Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00285

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00285

 

 

 

2024 02 05 210/МА2024/00285

 

С.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05319 дугаар шийдвэртэй,

С.Ч-гийн нэхэмжлэлтэй, М-Э- ХХК, Б.Э- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.Э-, хариуцагчийн өмгөөлөгч С.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь М-Э- ХХК-тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 209,100,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн ба хүү тооцоогүй, харин хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон. Гэрээний дагуу 2021 оны 10 сарын 29-ний өдөр М-Э- ХХК-ийн Голомт банк дахь 11111111111 тоот дансанд 209,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2021 оны 10 сарын 31-ний өдөр М-Э- ХХК-ийн захирал Б.Э- мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлээч компанийнхаа зээлтэй хамт буцааж төлнө гэсний дагуу түүнд 2021 оны 10 сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 сарын 16-ны өдрийн хооронд 117,450,000 төгрөгийг зээлдүүлж, итгэлцлийн үүднээс гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тооцоогүй. Гэвч М-Э- ХХК, Б.Э- нар зээлийг буцаан төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Зээлдэгч М-Э- ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 сарын 29-ний өдөр дууссанаас хойш 376 хоног хэтрээд байна. Гэрээний 2.3-д зааснаар алданги тооцвол 393,108,000 төгрөг болсон ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 209,100,000 төгрөгийн 50 хувиар тооцон шаардаж байна. Мөн зээлдэгч Б.Э-ээс амаар тохиролцон байгуулсан зээлийн гэрээний дагуу 117,450,000 төгрөгийг шаардаж байна.

Компани нь С.Ч-д хамааралгүй бөгөөд И Л- компанийн хувьцааны 17 хувийг эзэмшдэг эсэх талаар мэдэхгүй байна. Иймд хариуцагч М-Э- ХХК-аас үндсэн зээл 209,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг, нийт 313,650,000 төгрөгийг, хариуцагч Б.Э-ээс үндсэн зээл 117,450,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Анх 2021 оны 10 сард Б.Т С.О-, С.Ч- бид 4 ярилцаад компани байгуулахаар болсон. Улмаар миний 100 хувь хувьцааг нь эзэмшдэг М-Э- ХХК-аар үйл ажиллагаа явуулах, С.О-, С.Ч-, Б.Т- нар тус компанид хувьцаа эзэмшихээр болсон. Хөрөнгө оруулалтыг шуурхай хийж компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх шаардлагатай байсан тул М-Э- ХХК болон С.Ч- нар 2021 оны 10 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж С.Ч- нь М-Э- ХХК-ийн дансанд тус өдөр 214,200,000 төгрөг шилжүүлсэн.

М-Э- ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх явцад М-Э- ХХК татан буугдах компанийн жагсаалтад орсон тул бид дөрөв И Л- ХХК-ийг шинээр байгуулсан. Гэвч И Л- ХХК-ийн дансанд мөнгө байршуулах боломжгүй байсан тул үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж буй Б.Э- миний дансанд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхээр болсон тул нотариат ороод зээлийн гэрээ байгуулсан.

Хэрэв крипто хөрөнгийн бирж ажиллуулаад ашиг гарсан бол С.Ч, С.О-, Б.Т- нар тохирсноороо эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр ашиг хүртэх байсан. Иймд хамтарч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ашиггүй болсны алдагдлыг Б.Э- ганцаар хариуцна гэдэг шударга ёсонд нийцэхгүй байна. Бидний дунд ямарч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Харин С.Ч-, Б.Э- нарын хооронд 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч М-Э- ХХК, Б.Э- нарт холбогдох 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,313,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б.Э- нь мөнгө хэрэгтэй байгаа тул зээлдүүлж туслаач, буцаагаад төлнө, шаардлагатай мөнгийг зээлдүүлж тусалсны хариуд компанидаа хувьцаа эзэмшиж болно, гэхдээ нэрлэсэн үнээр нь худалдана гэсэн санал тавьсаныг нэхэмжлэгч зөвшөөрч М-Э- ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 209,100,000 төгрөгийг зээлдүүлж, мөнгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Мөн Б.Э- нь дахин мөнгө хэрэгтэй болсон гэсэн тул түүнд 2021 оны 10 сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 сарын 16-ны өдрийн хооронд 117,450,000 төгрөгийг цувуулан зээлдүүлсэн бөгөөд гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тогтоогоогүй. Шүүх дээрх харилцааг зээлийн гэрээний харилцаа үүсээгүй харин хөрөнгө оруулалт гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.2. Мөнгө зээлдүүлсний хариуд Б.Э-ийн компанид нь хувьцааны мөнгийг төлж хувьцаа эзэмшихээр болсон нь үнэн. Гэвч М-Э- ХХК нь татан буугдах компанийн жагсаалтад орсон байсан тул И Л- ХХК-д би 17 хувийн хувьцаа эзэмшихээр 5,100,000 төгрөгийг төлсөн. Зээл болон компанид хувьцаа эзэмшсэн асуудал нь тусдаа асуудлууд юм. Нэхэмжлэгч нь И Л- ХХК-д хувьцаа эзэмшсэн учраас М-Э- ХХК, Б.Э- нарын дансаар шилжүүлсэн мөнгийг И Л- ХХК-д хөрөнгө оруулсан гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна.

4.3. С.Ч- нь И Л- ХХК үүсгэн байгуулахаас өмнө зээлдэгч нарт мөнгөө зээлдүүлснийг шүүх анхаарсангүй. Мөн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн компани нь И Л- ХХК ба М-Э- ХХК биш юм. Мөнгийг койн гаргахад зарцуулсан гэх Б.Э-ийн тайлбартай бид маргаагүй, гагцхүү тус мөнгийг Б.Э- болон М-Э- ХХК-д анх өгөхдөө хөрөнгө оруулалт бус зээлийн гэрээгээр өгсөн, зээлж авсан хөрөнгөө койн гаргахдаа хэрэглэсэн талаарх бодит үнэнийг Б.Энэрэл, түүний ах Б.Т- нар мэдүүлэлгүй өөрсдөд ашигтайгаар тайлбарлаж байна.

4.4. Хариуцагч нар тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох үүрэгтэй. Хувьцаа эзэмшигч нарын хооронд чатаар харилцаж зээлдүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт байжээ гэж шууд дүгнэх боломжгүй ба ийм агуулга бүхий яриа бичвэр хэрэгт байхгүй. Мөн гэрч Б.Т- нь хариуцагчийн төрсөн ах тул С.Ч-г ашиг олсон мэтээр худал мэдүүлсэн. Компани ямар ч ашиг олоогүй ба цугласан мөнгийг койн авсан бүх хүмүүст буцаан тараасан.

4.5. Би хувьцааг нь эзэмших гэж байсан М-Э- ХХК болон хувьцааг нь эзэмшсэн И Л- ХХК-ийн 17 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшээгүй, мөнгийг нь төлсөн. Хэрэв үнэ төлбөргүй эзэмшсэн бол шүүхээс тус компанийн 17 хувийн хувьцааг эзэмшихийн тулд дээрх мөнгөөр хөрөнгө оруулсан гэж үзэж болох юм. Гэтэл би зээл олгож, мөн хувьцааг нь худалдан авсныг шүүх зөв үнэлж дүгнэсэнгүй. Би нэхэмжлэлээ нотолж талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, М-Э- ХХК болон И Л- ХХК-ийн 17 хувийн хувьцаанд тооцогдох үнэ 5,100,000 төгрөгийн дансны хуулга, өнөөдрийг хүртэл Мон- Экспо ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Э- ганцаар байгаа баримтуудыг шүүхэд гаргасныг зөв үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж М Э ХХК болон Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын тайлбарын агуулга: Талууд анх койн гаргах хүсэл зорилгоор харилцаа үүсгэж уулзсан. Гэхдээ сайн танихгүй учраас зээл өгсөн гэдэг асуудал ярьдаг ч энэ нь үндэслэлгүй. Талууд койны арилжаа эрхлэх зорилгоор уулзаж, санхүүжилтээ ярьж тохиролцсон. Нэхэмжлэгч нь зээл биш, нөхөртөө үзүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулъя гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Иймд зээлийн гэрээний харилцаа огт бий болоогүй юм.

Нэхэмжлэгчийн шаардсан 209,000,000 төгрөг нь койныг ажиллуулахад зориулагдсан программ хангамжийн худалдан авалтанд төлөгдсөн. Энэ гүйлгээг хийхэд С.Ч- хамт байлцсан. Тухайн программыг авснаар биткойны үйл ажиллагаа эхэлсэн. Мөн гуйсан учраас мөнгө өгсөн гэж байна. Үнэхээр зээл байсан бол яагаад тухайн үедээ нэхэж аваагүй юм. Маркетингийн зардлаа хаанаас гаргах вэ гэдгээ ч төлөвлөнө. Анхнаасаа бүх зүйл төлөвлөгөөтэй явагдана. Би С.Ч-гээс 20 удаа зээл гуйж авна гэж байхгүй. Бүх мөнгийг юунд зарцуулсан талаар нотлох баримтыг би гаргаж өгсөн. Сурталчилгаа, үйлчилгээ, компьютер, техник тоног төхөөрөмжийн худалдан авалт, түрээсийн байранд өгсөн байдаг. С.Ч- өөрийн худалдаж авсан оффисын байранд И Л- ХХК-ийг түрээслэгчээр оруулж, түрээсийн мөнгийг өөрсдөө авсан асуудал байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр бодитой, тал бүрээс нь шинжлэн судалж гарсан гэдэг үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Ч- зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Э-ээс 117,450,000 төгрөг, М-Э- ХХК-аас 313,650,000 төгрөг, нийт 431,100,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нь эс зөвшөөрч, уг мөнгө нь зээл биш койн гаргах, компани байгуулахад зориулсан хөрөнгө оруулалт байсан гэж маргажээ.

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан М Э ХХК, С.Ч- нарын хооронд 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 209,100,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хүү тооцохгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь мөнгийг хугацааны эцэст буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцжээ. С.Ч- 209,100,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 29-ний өдөр М-Э- ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь 11111111111 тоот дансанд шилжүүлсэн байна.

Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй, гагцхүү зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн зорилго, талуудын хүсэл зориг нь компанид хөрөнгө оруулж ашиг хүртэх эсхүл гэрээний дагуу зээл олгогдсон эсэх талаар маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Ч-, хариуцагч М-Э- ХХК нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, хариуцагч М-Э- ХХК-аас 313,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй байна.

4.1. Хариуцагч М-Э- ХХК нь дээрх гэрээний дагуу 209,100,000 төгрөгийг зээлж авахаар хүсэл зоригоо илэрхийлэн компанийн гүйцэтгэх удирдлага Б.Э- гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан, улмаар мөнгөн хөрөнгийг компани дансандаа хүлээн авчээ. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилготой зохион байгуулалтын нэгдэл учир хариуцагч М-Э- ХХК-ийг хийсэн хэлцлийн агуулгаа эндүүрсэн, зээл авах зорилгогүй байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь хариуцагчийн шүүхэд гаргасан М-Э- ХХК, И Л ХХК нарын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, зохигчийн хооронд харилцсан цахим захидлууд нь түүний татгалзлыг шууд нотлох хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримт гэж дүгнэх боломжгүй байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч нь зээлийн гэрээний үр дагаврыг ойлгож гэрээг байгуулсан, компани ашиг олсон нөхцөлд мөнгийг буцаан төлнө гэж тайлбарласан зэргээс үзвэл хариуцагч М-Э- ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэн няцааж чадаагүй байна.

4.2. Нэхэмжлэгч нь М-Э- ХХК, Ихбит Лайн ХХК бүрийн энгийн хувьцааны 17 хувийг эзэмшихээр Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар тус бүр нь 5,100,000 төгрөгийг эдгээр компанид төлсөн байх тул С.Ч- нь койн гаргахад зориулан компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших зорилгоор мөнгө шилжүүлсэн гэх хариуцагч М-Э- ХХК-ийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь М-Э- ХХК, И Л-ХХК-иудад 209,100,000 төгрөгийн хөрөнгийг оруулж, компани ашигтай ажилласан нөхцөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг хүртэх хөрөнгө оруулалтын хэлбэрийг сонгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх татгалзлаа хариуцагч М-Э- ХХК нотлоогүй байна.

4.3. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч М-Э- ХХК нь зээлийг бүрэн болон хэсэгчлэн төлсөн нь тогтоогдоогүй, зээл төлөгдөөгүй талаар зохигч тайлбарласан учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 209,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний 2.3-д зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгч зээлийн гүйцэтгээгүй үүрэг 209,100,000 төгрөгийн 50 хувиар тооцож 104,550,000 төгрөгийн алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ. Талууд зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч М-Э- ХХК-аас үндсэн зээл 209,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг, нийт 313,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-д олгохоор шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 117,450,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Э- эс зөвшөөрч, уг 117,450,000 төгрөг нь зээл биш койн гаргах, байгуулахад зориулсан хөрөнгө оруулалт байсан гэж тайлбарласан нь хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн хариуцагч Б.Э-ээс 117,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ч-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Э-ийн эзэмшлийн Голомт банк дахь 3000000000 тоот дансанд 8 удаагийн гүйлгээгээр 117,450,000 төгрөгийг компани гэх гүйлгээний утгаар шилжүүлснийг зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй. Ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь талуудын хооронд зээлийн гэрээг амаар хэлэлцэн тохиролцсоны дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө гэх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлоогүй, хэргийн өөр баримтаар нэхэмжлэгчийн шаардлага нотлогдоогүй байна.

Иймд энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагч М-Э- ХХК-аас 313,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-д олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05319 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-Э- ХХК-аас 313,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-д олгож, хариуцагч Б.Э-ээс 117,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ч-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй. гэснийг, үлдээж, хариуцагч М-Э- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,726,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,313,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ