Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 807

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Ц.М, шүүгч Д.Ч нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: ҮИБНЗБХ

Нэхэмжлэлийн шаардлага: ҮИБНЗБХ-ны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, иргэдийн төлөөлөгч Ж.С  нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл үндэсний бөхийн спортоор хичээллэж, Үндэсний их баяр наадамд 6 дахь жилдээ барилдаж байгаа бөгөөд Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн зарлигаар Улсын начин цол хүртсэн.

Үндэсний бөхийн спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш ямар нэг хориотой бодис хэрэглэж байгаагүй бөгөөд 2009 онд Дорноговь аймгийн баяр наадамд тав давж Аймгийн начин, 2011 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд зургаа давж Аймгийн харцага, 2013 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж Аймгийн начны чимэг, 2013 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд үзүүрлэж Аймгийн заан, 2015, 2016 ондуудад Налайх хотын баяр наадамд түрүүлж Аймгийн хурц арслан, 2017 онд мөн Налайх хотын баяр наадамд үзүүрлэн зааны чимэг нэмж байсан.

Гэтэл ҮИБНЗБХ 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор “ .... Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээгээр итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон …улсын начин Ц.Б-ын үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давсныг хүчингүй болгож, улмаар улсын начин цолыг хасах, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг 2 жил буюу 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хассаныг эс зөвшөөрч байна.

Миний хувьд 2013 онд бэлтгэлийн үед зүүн өвдөгний чагтан холбоос бүрэн тасарч БНСУ-д донорын чагтан холбоос суулгах мэс засалд орж, мөн 2014 онд барилдааны явцад баруун өвдгөндөө бэртэл авч “М Х” эмнэлэгт баруун өвдөгний чагтан холбоосыг солиулж, мениск диск засуулах мэс засал хийлгэсэн ба уг хагалгааны дараах хүндрэлээс шалтгаалж венийн судасны бөглөрөл үүсэж 2015 оны 10 дугаар сард БНСУ-д бөглөрөл сэтгүүлэх мэс засалд орж байсан. Дээрх бэртэл гэмтлийн улмаас улирал тутам нөхөх сэргээх эмчилгээг зөвхөн эмч, эмнэлгийн байгууллагын хяналтанд хийлгэж байсан болно.

ҮИБНЗБХ-ны тогтоолын 5 дахь заалтаар улсын начин Ц.Б-т олгосон улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч гомдол гаргаж байгаа ба маргаан бүхий тогтоол /шийдвэр/ нь захиргааны актад тавигдах хууль зүйн шаардлагыг хангаж байгаа болно.

Иймд ҮИБНЗБХ-ны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ц.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй ҮИБНЗБХ-нд холбогдох захиргааны хэрэгт хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх барилдсанаас, Улсын аварга 5, Улсын арслан 9, Улсын гарьд 6, Улсын заан 9, Улсын харцага 17, Улсын начин 42, Аймаг, цэргийн арслан 99, Аймаг, цэргийн заан 20, Аймаг, цэргийн харцага 19, Аймаг, цэргийн начин 46, Сумын цолтон, залуу бөх 155, цэргийн бөх 85 тус тус барилдсан.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.5 дахь хэсгийг үндэслэн, ҮИБНЗБХ-ны 2018 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам”-д заасны дагуу үндэсний бөхийн барилдаанд тав буюу түүнээс дээш давсан нэр бүхий 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьцыг авч, дэлхийн итгэмжлэгдсэн 32 шинжилгээний төвийн нэг, Монголын үндэсний олимпын хороотой хамтын ажиллагааны гэрээтэй БНСУ-ын шинжилгээний төвд илгээсэн.

Уг төвөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэр бүхий 13 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлт ирсэн бөгөөд, дүгнэлтээр дээрх бөхчүүдээс сэргээшийн төрлийн хориотой бодис илрээгүй гэсэн хариуг Монголын допингийн эсрэг үндэсний төвд ирүүлснийг тус төвөөс Үндэсний бөхийн салбар хороонд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Харин 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын шинжилгээний төвөөс Монголын допингийн эсрэг үндэсний төвд ирүүлсэн 3729515 дугаар бүхий шинжилгээний сорьц, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монголын допингийн эсрэг үндэсний төвд ирүүлсэн 3729517, 3730222 /Ц овогтой Б-О / дугаартай нэр бүхий 3 бөхийн шинжилгээний сорьцоос сэргээшийн төрлийн МАВОиС/ бодис илэрсэн тухай дүгнэлтийг тус тус ирүүлсэн.

Дээрх нэр бүхий бөхчүүдэд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд В сорьцыг дахин шинжлүүлэх эсэх талаар тодруулахад 2 бөх татгалзаж, 1 бөх дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргасан.

Харин Ц.Б-ын хувьд дахин шинжилгээ хийлгэхээс татгалзсан бөгөөд 2015 онд БНСУ-д өвчний учир хагалгаанд орж, үүний улмаас Декаволин гэдэг эм хэрэглэж байсан, уг эмийн найрлагад сэргээшийн төрлийн бодис ордог тул чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комисст хандсан. Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр “Ц.Б-ын хэрэглэж байсан Декаволин эмийн найрлагад анаболик гормон /сэргээшийн төрлийн бодис/-ын найрлагатай байгаа боловч “Эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандарт”- ын 6.1-д ... тухайн тамирчин дараагийн тэмцээн эхлэхээс хамгийн багадаа 30 хоногийн өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой” гэж заасан заалтыг “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 4.2-д “...Энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан этгээд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан сэргээшийн шинжилгээний жагсаалтад буй хориотой бодисыг хэрэглээгүй тухай батламжийг дээж цуглуулах бүрэлдэхүүнд гаргаж өгнө...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл Ц.Б нь эмчилгээний зорилгоор сэргээшийн төрлийн найрлагатай эм хэрэглэж байсан тухайгаа Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах өдрөөс 30 хоногийн өмнө, мөн Үндэсний их баяр наадмын үеэр өгсөн шинжилгээний явцдаа сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглээгүй тухай батламж гаргахдаа дурдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлыг тус тус үндэслэн Ц.Б-ыг эмчилгээний зорилгоор чөлөөлөх боломжгүй гэж үзсэн тухай дүгнэлтээ Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссоос Үндэсний бөхийн салбар хороонд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот албан бичгээр ирүүлсэн.

Тус салбар хороо дээрх дүгнэлтийг хүлээж аваад 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг үндэслэн Улсын начин Ц.Б-ын цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах тухай саналыг гаргаж, ҮИБНЗБХ-ны хурлаар хэлэлцүүлэн, барилдах эрхийг 2 жилээр хасах шийдвэрийг гаргаж, шинээр олгосон Улсын начин цолыг хураалгах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тус тус өргөн мэдүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Э.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.О нь гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Тус нэхэмжлэлийн шаардлага нь Э.О ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд эсрэг үр дагавар бүхий утга агуулга байхгүй байх тул шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох шаардлагагүй гэж бид үзлээ.

Иймд Э.О ыг өөрийг нь биечлэн болон эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг цаашид шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан ҮИБНЗБХ-нд холбогдуулан ҮИБНЗБХ-ны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 06 дугаар тогтоолын 1, 2, 3, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн зарлигаар Улсын начин цол хүртжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.5 дахь хэсгийг үндэслэн, ҮИБНЗБХ-ны 2018 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам”-д заасны дагуу үндэсний бөхийн барилдаанд тав буюу түүнээс дээш давсан нэр бүхий 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьцыг авч, БНСУ-ын шинжилгээний төвд илгээсэн байна.

БНСУ-ын шинжилгээний төвөөс Монголын допингийн эсрэг үндэсний төвд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3729515 дугаар бүхий шинжилгээний сорьц, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3729517, 3730222 /Ц овогтой Б-О / дугаартай нэр бүхий 3 бөхийн шинжилгээний сорьцоос сэргээшийн төрлийн МАВОиС/ бодис илэрсэн гэх дүгнэлтийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь 2013 онд зүүн өвдөгний чагтан холбоос бүрэн тасарч БНСУ-д донорын чагтан холбоос суулгах мэс засалд орсон, мөн 2014 онд баруун өвдгөндөө бэртэл авч “М Х” эмнэлэгт баруун өвдөгний чагтан холбоосыг солиулж, мениск диск засуулах мэс засал хийлгэсэн ба хагалгааны дараах хүндрэлээс болж венийн судасны бөглөрөл үүсч, байнга нөхөн сэргээх эмчилгээг хийлгэдэг болсон нь өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгчийн карт, мэс заслын тэмдэглэл, эмнэлгийн комиссын шийдвэр, эмчийн магадлагаа, иргэний эрүүл мэндийн дэвтэр, БНСУ руу зорчсон хилийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

БНСУ-ын шинжилгээний төвөөс Ц.Б-ын 3730222 дугаартай шинжилгээний сорьцын дүгнэлтэд Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2018”-д орсон сэргээшийн төрлийн бодис илэрснийг Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, түүний амбулаторын картан дээр байгаа Декаболин хэмээх эм нь допингийн төрлийн хориотой бодисын жагсаалтын S1.1b-д ордог бүх цаг үед хэрэглэхийг хориглосон анаболик гормон буюу нандролон хэмээх бодис болохыг тодорхойлжээ.

Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартад дурдсанаар “Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Түүний дээжээс хориглосон бодис, эсвэл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсний хариуцлагыг тамирчин өөрөө хүлээнэ.” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч Ц.Б нь дээр дурдсан гэмтлүүдийн улмаас Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эмчийн хяналтад байж, байнгын эмчилгээ хийлгэдэг ба уг тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Д 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эмчлүүлэгчийн картан дээр эмчилгээний зорилгоор Декаволин эмийг өдөрт 2х2 удаа уухаар бичиж өгсөн.

Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Д уг эмийг булчингийн хатингаралшилтаас урьдчилсан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн, цаашид ч тогтмол хэрэглэх шаардлагатай талаар тодорхойлолтоо шүүхэд ирүүлсэн, мөн шүүхээс гэрчээр асуусан Допингийн эсрэг төвийн эмчилгээний зорилгоор чөлөөлөх комиссын эмч У.Н , М.Б , Б.Э нар нь уг бэлдмэл нь бүх цаг үеийн туршид хориотой бодисын жагсаалтад байдаг боловч эмчилгээний журмаар эмчийн заавраар тун хэмжээг тохируулан хэрэглэх заалт байдаг болохыг тайлбарласан болно.

Иймд нэхэмжлэгч Ц.Б-ыг хориглосон бодис тамирчны биед орсон нь түүний буруугаас болоогүй тохиолдолд, тодорхой шалгуурт үндэслэн шийтгэлийг өөрчлөх боломжтой байдлаар “цэвэр” тамирчны ашиг сонирхлын үүднээс түүнийг сэргээш байдлаар хэрэглэсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өвчтөн эмчилгээнд бичиж өгсөн эм бэлдмэлийг эмчийн жорын дагуу хэрэглэсэн ба түүнд сэргээшийн төрлийн бодис орсон эсэхийг мэдэх боломжгүй юм.

Хэрэв нэхэмжлэгч Үндэсний баяр наадам болохоос 30 хоногийн өмнө аливаа эм, эмийн бэлдмэл хэрэглэсэн тухайгаа мэдүүлсэн тохиолдолд баяр наадамд барилдах эрх хязгаарлагдахгүй бөгөөд улсын цол авсан, түрүүлсэн эсэх асуудал үгүйсгэгдэхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нар тайлбарласан учир Үндэсний их баяр наадмын тавын даваанд өрсөлдөгчөө давж начин цол хүртсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Допингийн эсрэг дүрэмд нийцүүлэн гаргасан журам нь дор хаяж үндэсний шигшээ багийн бүх тамирчид болон үндэсний чанартай уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан бүх этгээдэд хэрэглэгдэнэ. Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, спортын холбоо бусад төрийн болон төрийн бус байгууллага нь хориглосон жагсаалтад багтсан бодис, аргууд, допингийн хор холбогдлын сурталчилгааг тогтмол зохион байгуулна” гэж заасны дагуу аливаа уралдаан тэмцээний бүх шатанд оролцож буй тамирчдад Допингийн эсрэг зөрчлийн талаарх мэдээлэл, боловсролыг олгохоор заасан хэдий ч бөхчүүдийн галаар явж таниулга сурталчилгаа хийсэн баримт байхгүй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг.

Гэвч нэхэмжлэгч Ц.Б нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “тамирчин” гэж спортын сургалт-дасгалжуулалтаар бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдог этгээдийг ойлгоно” гэх заалтын хүрээнд тамирчин хүний хувьд эмчилгээний зориулалтаар уусан эм, эмийн бэлдмэлээ мэдүүлэх үүргээ биелүүлэлгүй, харин шинжилгээ өгсөн өдрөө буюу 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хэрэглэсэн эмийн жагсаалтыг мэдүүлсэн ба “Эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандарт”-ын 6.1-д “... тухайн тамирчин дараагийн тэмцээн эхлэхээс хамгийн багадаа 30 хоногийн өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой” гэж заасан заалтыг “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 4.2-д “...Энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан этгээд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан сэргээшийн шинжилгээний жагсаалтад буй хориотой бодисыг хэрэглээгүй тухай батламжийг дээж цуглуулах бүрэлдэхүүнд гаргаж өгнө...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн үйлдлийг зөвтгөх боломжгүй тул ҮИБНЗБХ-ны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын 3 дахь заалт буюу Ц.Б-ын барилдах эрхийг 2 жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3, Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ҮИБНЗБХ-ны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 06 дугаар тогтоолын 1, 2, 5 дахь хэсгийн Ц.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг тогтоолын 3 дахь заалтын Ц.Б-т холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.О

                                                ШҮҮГЧ                                               Ц.М

                                                ШҮҮГЧ                                               Д.Ч