Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00237

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00237

 

 

2024 01 31 210/МА2024/00237

 

В.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний

өдрийн 102/ШШ2023/04405 дугаар шийдвэртэй

В.А-ийн нэхэмжлэлтэй, УБТЗ-д холбогдох,

УБТЗ-ын Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.А-, өмгөөлөгч Ц.Отгонням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. В.А- нь УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанд 2020 онд ажилд орсон бөгөөд Замын даргын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн --тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдсөн. Хариуцагч нь В.А-ийг Б.Б-той холбоотой төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжид нэр нь ороогүй байхдаа шалгалтын багт орж ажилласан гэж буруутгадаг. Гэтэл уг багт орж ажиллах үүргийг дээд албан тушаалтан болох дотоод аудит хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.П- өгсөн гэдгээ гэрчээр мэдүүлсэн. Хариуцагч байгууллаггад мөрдөгдөж буй дүрмээр албаны орлогч дарга нь шалгагч нэмж, хасах эрхтэй байдаг.

1.2. Б.Б-той холбоотой шалгалтын удирдамжийг Замын дарга 2021 оны 06 сарын 18-ны өдөр баталсан бөгөөд 06 сарын 30-ны өдөр Б.Б-оос, 07 сарын 05-ны өдөр Б.Б-ын хадам эгч н.Э-с, 07 сарын 06-ны өдөр эхнэрээс нь тус тус тайлбар авсан. Ингээд хяналт шалгалтын тайлан 2021 оны 07 сарын 22-ны өдөр гарсныг хариуцагч мэдсэн тул В.А-т сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн. Шалгалтын ажлыг байгууллагын дүрэм, үнэмлэхэд зааснаар явуулсан тул мөрдөн мөшгөсөн зүйлгүй.

1.3. Б.Б-той холбоотой асуудал шүүхээр шалгагдаж 2022 оны 02 сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Шалгалтын удирдамжид орох бүрэлдэхүүнийг удирдамжид заадаг. Хүн нэмж оруулах хасах талаар зохицуулалт дүрэмд байхгүй. Удирдлагаас амаар үүрэг өгөөд явдаг. Иймд В.А-т үндэслэлгүй шалгалт явуулж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар нотолгоо баримтгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн тул өмнө эрхэлж байсан Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. В.А- нь ажилтан Б.Б-ын гэр бүлийн гишүүнээс мэдүүлэг авсан, банкны дансны мэдээллийг нь хууль бусаар шаардаж авсан, албаны даргын баталсан удирдамжгүй хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, УБТЗ-ын Хөдөлмөрийн дотоор журмын 14.1.4, Дотоод аудит хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.15, 4.3, Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.14, 5.3.8-д тус тус заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргах эрх зүйн үндэслэл болсон. Энэхүү зөрчил нь Замын орлогч дарга Н.Энхцогтын удирдан хийсэн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл болон бусад холбогдох баримт материалаар тогтоогдсон. Энэ маргаан 2022 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилж тухайн ажилтныг хууль бусаар мөрдөн шалгасан үйл баримтыг үндэслэн шүүхээс Б.Б-ыг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоосон. Энэ хугацаанд В.А-тэй холбоотой асуудал үргэлжилсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Байгууллагын дүрэм, журамд зааснаар нэхэмжлэгч нь удирдамжгүйгээр шалгалтын ажиллагаанд оролцох эрх, үүрэг олгогдоогүй ба шалгалтын удирдамжид нэр заасан байцаагч л хяналт шалгалт хийх үүрэгтэй.

2.2. Замын даргын 2021 оны 06 сарын 18-ны өдрийн удирдамжаар Б.Б- нь эхнэр Д.Э-гийн хамт хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор байгууллагын нэр болон албаны эрх мэдлээ ашиглан үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгахыг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагч И.Б-д даалгаж, бүрэлдэхүүнийг томилсон. Гэтэл энэ ажиллагаанд ямар ч удирдамжгүйгээр В.А- орж ажилласан. Ж.П- нь гэрчийн мэдүүлэгтээ амаар үүрэг өгсөн гэх боловч хариуцагчид тийм дүрэм, ойлголт байхгүй. Иймд В.А-ийн гомдол үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар УБТЗ-ын Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч В.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. В.А- нь 2021 оны 06 сарын 18-ны өдөр Худалдан авалт борлуулалтын албаны менежер Б.Б-той холбоотой зөрчилд 000000 тоот-удирдамжаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.П-ийн даалгаснаар шалгалтын ажиллагааг явуулсан. Тухайн үед Ж.П- нь Хяналт шалгалтын хэлтсийн дарга О.Б, УБТЗ-н- удирдлагууд амаар өгсөн үүргийн талаар танилцуулсан. Шалгалтыг үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж Замын даргын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн  тушаалаар В.А-ийг ажлаас халсан. Тухайн үед шалгалтын удирдамжийг 2021 оны 06 сарын 18-ны өдөр замын дарга баталж, В.А- нь шалгалтын ажиллагааг явуулсан байдаг. Гэтэл энэ ажиллагаанаас хойш 8 сар 30 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан. Б-д хийсэн хяналт шалгалтын тайлан 2021 оны 07 сарын 22-ны өдөр гаргасныг хариуцагчид хүлээлгэж өгснийг мэдсэн ч хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй. Энэ талаар анхан шатны шүүх Б.Б-ын ажлыг шалгасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн өдрийг зөрчил гаргасан сүүлийн өдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шийдвэрт В.А- албаны орлогч даргын үүрэг болгосноор удирдамжид заасан бүрэлдэхүүнд орж ажилласан, ажлын үнэмлэхэд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж маргасан ч Дотоод хяналт шалгалтын албаны дүрмийн 5.4.2-т албаны орлогч дарга нь удирдамжаар баталсан бүрэлдэхүүнд шалгагч нэмэх эрх олгогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шалгалтын бүрэлдэхүүнийг томилох гэдэг нь тухайн бүрэлдэхүүнд шалгагч нэмэх, хасах эрх байгаа гэж ойлгох ба 2023 оны 06 сарын 06-ны өдөр гэрч Ж.П-ийн мэдүүлэгт "Б-д хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтад орж ажиллахыг би амаар өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл албаны орлогч даргын үйлдлийг буруутай гэж шүүхээс үзсэн атлаа дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн В.А-ийг давхар буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04405 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. УБТЗ-н даргын  тушаалын хавсралтаар батлагдсан дотоод аудит хяналт, шалгалтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд зааснаар албаны дарга, орлогч даргад үүрэг даалгаврыг амаар өгөх эрх олгогдоогүй. Шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтаар хүний эрхийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоосон үйл ажиллагааг буруутай гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч В.А- нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Хариуцагч УБТЗ-ын даргын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн --тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, УБТЗ ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.14, 5.3.8, УБТЗ,ХНН-ийн дүрмийн 22-ийн а, з, и заалт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, мөн журмын 1.15, 4.3, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогтын 2022 оны 04 сарын 01-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын шалгалтын байцаагч В.А- нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай.

5.1. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч В.А- нь Замын даргын баталсан удирдамжаар шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй атлаа иргэн Д.Э-гээс тайлбар авсан, иргэн н.Ц, Д.Энарын банкны дансны хуулгыг гаргуулан авах, уг асуудлаар албан томилолтгүйгээр орон нутагт зорчсон зэргээр байгууллагын дүрэм, журамд заагаагүй эрхийг хэрэгжүүлсэн нь 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 000000 тоот-Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, мөн 2021 оны 07 сарын 22-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан болон бусад баримтаар тогтоогдсон байна.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын үндэслэлд хамаарах зөрчил нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил буюу мөн гэрээний 5.3.8, 5.3.14-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5.3. Хариуцагч УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 3.16-д зааснаар албаны шалгалтын удирдамж, төлөвлөгөөг албаны холбогдох ажилтан боловсруулж, Замын дарга баталснаар мөрдөж ажиллах, мөн дүрмийн 7.1, 7.1.1-д замын даргын батлагдсан удирдамжгүйгээр аливаа шалгалтыг явуулах-ыг албаны удирдлага, ажилтанд дүрмээр хоригложээ. Түүнчлэн дүрмийн 5.3-т албаны орлогч даргын эрх хэмжээг тогтоосон ба дүрмийн 5.3.4, 5.4.1, 5.4.2-т заасны дагуу орлогч дарга нь шалгалтын ажлын удирдамж, төлөвлөгөөг боловсруулах, замын даргаар батлуулах, шалгалтын ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байна.

5.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон давж заалдах гомдолдоо замын орлогч дарга Ж.П-ийн даалгаснаар байцаагч И.Б-ын хамт шалгалтын ажлыг явуулсан гэж, гэрч Ж.П- /Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан/-ийн мэдүүлэгт ...удирдамж нэг л гарна, хүн нэмэхэд удирдамж гардаггүй, ажлын ачааллаас хамаарч ярилцаад нэмээд явдаг, надад шалгалтын багт хүн нэмэх, хасах эрх хэмжээ байдаг... гэсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, дээрх дүрмээр албаны орлогч дарга аман удирдамжаар шалгалтын ажлын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх эрх олгогдоогүй байна.

Нэхэмжлэгч В.А- өөрт нь эрх олгогдоогүй байхад албаны шалгалт явуулж эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил үүрэгтэй нь холбогдон гарсан байгууллагын дүрэм, журмыг зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээний 5.3.8, 5.3.14-т заасан сахилгын ноцтой зөрчилд тооцогдоно гэж тодорхойлон хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Хариуцагч сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл оногдуулсан, 2021 оны 06 сарын 18-ны өдрийн удирдамжийн хүрээнд байцаагч И.Б-ын хамт албаны шалгалтыг явуулж, тайланг 2021 оны 07 сарын 22-ны өдөр ажил олгогчид хүлээлгэн өгснөөс хойш 8 сар 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа шийтгэл оногдуулсныг шүүх анхаараагүй, хугацааг зөв тооцоогүй гэж нэхэмжлэгч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажилтан Б.Б-ын гаргасан зөрчилд нэхэмжлэгчийн явуулсан албаны шалгалт, шалгалтын тайланг үндэслэн ажил олгогчоос Б.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүйг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн шийдвэрээр тогтоож, Б.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан хугацааг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч В.А-ийн явуулсан албаны шалгалт, тайлан хуульд нийцээгүй, үндэслэлгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсоноор нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн, түүнчлэн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.7.16-д зааснаар ажилтан нь шалгалтын эцсийн хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч нь 2022 оны 02 сарын 16-ны өдрөөс хойшхи 6 сарын дотор нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ