| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 174/2020/0163/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 54
Б.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, иргэний нэхэмжлэгч О.Батхангай, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Б.С-д холбогдох 1930 00162 0272 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б.С
Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Х.Ургаа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх нь шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” заалтыг зөрчиж яллах дүгнэлтэнд дурдагдсанаас хальж тухайн хэрэгт хамааралгүй нотлох баримтыг мөн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар мөн дүгнээгүй. Яллах дүгнэлтээр яллаж буй хэргийн тухайд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт тавигдаж Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 543, 559 дугаартай шүүгчдийн захирамж гарч Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр биелэгдсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс тухайн захирамжийг тайлбарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэдэгт энэ хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх болон хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийтгэх, цагаатгах тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, прокурорын тогтоол хамаарна гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 543, 559 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэргийн үйл баримт болох тухайн албан тушаалын байдлаа ашиглан бусдад болон өөртөө давуу байдал үүсгэсэн эрүүгийн хэргийн хохирол төлбөр болох санхүүгийн акт гаргасан бөгөөд энэхүү шийдвэрээр Б.С нь өөрт оногдсон хариуцлагыг бүрэн хүлээсэн билээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж хуульчилсан.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрдүүлэгч үндсэн суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг үйл ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлт байдаг.
Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон гэрчээр өгсөн мэдүүлэгт 2.000.000 төгрөгийг зээлсэн талаар удаа дараа тайлбарласаар атал шүүхээс шийтгэх тогтоол уншиж сонсгохдоо зээлийн гэрээ байхгүй байна гэж дүгнэж буй нь илт хууль бус дүгнэлт бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж хуульчилсан бөгөөд энэхүү харилцаа нь Иргэний эрх зүйн амаар хийсэн хэлцэл байсан. Амаар хэлцэл хийсэн зээлсэн гэдгийг гэрч нар мөн хэлж мэдүүлсэн байдаг.
Мөн яллах дүгнэлтэд дурдсанаар цалингийн урьдчилгаа авсан нь Иргэний эрх зүйн нэгэн харилцаа юм. Яагаад гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж хуульчилсан бөгөөд тухайн хуулиар бие даан Иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг нь хуульчилсан.
Энэхүү Иргэний эрх зүйн харилцаанд оролцсоноороо 2.000.000 төгрөгийг авсан этгээдэд ямар давуу байдал үүссэн, бусдын эдлэх ёстой байсан ямар боломжийг хаасан, мөн цалингийн урьдчилгаа авснаараа өөртөө ямар давуу байдал үүсгэсэн хэн нэгэн этгээд болон бусдын эдлэх ёстой ямар боломжийг хаасан гэдэг талаар шүүхээс огт дүгнэлт өгөөгүй бөгөөд энэхүү гэмт хэргийн тухайн шинж нь хангагдаагүйг үүнээс давхар нотлогдож байна. Энэхүү шинж нь тухайн гэмт хэргийн объектив талын шинж огт байхгүйг давхар нотлох бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй нь шийтгэх тогтоол, магадлалаас харагдаж байна.
Хуулийн үндсэн суурь зарчимд хэн нэгэнд хариуцлагыг давхардуулан оногдуулахыг хориглож сануулсан бөгөөд шүүгдэгч Б.С нь тухайн гаргасан зөрчилдөө Захиргааны актаар хариуцлага тооцуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр актанд тавигдсан зөрчлийг арилгасан.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т “Тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэсэн заалтыг илт буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүгдэгч Б.С-д холбогдох Захиргааны акт хүчин төгөлдөр болсон мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба мөн зүйл, хэсгээр шүүх гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Б.С-д холбогдох хэргийн талаар 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 42 дугаартай албан тоотыг аймгийн прокурорын газарт хүргүүлж, зөрчил шалгуулах талаар, гэмт хэргийн талаарх мэдээлэл өгсөн. Б.С-д холбогдох зөрчлийн асуудал анхан шатны баримтаар нотлогдоогүй, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, мөн албан тушаалтныг шалгах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдээллээр шалгагдаж эхэлсэн. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн хэрэг. Б.С-д холбогдох хэргийн улмаас “Сүхбаатар-Нийтлэг үйлчилгээ” ОНӨҮГ-т 3.054.400 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь 300.000 төгрөг, 400.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, 2.000.000 төгрөгийг Мөнхбаяр гэх хүнд зээлдүүлсэн, буудлын орлого болох 345.400 төгрөгийг өөртөө зарцуулсан буюу бусдад болон өөртөө давуу байдал олгосон гэж үзэж гэм буруутайд тооцсон. Энэ талаар прокурор болон анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдэл нь тогтоогдсон, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Гомдолд дурдагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасан улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлүүлсэн нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Б.С-г Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Нийтлэг үйлчилгээ" орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын данснаас төсвийн хөрөнгө болох 2.000.000 төгрөгийг иргэн Ш.Мөнхбаярт зээлүүлж бусдад давуу байдал бий болгосон, мөн буудлын орлогоос 10 хувийг төвлөрүүлэн зарцуулахдаа 354.400 төгрөгийг хувьдаа зарцуулсан, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа нэрийдлээр авсан боловч 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн цалингаас суутгалгүй завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.С-н гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангаагүй, дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.С-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдал буюу харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын шинж, агуулга, эх сурвалж бодитой эсэх зэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж үнэлээгүй, хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэв.
Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн гомдол, хууль зүйн дүгнэлтээс үзэхэд Б.С нь “Сүхбаатар-Нийтлэг үйлчилгээ” ОНӨҮГ-ын даргаар ажиллаж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байхдаа 2.000.000 төгрөгийг Ш.Мөнхбаяр гэх хүнд зээлдүүлсэн, 700.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэх хэлбэрээр түр авч ашигласан, буудлын орлого болох 345.400 төгрөгийг авч ашигласан байх боловч тухайн зөрчил бүхий асуудал Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгагдаж улмаар улсын ахлах байцаагчийн 31-03/53, 31-03/52 дугаартай актууд тавигдсан, мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 543, 559 дугаартай захирамжууд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 543, 559 дугаартай шийдвэрийн дагуу Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас хүргүүлснээр Б.С дээрх зөрчлийг арилгасан болох нь тогтоогдсон, харин тухайн хүчин төгөлдөр акт, холбогдох шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл, баримт хэрэгт байхгүй байна.
Нэгэнт Б.С-н гаргасан үйлдэл зөрчил болохыг улсын байцаагч актаар тогтоосон, тус акт хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу баталгаажин зөрчлийн улмаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулсан баримтууд нь Б.С гийн үйлдлийг гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй болохыг нотлон илэрхийлжээ.
Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.
Гэтэл Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай “Зөрчил хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэн тус аймгийн прокурорын газраас Б.С д холбогдох дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг нарийвчлан шалгаж, эрх зүйн ач холбогдол бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай, харин дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.
Б.С-н үйлдэл дээрх хууль зүйн болон онолын шаардлагыг хангаагүй, зөрчлийн шинжтэй үйлдэл бөгөөд улсын ахлах байцаагчийн акт тавигдаж зөрчлийн арга хэмжээ авсныг үл харгалзан тухайн үйлдэлд нь давхардуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.С-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүний өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан “... хариуцлагыг давхардуулан оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Б.С-н өмгөөлөгч Х.Ургаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН