Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00068

 

 

 

 

 

 

 

   2024       01            05                                    210/МА2024/00068

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/04550 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 182,802,373 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ш ХХК буюу З ХХК нь Э.А-тэй байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001103 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001104 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 тоот зээлийн гэрээгээр 48,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 тоот зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийг сарын 4.4 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ1310001738 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай тус тус зээлдүүлж нийт 127,000,000 төгрөгийн зээл олгосон. Э.А- нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас дараах зээлийн гэрээний үүрэг үүсээд байна.

а/. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001103 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 960,685.46 төгрөг, хүү 4,970,036.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 145,377.89 төгрөг буюу нийт 6,076,100 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл үндсэн зээл 9,039,314.54 төгрөг, хүү 9,508,065.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 962,280.45 төгрөг, нийт 19,509,660.50 төгрөг,

б/. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001104 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 367,790.37 төгрөг, хүү 2,536,813.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,156.36 төгрөг буюу нийт 2,979,760 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 4,632,209.63 төгрөг, хүү 4,866,329.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 491,851.93 төгрөг, нийт 9,990,390.57 төгрөг,

в/. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 649,214.04 төгрөг, хүү 56,988,052.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,483,073.15 төгрөг буюу нийт 64,120,340 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 47,350,785.96 төгрөг, хүү 17,582,321.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487,159.70 төгрөг, нийт 65,420,267.54 төгрөг,

 г/. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 923,049.11 төгрөг, хүү 14,020,471.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 529,309.74 төгрөг буюу нийт 15,472,830 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл үндсэн зээл 19,076,950.89 төгрөг, хүү 16,241,950.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,289,541.65 төгрөг, нийт 36,608,443.40 төгрөг,

д/. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,106,326.18 төгрөг, хүү 6,169,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,498.82 төгрөг буюу нийт 26,412,000 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн зээл 3,893,673.82 төгрөг, хүү 4,866,783.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 585,144.30 төгрөг, нийт 9,345,601.34 төгрөг,

е/. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ310001738 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 560,110.67 төгрөг, хүү 4,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,989.33 төгрөг буюу нийт 5,148,100 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл үндсэн зээл 19,439,889.33 төгрөг, хүү 20,422,412.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,065,707.58 төгрөг,  нийт 41,928,009.84 төгрөг тус тус төлөх үүрэг үүссэн.

Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нийт  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 103,432,824.17 төгрөг, хүү 73,487,863.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,881,685.61 төгрөг, нийт 182,802,373.19 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь нийт 6 гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр гэрээнүүд нь сунгагдаагүй бөгөөд эхний гэрээний хувьд хүү шаардах эрхгүй, 3 дахь гэрээний хувьд Ж.А- төлөөд дуусчихсан атал дахин гэрээний үүрэг шаардаж байна. 4 дэх гэрээ нь бичгээр байгуулагдаагүй. Э.А- гарын үсэг зураагүй, хүү шаардах эрхгүй, сунгаж байгаа бол мэдэгдэх үүрэгтэй. Өмнөх гэрээний харилцааг дуусгавар болгоогүй атлаа тасалдуулдаг, Э.А-г мөнгө төлөхөөр зээлүүдэд нь хуваагаад хийчихдэг. Иргэний хуульд заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.А-гээс зээлийн гэрээнүүдийн үүрэгт 129,770,754.58 /нэг зуун хорин есөн сая долоон зуун далан долоон мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг, тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч З ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 53,031,618.61 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,622,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 806,804 /найман зуун зургаан мянга найман зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч З ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй бөгөөд ЗГ1310001180 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсноос хойш төлсөн 62,200,340 төгрөг байх бөгөөд зээлийн гэрээний үндсэн үүрэг 48,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 62,200,340 төгрөг төлсөн байх тул энэхүү зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдсөн байна. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүй байна.

Анхан шатны шүүхээс зээлийн гэрээ тус бүр дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.4-т “...зээлдүүлэгч өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардана” гэж тохиролцсон байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч Э.А- нь удаа дараа компанийн үйл ажиллагаа доголдож дампуурал зарлах нөхцөл байдал бий болсон талаараа нэхэмжлэгч компанийн захирал болох П.Эрдэнэбаатартай уулзах бүрд хэлж мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2 дахь хэсэгт “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үр дагавар үүснэ; мөн хуулийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдах” гэж заасан. Дээрх хуулийн агуулгаас харахад үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 3 жилийн өнгөрсөн байхад гэрээний үүргүүдийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хугацаа хэтэрч хуримтлагдахад нэхэмжлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн бөгөөд хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсныг мэдсээр атал үүрэг гүйцэтгүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч олон удаагийн зээл авсан тул холбогдох хүүг тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл хэзээ гаргах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жилийн дараа хариуцагчийг дуудан ирүүлж ажиллагаа хийсэн. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд зээлийн гэрээ тус бүрийн хүүг тооцоод, илүү тооцсон хүүг хасаж шийдсэнд бидний зүгээс татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Ж.А- хамтран зээлдэгчээр орсон нь үнэн ч гэсэн өөрт холбогдох төлбөрөө төлчихсөн тул төлбөр нэхэмжлээгүй. Үндсэн зээлдэгч нь Э.А- тул түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч З ХХК нь Э.А-д холбогдуулан зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 103,432,824.17 төгрөг, хүү 73,487,863.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,881,685.61 төгрөг, нийт 182,802,373.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 134,606,904 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 317,409,277.19 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж үндсэн зээл 103,432,824.17 төгрөг, хүү 73,487,863.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,881,685.61 төгрөг, нийт 182,802,373.19 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч тал, өмнө нь Шүрэн капитал ББСБ ХХК нэртэй байсныг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр З ХХК нэртэй болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./1хх 5-9/

 

3. Нэхэмжлэгч “Зээл эм эн платформ ББСБ ХХК, хариуцагч Э.А-тэй дараах зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан байна. Үүнд:

3.1. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001103 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр,/1хх12-14/

3.2. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001104 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр,/1хх 16-18/

3.3. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 тоот зээлийн гэрээгээр 48,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, /1хх 20-22/

3.4. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ310001738 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн байх ба, талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан эсэх талаар маргаагүй байна./1хх 28-30/

 

Дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурсан, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд талууд гэрээндээ зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү болон хэтэрсэн хугацааны хүү, түүнчлэн нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул гэрээний 6.4-т зааснаар “зээлдүүлэгч өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг буцаан төлүүлэхээр буцаан шаардана” гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зээлийн эргэн төлөлт хийгдсэн болох нь зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцсэн байна./1хх 208-216/

 

5. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 тоот зээлийн гэрээг Э.А-, Ж.А- нартай байгуулсан байх ба, хамтран зээлдэгч Ж.А- нь нийт 57,970,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны дотор төлсөн тухай Хас болон Хаан банкны дансны хуулга хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Э.А-гээс уг зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасантай нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй. /1хх208-209, 211-212, 215-216/

 

6. Харин 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх тухай гэрээнд хариуцагч Э.А- гарын үсэг зураагүй атал, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг Э.А-гийн Хаан банкин дахь 5024694697 тоот дансанд шилжүүлсэн./1хх 24-26 /

 

Мөн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 тоот гэрээний үүрэг гэж шаардаж байх боловч нэхэмжлэгч нь уг гэрээг олдохгүй байгаа гэх шалтгаанаар шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 24,000,000 төгрөгийг Э.А-гийн Хаан банкин дахь 5024694697 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогджээ./1хх 32/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан болохыг нэхэмжлэгч талаас нотлоогүй байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

7. Иймд дээрх үндэслэлүүдээр бичгээр хийсэн зээлийн гэрээний үүрэг болон бичгээр хийсэн гэрээгүй зээлийн гэрээний үүргийн дүнг нэгтгэн тооцвол, нийт 138,963,498 төгрөг байх боловч анхан шатны шүүхээс 129,770,754.58 төгрөгийг хариуцагч Э.А-гээс гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 53,031,618.61 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул уг шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/04550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 545,560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ