Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 116

 

      Э.Баттулгад холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Цогтгэрэл,

            хохирогч Ч.Ганчимэг,

            цагаатгагдсан этгээд Э.Баттулга, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, 

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Баттулгад холбогдох 201625022273 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Энх-Амгалангийн Баттулга, 1978 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникийн команд  мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид дайчилгааны офицер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж 303 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИЮ78102973/;

  Э.Баттулга нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-303 тоотод хамтран амьдарч байсан Ч.Ганчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, гэрийн гадна газар унагааж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Э.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Э.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ч.Ганчимэг нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдаж, Э.Баттулгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5 тоот цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх Э.Баттулга нь хувийн сэдэлттэйгээр Ч.Ганчимэг рүү чиглэсэн, түүний амь бие эрүүл мэндэд халдсан санаатай үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй, хохирол хүлээсэн гэж эрхээ сэргээлгэхээр байцаан шийтгэх ажиллагаанд хэргийн нэг тал болон оролцож буй этгээдүүдийн мэдүүлгийг нөгөө талын гэм бурууг нотлох гол баримт гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй, Э.Баттулгын зүгээс хохирогч Ч.Ганчимэгийг гэмтээхэд тухайлан чиглэсэн ямар нэг үйлдэл хийсэн гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна. Гэрч С.Бямбасүрэнгийн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн Э.Баттулгад холбогдох хэргийг цагаатгажээ.

Хохирогч Ч.Ганчимэг хэрэг бүртгэлтэд “Баттулгын эхнэрийг нь яаж байна гээд гэрт нь ортол Э.Баттулга гаднаас орж ирээд гэрээс гар гэж заамдаж аваад чирсэн. Барьцалдаж зууралдаж байгаад нэг мэдсэн миний баруун гараас цус гарч байсан”, шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэрт ороод уучлаарай, түргэн дуудсан юм уу гэхэд эхнэр нь уйлаад байсан. Тэгтэл Э.Баттулга орж ирээд надтай зууралдаж байгаад миний гарыг гэмтээсэн...” гэсэн мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93, 94 дүгээр зүйлд заасны дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримт юм.

Дээрх нотлох баримтаас үзэхэд хохирогч Э.Ганчимэг нь Э.Баттулгын гэрт ороод Э.Баттулга болон түүний эхнэр Б.Марина руу довтолгооны шинжтэй үйлдэл хийгээгүй, хийхийг завдаагүй байхад Э.Баттулга нь гаднаас орж ирж хохирогч руу чиглэсэн довтолгоо хийж буюу хохирогчийг заамдаж аваад чирч улмаар зууралдаж байгаад давхралдаж газар унан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Гэрч С.Оюуны “...Ганчимэг гэрт нь орсон байсан чинь заамдалцаж гарч ирээд хоёулаа хоорондоо ноцолдож зууралдаад байсан. Ноцолдож байгаад гэрийн үүдэнд давхралдаад унасан. Ганаа босож ирээд миний гарыг зүсчихлээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Батчулууны “Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод газар унасан. Босож ирэхдээ миний гар зүсэгдлээ гээд гараас нь цус гараад байсан”, гэрч С.Бямбасүрэнгийн “Баттулга гэртээ байхдаа Ганчимэгийн нуруу руу цохиод түлхэж унагаагаад гэрээсээ чирээд гарсан. Тэгээд зууралдаад дээр доороо ороод ноцолдоод зодолдоод байсан. Ганаа миний гараас цус алдаад байна гээд байсан” гэсэн мэдүүлгүүдээр Ч.Ганчимэгийн мэдүүлэг нь давхар нотолж байх бөгөөд уг гэрчүүдийн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлд заасан нотлох баримт юм.

Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудад үнэлэлт өгөлгүй үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй яллагдагч Э.Баттулга, түүний эхнэр болох гэр бүлийн гишүүдийн эсрэг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэрч Б.Маринагийн мэдүүлэгт дүгнэлт хийж, Ч.Ганчимэг рүү чиглэсэн, түүний амь бие, эрүүл мэндэд халдсан санаатай үйлдэл хийсэн тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасан “шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн шүүх дээрх нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байхад Ч.Ганчимэг эхэлж довтолгоон хийсэн нотлох баримтуудыг цагаатгах тогтоолд дурдалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд заасан тогтоод дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Баттулга давж заалдах шатны шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг. Э.Баттулга нь санаатайгаар хохирогчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан бол хариуцлага хүлээх үндэслэл болно” гэж заасан. Тэрээр хохирогчийг гэртээ оруулахгүй гэсний улмаас гэрийн үүдийг алдалж зогссон. Э.Баттулга өөрийг нь зодоогүй, эрх чөлөөнд нь халдаагүй, юунаас болж гар зүсэгдсэнийг мэдэхгүй, Э.Баттулга гартаа хутга мэс, ямар нэг зүйл бариагүй байсан гэдгийг хохирогч мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би муу санаж Э.Баттулгын гэрт ороогүй. Намайг гэрт нь зүгээр сууж байхад Э.Баттулга чирч гаргаад унагасан. Э.Баттулга намайг барьж авч ноцолдоод нэг мэдэхэд миний гар зүсэгдсэн байсан... Анхан шатны шүүх хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна...” гэв.

                                                      ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Прокуророос Э.Баттулгыг “Ч.Ганчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, гэрийн гадна газар унагааж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр Э.Баттулгын үйлдлийг Ч.Ганчимэг рүү чиглэсэн, түүний амь бие, эрүүл мэндэд халдсан санаатай үйлдэл биш хэмээн дүгнэж, “хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтлан, Э.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн прокурорын яллаж буй нотлох баримтууд Э.Баттулгын гэм бурууг хангалттай нотолж чадахгүй байна.

Тухайлбал хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл: 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-303 тоотод байрлах өөрийн гэртээ цагаатгагдсан этгээд Э.Баттулга нь өмнө нь хамтран амьдарч байсан Ч.Ганчимэгийг гэртээ оруулахгүй гэж зууралдан, давхралдан унасан болох нь гэрч Б.Маринагийн “... Ганаа манайх руу орох гэтэл Баттулга оруулахгүй гээд нөгөөх нь орно гээд дайраад гэрийн үүдэнд давхралдаж унасан. Ганаа босож ирэхдээ “гараа авчихлаа” гээд байсан...” /хх 16/, гэрч С.Оюуны “...Ганчимэгийг Баттулгын гэрт орох гэхэд оруулахгүй гээд ноцолдож байснаа гэрийн үүдэнд давхралдаад унасан. Ганаа босож ирээд “миний гарыг зүсчихлээ” гээд гэрийн бүрээс аваад гараа арчаад байсан... Баттулгын гарт Ганчимэгийн гарыг зүсчихээр ямар нэгэн зүйл байгаагүй...Гэрийн үүдэнд хураасан байсан барилгын материал дээр л унасан байх...” /хх 18-19/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд дээрх гэрчүүд нь Э.Баттулга  хохирогчтой ноцолдож, байгаад газар унасан талаар мэдүүлсэн байна. Харин Э.Баттулга Ч.Ганчимэгийг зодож цохиогүй болохыг эргэлзээгүйгээр мэдүүлжээ. 

Үүнээс үзэхэд Э.Баттулгын үйлдлийн улмаас Ч.Ганчимэгийн баруун сарвууны алга хэсэгт шарх гэмтэл учрахаар үйлдэл хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, түүнчлэн Э.Баттулгын үйлдэл болон Ч.Ганчимэгт учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.