Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00358

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00358

 

 

 

2024 02 23 210/МА2024/00358

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын

31-ний өдрийн 184/ШШ2023/04096 дугаар шийдвэртэй

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй, Г.Э-д холбогдох

137,989,242 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний аав Г.Э- 2016 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан. Гэтэл аавын төрсөн дүү Г.Э- нь аавын өмчлөлийн Тоёота кроун маркийн ----- тээврийн хэрэгслийг В.У-т, мөн К- маркийн ------ тээврийн хэрэгслийг өөртөө 2016 оны 11 сарын 13-ны өдөр тус тус шилжүүлэн бусдад худалдан борлуулсан байдаг. Уг тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчийн гаргасан дүгнэлтээр 2 тээврийн хэрэгслийн үнийг 27,489,000 төгрөг гэж тогтоогдсон учир энэ дүнгээр нэхэмжилж байна.

 

Би эцгийн хөрөнгийг өвлөх эрх үүссэн үеэс эхлэн засварын байр, газрыг чөлөөлж өгөхийг Г.Э-ас удаа дараа шаардаж байсан ч шилжүүлж өгөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гаргуулах буюу 2022 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглан авто засварын үйл ажиллагаа эрхлэн ихээхэн хэмжээний орлого олсон. Г.Э-ын эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Х гудамж- 00 тоотод орших 441 м.кв талбайтай газар, мөн хаягт байх  авто засварын газрыг бусдад түрээслэн орлого олох боломжтой байсан. Энэ хугацааг 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл нэг сарын 2,500,000 төгрөгөөр тооцоход 12 сарын хугацаанд 30,000,000 төгрөг, мөн 2020 оны 12 сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл нэг сарын 3,000,000 төгрөгөөр тооцоход 23 сарын хугацаанд 80,500,000 төгрөг, нийт 110,500,000 төгрөг олох боломжтой байсан учир шаардаж байна.

 

Иймд хариуцагчаас 2 ширхэг тээврийн хэрэгслийн үнэ 27,489,000 төгрөг, олох байсан орлого 110,500,000 төгрөг, нийт 136,011,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э.Э- нь эцэг болох миний төрсөн ах Г.Э-ын өв залгамжлагч гээд дээрх хоёр тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Тоёото кроун маркийн --- тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй, моторгүй байсныг би ах Д.Э-т 4,500,000 төгрөг өгч худалдаж авсан бөгөөд тухайн үед гэнэтийн золгүй явдал болсон тул ахаас тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авч чадаагүй. Ахыг нас барснаас хойш 2 жилийн хугацаанд энэ тээврийн хэрэгслийг үр хүүхэд нь надаас нэхээгүй. Ах, эхнэрээсээ салаад олон жил болсон учир бид хамтран амьдарч, хамт бизнес хийдэг байсан. Хүүхдүүд нь ээжийнхээ хамт ахаас тусдаа амьдардаг байсан ба ямар нэгэн харилцаа байгаагүй. Мөн нэхэмжилж байгаа 2 дахь тээврийн хэрэгслийн хувьд надад ямар ч хамааралгүй.

 

Мөн 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь авто засварын газрыг үнэ төлбөргүй түрээслэхээр ахтайгаа гэрээ байгуулан ажиллуулж байсан шударга эзэмшигч юм. Энэ талаар маргаан үүсч шүүх 2022 оны 06-р сард шийдвэр гаргасан бөгөөд 11-р сард нь хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлий хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Г.Э-ас 39,489,242 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлээс 98,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,133,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс Э.Э- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Г.Э-ын хууль ёсны өвлөгч, мөн хөрөнгийг өвлөх эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас тээврийн хэрэгслийн төлбөрийг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтаар /хх74x/ нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг өвлөсөн, өвлөгчөөр тогтоогдсон баримтгүй, мөн өвлөх эрх сэргээх шаардлага ч гаргаагүй байхад шүүх зөвхөн төрсөн хүү гэсэн үндэслэлээр өвлөгч гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Г.Э нь 2016 онд нас барсан ба 7 жилийн хугацаанд нэхэмжлэгч өв хүлээн авах хүсэлт гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгаагүйн улмаас хүсэлт гаргаагүй нь хүндэтгэх шалтгаан биш байхад шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 528.4 дэх заалтуудтай зөрчилдсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

4.2. Хариуцагч тээврийн хэрэгслийн мөнгийг аваагүй нь гэрч Г.Э-гийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх аваагүй мөнгийг нь түүнээс гаргуулсан нь хуульд нийцэхгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Г.Э- нь хариуцагч биш харин Г.Э жинхэнэ хариуцагч болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4.3. Шүүх үл хөдлөх эд хөрөнгийг Улсын дээд шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 814 дугаар тогтоол гарч, шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийгдэж дууссан 2022 оны 11 сар хүртэлх хугацаагаар хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсан, энэ хугацаагаар хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 12,000,000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д зааснаар Г.Э- нь шударга эзэмшигч бөгөөд өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг буцаж өгөхөөс татгалзах эрхтэй. Өмнөх шүүхийн шийдвэрээр Г.Э- нь шударга эзэмшигч болох нь тогтоогдсон.

 

4.4. Хэрэгт авагдсан баримтаар Г.Э- нь Улсын дээд шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Э.Э-д холбогдуулан хийгдэж байсан, өнөөдрийг хүртэл уг шаардлага хангагдаагүй байгаа. Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад олох ёстой байсан орлого гэж хариуцагчаас 12,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн төрсөн эцэг Г.Э- 2016 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан. Үүнээс хойш хариуцагч нь төрсөн ахынхаа тээврийн хэрэгслүүдийн бичиг баримтыг ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн бусдын нэр дээр шилжүүлснийг тогтоосон. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн өвлөх эрхийг хэрэгжүүлэхэд санаатайгаар саад учруулсан гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Улсын дээд шүүхийн тогтоол 2022 оны 06 сарын 30-ны өдөр гарч хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш Э.Э-ыг маргаан бүхий газрыг чөлөөлж өгөхийг шаардаж байсан ч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2022 оны 11 сарын 16-ны өдөр маргаан бүхий газрыг албадан чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Г.Э-д холбогдуулан нэхэмжлэгчид өвлөгдөх байсан хоёр ширхэг тээврийн хэрэгслийг хууль бусаар шилжүүлэн авсны үнэ 27,489,242 төгрөг, мөн нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар эзэмшсэний улмаас олох ёстой байсан орлого 110,500,000 төгрөг, нийт 137,989,242 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн  магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн  тогтоолоор нэхэмжлэгч Э.Э-ыг талийгаач Г.Э-ын хууль ёсны өвлөгч бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөн авсныг тогтоожээ. Иймд нэхэмжлэгч нь өвлөгдвөл зохих эд хөрөнгийн талаар үүрэг бүхий этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй тул дараах үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

3.1. Дээрх тээврийн хэрэгслүүдийг өвлөх хүсэлтийг нэхэмжлэгч нотариатчид гаргаж байгаагүй, өвлөгчөөр тогтоогдоогүй болон уг шаардлагыг хариуцах жинхэнэ хариуцагч биш гэж хариуцагч маргаж, давж заалдах гомдол гаргажээ. Нэхэмжлэгч нь талийгаач Г.Э-ын өвлөгдөх эд хөрөнгө болох газар, засварын байрыг өвлөн авсан, харин дээрх хоёр тээврийн хэрэгслийг хариуцагч 2016 оны 10, 11 сард бусдад шилжүүлсний улмаас өвлөх боломжгүй болсныг анхан шатны шүүх зөв тогтоож, дүгнэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Э.Э- нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан өвлөгч тул дээрх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

3.2. Хариуцагч нь талийгаач Г.Э-ын өмчлөлд байсан 22-96 УНД улсын дугаартай, K- тээврийн хэрэгслийг 2016 оны 11 сарын 13-ны өдөр В.У-ын өмчлөлд, мөн ----- Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 10 сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлд тус тус шилжүүлсэн нь хэрэгт авагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 17-ны өдрийн --- тогтоол, автотээврийн үндэсний төвийн 2022 оны ----- лавлагаагаар тогтоогджээ. Анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас тээврийн хэрэгслүүдийн үнэ 27,489,242 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

3.3. Хариуцагч нь тээврийн хэрэгслүүдийг иргэн Г.Э-той хамтран өөрийн болон бусдын өмчлөлд шилжүүлсэн, ийнхүү шилжүүлснээр хариуцагч бусдын өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөгдсөн нь гэрч Г.Э-гийн мэдүүлгээр тогтоогдсоныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ. Иймээс хариуцагч тээврийн хэрэгслүүдийн үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул энэ тухай гомдлыг хангахгүй.

 

4. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Х-1- гудамж 00 тоотод байх 441 м.кв газар, 371 м.кв талбайтай автомашины гарааш, автозасварын газрын өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Хариуцагчийг нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсныг шүүх тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй, Улсын дээд шүүхийн шийдвэр 2022 оны 06 сарын 30-ны өдрийн шийдвэр гарснаар уг маргаан дуусгавар болсон байна.

 

4.1. Нэхэмжлэгчийн хөрөнгийг хариуцагч 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэж, уг хугацаанд олох боломжтой байсан орлого, үр шимийг нэхэмжлэгч 110,500,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлийг Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн шийдвэр бодитой биелэгдсэн 2022 оны 11 сар хүртэлх 4 сарын хугацаагаар тооцож 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4.2. Харин шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна. Бусдын эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд уг хөрөнгийг эзэнд нь буцаан шилжүүлэх үүрэгтэйгээс гадна Иргэний хуулийн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад тухайн хөрөнгийг эзэмшилдээ байлгасан хугацааны орлого, үр шим нь хохиролд тооцогдох тул нэхэмжлэгч уг хохирлоо хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримталсныг хассан агуулгатай хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/04096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...95 дугаар зүйлийн 95.1... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-ас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ