Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00127

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00127

 

 

 

 

 

 

 

 

2024 01 12 210/МА2024/00127

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны

өдрийн 183/ШШ2023/03726 дугаар шийдвэртэй,

 

Д.О-ын нэхэмжлэлтэй, Л.Э- Д.Б- нарт холбогдох, үндэслэлгүй хөрөнгөжсөний үр дагаварт 70,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Л.Э-, Д.Б- нар нь 2013 онд байр ашиглалтад орох хүртэл түр хугацаанд түрээслэн амьдрах байр хэрэгтэй байна гэж миний ээж Д.Т-т хэлж, ээж надтай ярилцаж, зөвшилцсөний дагуу бид өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 000 тоот байранд тэднийг 2013 оны 08 сараас 2018 оны 12 сар хүртэл 5 жил, 5 сарын хугацаанд амьдруулсан. Хариуцагч нар нь түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Хариуцагч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргаж байж орон сууцнаас албадан гаргуулж байсан.

 

Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд 4 өрөө орон сууц түрээсэлсэн бол 5 жилийн хугацаанд 70,450,000 төгрөгийг төлөх зардал гаргах байсан. Энэ талаар бид мэргэжлийн байгууллагад хандан 2013-2018 оны хооронд хотын төвд байрлалтай 63 м.кв, 4 өрөө байрны түрээсийн зах зээлийн ханш хэдэн төгрөг байсан талаар үнэлгээ хийлгэхэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлангаар 70,450,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Иймд хариуцагч нарыг 70,450,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний төрсөн ах Л.А-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 000 тоот орон сууцанд 2013 оны 08 сараас 2018 оны 12 сар хүртэл 5 жил, 5 сарын хугацаанд амьдарсан нь үнэн. Тухайн үед түрээс, төлбөрийн талаар ямар ч яриа хэлцэл хийгдээгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Л.Э-, Д.Б- нараас 70,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Шүүх хуралдааныг 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 10:00 цагт зарласан ч тус өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт урьдчилан мэдэгдээгүй. Нэхэмжлэгч Д.О-д шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй. Шүүх хуралдааны болсон 2023 ны 11 сарын 15-ны өдрийн 9:55 цагт шүүхээс нэхэмжлэгчтэй утсаар "Хуралдаа ирэх болж байна уу?" гэж холбогдсон байдаг. Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдээгүй нь хурлын тов мэдэгдэх хуудсаар нотлогдож байгаа.

 

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо би тус өдөр өөр шүүх хуралдаантай, хурал давхцсан байсан тул уг шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байдаг. Уг хүсэлт болон давхцсан шүүх хуралдааны товыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл үүнийг шүүх харгалзаж үзээгүй нь талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчим, мөн талууд өмгөөлөгчтэй оролцох, нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

 

Мөн шийдвэрт ...нэхэмжлэгч Д.О-ын ...байр ашиглалтад орох хүртэл түрээслүүлнэ, түрээс төлнө гэж хэлж орчихоод энэ хугацаанд нэг ч удаа түрээс, төлбөр бидэнд төлөөгүй... гэх тайлбар үндэслэлгүй буюу Д.О-, Л.Э, Д.Б- нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нараас түрээсийн төлбөр шаардах эрхгүй гэж үзжээ. Талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй түрээсийн төлбөр төлнө, төлөхөө илэрхийлснийг баталсан бичиг байдаг. Энэ хариуцагч талаас түрээсийн төлбөр төлнө, төлөхөө илэрхийлж байгаа юм. Нэхэмжлэгч талаас үүнийг нотлох боломжтой байсан ч нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, мэдэгдээгүй, мөн талуудыг өмгөөлөгчтэй оролцох эрхээр нь хангаагүйгээс шүүх процессын ноцтой алдаа гаргасанд гомдолтой байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч Л.Э-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үр дагаварт 70,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хууль зөрчсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүх 2023 оны 11 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг зохигчийн хүсэлтээр хойшлуулж 2023 оны 11 сарын 15-ны 10:00 цагт хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааны товыг тогтоожээ. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо биечлэн оролцож дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн, товд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүрэлцэн ирээгүй, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг, баримтын хамт шүүхэд ирүүлжээ. Хэргийн баримтаас үзвэл өмгөөлөгч Д.Оросоо нь 2023 оны 11 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 10:00 цагт хэргийг хэлэлцэх товыг тогтоох үед товыг өөрчлөх, тухайн хугацаанд өөр шүүх хуралдаан давхацсан талаарх саналаа илэрхийлээгүй, мөн хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт нь мөн шүүхээс шүүх хуралдааны тов тогтоох үед товлогдоогүй байсан гэж үзэхээр байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг даруй шийдвэрлэж, хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахаар заасан боловч анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хуульд нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Тус шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэж, захирамжийн агуулгыг танилцуулсан гэж шүүх хуралдааны тэмдэглэлд бичигджээ. Гэвч шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахдаа хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь тодорхойгүй, хүсэлт шийдвэрлэсэн захирамж хэрэгт нотлох баримтаар авагдаагүйн зэрэгцээ шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлтийг хангасан эсэх захирамжийн агуулга тодорхой тусгагдаагүй байна. /хх 65-66/

 

6. Анхан шатны шүүхийн уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, улмаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 511,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ