Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2016/0532/З |
Дугаар | 56 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 56
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Мэдээллийн технологийн газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх, интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн мэдээллийн технологийн газар “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх” тендерийг зарласан байна. Нийслэлийн мэдээлэл технологийн газар нь энэхүү тендерийн захиалагч болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, мөн нийслэлийн өмчит бүх үйлдвэр, аж ахуйн газар хуулийн этгээдийн харилцаа холбооны зардлын төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж өөрийгөө үзсэн нь энэ байдлаараа энэхүү тендерийг зарлах эрхгүй байгууллага тул энэ үйлдлээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 ба 3 дугаар зүйлийг зөрчсөн, хуулиар түүнд эрх олгогдоогүй байхдаа нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны акт гаргасан үйлдлээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52.1.3, 11.1, 11.1.2 дүгээр заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.3-ыг тус тус зөрчсөн байна.
Нийслэлийн мэдээлэл технологийн газар нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн олон заалтыг оруулсан байна. Бид энэхүү үндэслэлээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргасан.
Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас зарласан энэхүү тендер нь мэдээллийн технологийн зах зээлийн төрийн байгууллагаас шууд зохицуулах зорилготой, шударга өрсөлдөх зарчмыг зөрчсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн олон заалтыг зөрчсөн, “М” ХК-ийн зах зээлээс шууд шахан зайлуулах үр дагавартай, өртгөөс доогуур үйлчилгээний үнэ тариф тогтоох шаардлага үүсгэж байгаа, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнд төрийн хөрөнгийг зөвхөн нэг компанийн бизнес болох боломжтой байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зарласан “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх, интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх” тендерийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:
“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд захиалагч” байна гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжаар үүрэг болгон, эрх шилжсэний дагуу Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг оролцуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулан “Харилцаа холбооны зардлыг хэмнэх, интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх” тендерийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүх оролцогч нарт урилга хүргүүлэн зарласан. Тендерийн баримт бичгийг нийт 6 компани авсан. /М ХХК, С ХХК, Ж ХХК, М ХК, Ю ХХК, А ХХК/ Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нээх байсан боловч “М” ХК Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр тендер шалгаруулалтын материал хүлээн авах, нээлт хийх үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. “М” ХК нь манай газраас зарласан тендер нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэх гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт урьд нь гаргаж байсан. Тус газраас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/432 тоот албан бичгээр тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил байхгүй тул тендерийг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдэж байна гэж хариу ирүүлсэн болно.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендерийн бичиг баримттай танилцан зарим нэг заалтад өөрчлөлт хийж тендерийг нээх шийдвэр өгсний дагуу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр оролцогч нарт мэдэгдэл хүргүүлэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад нээсэн. Үүнтэй холбоотойгоор “М” ХК 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын А/347 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж хүсэлт хэлэлцэх ажиллагаа 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн болж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлснээр тендер түр хугацаагаар зогссон.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан байдаг учир “М” ХК нь шүүхэд гомдол гаргах эрхгүй байна. Энэхүү тендерийн баримт бичгээр ямар нэгэн байгууллага шалгараагүй, үнэлгээ хийгдээгүй байгаа тул “М” ХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй.
Үүнийг үнэн зөв эсэхийг шалгаж Сангийн яам албан ёсоор хариу өгсөн. Сонгон шалгаруулалт явагдах процессын үед 2-3 удаа “М” ХК-ийн зүгээс гомдол гаргасан байдаг. Тухай бүр нь шалгуулж зөвлөмжийн дагуу ажилласан. Захирамж эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн ба нутгийн захиргааны байгууллагууд гаргах ёстой байтал дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргүүдийн төсвийг оруулж ирсэн тул эрх мэдлээ хэтрүүлсэн гэх заалтаар хүчингүй болсон болохоос биш хуулийн хүрээнд явагдаагүй гэсэн нөхцөлөөр цуцлагдаагүй юм. Тендерийн бичиг баримт хуулийн дагуу явагдсан хууль бус үйл ажиллагаа байхгүй юм. Засаг даргын шийдвэрээр хүчингүй болсон тул тендертэй холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон.
Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утасны үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн үйлчилгээг авч, одоогийн харилцаа холбооны зардлыг хэмнэж ажиллах” зорилгоор “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх тухай” А/347 дугаар захирамжийг гарган, “үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулан ажиллахыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газарт” даалгажээ.
Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийг үндэслэн Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/20 дугаар тушаал гарч “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх” тендер сонгон шалгаруулалтыг зарласныг нэхэмжлэгч “М” ХК-иас эс зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх, интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх тендерийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Тендерийн баримт бичгийн 57 дугаар талд дурдсанчлан энэхүү тендер сонгон шалгаруулалтаар нийслэлийн бүх шатны байгууллагууд буюу 9 дүүрэг, 152 хороо, үйлчилгээний 3 нэгдсэн төв зэрэг нийт 279 байгууллагад интернет болон суурин утасны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, 3 жилийн хугацаанд дээрх үйлчилгээ үзүүлэх эрх олгох зорилготой бөгөөд “М” ХК-иас “мэдээллийн технологийн зах зээлийн төрийн байгууллагаас шууд зохицуулах зорилготой, шударга өрсөлдөх зарчмыг зөрчсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн олон заалтыг зөрчсөн, “М” ХК-ийн зах зээлээс шууд шахан зайлуулах үр дагавартай, өртгөөс доогуур үйлчилгээний үнэ тариф тогтоох шаардлага үүсгэж байгаа, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнд төрийн хөрөнгийг зөвхөн нэг компанийн бизнес болгох боломжтой” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхээс тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий акт болох “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх” тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах “Үнэлгээний хороо байгуулах тухай” Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаалын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр “нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа зохицуулалт бүхий хуулийн заалтуудыг буруугаар тайлбарлан, өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, өөр өөрийн батлагдсан төсвийн хүрээнд бие даан шийдвэрлэх асуудлыг ийнхүү нэгтгэн шийдвэрлэснээрээ хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрх хэмжээнд халдсан төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөд хүргэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 642 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлттэй хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа уг сонгон шалгаруулалтыг зогсоосон болохыг албан ёсоор мэдэгджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаалын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул уг захиргааны актад шүүхээс дахин хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Нэгэнт Нийслэлийн мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/20 дугаар тушаалын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А347 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдсон тул түүнийг үндэслэн гарсан “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх” тендерийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.
Иймд, “М” ХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасныг тус тус үндэслэн “М” ХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх тендер зарласан” А/20 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА