Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00147

 

 

 

 

 

 

 

      2024        01            17                                    210/МА2024/00147

 

 

М.М-, Ж.М- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.М-, Ж.М- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Х-д холбогдох,

Я.О-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №119 дугаартай гэрчилгээг, Д.Я-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №141 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн,

М.М-ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Бидний аав Я.М- 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан ба өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах Ү-2201001382 дугаартай орон сууц, 00-00 УНЭ улсын дугаартай автомашин үлдсэн. Уг хөрөнгийг Я.М-ын төрсөн хүүхдүүд болох М.М-, Ж.М- нар өвлөх эрхтэй атал Д.Я-, Д- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус юм.

Бид төрсөн эцгийнхээ өвийг хүлээн авах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Д-д төрсөн дүү Ж.М-ы хамтаар өвлөх эрхээ бүртгүүлсэн.

Эцэг маань нас барсны дараа аавын ээж болох эмээ Д.Я- орон сууцны гэрчилгээг өгөхгүй байсан. Сууцны талаар хурууны хээгээр лавлагаа авахад аавын эгч Я.О-ы нэр дээр гарч ирсэн. Тухайн үед нотариатч дээр очиж Сонгинохайрхан дүүрэг дээр  бүрдүүлж өгсөн материалын хуулгыг нь авсан. М.М-ын иргэний үнэмлэх байхгүй байхад яаж авсан нь мэдэгдэхгүй, он сар нь зөрүүтэй байсан. Дээрх иргэд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр автомашины өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан, хүсэлт нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байсан. Харин нотариатчаас ирсэн хариу тайлбар нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагт байсан. 10 дугаар сарын 09-ний өдөр эдгээр хүмүүс өв авах хүсэлт өгөхөд нотариатчаас хүлээн аваад Нотариатын танхимд явуулаад, танхимаас хариу ирдэг. Хүсэлтээ гаргахаас өмнө нь хариу нь ирсэн байсан. Тэр үйл явдалд нотариатч Д.Х-г буруутай.

Нотариатч Д.Х- нь М.М-ын иргэний үнэмлэхийг өөр хүн аваад ирж байхад биечлэн оролцуулаагүй, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр машины өвлөх эрхийн гэрчилгээ гарсан бол, орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан. М.М-ын иргэний үнэмлэх байхгүй нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй. Дээрх 2 сарын хугацаанд М.М-ын иргэний үнэмлэхийг олоход хугацаа зарцуулж дараа нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Д.Х- “Ээж охин хоёр орж ирээд гуйгаад хийлгэсэн” гэсэн. Төрсөн хүүхдүүд нь байхад аавын эгч буюу хоёрдугаар өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээнд орж ирсэн. Байрыг 3 тэнцүү хувааж байгаа юм шиг харагддаг. Бид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүссэн. Тухайн нотариатч Д.Д- мартсан гэх шалтгаанаар бүртгэлд оруулаагүй байсан. Бид өвлөх эрхээсээ татгалзаагүй. Нэгдүгээрт  өвлөх эрхтэй өвлөгч нар байхад дараагийн буюу 2 дугаар ээлжийн өвлөгчид машин шилжүүлж өгсөн байх тул Я.О-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №119 дугаартай гэрчилгээг, Д.Я-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №141 дугаартай  өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход татгалзахгүй. Нэхэмжлэгч өв хүлээн авах тухай хүсэлт нэг жилийн дотор гаргасан байсныг хариуцагч нь мэдээгүй бөгөөд Монголын Нотариатчдын танхимд өвлөгчийн тухай хүсэлт бүртгэгдээгүй байдаг. Өвлүүлэгч Я.М-ын өмч 00-00 УНЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины өвлөх тухай хүсэлт гаргасан Я.О-д өвлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд уг автомашин зогсоолд тоногдож эвдрэл гэмтэлтэй болсон, өвлөгч Д.Я-д өвлөх эрхийн гэрчилгээг олгох нь уг эд хөрөнгийг захиран зарцуулахад хүндрэлтэй байсан. Д.Я-ы хүсэлтээр охин Я.О-д өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Д.Я- уг автомашиныг борлуулж уг орлогыг нь эмчилгээндээ хэрэглэнэ гэж Я.О-, Д.Я- нар тохиролцсон. М.М- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.Я-тай адил өвлөгч мөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасан. Д.Д- нотариатчид хүсэлтээ өгөөд бүртгүүлсэн байсан бол ийм зүйл болохгүй гэдгийг хуульд заагаад өгсөн байна. Нэгэнт Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн санд өвлөгч нарын өвлөх хүсэлт бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

М.М- нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Д-д хандан өвийн хүсэлт гаргасан гэх боловч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нотариатч Д.Д- тухайн хүсэлтийг гэрчлэхдээ 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үү эсвэл 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэдэг нь тодорхой бус баллаж засварласан хүсэлтийг гэрчилжээ. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.5-д “Балласан, засварласан, харандаагаар бичсэн болон үг үсэг дарсан баримт бичгийг нотариатч гэрчлэхийг хориглоно” гэж маш тодорхой заасан. Энэхүү өвийн хүсэлт гэх балласан, засварласан баримт нь бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баримт болохыг нотариатч Д.Д- тайлбартаа хэлдэг. М.М-ын өвийн хүсэлт гэх баримтын огноо засвартай, баллаж сохолсон байхад нотариатч Д.Д- түүнийг гэрчлэх эрхгүй бөгөөд энэ нь холбогдох хууль журмыг зөрчсөн үйлдэл тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Өөрөөр хэлбэл, насаараа нотариатч хийж гэрчлэл үйлдэж буй Д.Д- нь өвийн хүсэлтийг Нотариатчдын Танхимын Нэгдсэн Бүртгэлд оруулах үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол мэргэжлийн ноцтой алдаа болж, түүний буруутай үйлдлээс болж хэн нэг нь зайлшгүй хохирох болж байгааг  хүлээн зөвшөөрөхгүй.

М.М-ын өвийн хүсэлт өнөөдрийн байдлаар Нотариатчдын Танхимын Нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй атал тэрээр өвийн хүсэлт хүчинтэй хэмээн маргаж хууль журмыг зөрчиж буй учраас аргагүйн эрхэнд эрхээ хамгаалах үүднээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Нотариатын үйлдэх хийх зааврын 2.5-г үндэслэн М.М-ын Нотариатаар гэрчлүүлсэн өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэж байна. Учир нь, бид хууль бусаар үйлдэж гаргасан өвлөх эрхийн № 141, № 119 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан болно. Нотариатч Д.Х- нь нотариатч Д.Д-гийн гаргасан өвлөх эрхийн хүсэлтийг алдаатай гэж үзэж байгаа бол нотариатч хоорондын асуудлаа Нотариатын тэнхим рүү хандах асуудал гэж үзэж байна. М.М-, Ж.М- бид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нотариатч Д.Д-д өвлөх эрхийн хүсэлтээ хуулийн дагуу гаргасан ба бид хууль ёсны дагуу өвлөх эрхээ алдаагүй болно гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-, Ж.М- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч /нотариатч/ Д.Х-гээс Я.О-д Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаар нотариатын үйлдлийг, Д.Я-д Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаар нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.М-ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 421,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-гээс 280,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М-, Ж.М- нарт нөхөн олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Шүүхийн шийдвэрт Д.Я-ыг “Иргэний хуулийн өвлөх эрхийг” зөрчсөн баримт хангалттай байсаар байхад 1 дүгээр өвлөгч мэтээр хууль зөрчин үндэслэх нь хууль ёсны бус үйлдэл ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ямар ч хамааралгүй хүнийг өвлөгч болгон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичих нь хууль бус гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт байгаа үг, өгүүлбэр бүр хууль ёсны байх ба хуульд нийцэх үндэслэлтэй байдаг учраас уг шийдвэрийн хуульд нийцээгүй буюу хууль бус үндэслэл нь бидний өвлөх эрхэнд сөргөөр нөлөөлж бусдад давуу байдал буй болгож байгаа тул доорх гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудасны 6/4-т: Д. Я өвлүүлэгчийн төрсөн эх буюу өвлүүлэгчийн нэгдүгээр хууль ёсны өвлөгч гэжээ. Өвлүүлэгчийн төрсөн эх Д.Я- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Тухайлбал, өв хүлээн авах гэрчилгээний бүрдүүлбэрт өвлүүлэгч Я.М-аас өвлөгч Д.Я-д өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг зохих газар нь хүлээн авч, шийдвэрлэсэн баримт байхгүй ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн үр хүүхэд М.М-, Ж.М- нар юм. Талийгаач эмээ Д.Я- нь бидний дараагийн өвлөгч юм.

Шүүхийн шийдвэрийн 17 дугаар хуудасны 13 дугаар хэсэгт Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3 дахь хэсэгт зааснаар өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ. Я.М-аас гэрээслэлгүй. Өвлүүлэгчийн дээрх эд хөрөнгө, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгдөнө, төрүүлсэн эх Д.Я-, төрсөн хүүхэд М.М-, Ж.М- нарыг хууль ёсны нэгдүгээр өвлөгч гэх бөгөөд эдгээр иргэд нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх эрхтэй гэжээ. Я.М-аас төрүүлсэн эх Д.Я-д гэрээслэл байхгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэгдүгээрт нас барагч эхнэр нөхөртэй бол эхнэр нөхөр нь өвлөнө, эхнэр нөхөргүй бол үр хүүхэд өвлөнө, үр хүүхэдгүй бол эцэг эх нь өвлөнө гэж тодорхой үе шат дараалалтай хэрэгждэг хууль юм. Иймээс М.М-, Ж.М- нар нь хууль ёсны нэгдүгээр өвлөгчид ба өвлөх эрхээсээ татгалзаагүй, өвлөх эрхээ алдаагүй тул талийгаач эмээ Д.Я-ы хууль бусаар авсан өвлөх эрхийн №141 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, нотариатын үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах эрхтэй.

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийг дахин хянаж хуульд нийцсэн үндэслэлийг гаргаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хуульд “улсын бүртгэл үнэн зөв” гэж заасан. Өвлөх хүсэлтийг бүртгэх нотариатын танхимын бүртгэлийг улсын бүртгэлийн нэгэн адилд тооцож ойлгоно. Улсын бүртгэлд өвөөс татгалзсан гэх зохицуулалтад орсон субъект өвтэй холбоотой бусад маргаанд оролцох шаардлага байхгүй. Хуульд заасан 1 дүгээр зэргийн өвлөгч эх Д.Я-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй. Иймд гомдол үндэслэлгүй гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.а. Сөрөг нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар эрх ашиг нь хөндөгдөж буй Д.Д- нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байсан. Хэргийн зохигч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотариатч Д.Д-г шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, хариу тайлбар авах, мэтгэлцэх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байсныг анхаарч үзээгүй эрх хязгаарласан. Гэрчийг гуравдагч этгээдээр оролцохыг хориглосон зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй.

8.б. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Д.Я-ы эрх залгамжлагч Я.О- оролцохоор хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

8.в. Тус шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, нийт шүүгчдээс татгалзсан. Гэтэл шүүгч шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх асуудлыг хууль зөрчин дангаар шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Нотариатч Д.Х- бусад өвлөгч байгаа эсэх, өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх, өвөөс татгалзсан эсэхийг Монголын Нотариатын танхимаас л архивын журмаар тодруулах, архивын лавлагааг шаардах үүрэгтэй болохоос бусад өвлөгч нарыг хайж олох, эрэн сурвалжлах үүрэг хүлээгээгүй болно. Гэтэл анхан шатны шүүх Д.Д- нотариатын буруутай үйлдлийн үр дагавар болох М.М-ын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан өвийн хүсэлтийг хуульд нийцүүлэн гаргасан байна гэж дүгнэн нотариатч Д.Х-г буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэв Д.Д- нотариатч нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.9-д заагдсан “Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна” гэсэн журмын дагуу ажиллаж, өвийн хүсэлтийг Монголын Нотариатын танхимд бүртгүүлсэн байсан бол нотариатч Д.Х- нь Д.Я-, Я.О- нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байсан гэдэг хариуцагчийн тайлбарт шүүх бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй.

8.г. Өвлөх эрхийн 119 тоот гэрчилгээг Я.О-д олгох болсон үндэслэл нь Д.Я-, Я.О- нар өвлөх хүсэлт гаргаснаас хойш 1 жилийн дараа өөр өвлөгч хүсэлт гаргаагүй болох нь Монголын Нотариатын танхимын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2243 тоот лавлагаагаар тогтоогдсон учир мөн Д.Я- өндөр настай, охин Я.О-ы асрамжид байдаг учир түүний хүсэлтээр өвийн гэрчилгээг олгосон болно.

8.д. Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өвийн хүсэлтийг бүртгэн авсан дэвтэр, түүнтэй холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17585 дугаартай шүүгчийн захирамж гарч Нийслэлийн архивын газраас Д.Д-гийн бүртгэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Архивын тухай хуулиар нотариатч нь өвийн бүртгэл түүнтэй холбоотой баримтуудыг архивт шилжүүлсэн байх үүрэгтэй атал өнөөдрийг хүртэл өөр дээрээ хадгалж байгаа нь өвийн хүсэлтийг бусдын гуйлтаар нөхөж бүртгэх, засварлах бүхий л боломжоо ашиглаж М.М-, Ж.М- нарын өвийн хүсэлтийг нөхөж бүртгэл хийсэн гэж хардахад хүргэдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар М.М-, Ж.М- нар дээрх маргаантай, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөөгүй, нотлох баримтыг үнэлэх боломжгүй атал анхан шатны шүүх зөрчилтэй баримтад нэг талд ашигтай, хариуцагчийг буруутгах дүгнэлт хийсэн.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шүүхээр хэлэлцүүлсэн атлаа эрх ашиг хөндөгдөж буй этгээд болох Д.Д-г гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, Д.Д-, Я.О- нарыг гуравдагч этгээдээр оролцуулах эрхийг хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Д.Д-г цаг тухайд нь өгсөн өвийн хүсэлтийг Нотариатын танхимд бүртгүүлээгүй гэж үзсэн. Д.Д-г гэрчээр дуудаж, бүтэн өдөр асууж, холбогдох хариултыг авсан. Бид нарын хувьд өвийн хүсэлтийг цаг тухайд нь гаргасан бөгөөд Д.Д-гоос энэ асуудлыг тодруулсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгчийн тодорхойлохоор заасан. Сүүлд эцэгтэйгээ хамт амьдарч байгаагүй гэж тайлбарлаж байна. Хүний үр хүүхэд хаана ч амьдрах боломжтой бөгөөд эцэг эх хаана ч байсан хариуцлага хүлээх ёстой, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хөрөнгийг өвлөж авах нь тодорхой асуудал юм. 2016 оны 10 дугаар сард эцэг нь нас барахад бид нар ажил явдлыг нь дуусгаж, 45 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн шүүхээр Ж.М-ыг хүүхэд нь мөн гэж тодорхойлуулж халамж авч байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч М.М-, Ж.М- нар нь хариуцагч Д.Х-д холбогдуулан Я.О-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №119 дугаартай гэрчилгээ, Д.Я-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №141 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч М.М-ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нар нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагаа дэмжиж, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, автомашины үнэ гаргуулах зэрэг шаардлагаа тусдаа шийдвэрлүүлэх талаар анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдөр хүсэлт гаргасны дагуу шүүх, нэхэмжлэгч нарыг хариуцагч Д.Х-, Д.Д-, Я.О-, Д.Я- нарт холбогдох шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн өдөр 184/ШЗ2021/04840 дугаартай шүүгчийн захирамж гаргажээ./2хх 191-192, 205-210/

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Я-аас Я.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Я.М-ын өвийн 50 хувийг Я.О-д шилжүүлсэн болохыг тогтоолгох, Я.О-аас Я.М-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох  тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Я- 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барж, Б.О-, Я.О- нар нь түүний эрх залгамжлагчаар оролцохоор гаргасан хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх ба улмаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2023/17245 дугаартай захирамжаар Д.Я-, Я.О- нарын бие даасан шаардлагатай хэргийг тусгаарласан байна./5хх 157, 185, 250-251, 6хх 56-59/

           

4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв боловч зарим дүгнэлтийг зөвтгөн, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

5. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч нарын эцэг Я.М- 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон./1хх 9, 62/

 

5.2. С.Жаргалсайхан, Я.М- нарын хамтын амьдралтай байх хугацаанд 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин М.М-, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.М- нар төрсөн.

 

Мөн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01144 дугаар шийдвэрээр Я.М-ыг Ж.М-ы эцэг болохыг тогтоосон ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /1хх 4-5, 2хх219-220/

 

5.3. Я.М-ын нэр дээр 00-00 УНЭ улсын дугаартай, Тоёота приус маркийн суудлын автомашин, мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-2201001382 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байр, 000 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Я.М-, Д.Я-, М.М- нар бүртгэлтэй байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлогдсон байна./1хх 10-11,18, 50-64, 5хх242-246/

 

5.4. Нэхэмжлэгч М.М-, Ж.М- нар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Я.М-ын эд хөрөнгөөс ногдох хэсгийг өвлөх хүсэлтийг Баянгол дүүргийн нотариатч Д.Д-д гаргасан байх ба, уг хүсэлт Монголын Нотариатчдын Танхимын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч нарын нотариатчид гаргасан хүсэлтүүд, Монголын Нотариатчдын танхимын тодорхойлолт, гэрч Д.Д-гийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна./1хх 21, 4хх 70, 5хх 248-249, 6хх 13-18/

 

5.5. Түүнчлэн, Я.М-ын дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Д.Я- болон Я.О- нар Я.О- автомашиныг өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, мөн өдөр автомашиныг  өвлөх  эрхийн 119 дугаартай гэрчилгээг Я.О-д, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн 141 дугаартай гэрчилгээг Д.Я-, Я.О- нарт нотариатч Д.Х- тус тус олгосон байна./1хх 7-11, 21, 50-64/

 

5.6. Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Д.Я-, Я.О-, М.М- нарт, тухайн тээврийн хэрэгсэл Я.О-ы нэр дээр тус тус шилжин бүртгэгджээ./1хх 7-11,50-64/

6. Нэхэмжлэгч М.М-, Ж.М- нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Я.М-ын өвлөгч нар байх тул дээр дурдсан маргаан бүхий эд хөрөнгийн өвлөх эрхийн 119 болон 141 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч Д.Х- нь өвлөх эрхийн 119, 141 дугаартай гэрчилгээнүүдийг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43 дугаар зүйлийн 43.4, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.11 дэх зохицуулалтыг тус тус зөрчсөн байна.

 

7.1. Я.О-д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан бусад өвлөгчид байгаа эсэх, тэдгээр нь өвлөх хүсэлт гаргасан эсхүл татгалзсаныг тодруулж, өвлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагаанд орон сууцны өмчлөгч М.М-ыг биечлэн оролцуулаагүй, бүрэн гүйцэд хийгээгүй байна.

 

7.2. Түүнчлэн, дээрх өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заагаагүй нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Тодруулбал, уг орон сууцны өмчлөгч асан М.М-тын эгч Я.О-ыг түүний өвлөгч гэж үзэж, улмаар эрхийн улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлснээр бусад өвлөгч нарын эрх ашиг хөндөгдөж тэрээр бусад өмчлөгч Д.Я-, М.М- нартай адил хэмжээний өвлөгч болсон гэж үзэхээр болжээ.

 

7.3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эх аль нь ч байхгүй тохиолдолд Я.О-ыг мөн хуулийн 520.1.2-т заасан өвлөгч гэж үзэх юм.

 

7.4. Гэтэл хариуцагч Д.Х- өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдлийг хийхдээ дээр дурдсан хуулиудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр автомашиныг  өвлөх  эрхийн 119 дугаартай гэрчилгээг Я.О-д, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн 141 дугаартай гэрчилгээг Д.Я-, Я.О- нарт олгосон үйлдлийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж дүгнэнэ.

 

8. Хариуцагч талаас гаргасан М.М-ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг зөв гэж дүгнэх боловч анхан шатны шүүхийн баримталсан хуулийн заалт оновчгүй байгааг зөвтгөнө./5хх 189-190/

 

8.1. Тодруулбал, өөрийн эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн аливаа этгээд уг эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл дээр дурдсанчлан хууль ёсны өвлөгч нь нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан нь хариуцагч буюу нотариатч Д.Х-гийн ямар эрх, ашиг сонирхлыг хөндсөн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, уг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

8.2. Түүнчлэн, хууль ёсны өвлөгч нарын нотариатчид өвлөх хүсэлтээ гаргасан эсэхээс үл хамааран, хариуцагчийн 119, 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдэл нь дээр дурдсан хуулиудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангахгүй, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

8.3. Мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотариатч Д.Д-г гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх гомдлыг гаргасан байх бөгөөд талуудын хүсэлтээр шүүхээс түүнийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нарыг нэмэгдүүлсэн шаардлагаа татан авахаас өмнө Д.Д- нь хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан. Гэтэл шүүхэд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж, гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдийн хувьд  өөрийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хүсэлтээ гаргаж оролцох эрх нь нээлттэй байсан гэж үзэх ба түүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч талаас гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэнэ.

 

9. Хариуцагч талаас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүгч дангаараа шийдвэрлэж хууль зөрчсөн гэх гомдлыг хангахгүй орхив. Хэдийгээр, уг үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт заасан тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний эрх хэмжээнд хамаарах боловч, тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч дангаар явуулж байсан байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлахдаа “бүх шүүгчдийг татгалзсан” гэдгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн бүх шүүгч оролцсон бөгөөд тэдгээрийг татгалзсаныг ойлгоно гэсний дагуу уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Түүнчлэн, шүүгчийг өөрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий шүүгч нь хянан шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй. /6хх 65, 73-76/

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд өвлүүлэгч Я.М-ын эх Д.Я-ыг хууль ёсны өвлөгч гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй гэж үзлээ. Учир нь, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байхаар хуульд шууд нэрлэн заасан байдаг тул Д.Я-ыг хууль ёсны өвлөгч гэсэн шийдвэрийн үндэслэлийг зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, хууль ёсны өвлөгчөөр нас барагчийн эх нь дээрх хуульд заасны дагуу хамаарч байна.

 

11. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 89 дүгээр зүйл зэрэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч чиглүүлэн явуулах бөгөөд энэ хуульд заасан хүрээнд шүүгч хэргийн хөдөлгөөнийг удирдахдаа хэргийн оролцогч нарын гаргаж буй хүсэлт бүрийг тодруулан, хэргийн оролцогчдын хуульд заагдсан эрх үүргийг нь тайлбарлах замаар  ажиллагааг явуулах ёстой. Түүнчлэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тухай хуулийн шаардлагыг сахин биелүүлж, хуульд заагдсан албан ёсны үг хэллэгээр, Улсын дээд шүүхээс гарсан тайлбар, зөвлөмж зэргийг судлан нийтэд ойлгомжтой, тодорхой, хуулийн үндэслэл бүхий шийдвэр бичиж байхыг анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Учир нь, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш удаан хугацаанд сунжирч, талуудаас гаргасан  хуульд байхгүй үг хэллэг, нэр томьёогоор бичигдсэн зүйлд шүүгч хэт хөтлөгдөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байгааг цаашид анхаарах шаардлагатай гэдгийг тэмдэглэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан уг зөрчлүүд нь тухайн хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “43 дугаар зүйлийн 43.1” гэснийг хасч,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 280,800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЭНЭБИШ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ