Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00403

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/00403

 

 

 

 

2024 02 28 210/МА2024/00403

 

БНСУ-ын иргэн -

Б--ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-

ний өдрийн 181/ШШ2023/03846 дугаар шийдвэртэй

БНСУ-ын иргэн - Б--ны нэхэмжлэлтэй, Т- ХХК, Э К с-ХХК нарт холбогдох

Э К с-ХХК-ийн хувьцааны 50 хувийг худалдсаны төлбөр 90,980 ам.доллар буюу 315,667,847 төгрөг, хохирол 77,358,745 төгрөгийг гаргуулах, Э К с-ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авахыг Т- ХХК-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Т- нь 2017 онд БНСУ-ын Гёнг Хи Их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн арга хэмжээний үеэр нэхэмжлэгчтэй уулзаж амаржсаны дараах эх, хүүхдийн сувиллын газрыг Монголд нээн ажиллуулбал ашигтай байх тухай бизнесийн санаагаа танилцуулан, улмаар талууд тус бүр 100,000 ам.долларын хөрөнгө оруулалттай, компанийн хувьцааг 50/50 хувиар эзэмших нөхцөлтэй Э К с-ХХК-ийг байгуулахаар Түншлэлийн гэрээ байгуулсан. Ингээд Б- нь 100,000 ам.долларыг 2017 оны 10 сарын 31-ний өдөр Д.Т-д шилжүүлсэн.

1.2. - Б- нь 2017 оны 11 сард Монгол Улсад ирж Э К с-ХХК-ийн баримт бичигтэй танилцахад Д.Т- нь өөрт ногдох 100,000 ам.долларыг компанид оруулаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн оруулсан 100,000 ам.доллараар компанийн дүрмийн санг бүрдүүлсэн байдаг. Улмаар талууд С-  эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж, эмнэлгийн тусгай зөвшөөрлийг авсан хариуцсан хүний нь хувьд Д.Т-аас тодруулахад тусгай зөвшөөрөл гаргадаг хүнд мөнгө өгсөн удахгүй гарна гэх тайлбар өгснөөр нэхэмжлэгчийн хувьд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, хамтарсан компанийг 200,000 ам.долларын бус зөвхөн нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгөөр үүсгэн байгуулж хууран мэхэлснийг мэдсэн байдаг.

1.3. Ингээд Б- нь БНСУ-руу буцаж, улмаар Э К с-ХХК-д оруулсан 100,000 ам.долларыг буцаан авах, хариуцагч нь хувьцааг авахаар болж 2018 оны 04 сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулан 2018 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 100,000 ам.долларыг буцаан төлөхөөр тохиролцсон. Ийнхүү түншлэлийн хугацааг дуусгасан ч Д.Т- нь төлбөрийг бүрэн шилжүүлээгүй ба 2018 оны 10 сарын 01-ний өдөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэд 5,000,000 вон, хувьцааны үнэд 10,000,000 воныг төлсөн. Воныг 2018 оны 10 сарын 01-ний өдрийн вон-төгрөгийн Монголбанкны харьцах ханш 2,30 төгрөг байсан тул 10,000,000 вон нь 23,000,000 төгрөг болсныг төгрөг-ам.долларын ханшаар тооцоход 9,019 ам.доллар болсон. Иймд хариуцагч нь 100,000 ам.доллараас /100,000-9,019=90,980/ үлдэх 90,980 ам.долларыг буцаан төлөх үүрэгтэй байна.

1.4. Уг 90,980 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 05 сарын 17-ны өдрийн Монголбанкны ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2,646 төгрөгөөр тооцон 240,733,080 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч энэ хугацаанд БНСУ-аас Монгол Улсад ирж очих замын зардал, байрлах зочид буудлын төлбөр, орчуулгын төлбөр, нотариатын үйлчилгээний хөлс, өмгөөллийн зардалд 77,358,745 төгрөг зарцуулж хохирол хүлээсэн тул уг хохирлыг хариуцагчаас шаардаж байна.

Иймд хариуцагч нараас 90,980 ам.доллар буюу 240,733,080 төгрөг, зардал 77,358,745 төгрөг, нийт 318,091,825 төгрөгийг гаргуулах, Э К с-ХХК-ийн хувьцааны 50 хувийг шилжүүлж авахыг хариуцагч Т- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Төрсний дараах эх, нярайн сувилал байгуулах төслийн ажилтай Б- нь танилцан судалсны үндсэн дээр 2017 оны 10 сард сувилал байгуулах ажил эхэлсэн. Тухайн үед хамтран оролцох бусад хүмүүс оролцохгүй, нэхэмжлэгч дангаар хөрөнгө гарган оролцох тухайгаа надад хэлж төслийн хөрөнгө оруулалтыг 50:50 хувиар гаргаж, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан ба Б- нь төсөл, компанийн үйл ажиллагааг удирдаж, санхүүгийн үйл ажиллагааг хянаж байсан. Ингээд 2018 оны 01 сард С- эх, нярайн сувилал нээгдсэн. Тохиролцсоны дагуу Б- нь С- эх, нярайн сувиллын захирлаар ажиллаж сувиллын өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүг хариуцаж байсан. Эмнэлгийн тусгай зөвшөөрөл гарахгүй удааширсан, сувиллаар үйлчлүүлэгчид тооцсоноос бага байснаас Б- захирал их стресст автсан.

2.2. Ингэж хүнд байдал үүссэн тул би шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг компанийн дүрмийн дагуу хоёр талаас тэнцүү гаргах санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн ч гэнэт ажилдаа ирээгүй ба 1 сарын дараа холбогдож уучлал хүсээд, бие муудсан, нэмэлт хөрөнгө босгохоор нутаг буцсан гэсэн. Тухайн үед манай компаниас 270 гаруй сая төгрөгийг хамтарсан компанид зарцуулсан тул төслөө зогсоох боломжгүй, мөн Б- цаашид хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Манай компаниас хамтарсан компанийн дүрмийн дагуу Б-аас нэмэлт хөрөнгө оруулалтын 50 хувийг шаардах гэсэн ч түүний гуйлтаар эрсдлээ хүлээн төслөө үргэлжлүүлсэн. Эмнэлэг үйл ажиллагаагаа эхэлсэн 2018 оны 01 сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 сар хүртэлх хугацаанд алдагдалтай ажиллаж, Т- ХХК-аас 168,012,522 төгрөгийн зардал гаргаад байна.

2.3. Талуудын хооронд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй учир 10,000,000 воныг хувьцааны үнэ гэх боломжгүй. Бидний байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь тодорхой болзолтой. Тухайлбал, 4-т ...эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж ашиг олж эхэлбэл тухайн этгээд эзэмшиж байсан компанийн 50 хувийн өмчийг хамгийн эхэнд Д.Т-д худалдан хувьцаагаа үлдээнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн тодорхойлсон хэлцэл нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д нийцэхгүй буюу болзол биелсний дараа тухайн асуудлаар бие даасан хэлцлүүд хийгдэх учиртай. Түүнчлэн эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг олсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиход Б-ы үүрэг оролцоо байхыг хэлцлийн 5-д мөн заасан байгаа гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй, бодит байдлыг мушгин гуйвуулсан байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Э К с-ХХК болон Т- ХХК нараас Э К с-ХХК-ийн 50 хувийн хувьцаа худалдсаны үнэ 315,667,847 төгрөг, хохирол 77,358,745 төгрөг, нийт 393,026,592 төгрөгийг гаргуулах, Э К с-ГХОХХК-д эзэмшиж буй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахыг хариуцагч Т- ХХК-д даалгах тухай Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,451,330 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй, хэргийн бодит байдал, маргааны үйл баримтыг бүрэн ойлгоогүй, шаардлага бүрийн үндэслэлд дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь сувиллын газрыг ажилуулж байгаагүй. Зохигчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллахаар тохиролцсон нь нотлогддог ба эмнэлгийн тусгай зөвшөөрөл, нөгөө тал нь хамтарсан компанид 100,000 ам.долларыг оруулаагүй учир талууд 2018 оны 04 сарын 01-ны өдрөөс эхлэн хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 479, 480 дугаар зүйлд нийцсэнийг шүүхээс анхаарч үзээгүй.

4.2. Шийдвэрт ...нэхэмжлэгч 2018 оны 04 сарын 01-ний өдөр үйлдсэн гэх тохиролцооны бичигт үндэслэн нэхэмжлэгч шаардлагаа тoдopxoйлcoн... гэж зөв дүгнэж эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг орлого сайжирсан тохиолдолд 2018 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 3 сарын дотор Д.Т- нь Б-ы хөрөнгө оруулалт болох 100,000 ам.долларыг олгох, улмаар Б- нь өөрийн эзэмшиж буй компанийн 50 хувийн хувьцааг Д.Т-д шилжүүлэхээр тохиролцсон байна гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардах эрхийн үндэслэлийг шүүх буруу тодорхойлсон. Шаардах эрхийн үндэслэлийн талаар шүүх үнэн, зөв дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.3. Дээрх тохиролцоогоор Д.Т- нь компанийг дангаар удирдаж бүх зардлыг хариуцах, эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжин орлого сайжирч эхлэх хугацаанд (2018 оны 06 сарын 30-ны өдөр)-өөс эхлэн 3 сарын дотор Б-д хувьцааны үнэ 100.000 ам.долларыг төлөхөөр тохиролцсон нь орлого үүссэн мөчөөс эхлэн төлбөрийг төлж хувьцааг худалдан авч, хамтын үйл ажиллагааг дуусгах хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэж үзэхээр байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ бөгөөд хариуцагч 2018 оны 10 сарын 01-ний өдөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнэ 5,000,000 вон, хувьцааны үнэд 10,000,000 воныг тус тус төлсөн. Уг 10,000,000 воныг төгрөгт шилжүүлэхэд 23,000,000 төгрөг, улмаар ам.долларт шилжүүлэхэд 9,019 ам.доллар болсон тул хувьцааны үнээс хасч 90,980 ам.долларыг нэхэмжилсэн.

4.4. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг шүүх зөрчиж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх талаас үнэлээгүй. Хариуцагч нь тохиролцооны дагуу 2018 оны 10 сарын 01-ний өдөр хувьцааны төлбөрөөс зарим хэсгийг төлсөн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасантай нийцсэнийг шүүх анхаараагүй.

4.5. Шийдвэрт ...хэрэгт авагдсан баримтуудаар 2018 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, ашиг орлого сайжирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу болзол хангагдсан гэж үзэх боломжгүй... гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болжээ. Шүүх уг дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн. Зохигчдын хооронд хийсэн тохиролцоо нь болзол тавьж хийсэн хэлцэл биш харин хэлцлийн дагуу хувьцааны үнийг төлж эхлэх хугацааг хойшлуулсан, тухайн хугацаа болсноор үүрэг үүсгэх тохиролцоо юм. Хариуцагч нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр хувьцааны үнийн зарим хэсгийг төлсөн нь болзол тавьж хийсэн хэлцлийг агуулаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Энэ хэрэг маргаан 3 шатны шүүхээр явсан. Компани байгуулах, байгуулсан компани нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах талаархи хуулийн зохицуулалтыг буруу ойлгож маргаж байсан. Шүүх маргаж байгаа тухайн гэрээг дүгнэсэн. Гэрээний дагуу компанийн 50 хувийг өгнө гэсэн байна, гэхдээ үйл ажиллагаа тогтворжсоны дараа өгье гэсэн байна, үүнийг та нар 3 сар гэж тооцсон байна, эмнэлгийн үйл ажиллагааг тогтворжуулахад нэхэмжлэгч тал тодорхой үүрэг хүлээсэн ч үүргээ биелээгүй учраас шаардах боломжгүй талаар шүүх дүгнэн шийдвэрлэсэн. Тийм учраас Компанийн тухай хуулийг баримтална. Нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчээ үүнийг ав гэж шаардахад шүүх ав гэж шийдэх боломжгүй. Компанийн хуульд зааснаар гаргасан шийдвэр нь тухайн этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байвал шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй. Тухайн үед үйл ажиллагаа тогтворжих боломж байгаагүй. Нэхэмжлэгч үүргээ хүлээхгүй орхиж явсан ба компанийг ашигтай ажиллуулахад оролцох үүрэгтэй, урьд нь компанийн удирдлагыг хэрэгжүүлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Компани тусгай зөвшөөрөл авахын тулд том эмнэлэг байгуулж, энэ хугацаанд 100,000 доллараас ч их зарлага гаргасан гэдгээ тодорхойлж, тоног төхөөрөмжөө авч байж, түүнийгээ үзүүлж байж тусгай зөвшөөрөл авна. 1 жил гаруй хугацаанд төлсөн түрээсийн төлбөр, эмнэлгийг ажиллуулах боловсон хүчинг цалинжуулсан цалин, зардал мөнгийг яах вэ. Эдгээр зардал нь аль хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө вэ гэдэг талаар ярьж байж дараагийн асуудлаа ярих ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. БНСУ-ын иргэн - Б- нь хариуцагч Т- ХХК, Э К с-ХХК нарт холбогдуулан Э К с-ХХК-ийн хувьцааны 50 хувийг худалдсаны үлдэгдэл төлбөрт 90,980 ам.доллар буюу 315,667,847 төгрөг, хохиролд 77,358,745 төгрөг, нийт 393,026,592 төгрөгийг гаргуулах, Э К с-ХХК-д эзэмшиж буй хувьцааны 50 хувийг шилжүүлж авахыг хариуцагч Т- ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд эрх зүйн хэд хэдэн харилцаа үүссэнийг зааглаж зөв дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгч -, хариуцагч Т- ХХК нар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр Э К с-ХХК-ийг үүсгэн байгуулах, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хувьцаа эзэмшигч тус бүрийн оруулсан 100,000 ам.доллараас бүрдэх, талууд уг хэмжээгээр компанид хувьцаа эзэмшихээр тохиролцон Бизнесийн түнш нэртэй хэлцэл хийсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 11-12,18/

 

5. Э К с-ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компани нийт 246,000 ширхэг энгийн хувьцаатай байхаар дүрмээр тогтоож, уг зарласан хувьцааны 123,000 ширхэг буюу 50 хувийг БНСУ-ын иргэн -, мөн 123,000 ширхэг буюу 50 хувийг Т- ХХК эзэмшсэн байна. /1хх 201 дэх тал/

Зохигч Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажилласан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Талууд Иргэний хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар компани байгуулж хамтран ажиллахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээнд хамаарахгүй.

 

6. Нэхэмжлэгч 2017 оны 10 сарын 31-ний өдөр хувьцааны үнэд 100,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн, харин хариуцагч нь эзэмшсэн хувьцаандаа ногдох хувь нийлүүлсэн хөрөнгөд 100,000 ам.долларыг компанид шилжүүлээгүй нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

7. Талууд 2018 оны 04 сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ нэртэй хэлцэл хийж, Э К с-ХХК-ийг байгуулан хамтран ажилласан тохиролцоогоо дуусгавар болгох, компанийн үйл ажиллагааг 50 хувийн хувьцаа эзэмшигч Т- ХХК цаашид эрхлэн явуулах, --ын Э К с-ХХК-д эзэмшиж буй 123,000 ширхэг буюу 50 хувийн хувьцааны үнэ 100,000 ам.долларыг Т- ХХК төлж, уг хувьцааг шилжүүлэн авахаар тус тус тохиролцсоныг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ. /1хх 18 дахь тал/

7.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Э К с-ХХК-ийн хувьцааг худалдсаны үнэ 315,667,847 төгрөгийг гаргуулах, уг хувьцааг шилжүүлэн авахыг хариуцагч Т- ХХК-аас шаардах эрхтэй.

7.2. Хариуцагчаас хувьцааны үнэ 100,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх хугацааг тодорхойлсон гэрээний нөхцөлийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, болзол тавьж хийсэн хэлцлийн болзол хангагдаагүй гэсэн эрх зүйн дүгнэлт хийсэн нь алдаатай байна.

Талууд хувьцааны үнийг төлж эхлэх хугацааг хэлцэл хийсэн өдрөөс бус компанийн үйл ажиллагаа тогтворжиж, орлого олж эхлэх боломжит 3 сарын хугацаа буюу 2018 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд төлж дуусгахаар тохиролцсоныг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоосон байна. Хариуцагч Т- ХХК тухайн тохиролцсон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж, хувьцааг шилжүүлэн аваагүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

7.3. Хариуцагчийн шилжүүлсэн 10,000,000 воныг Монголбанкны ам.долларын ханшаар тооцон 9,019 ам.долларыг нэхэмжлэгч хувьцааны үнээс хасч 90,980 ам.долларыг 2023 оны 05 сарын 15-ны өдрийн Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах ханшаар тооцож 314,988,226 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Э К с-ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийн үнэ 315,667,847 төгрөгийг хариуцагч Т- ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Byun Sung Kwun-д олгож, Э К с-ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг шилжүүлэн авахыг хариуцагч Т- ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх үр дагавартай байх, мөн Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа нь тоо /ширхэг/-гоор илэрхийлэгдэх тул Э К с-ХХК-ийн энгийн хувьцааны 123,000 ширхэг буюу 50 хувийн хувьцааг хариуцагч Т- ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж тусгана.

7.4. Харин нэхэмжлэгч нь хариуцагч Э К с-ХХК-аас хувьцааны үнийг шаардсан нь үндэслэлгүй. Э К с-ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр БНСУ-ын иргэн -, Т- ХХК нар бүртгэлтэй, тэдгээрийн хооронд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага уг гэрээний үүрэгтэй холбоотой байна. Э К с-ХХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан хувьцаа эргүүлэн худалдаж авах нөхцөлд л хувьцааны үнэ төлөх үүрэг хүлээх ба ийм нөхцөл бий болоогүй. Иймд хариуцагч Э К с-ХХК-аас 393,026,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

8. Нэхэмжлэгчээс Э К с-ХХК-ийг байгуулан үйл ажиллагаа явуулах, үүссэн маргаантай холбогдон гарсан зардалд 77,358,745 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь компани үүсгэн байгуулж тодорхой хугацаанд хариуцагчтай хамтран ажиллах хугацаанд болон Э К с-ХХК дахь хувьцааг хариуцагчид шилжүүлэхтэй холбоотой хэлцэл хийх, хэлцлийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлаа хариуцагч нараас шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамаарахгүй.

Компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг тухайн этгээд өөрөө хариуцах учир бусад этгээд буюу хариуцагч нар уг зардлыг хариуцах үүрэггүй. Иймд энэ тухай нэхэмжлэгчийн шаардлага, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул хариуцагч нараас 77,358,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/03846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т- ХХК-аас 314,988,226 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн - Б--д олгож, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн - Б--аас Э К с-ГХО ХХК-ийн хувьцааны 50 хувийг шилжүүлэн авахыг хариуцагч Т- ХХК-д, Э К с-ГХО ХХК-ийн энгийн хувьцааны 123,000 ширхэг буюу 50 хувийн хувьцааг Т- ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 78,038,366 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Э К с-ГХО ХХК-д холбогдуулан гаргасан 393,026,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНСУ-ын иргэн - Б--ы нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж өөрчилж, ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч Т- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,732,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн - Б--д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,451,330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ