Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00318

 

 

 

 

 

 

 

 

      2024         02            16                                    210/МА2024/00318

 

 

Ч.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03770 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О ХХК-д холбогдох,

О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, О ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ө, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ч.М- нь О ХХК-д механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчнаар 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэл 10 жил тасралтгүй ажилласаар ирсэн бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхээр ажилдаа ирсэн байхдаа автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг олж өөрийн эзэмшилдээ авсан. Тухайн гээгдэл эд хөрөнгийг олж авсны дараа О ХХК-ийн ажилтан мэдүүлэг, тайлбар авч, улмаар тухайн гар утсыг нэхэмжлэгчээс авч, эзэнд нь хүлээлгэн өгсөн. Энэ ажиллагаа явагдаж дууссаны дараа гэнэт таныг ажлаас халлаа, тушаалаа ав гэснээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тушаал гарч, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон.

Тушаалын үндэслэн хэсэгт нэхэмжлэгчийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Оюу толгой уурхайн талбарын “Мазаалай” хоолны газрын автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох хар өнгийн iphone 12 pro маркийн гар утсыг авсан. Аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар мэдээлэл өгсөн. Уг утасны гэрийг хамт хувьдаа ашиглах зорилгоор уурхайн талбараас гаргасан. Мөн үнэ бүхий гар утасны гадна гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан гэх хэд хэдэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг Ч.М- хүлээн зөвшөөрөхгүй, ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Ч.М-гийн гаргасан зөрчлийг байгууллагын дотоод журам, дүрэмд зохицуулаагүй, гээгдэл эд зүйлийг олсон тохиолдолд яах талаар О ХХК-ийн дүрэмд байхгүй бөгөөд тухайн тохиолдолд яах талаар журмыг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Журмын 7.2, 7.3, 7.8-д заасан бусад этгээд гэдэгт зочин этгээд ордоггүй. Тэгээд ч тухайн гар утсыг зөвшөөрөлгүй авсан биш гээгдэл эд хөрөнгийг олсон байдаг учир хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх тул тушаалд баримталсан заалтыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Сахилгын шийтгэл ногдуулах журмын 14.3-д хяналт шалгалтын тайланг үндэслэн шийдвэр гаргана гэсэн. Гэтэл ерөнхий менежер н.Цогжавхлан, хэлтсийн ахлах М.О- нарын саналыг харгалзаагүй, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх эрх зүйн байдлын талаар мэдэгдэж, тайлбар аваагүй.

Иймд О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б15786 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулан, О ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчны ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны буюу тушаал гарсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болох 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 246 хоногийн цалинд 1 өдрийн 950,928 төгрөг, нийт 233,928,288 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Ч.М- нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр О уурхайн талбарын Мазаалай хоолны газрын автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох хар өнгийн iphone 12 рго маркийн гар утсыг авсан, аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар өгсөн. Тухайн утсыг уурхайн талбараас гаргасан, мөн гар утасны гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан болох нь зөрчлийг хянан шалгах явцад тогтоогдсон тул 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б15786 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Ажилтан 2012 оноос хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн гар утас авсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгээгүй. Харин санаатай худал тайлбар, мэдээлэл өгсөн, гар утсыг уурхайн талбараас санаатай гаргасан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэсэн. Тухайн үед гар утсыг авчихаад хайлтын систем ажиллуулаад асууж, өөртэй нь 3 удаа уулзаж асуухад 2 удаа нь зөвшөөрөөгүй, утсыг хайж ирснийг мэдсээр байж гаргаж өгөөгүй, утасны сим карт болон гэрийг устгасан гэдгээ хэлдэг. Хэрвээ тухайн үед гар утсыг цүнхэндээ хийгээд уурхайн талбараас гарвал мэдэгдэнэ гэдгийг мэдэж байгаад халаасандаа хийгээд авч гараад гэртээ 2 хоног байлгасан. Ингэхдээ утсыг авах санаа байгаагүй юм бол яах гэж симийг нь хүртэл авч хаясан юм бол. Бусдын гар утсыг хайж байгааг мэдсээр байж уурхайн талбараас гаргасан үйлдэл нь 17.2.7.5-д заасан зөрчилд хамаарна. 17.4.5.5-д 2 ч удаа аюулгүй байдлын ажилтныг асуухад худлаа тайлбар хэлдэг. Байгууллагын дотоод журам 2012 онд батлагдсан, уг журмыг 11 жил ажилласан хүн мэдэхгүй байх боломжгүй. О ХХК нь 17,000 гаруй ажилтантай, 200 гаруй дүрэм журам үйлчилдэг, ажилтнууд бүгд дүрэм, журмаа мэддэг. Тухайн үед утсаа гээсэн хүн Аюулгүй байдлын албанд хүсэлт гаргасны дагуу камерын бичлэгийг үзээд, утасны хайлтын системийг ажиллуулахад нэхэмжлэгчийн ажлын байранд заасан учир очиж уулзаж, тайлбар авахад худлаа хэлчихээд уурхайн талбараас нууж гаргаад гэртээ аваачаад 2 хонуулаад аюулгүй байдлын албанаас асуугаад байхад гаргаж өгөхгүй байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж байж гаргуулсан. Аюулгүй байдлын албанд худлаа тайлбар өгсөн, утсыг уурхайн талбараас гаргасан, утасны гэрийг устгасан 3 үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж байсан. Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар Ч.М-гийн гаргасан зөрчил бүхий үйлдэл нотлогддог. Иймд нэхэмжлэгч Ч.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М-гийн хариуцагч О ХХК-д холбогдох О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, О ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчны албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн гол шаардлагад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг нэг мөр баримтлаагүй, тухайн хуулийн заалтыг гуйвуулан хариуцагч талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.

Ноцтой зөрчил мөн эсэхэд нэхэмжлэгч маргасан ба шүүх шийдвэртээ тусгаж үгүйсгэн няцаагаагүй, харин зөрчил гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Ноцтой зөрчил” гэж юуг үзэх, ямар үйлдэл, эс үйлдэхүйг хөдөлмөрийн гэрээнд хэрхэн заах талаар Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн 15.4.2-т тодорхойлж өгсөн.

4.б. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ материаллаг эрхийг бий болгож байгаа нотлох баримт уялдаа холбоо, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.М- нь 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажилд орж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн баримтыг гаргасан байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед дээрх дүрэм журмууд хэрхэн өөрчлөгдсөн, шинэчлэн батлагдсан Кэмпийн дотоод журам, сахилгын шийтгэл ногдуулах журам, ёс зүйн дүрэм зэрэг баримт бичгийг батлагдсан он сартай нь харьцуулан дүгнээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үеийн бус тэрнээс өмнөх баримтыг шүүх үнэлэхдээ 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи бүх дүрэм журмуудтай танилцсан гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлээгүй гэж үзнэ.

2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн О ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай” тушаал 5-ын Тушаах хэсгийн 3 дахь заалтад “Компанийн дотоод журам”-ын Хөдөлмөрийн удирдлагын харилцаа, түүнийг дуусгавар болгох гэсэн 6 дугаар хэсгийг энэхүү тушаалд гарын үсэг зурсан өдрөөс хүчингүй болсонд тооцсугай” гэжээ. Тус 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм нь хэрэг авагдаагүй, нөгөө талаар 2017 оны тушаалаар хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзнэ.

4.в. Хэрэгт авагдсан баримтаар гэрч О ХХК-ийн Аюулгүй байдлын ахлах ажилтан Б.Г- нь хянан шалгалт явуулах эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээгүй нотлогдоогүй байна. Хэргийн 92-103 дугаар талд авагдсан баримтаар хянан шалгагчаар Б.Б-, А.Б- нар ажилласан болох нь хэргийн 92-103 дугаар талд байгаа хяналт шалгалтын ажлын тайлангаас харагдаж байна. Гэтэл Аюулгүй байдлын ахлах ажилтан Б.Г- нь нэхэмжлэгч Ч.М-, Эпирок компанийн ажилтан Коди Дэвис нараас ярилцлага авсан байх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан эрх бүхий этгээд нь тогтоогдохгүй, энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлоогүй болно. Харин Б.Г- нь аюулгүй байдлын ажилтан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан гэж үзэж байна.

О ХХК-ийн “Сахилгын шийтгэл ногдуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “Холбогдох хэлтэс болон Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалтын газрын Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн төлөөллөөс бүрдсэн баг /цаашид Хянан шалгах баг гэх/ хянан шалгах ажиллагааг явуулна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Хянан шалгах багийг ажиллуулахаар заажээ. Гэвч хавтаст хэрэгт хянан шалгах баг томилсон тушаал байхгүй, Б.Б-, А.Б- нарт эрх бүхий этгээд биш, хянан шалгах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.

4.г. Гэрч Г.Э-ын мэдүүлгийг үнэн зөв бодитой талаас нь үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан. Дээрх О ХХК-аас дуудан ирүүлсэн Г.Э-ын мэдүүлгээс үнэн зөв, эргэлзээгүй үйл баримтууд тодорхой болоогүй болно. Г.Э-ыг нэхэмжлэгч Ч.М-д О ХХК-ийн дүрэм журмыг танилцуулсан эсэх үйл баримтыг нотлуулахаар хариуцагч гэрчээр дуудуулжээ. Гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримтууд эргэлзээгүй, үнэн зөв нотлогдсон уу гэдэг асуулт нь нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдолтой болно. Гэвч шүүх эргэлзээтэй, тодорхойгүй мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг холбогдох дүрэм журамтай танилцсан, хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 12-ийн И гэх заалт нь хуульд нийцэж байгаа эсэх талаар шүүх хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Учир нь дээрх хөдөлмөрийн гэрээний заалт нь ажил олгогчид давуу эрх олгосон заалт юм. Энэхүү давуу эрх олгосон заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан талуудын тэгш байдлыг хангах зорилтын хүрээнд шүүх хэрэгжүүлээгүй ба тухайн заалтыг хуульд нийцсэн мэтээр тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Хэргийн 64 дүгээр талд авагдсанаар нэхэмжлэгчээс О ХХК-д мөрдөгдөж байгаа сахилгын шийтгэл ногдуулах журмын 11.1-т заасны дагуу хянан шалгах баг ярилцлага үйлдсэн нь нотлогддог.

О ХХК нь ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын баг ажиллаж тухайн уурхайн талбарт тодорхой зөрчил гарсан тохиолдолд аюулгүй байдлын албанд мэдээлэл өгсөний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зөрчил гарах үед ахлах ажилтнаар ажиллаж байсан н.Б нь хариуцагчаас авсан ярилцлага, мэдүүлэг нь тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журмын дагуу авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу н.Батбаярыг гэрчээр дуудаж тухайн үед ямар үйл баримт болсон талаар тодруулсан. Тиймээс гэрч н.Б-ыг эрх бүхий этгээд биш тайлбар авах эрхгүй гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1-ийн И гэх заалтад компанийн дотоод журам болон ёс зүйн дүрэмд сахилгын журамд заасан ноцтой зөрчил гэж тооцсон зөрчлүүдийг ажлаас гаргах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход тооцно гэж заасан. Иймээс дээрх заалтад заасны дагуу бусдын өмчлөлийн эд зүйлийг зөвшөөрөлгүй уурхайн талбараас гаргах буюу тухайн эд хөрөнгөд хохирол учруулсан учир Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журам, ёс зүйн дүрэм, сахилгын дүрэмд заасны дагуу зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн тул сахилгын шийтгэл ногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч О ХХК-д холбогдуулан О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/15786 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, О ХХК-ийн механик засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 233,928,288 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг хуульд заасан, үндэслэл журмын дагуу зөв тогтоон, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

3.1. О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б15786 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, ажилтан Ч.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8 “б” болон 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.и, 10.4.1.2, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9 дүгээр зүйл “Ёс зүйн журмын зохисгүй хэм хэмжээ”-ний 9.1.4, 9.1.11 болон 19.1, 19.3, 19.4 дэх заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 13.1.4, 17.1, 17.2, 17.2.7.5, 17.3, 17.4.5.5, 18.7.1, 18.7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн, Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн дугуй засварчин Ч.М- нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр О уурхайн талбарын Мазаалай хоолны газрын автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох хар өнгийн iphone 12 pro маркийн гар утсыг авсан, аюулгүй байдлын ахлах ажилтанд санаатай худал тайлбар мэдээлэл өгсөн, уг утсыг утасны гэрийн хамт хувьдаа ашиглах зорилгоор уурхайн талбараас гаргасан, мөн үнэ бүхий гар утасны гэрийг үрэгдүүлж хохирол учруулсан зэрэг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх33/

 

3.2. Хэрэгт цугларсан О ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ч.М-тэй ярилцсан ярилцлагын тэмдэглэл, Зөрчил хянан шалгах ажлын тайлан, О ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Аюулгүй байдлын тайлбарууд, Э ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23/153 дугаартай “Тодорхойлолт”, Ч.М-гийн О ХХК-ийн кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн тухай баримтууд, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Б.Г-, Г.Э- нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд Ч.М- нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр О ХХК-ийн уурхайн талбарын “Мазаалай” хоолны газрын автобусны буудлын сандал дээрээс бусдын өмчлөлийн эд зүйл болох iphone 12 pro маркийн гар утсыг авч, уурхайн талбараас гаргаж, гэртээ аваачсан, аюулгүй байдлын ахлах ажилтныг асуухад нь худал тайлбар мэдээлэл өгсөн, улмаар Цагдаагийн байгууллагаас шаардсанаар гэр бүлийн хүн нь утсыг хүргэж өгсөн, тухайн гар утасны сим картыг устгаж, гадна гэрийг үрэгдүүлсэн үйл баримт нь тогтоогджээ.

 

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.1.и, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.4, 19.3, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.1, 17.2, 17.2.7.5, 17.3, 17.4.5.5-д заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан талаар зөв дүгнэжээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.6-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг харьцуулан шүүх үнэлж, нэхэмжлэгчийн үйлдлийг ноцтой зөрчилд хамааруулан авч үзсэнийг хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нь “...ноцтой зөрчил гаргаагүй, компанийн эсрэг үйлдэл хийгээгүй, хохирол учруулаагүй, түүний үйлдлийн шинж, үр дагавар, шалтгаант холбоог шүүх тогтоогоогүй...” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

4.1. Нэхэмжлэгч нь тухайн байгууллагад 2012 оноос хойш ажилласан байх ба ажилтан нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн “б”-д зааснаар “компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх”, мөн зүйлийн “в”-д зааснаар “компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах”, мөн зүйлийн “г”-д зааснаар “компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах” үүрэгтэй байна.

 

4.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.6 дахь хэсэгт “олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврийн хэрэгслээс гээгдэл эд хөрөнгө олсон этгээд түүнийг тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан ба уг хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдын гээгдэл эд зүйлийг олсон боловч түүнийгээ дээр дурдсан компанийн дүрэм журам, хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын захиргаа болон эрх бүхий этгээдэд нэн даруй хүлээлгэн өгөөхгүйгээс гадна, эрх бүхий этгээдээс уг үйлдлээ нууж худал тайлбар хийж, улмаар уурхайн талбараас гаргасан, сим карт болон кэйсийг устгасан үйлдлийг нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамааруулан дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг шүүх зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Дээрх үндэслэлүүдээр гээгдэл эд хөрөнгийг хэрхэх талаар компанийн дүрэм журамд тусгагдаагүй, холбогдох дүрэм, журмуудтай танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ