Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 5

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

улсын яллагч: Б.Цогтгэрэл;

шүүгдэгч: Э.Баттулга, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий;

хохирогч: Ч.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сартуул овогт Энх-Амгалангийн Баттулгад  холбогдох эрүүгийн 201625022273 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радиотехникийн команд мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид дайчилгааны офицер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжны 303 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИЮ78102973 регистрийн дугаартай, Сартуул овогт Энх-Амгалангийн Баттулга.

 

Прокуророос баталж ирүүлсэн  яллагдагчаар татах тогтоолоор:

 

Яллагдагч Э.Баттулга нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-303 тоотод хамтран амьдарч байсан Ч.Ганчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэрийн гадна газар унагааж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч А.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би урьд нь Ганчимэгтэй хамтран амьдарч байхдаа Дамбадаржаагийн 84-303 тоот хашаанд хамтдаа байшин барьсан бөгөөд тухайн байшин миний нэр дээр байсан. Ганчимэг “хоёулаа салсан болохоор байшингаа өг” гэж хэлэхээр нь өгсөн. Тэгтэл Ганчимэг 2015 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд хүмүүстэй байшингаа буулгасан. Ганчимэгийн нагац эгч Оюунчимэг манай гэрт орж манай жирэмсэн эхнэрийг алгадсан. Тэгээд цагдаа дуудахад Оюунчимэг явсан. Цагдаа ирээд “түргэн дуудаж үзүүл” гэж хэлээд явсан. Түргэн ирэх хооронд Ганчимэг гэрт ороод манай эхнэрт янз бүрийн юм яриад уйлуулсан байсан. Би Ганчимэгийг “гэрээс гар” гэхэд гарахгүй байсан. Гэтэл Ганчимэгийн ээж орж ирээд намайг “гараад ир” гэж хэлэхээр нь гарсан бөгөөд Ганчимэг араас гарч ирсэн. Ганчимэг гэр рүү буцаж орох гэхээр нь биеэрээ хаалгаа хааж зогсож байсан. Ганчимэг надаас зуурч байгаад надтай хамт хөл алдаад унасан. Тэгээд Ганчимэг босч ирэхэд гар нь зүсэгдсэн байсан. Би Ганчимэгийг түлхэх ч юм уу, ямар нэгэн гэмтээх үйлдэл хийгээгүй. Манай гэрийн үүдэнд төмөр угаалтуур байсан бөгөөд манай гэр рүү орох гэж дайрч байгаад гараа зүссэн байж магадгүй. Ганчимэг гар зүсчихлээ гэхээр нь манай эхнэр Марина гарыг нь боож өгье гэхэд боолгохгүй гээд гэрийн бүрээснээс авч боож байсан. Түргэн тусламж ирээд Ганчимэгийн гарыг боож өгсөн. Цагдаа ирээд болсон байдалтай танилцаж Ганчимэгийг хэлтэс рүү аваад явсан. Ганчимэг гараа юунд зүссэнийг мэдэхгүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

түүний хэрэг бүртгэлтэд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-29/: “…Ганчимэгийн эгч манайд орж ирээд жирэмсэн эхнэрийг маань алгадсан. Намайг гадаа байх хойгуур Ганчимэг ороод жирэмсэн эхнэрийг маань уйлуулаад байсан. Би Ганчимэгийг “гар” гэж хэлтэл гараагүй….Манай гэр рүү орох гэхээр нь би оруулаагүй. Миний араас дугтарч байгаад өөрөө унасан юм. Унахдаа юун дээр унасныг мэдэхгүй, “гараас цус гараад байна” гэж байсан…” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ч.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э.Баттулгатай 5 жил хамт амьдарсан. Надад байшингаа өгнө гэхээр нь буулгаж авна гэж хэлсэн. Тэгтэл намайг “байшингаа ав” гээд Э.Баттулга, эхнэртэйгээ дарамтлаад байхаар нь “та хоёрын амьдралд саад болохгүй, жаахан хүлээчих” гэж гуйсан. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ах дүүгээсээ гуйгаад 28-ны өдөр байшингаа буулгасан бөгөөд хажуу айлдаа цай уугаад байж байх хооронд манай эгч Оюунчимэг Э.Баттулгын гэрт ороод эхнэрийг нь алгадаж, Э.Баттулгыг өшиглөсөн гэсэн. Гэхдээ би алгадаж, өшиглөж байхыг нь хараагүй. Тэгтэл цагдаа ирсэн байсан бөгөөд намайг дуудахаар нь очтол “Оюунчимэг гэж хэн бэ” гэхээр нь “манай ээжийн дүү” гэж хэлэхэд “утасны дугаарыг нь өгчих” гэхээр нь “би хүний дугаарыг яагаад өгөх ёстой юм” гэхэд “Оюунчимэг Э.Баттулгын эхнэрийг нь алгадсан  хүүхэд нь гарах гээд байна гэнэ, түргэн ирээд ямар нэгэн юм болохын бол танай эгчийг дуудна шүү” гэж хэлсэн. Тухайн үед эхнэр нь утсаар яриад явж байсан. Би гэрт нь ороод “уучлаарай, түргэн дуудсан юм уу” гэхэд эхнэр нь уйлаад байсан. Тэгтэл Э.Баттулга орж ирээд надтай зууралдаж байгаад миний гарыг гэмтээсэн. Э.Баттулгын эхнэр нь надад сальфетик өгсөн бөгөөд сальфетикаар цусыг нь тогтоох боломжгүй байсан. 103 ирээд эхнэрийг нь үзсэн бөгөөд эмч нь гараад ирэхээр нь хүүхдийг нь асуухад “зүгээр байна” гээд миний гарыг боож өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Маш их гомдолтой байна гэв.

 

            түүний хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн /хх-ийн 11/: “…2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дамбадаржаагийн 84-303 тоот хашаанд байх байшинг Баттулгын шаардлагаар буулгасан…Баттулгын эхнэрийг нь “яаж байна” гээд гэрт нь ортол Баттулга гаднаас орж ирээд “чи гар” гээд намайг чирээд хөөж гаргасан. Би тэгээд ноцолдсон…Барьцалдаж зууралдаж байгаад нэг мэдсэн миний баруун гараас цус гарч байсан. Гарт мэс болон барьсан ямар нэг зүйл байгаагүй…Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг,

 

            гэрч  Б.Маринагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн /хх-ийн 16-17/: “…2016 оны 08 дугаар сарын 28-ны 12 цагийн өмнөхөн Ганчимэгийн эгч нь ирсэн. Гэрт орж ирээд “дэлбэрэх задрах болоогүй юу янхан минь” гээд намайг алгадсан. Үүнээс өмнө Тулгааг өшиглөсөн. Би цагдаа дуудсан. Цагдаа ирсэний дараа Ганчимэг гэрт орж ирээд “чи яах гэж байгаа юм бэ? Байшингаа барьж дуусгаж чадахгүй манай эгчээс мөнгө авч байшингаа дуусгах нь уу?” гээд чарлаад бархираад байсан. “Чамайг манай эгч алгадсаныг мэдэхгүй” гээд янз бүрийн юм яриад намайг доромжлоод байсан. Гэтэл Баттулга (Тулгаа) орж ирээд Ганчимэгийг “гар” гэж хэлтэл Ганчимэгийн ээж нь Тулгааг дуудаад гадаа уулзсан. Ганчимэг хойноос нь гараад явсан. Тэгээд Ч.Ганчимэг манайх руу эргэж орж ирэх гээд, Э.Баттулга оруулахгүй гээд, тэр хоёр бие биетэйгээ барьцалдаад, зууралдаад байсан. Тэгээд гэрийн үүдэнд давхарлалдаад унасан. Ганчимэг босож ирэхдээ “миний гарыг авчихлаа” гээд орилоод байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Оюуны хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн /хх-ийн 18-19/: “…Э.Ганчимэг гэрт нь орох гээд, Э.Баттулга оруулахгүй гээд ноцолдож байснаа гэрийн үүдэнд давхарлалдаад унасан. Ганаа босож ирээд “миний гарыг зүсчихлээ” гээд гэрийн бүрээснээс нь аваад гараа арчаад байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Батчулууны хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн /хх-ийн 41-42/:  “…Салсан эхнэр нь гэрт орно гээд, Э.Баттулга оруулахгүй гээд зууралдаж байгаад газар унахдаа гараа зүссэн гэж байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Бямбасүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “…Э.Баттулга гэрт байхдаа Ч.Ганчимэгийн нуруу руу цохиод, түлхэж унагаад гэрээсээ чирээд аваад гарсан…зууралдаад дээр, доороо ороод зодолдоод байсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Оюунчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн /хх-ийн 45-46/:  “…Баттулга гэрийн гадаа байхаар нь “чи энэ олон жил амьдарч байж энэ хүүхнийг ийм болгож амьдралыг нь үрлээ” гээд хөл рүү нь хальт өшиглөсөн, жирэмсэн хүүхэн нь гэрт хаалганы үүдэнд угаалтуур дээр нүүрээ будаад зогсч байхаар нь “хүмүүсийн амьдрал үймүүллээ чи” гээд гараараа нүүр рүү нь хальт шүргээд өнгөрсөн…” гэх мэдүүлэг,

 

“…Ч.Ганчимэгийн биед баруун сарвууны алга хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹12012 /хх-ийн 21/,

 

шүүгдэгч Э.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, Э.Баттулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн тодорхойлолт /хх-ийн 47/, гэрч Э.Баярчимэг /хх-ийн 12-13/, Н.Үүрцайх /хх-ийн 14-15/ нарын мэдүүлэг зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Прокуророос Э.Баттулгыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84-303 тоотод хамтран амьдарч байсан Ч.Ганчимэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан гэрийн гадна газарт унагааж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд тухайн өдөр хохирогч Ч.Ганчимэгийн нагац эгч С.Оюунчимэг нь “…хүний олон жилийн амьдралыг үрлээ, үймүүллээ…” гэх зэргээр Э.Баттулга, Б.Марина нарыг буруутган тэдний эрх чөлөөнд халдсан байна. Үүний дараа хохирогч Ч.Ганчимэг Э.Баттулгын гэрт орж Б.Маринатай маргаан үүсгэсэн, уг байдалд дургүйцсэн Э.Баттулга Ч.Ганчимэгийг өөрийн гэрээс гарахыг шаарджээ. Ингээд Э.Баттулга, Ч.Ганчимэг нар гэрээс гарч улмаар Ч.Ганчимэг нь буцаж гэрт орох, Э.Баттулга нь гэрт оруулахгүй хэмээн зууралцаж байхдаа хоёул давхарлалдан газарт унасан бөгөөд энэ үед Ч.Ганчимэгийн баруун сарвууны алга хэсэгт ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх гэмтэл учирсан үйл баримт хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон.

 

Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, уг хэрэг маргаанд оролцогчдын оролцоо болон хохирогч “гэрт орно” хэмээн Э.Баттулгатай зууралдаж байхдаа түүнтэй хамт газарт унаж хөнгөн гэмтсэн нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Баттулга нь хувийн сэдэлтэйгээр, тодорхой хүн буюу Ч.Ганчимэг рүү чиглэсэн, түүний амь бие, эрүүл мэндэд халдсан санаатай үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар прокуророос шүүгдэгчийг буруутган яллаж буй нотлох баримтууд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гаргавал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг хуулийн зарчимтай.

 

Мөн хохирогчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулсан байх боловч гэмт хэргийн улмаас бие эрхтэн, санаа сэтгэл, эд хөрөнгийн хохирол үзэж эрхээ сэргээлгэх шаардлага тавьж байцаан шийтгэх ажиллагаанд хэргийн нэг тал болон оролцож буй этгээдийн мэдүүлгийг нөгөө талын гэм бурууг нотлох гол баримт гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй.  

 

Шүүгдэгч Э.Баттулгын шүүх хуралдаанд болон хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мэдүүлсэн “…манай гэр рүү орох гэхээр нь би оруулаагүй. Миний араас дугтарч байгаад өөрөө унасан юм. Унахдаа юун дээр унасныг мэдэхгүй, “гараас цус гараад байна” гэж байсан” гэх мэдүүлэг үгүйсгэгдэхгүй байх бөгөөд

 

гэрч Б.Маринагийн “…Ч.Ганчимэг манайх руу эргэж орж ирэх гээд, Э.Баттулга оруулахгүй гээд, тэр хоёр бие биетэйгээ барьцалдаад, зууралдаад байсан. Тэгээд гэрийн үүдэнд давхарлалдаад унасан. Ганчимэг босож ирэхдээ “миний гарыг авчихлаа” гээд орилоод байсан…”,

 

гэрч С.Оюуны “…Э.Ганчимэг гэрт нь орох гээд, Э.Баттулга оруулахгүй гээд ноцолдож байснаа гэрийн үүдэнд давхарлалдаад унасан. Ганаа босож ирээд “миний гарыг зүсчихлээ” гээд гэрийн бүрээснээс нь аваад гараа арчаад байсан…”,

 

гэрч Д.Батчулууны “…Салсан эхнэр нь гэрт орно гээд, Э.Баттулга оруулахгүй гээд зууралдаж байгаад газар унахдаа гараа зүссэн гэж байсан…” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ч.Ганчимэг, Э.Баттулга нарын хооронд “гэрт орно, оруулахгүй” хэмээн зууралдаж байгаад хоёул газарт унахыг харсан, сонссоноос бус шүүгдэгч Э.Баттулгын зүгээс хохирогч Ч.Ганчимэгийг гэмтээхэд тухайлан чиглэсэн ямар нэг санаатай үйлдэл хийсэн гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна.

 

Үүнээс гадна хохирогчийн төрсөн эх С.Бямбасүрэнгийн гэрчээр мэдүүлсэн “…Э.Баттулга гэрт байхдаа Ч.Ганчимэгийн нуруу руу цохиод, түлхэж унагаад гэрээсээ чирээд аваад гарсан…зууралдаад дээр, доороо ороод зодолдоод байсан…” гэх мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугласан бусад баримтаар үгүйсгэгдэж байгааг тэмдэглэж байна.

 

 Иймд шүүгдэгч Э.Баттулгад холбогдох Э.Ганчимэгийн биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 296, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Сартуул овогт Энх-Амгалангийн Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Э.Баттулга цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Хохирогч Ч.Ганчимэг нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Баттулгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Тогтоолыг гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 8. Цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдээгүй тохиолдолд хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ