зохицуулалтыг эрх бүхий этгээд гэдэгт хэн болох, хэнд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг тодорхой дурдсан, "Ажил хүлээлцсэн акт"-д захиалагчийг төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэхэд үнэлэлт өгөөгүй, "Тооцоо нийлсэн акт"-ыг үндэслэж алданги тооцсон гэх боломж ямар тооцооллын аргачлалаар, гэрээний аль зүйл заалтыг баримталж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй, "Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч"-ийн албан тоотын үндэслэл, түүний нөхцөл байдлыг тодруулж, хэрэгт ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий тайлбар, шинжлэн судлаагүйн улмаас хэргийг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэх нөхцөлийг хангаагүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн албан даалгавар"-ын үндэслэл, түүний нөхцөл байдлыг тодруулж, хэрэгт ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий тайлбар, шинжлэн судлаагүйн улмаас хэргийг үнэн зөв, нэг мер шийдвэрлэх нөхцөлийг хангаагүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018.12.11-ний өдөр 575 дугаар тогтоолын үндэслэл, түүний нөхцөл байдлыг тодруулж, хэрэгт ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий тайлбар, шинжлэн судлаагүйн улмаас хэргийг үнэн зөв, нэг мер шийдвэрлэх нөхцөлийг хангаагүй.

7.5. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03694 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Гэрээний хамааралгүй ганцхан өгүүлбэрээр алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг тавин хувиар тооцож хангасан. Гэрээний 46.1, 46.2-аас өөр гэрээний зүйл заалтад алдангийн талаар зохицуулаагүй. Алдангийн энэ заалт нь зөвхөн гүйцэтгэгчид хугацаа хоцроосонтой холбоотой заалт байхад анхаарч сонсоогүй.

Хэрэв гэрээнд захиалагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол алданги төлөх зохицуулалт нь заавал гэрээнд заасан байх ёстой. Тэгэхэд талуудын байгуулсан гэрээ, ерөнхий болон тусгай нөхцөлд байхгүй.

Харин 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн барилгын ажил гүйцэтгүүлэх нэмэлт гэрээний 5-д гүйцэтгэгч "*******" ХХК-ийн гүйцэтгэж буй тухайн ажил нь НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс нэмэлт гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож захиалагч талд төлнө" гэж албан ёсоор гэрээтэй юм. Харин захиалагч тал ажлын санхүүжилтийг хугацаа хоцорсноос үүдэн гарах үр дагавар, гэрээгээр зохицуулсан зүйл байхгүй юм.

Талуудын байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №А-05/2016 тоот гэрээнд гүйцэтгэгч хугацаандаа барилгыг ашиглалтад оруулаагүй бол алданги төлөх нэг талын үүрэг буюу барилгын компанид ногдуулсан үүрэг юм.

8.2. Ажил дууссан өдөр гэж ажил дууссаныг төслийн менежер гэрчилсэн өдрийг хэлнэ гэж заасаар байхад огт хамааралгүй, мөн төслийн менежер Ж.Б байсаар байхад хүлээн авах эрхгүй Б.Х, НХОГ-ын инженерүүд гарын үсэг зуруулсан акт өгсөн, шүүх төслийн менежер Ц.Б, Б.Х хоёрын аль нь болохыг тогтоож чадаагүй. Б.Х, НХОГ-ын Б.Э, Б.Э нар төслийн менежер биш юм.

8.3. Гэрээний 40.1-т заасан торгууль бол алданги биш юм. Ялангуяа торгууль бол нэг удаагийн шинжтэй, 50 хүртэл хувиар тооцдог. Тэгэхээр торгуулийг хэдэн хувь байх вэ гэдгийг талууд гэрээндээ тохиролцдог. Торгууль зохицуулсан бол алдангийн зохицуулалтыг хоног тутам гэж хэрэглэхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Хэрэв гэрээнд заасан торгуулийн хувиар төлөх торгууль үндсэн үүргийн 50 хувиас хэтэрвэл энэ зохицуулалтыг хэрэглэх ёстой. Зөвхөн торгууль төлнө гэж зохицуулсан гэрээний гол нөхцөл байхгүй. Хэдэн хувийн торгууль төлөх вэ гэдэг нь торгууль төлөх зохицуулалт хэрэгжихгүй.

Хаппибюлдинг ХХК-д хамаарах алдангийн зохицуулалтыг захиалагч талд халдааж хэрэглэж байгаад маш их гомдолтой байгаа юм. Ямар үндэслэлээр, хэдий хэмжээний алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, гэрээний үлдэгдэл төлбөр яагаад шилжээгүй талаар бодит дүгнэлт хийгээгүй.

8.4. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасныг илт буруугаар тайлбарласан. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй, хариуцагчийн ач холбогдол бүхий нотлох баримт эх хувиар гаргуулах, шалгуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

8.5. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 9 дугаартай албан даалгавраас шалтгаалсан байхад энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 9 дугаартай албан даалгавар нь хүчинтэй байсан хугацаа, хэрэв албан даалгаврыг биелүүлээгүй бол сургуульд эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар хариуцлага ногдуулах байсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл албан даалгавар хүчинтэй байсан хугацааг шүүх тайлбарлахгүйгээр шийдвэрлэсэн.

Хариуцагч гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн эсэх, гэм буруугийн хэр хэмжээг бүрэн тодорхойлоогүй, бусад төрийн дээд байгууллагын хүчин зүйлээс нөлөөлсөн эсэхийг бүрэн тогтоогоогүй.

8.6. Нэхэмжлэлийн үнийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэлээ гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь заалтыг нэхэмжлэгч зөрчсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, шүүхийн тогтоох хэсэгт хуульд байхгүй 355.1.1 гэх хуулийн заалтыг баримталсан.

8.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.оос татгалзсан байхад шүүх хуралдаанд оролцсон гэж хэргийг хянан хэлэлцсэн.

8.8. Шүүх зөвхөн гүйцэтгэгчид хамааралтай гэрээний заалтыг захиалагчид хамааралтай мэт үндэслэл болгож, бусад хүчин зүйлээс нөлөөлсөн байхад огт тоохгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 149,315,172 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03694 дугаap шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Улсын байцаагчийн албан даалгавар тавигдсан учир бид үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулиас Хаппи бьюлдинг ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой болон гэрээг дүгнэсэн баримтуудыг дутуу гаргаж өгсний улмаас Улсын байцаагчийн албан даалгавар тавигдсан. 2021 оны 5/264, 5/561, 2022 оны 07/46 дугаартай албан бичгүүдийг хүргүүлсний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А-6/606 дугаартай албан бичгээр Улсын байцаагчийн албан даалгаврыг хүчингүйд тооцсон.

Талууд үндсэн болон нэмэлт 2 гэрээ байгуулсан. Тухайн 2 удаагийн гэрээгээр Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн А, Б блокын карказ угсралт болон гадна ханын дулаалгын ажлыг нэхэмжлэгч тал хийсэн ба өөр бусад туслан гүйцэтгэх компаниуд байдаг. Улсын байцаагчийн албан даалгавар нь бусад туслан гүйцэтгэгч 6, 7 компаниудтай холбоотой албан даалгаврууд нь хүчинтэй үлдэж зөвхөн ******* ХХК-д холбогдох албан даалгавар нь хүчингүй болсон.

Захиалагчийн хайнга хандаж дутуу материал гаргаж өгсөн нөхцөлд гүйцэтгэгч компани хариуцлага хүлээх үндэслэлгүй ба албан даалгавар гарсан гэх шалтгаанаар төлбөр төлөх, алданги төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй.

9.2. Хариуцагч төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулж, ажил хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэх тайлбар хэлдэг. Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх үндсэн гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт ажил хийхээр тохирсон нэмэлт гэрээ гэх 2 гэрээ байгуулагдсан.

Хариуцагч тал төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэж байгаа тохиолдолд яагаад нэмэлт гэрээг дахин байгуулсан, өмнөх 4 удаагийн санхүүжилтээр гэрээний үнийн дүнгээс яагаад 4,000,000,000 гаруй төгрөгийг төлсөн нь тодорхойгүй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгэгч талаас гүйцэтгэгч захирал Б.О, инженер Ц.Б хариуцагч талаас Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн захирал Б.Б, санхүү, эдийн засгийн газрын дарга Э.С, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Х нар гарын үсэг зурсан.

Хэрэв манай компанийг ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж үзвэл Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлыг хүлээн авсанд тооцно гэж заасанчлан манай компаний зүгээс албан ёсоор хүлээлгэж өгсөн учир үлдэгдэл төлбөрөө шаардаж байна.

9.3. 4 удаагийн санхүүжилтээр гэрээний төлбөр авсан хэдий ч үлдэгдэл төлбөр болох 298,630,343 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан 50%-иас хэтрэхгүй гэх үндэслэлээр 149,315,172 төгрөгийг анхан шатны шүүх хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцлийн 46.1 дэх хэсэгт алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 1% байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө гэсэн нь хууль болон гэрээний зохицуулалттай уялдуулан алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу үлдэгдэл төлбөрийн 50%-иар тооцсон нь зөв юм.

Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээнд алдангитай холбоотой гүйцэтгэгчийн алданги ногдуулах зохицуулалт байхгүй, зөвхөн захиалагчид алданги ногдуулах зохицуулалт байгаа гэж тайлбарладаг. Гэтэл гэрээний ерөнхий нөхцөлд гэрээний тусгай нөхцөлд заасан эрх үүргийг захиалагч, гүйцэтгэгч хэн аль нь хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Иймд гэрээний тусгай нөхцлийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт алданги ногдуулах хэмжээ хоногт үнийн дүнгийн 1% байна гэж заасан байдаг болохоос биш зөвхөн захиалагчийн алданги ногдуулах 1% гэж бичээгүй буюу хэн алинд нь хамаарал бүхий ерөнхий зохицуулалт юм.

9.4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөрөө захиалагчаас нэхэмжилсэн боловч тухайн төлбөрийг төлөөгүй тул 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

10.1. Хариуцагчийн гаргасан гомдлыг дэмжихгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 524,213,173 төгрөг нийт 822,843,516 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй тул алдангид 441,972,907.64 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Хаппибюлдинг ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байршилтай -ийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажлыг 5,242,131,739.40 төгрөгийн төсөвт багтаан барьж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, захиалагч нь барилгын ажлын гүйцэтгэлээр 2016 онд батлагдсан нийт санхүүжилтыг өгөх, үлдэгдэл төлбөрийг 2017 онд санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /1-хх-ийн 7-27 дугаар тал/

3.2. Улмаар талууд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг гэрээгээр барилга угсралтын бүтээцийн ажлыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, туршилт тохируулга, улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна. /1-хх-ийн 28-30 дугаар тал/

3.3. Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, ажил хүлээлцсэн акт үйлдэж ажлыг хүлээлгэн өгсөн, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2019/88 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр барилгыг хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан талаарх баримт хэрэгт авагджээ. /1-хх-ийн 36-41 дүгээр тал/

3.4. Хариуцагч байгууллагаас нийт 4,814,870,186 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, төлбөрийн үлдэгдэл 298,630,343 төгрөг, гэрээний хугацаа сунгасан үйл баримтад талууд маргаагүй. Харин эрх бүхий этгээдэд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүссэн эсэх, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алданги гаргуулсан алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

4.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь ажлын үр дүнг бий болгож, түүнийг хүлээлгэн өгөх, харин захиалагчийн хариу үүрэг нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх явдал юм.

4.3. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн ажил хүлээлцсэн акт, зохигчдын тайлбар болон бусад баримтыг үндэслэн зөв тогтоожээ.

Учир нь -ийн хяналтын инженер Б.Х захиалагч талыг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь гэрээний дагуу гүйцэтгэсэн үе шатны ажлуудыг хүлээн авсан болон ажил гүйцэтгэгчтэй байгуулсан нэмэлт гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн актаар ажлын үр дүнг хяналтын инженер Б.Х хүлээн авснаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Түүнчлэн, дээрх актад ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн болохыг дүгнэж, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж буй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Б.Э, Б.Э нар гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсныг үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсний нэгэн адил тооцно.

Улмаар 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2019/88 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан байх тул нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй, хариуцагч зохих хөлсийг төлөх үүрэгтэй байна.

4.4. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан.

Хариуцагч байгууллага ажлын үр дүнг хүлээн авсан атлаа гэрээгээр тогтоосон хугацаанд хөлс төлөх үүргээ биелүүлээгүйг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гэж үзэх ба ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авсан бол түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхээс үл хамааран хөлс төлөх үүрэгтэй.

Хариуцагч байгууллагын хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаар тогтоол, тус газрын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-09 дугаартай албан даалгаварт Хаппи бьюлдинг ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ажлыг бүрэн хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр алданги төлүүлэх агуулга бүхий шаардлагыг тусгажээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас -д хяналт шалгалт хийх явцад тус сургууль нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдох баримт бичгийг дутуу гаргаж өгсний улмаас дээрх албан даалгавар гарсан, энэ нөхцөл байдал нь хожим илэрч Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-09 дугаартай албан даалгаврыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүчингүй болгосон.

Иймд дээрх албан даалгавар болон тогтоол нь хариуцагчийг хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан тул ажлын хөлс төлөхөөс татгалзах эрхгүй гэж ойлгоно.

Хэргийн баримтаар хариуцагч нь хөлс төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 46.1-д Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 1 хувь байна гэж тогтоосон нь алданги төлөхөөр зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Дээрх тохиролцоо хуульд нийцээгүй тул хариуцагчийн төлвөл зохих алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцох үндэслэл болохгүй, ингэж тооцох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын зарчимд нийцэхгүй.

Гэрээний тусгай нөхцөлийн 46.2-т Нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж алдангийн хэмжээг тухайлан зохицуулсан байх ба энэхүү тохиролцооны агуулгыг гэрээний бусад нөхцөл болон агуулгатай харьцуулан тодорхойлж, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох нь талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэв. Иймд дээрх гэрээний нөхцлөөр хариуцагчийн төлвөл зохих алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 298,630,343 төгрөгийн 10 хувиар гаргуулахаар шийдвэрлэж, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

5. Дээрхийг нэгтгэн дүгнэж, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 298,630,343 төгрөг, алданги 29,863,034 нийт 328,493,377 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 494,350,139 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон тул хассан өөрчлөлтийг оруулна.

7. Хариуцагч талын гаргасан дараах давж заалдах гомдол мөн хангагдахгүй.

7.1. Талууд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгасан, тухайн хугацааны дотор нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7.2. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7.3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-09 дугаартай албан даалгавар хүчингүй болсон, хүчингүй болсон захиргааны акт ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүйгээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Дээрх албан даалгаврын үндэслэл, түүний нөхцөл байдлыг тодруулж, хэрэгт ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийгээгүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

7.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ТМ2023/05891 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. тухайн шүүх хуралдаанд оролцоогүй нь тогтоогдсон, түүнийг шүүх хуралдаанд оролцсон мэт шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа байх ба энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

7.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

8. Мөн анхан шатны шүүхээс 441,972,907 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/03694 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1 гэснийг хасаж, 447,945,515 төгрөг гэснийг 328,493,377 төгрөг гэж, 374,898,001 төгрөг гэснийг 494,350,139 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2,397,678 төгрөг гэснийг 1,800,417 төгрөг гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА