Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00346

 

 

 

 

 

 

 

 

      2024        02            21                                    210/МА2024/00346

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/05082 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ш-, Ч.Э- нарт холбогдох,

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Баянзүрх дүүргийн 5 хороо, Монос 1 дүгээр гудамж, 000 тоот хаягт орших 18646312643284 нэгж талбарын дугаартай, Г-2204021133 тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч юм. Д.Ш-ийн ах Д.Н- нь Х ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт холбогдож уг газрыг хохиролд тооцон өгсөн. Компаниас миний цалинд тооцож энэ газрыг надад өгч, хуульд зааснаар би өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэтэл миний өмчлөлийн дээрх газарт Д.Ш-, Ч.Э- нар нь надаас зөвшөөрөл авалгүйгээр хил давуулан /газрын бүх хэсэгт/ 2 давхар байшин барьж, өөрсдөө оршин сууж байна. Миний өмчлөлийн газрыг чөлөөлөх эсхүл тус газрыг үнэ тохиролцож худалдан авах талаар удаа дараа мэдэгдэж, хууль ёсны шаардлага тавьсан боловч ямар нэг шийдвэртэй хариу өгөлгүй хойшлуулсаар өдийг хүрлээ. Д.Ш-, Ч.Э- нар нь миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Би өөрийн хууль ёсны өмчлөлийн Г-2204021133 дугаартай газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Ш-, Ч.Э- нараас тус газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 5 хороо, Монос 1-40а, 000 тоотод /нийт 960м.кв/ 2000 оноос өөрийн аав Ц.Д-, ээж Д.Ц, төрсөн ах Д.Н-, төрсөн ах Д.Ж нарын хамт ам бүл 5 амьдарч эхэлсэн. Одоогоор би нөхөр Ч.Э- хүүхдүүд, ах Д.Ж- нарын хамтаар өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Уг газрыг аав, ээж маань хоёр ахын нэр дээр бүртгүүлж тус бүр 480 м.кв газар эзэмших гэрчилгээ гаргуулсан. Миний том ах Д.Н- нь Х ХХК-д ажиллаж байхдаа компанидаа өртэй байсан ба 6,000,000 орчим төгрөгийн өрийн барьцаанд ах Д.Ж-ийн нэр дээр байсан газар эзэмших гэрчилгээг тухайн компанид барьцаанд тавих санал гаргасан. Тухайн үед Б.Э- нь тус компанид нягтлан бодогчийн ажилтай байсан ба тус компани Б.Э-ийн нэр дээр шилжүүлж өрөө төлөхөөр буцааж шилжүүлэх нөхцөлтэйгөөр 2012 онд шилжүүлсэн. Ах Д.Н- компанид өртэй байсныгаа төлсөн гэдэг. Х ХХК татан буугдсан ба Б.Э- өөрийн газар мэтээр бидний газар эзэмших эрхэнд бүдүүлгээр халдаж шунахайн сэдлээр өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Бид нараас 25,000,000 төгрөг нэхэж дарамталж байсан. Б.Э-ийн өмчлөлийг хүчин төгөлдөр бус болох талаар манай өмгөөлөгч нэхэмжлэл гаргасан. Газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 5 хороо, Монос 1 дүгээр гудамж, 000 тоот, 18646312643284 нэгж талбарын дугаартай, Г-2204021133 бүртгэлийн гэрчилгээтэй, 480 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ч.Э-, Д.Ш- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож. хариуцагч Ч.Э-, Д.Ш- нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хуулийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “газар шилжүүлэх гэрээ”, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ болон Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоол, талуудын хооронд болсон үйл явдал, бусад нотлох баримтад ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шууд Б.Э-ийг хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжаар үзлэг хийхээр шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхаас гадна хэргийн материалтай танилцуулах эрхийг минь зөрчиж шүүх хуралдаан болохын өмнө нарийн бичгийн дарга нь намайг хуурч ямар нэгэн тайлбар хэлэлгүй гарын үсэг зуруулсан.

Мөн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэртээ тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон газрын гэрчилгээг Б.Э-т шилжүүлэхээр байгуулсан холбогдох гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч ажиллагаа хийгдсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тал үзлэг хийхэд байлцаагүй гэж давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч талаас Улсын бүртгэлийн баримтууд дээр үзлэг хийлгэх хүсэлт өгчихөөд өөрсдөө үзлэг хийхэд ирээгүй. Үзлэг хууль ёсны дагуу явагдаад Улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийж, нотлох баримтаар бэхжүүлсэн. Д.Ш- сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, мөн сөрөг нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байх. Д.Ш-ийн ах бие даасан шаардлага гаргах эрхтэй субъект биш. 2012 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Улсын бүртгэлээс хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, нотлох баримтыг бүрдүүлсэн. Улсын бүртгэлийн газраас анхны өмчлөгчийн бүртгэлээр өмчлөгч нь Б.Э- байна гэх хариуг ирүүлсэн. Энд өмчлөх эрхтэй газрын тухай ярьж байгаа, тэрнээс эзэмших эрхтэй газрын тухай яриагүй. 2012 оны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол хэрэгт авагдсан. Тухайн үед Д.Ш-ийн төрсөн ах нь Б.Э-ийн ажилладаг хуулийн этгээдэд завших гэмт хэргийн хохирол учруулсан тул өөрийн эзэмших эрхтэй газрыг Б.Э-ийн нэр дээр шилжүүлж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Д.Ш-, Ч.Э- нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Э- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баянзүрх дүүргийн 5 хороо, Монос 1 дүгээр гудамж, 000 тоот хаягт орших 18646312643284 нэгж талбарын дугаартай, Г-2204021133 тоот бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан.

 

4. Шүүх тухайн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, талуудаас маргаантай асуудлыг тодруулаагүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлж бэхжүүлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4.1. Анхан шатны шүүх хариуцагч Д.Ш-, Ч.Э- нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, эсхүл Д.Ш-, Ч.Э- нарын барьсан байшинг чөлөөлүүлэх шаардлага гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.

 

Хэрэв, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газарт баригдсан байшинг чөлөөлүүлэх хүсэл зоригтой бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан тухайн газар дээрх төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн барилга байгууламжийг нураах, буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заасан тохиолдолд гүйцэтгэх журмыг баримтлан шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт нэрлэн заасан тохиолдолд уг шийдвэр хэрэгжих боломжтой.

 

4.2. Нэхэмжлэгч нь “надаас зөвшөөрөл авалгүйгээр хил давуулан /газрын бүх хэсэгт/ 2 давхар байшин барьж амьдарсан” гэж тайлбарласан, хариуцагч нь “10х8 харьцаатай байшин” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан. Мөн хэрэгт цугларсан баримтаар талуудын маргаан бүхий газрын хэдэн хувьд нь уг барилга баригдсан болон барилгын хэмжээ тодорхойгүй байна. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход энэ талаар тодруулах шаардлагатай.

 

4.3. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2021/12640 дугаартай захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивт үзлэг хийжээ. Уг үзлэгийн тэмдэглэлд оролцсон болон байлцсан этгээдүүд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр маргаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх ба давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/05082 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ