Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00530

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04250 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,650,948,028 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, А.Э*******, Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 04/20-306 тоот дугаартай зээлийн гэрээгээр 2,300,000,000 төгрөгийг сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар авсан.

1.2. Мөн өдөр 04/20- дугаартай барьцааны гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, хороо, Туул 56 хэсэг гудамж, тоот хаягт байршилтай 2,664 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй хүнсний үйлдвэрийн барилгын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 14,988 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан.

1.3. Дээрх зээлийн төлбөрт ******* ХХК нь үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй, хүүгийн төлбөрт 654,123,959.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,342,616.75 төгрөг нийт 655,466,576.64 төгрөгийн төлбөр төлсөн.

1.4. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1.5. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,300,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 327,790,493.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 23,157,534.25 төгрөг нийт 2,650,948,028.05 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх тул дээрх зээлийн төлбөрийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бид эвлэрэх асуудлаар санал хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тодорхой хариуг өгөөгүй. Өндөр үнийн дүнтэй зээл учраас бид эвлэрэх хугацааг урт тавихаас өөр арга байгаагүй.

2.2. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар тооцоолол алдаатай гэж үзэхээр байна.

2.3. Хугацаа дууссан гэрээний хувьд үндсэн зээлийг төлөх үүрэгтэй. Зээл тооцооллын тухайд яг хэдэн төгрөг төлөөгүй гэдгийг сайн мэдэхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,650,948,028.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, ******* ХХК-ийн өмчлөлийн Ү-******* дугаар, 2664 м.кв талбайтай, Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байршилтай , Г- дугаар, Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах, үйлдвэрийн барилга байгууламж, бусад газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,482,890 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,482,890 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М******* миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж, миний үйлчлүүлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхэд миний оролцох 4 шүүх хуралдаан давхацсан байсан. Улмаар миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2 шүүх хуралдаандаа оролцож шийдвэрлүүлэхээр ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10-д шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах" эрх маань зөрчигдсөн, энэхүү эрхийг зөрчих хуульд заасан үндэслэл анхан шатны шүүхэд байгаагүй.

4.2. ******* ХХК нь хуш модны самрыг түүж бэлтгэн, бүтээгдэхүүн болгон гадаад улсад экспортлох чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийг энэхүү бизнесийн үйл ажиллагаандаа зориулан авч, зориулалтын дагуу зарцуулсан. Бидний бизнесийн онцлог нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн бодлого зохицуулалтын газар, Гааль, Татварын байгууллага, орон нутгийн ойн ангиуд, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын зөвшөөрөл, гэрчилгээний үндсэн дээр явагддаг.

Гэтэл 2020 оноос Монгол Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын буруутай үйл ажиллагаа, самрын бизнесүүдийг боомилсон алдаатай шийдвэрээс шалтгаалж гарал үүслийн гэрчилгээ авч чадалгүй, улмаар экспорт, худалдааны үйл ажиллагаа ихээхэн доголдсон. Хэдий тийм боловч манай компани 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 654,123,959.89 төгрөгийн хүү, 1,342,616 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлж, үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хичээж ажилласан.

4.3. Өөрсдөөс үл хамаарах гадаад, давагдашгүй хүчин зүйлийн улмаас бизнесийн үйл ажиллагаанд төвөг, саад учирч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гарал үүслийн гэрчилгээ олгогдоогүйгээс гадна коронавируст цар тахал Ковид 19-ийн хорио, дэглэмийн улмаас гадаад худалдаа, экспортын үйл ажиллагаа зогссон, энэ нь бизнесийн үйл ажиллагааг зогсоох бодит шалтгаан болсон.

Банк бизнесийн зээл олгоод, тус зориулалтын дагуу бизнес хийж байгаа компани нь урьдчилж мэдэх боломжгүй цар тахал, хилийн хориг, дэглэмээс шалтгаалан алдагдалд орсон бол зээлдэгчээ дэмжсэн тодорхой үйл ажиллагаа явуулах үүрэгтэй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний нэг тал ямар ч эрсдэлгүй, цаг үеийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран үүргийг бүрэн нэхэмжилж болдог, харин зээлдэгч нь улс төр, нийгмийн тогтворгүй байдал, төрийн шийдвэрийн улмаас хохирч байдаг нь шударга биш, гэрээний талуудын тэгш байдлын зарчимтай нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

4.4. Дээрх асуудлаар манай компани банкинд удаа дараа хандаж боломж олгох, хугацаа графикаа шинэчлэх, шүүхийн шатанд эвлэрэх бүх арга замыг эрэлхийлж хүсэлтүүдээ гаргаж, хэд хэдэн удаа биечлэн уулзаж байсан.

******* зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны хүндрэлтэй байдлыг харгалзан үзэх, хүсэлт шаардлагыг хүлээн авахгүйгэр барахгүй, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж, "*******" ХХК-иас үндсэн төлбөрөөс гадна хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

4.5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж зааснаар зээлийн нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хариуцлага юм.

Дээрх давагдашгүй хүчин зүйл, коронавируст цар тахлын нөлөөллөөс доголдсон бизнесийн үйл ажиллагааны улмаас төлөгдөөгүй зээлд давхар хариуцлага тооцож, 23,157,534.25 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

4.6. Мөн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан зээлийн хувийн хэргийг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн менген хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Зээлдүүлэгч нь олгосон зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө", 22.2-т Зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэрийг заасан.

Зээлийн хувийн хэргээс зээлийн зориулалт, зээлийн ашиглалтыг шалгасан баримт, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгосон арга хэлбэр, түүнтэй холбоотой баримтуудыг судлах нь энэхүү хэрэгт ач холбогдолтой байсан. Эдгээр баримтуудаас шалтгаалж хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн нэхэмжлэх талаарх тооцооллыг хийх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах талаар тодруулснаар хэргийг шийдвэрлэх ёстой.

Учир нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 04/20- тоот барьцааны гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 04/20-308 батлан даалтын гэрээнүүд тус тус байгуулагдсан.

Батлан даалтын гэрээнд зааснаас дүгнэхэд зээлийн гэрээний үүргийг хангуулах эхний арга нь батлан даалтын гэрээ байна. Улмаар батлан даалтын гэрээ хүчинтэй байсаар атал, барьцаагаар үүргийг хангуулах нь гэрээний үүргээ зөрчсөн явдал мөн. Үйлдвэрийн барилга болон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хамгийн эцсийн арга бөгөөд дээрх барьцаа, батлан даалтын гэрээний шаардлагад бүрэн нийцнэ.

Иймд зээлийн хувийн хэргээс 22.2.3-д заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгосон арга хэлбэр, түүнтэй холбогдох мэдээлэл" ач холбогдолтой байсан, зээлийн хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын тэгш мэтгэлцх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан процессын эрхээр хангагдаж чадсангүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгосон арга хэлбэрийг гарцаагүй тодруулснаар "барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах" шаардлагыг шийдвэрлэх ёстой байсан.

4.7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн "Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2, 216.3, 216.4-д заасан дарааллаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Төлөгдсөн 655,466,576.64 төгрөгөөс үндсэн үүргийн гүйцэтгэл хангагдах ёстой байсан.

4.8. Зээлийг тэргүүн ээлжинд батлан даалтын журмаар хангуулах тул батлан даагчдыг хамтран хариуцагчаар татах шаардлагатай. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлт хангагдаагүйгээс үүссэн үр дагаврыг арилгуулахын тулд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангуулж, нэхэмжлэлийн үнийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийлгэснээр, шаардлагатай бол хамтран хариуцагч татуулснаар хэргийг шийдвэрлүүлэх боломж олгохыг хүсье.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт гэрээ байгуулагдсан ба тухайн гэрээний хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан. ******* 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр буюу тухайн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй.

Зээлийн гэрээний 2.2.7-д зээлийн төлбөрийг төлөх дарааллыг талууд Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцон гэрээ байгуулсан.

5.2. Засгийн газрын авсан арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэх тайлбарт харилцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу *******ны зүгээс харилцагч нартаа боломж олгон зээлийн гэрээг нэг удаа сунгасан.

5.3. Хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалд өгсөн гомдолдоо 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 01, 12 дугаар сарын 08 гэх 3 мэдэгдэх хуудсыг өгсөн. Гэтэл маргаан бүхий хэрэг маргаан нь 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу хойшилж, 1 сарын өмнө хурлын тов зарлагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй нотлох баримтын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэхгүй.

5.4. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, хэрэв барьцааны гэрээгээр барьцааны үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тус хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даагчаар нөхөх хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна.

Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал Ковид-19 цар тахлын үед хариуцагч талд хангалттай хугацаа олгосон буюу гэрээг 1 жилээр сунгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээж хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,650,948,028 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 04/20-306 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ******* ХК нь 2,300,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хуш модны самарын түүхий эд бэлтгэх, сав баглаа боодол сайжруулах, маркетинг, үйл ажиллагааны зардлын зориулалтаар хариуцагчид зээлдүүлэх, ******* ХХК нь зээл, хүүгийн төлбөр төлөх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 9-11 дүгээр тал/

3.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хороо, гудамж тоот хаягт байршилтай, 2,664 м.кв талбайтай хүнсний үйлдвэрийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хороо, гудамж тоот хаягт байршилтай, 14,988 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцааны гэрээний дагуу барьцаалжээ. /хх-ийн 13-18 дугаар тал/

3.3. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн үндсэн төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 12 дугаар тал/

3.4. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээний хугацаанд 655,466,576 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, харин үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүйгээс тооцоолол алдаатай гэх агуулгаар маргажээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээгээр хариуцагч сар бүр тогтсон хугацаанд хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хэсэгчлэн төлөхөөр тохирчээ.

4.2. Хариуцагч нь зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, энэхүү зөрчлийг арилгах талаар нэхэмжлэгч тал удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна.

Дээрх гэрээний үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй, ийнхүү цуцлагдсанаар хариуцагч нь зээлийн гэрээ цуцлагдах хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

Хариуцагч нь гэрээ цуцлагдсан 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2,300,000,000 төгрөг, хүү 327,790,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,157,534 төгрөг, нийт 2,650,948,028 төгрөг төлөх болох нь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтаар тогтоогдсон байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчимд нийцнэ.

4.3. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал нь үүрэг гүйцэтгэгчийн сонгох эрхэд хамаарахгүй, хариуцагч зээлийн гэрээний хугацаанд гэрээний 2.2.7-д заасан дарааллаар үүргийг гүйцэтгэх тул хариуцагчийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 655,466,576 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцохгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, давж заалдах гомдол хангагдахгүй.

5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

6.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь, хуульд зааснаар өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй боловч энэ нь үндэслэл бүхий байх, нотлох баримтад тулгуурласан байх нь хуульд нийцэх юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсанчлан хэд хэдэн шүүх хуралдаан давхцах тохиолдолд өөрийн ажил, үүргийн хуваарилалтад шүүх хуралдааны товыг зохицуулах нь өмгөөлөгчийн үүрэгт хамаарна. Иймд цаг хугацааны хувьд хожим мэдсэн шүүх хуралдааныг давхацсан гэж үзэхгүй, зарим шүүх хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

6.2. Нэхэмжлэгчээс зээлийн хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хариуцагч талын хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

6.3. Нэхэмжлэгчийн шаардах эрх нь субъектив эрх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах хэд хэдэн аргуудаас алиныг сонгох нь түүний хүсэл зоригт хамаарах тул нэхэмжлэгчийн шаардлагаар, хуульд нийцсэн гэрээг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хамгийн эцсийн арга, зээлийг тэргүүн ээлжинд батлан даалтын журмаар хангуулах, батлан даагчийг хамтран хариуцагчаар татах шаардлагатай гэх гомдол үндэслэлгүй.

6.4. Хэргийн үйл баримтаас үзэхэд зээлийн гэрээний хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зээл төлөх хугацаа болон хуваарийг зээлдэгчийн хүсэлтээр өөрчилсөн арга хэмжээг авсан байна. Иймээс коронавируст цар тахлын үед зээлийн төлбөр төлөх хугацаа болон хуваарийг зээлдэгчийн хүсэлтээр өөрчилсөн, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь хариуцагчаас хамаараагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА