| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 1910029260544 |
| Дугаар | 33 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 33
Д.П-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүх, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 496 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1238 дугаар магадлалтай, Д.П-д холбогдох 1910029260544 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, П,
Д.П- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юби сити” зочид буудлын 3 давхарт шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан иргэн С.Мажигбалдантай “хутга барьсан” гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нь 2 удаа алгадаж, цээжинд нь 2 удаа өшиглөж, баруун гарын 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.П-гээс 614.463 төгрөг гаргуулж, хохирогч С.Мажигбалданд олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэгсийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Д.П-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “... шүүгдэгч Д.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. Тодорхой хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход түүний үйлдэл, хэргийн үйл баримт гарцаагүй нотлогдох ёстой. Харин эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн зарчим үйлчилдэг. Д.П- нь хохирогчтой маргалдсан, зууралдсан үйл баримт тогтоогддог боловч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт гарцаагүй нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж буй хохирогчийн баруун зовхи хэсэгт цохисон үйл баримт байхгүй. Харин зүүн хацар хэсэгт алгадах, өгзөг хэсэг рүү нь өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмчээс зүүн хацар хэсэгт алгадах, өгзөг хэсэг рүү өшиглөхөд баруун зовхинд гэмтэл учрах боломжтой юу гэж асуухад боломжгүй гэж хариулсан байдаг. Хохирогчийн эхнэр мөрдөн шалгах ажиллагаанд “манай нөхөр 3 цагт ирсэн, ирэхдээ хувцас нь шороо тоос болсон байдалтай ирсэн, 5 хүнтэй зодолдоод 2 хүнийг нь барсангүй, ажлынх нь н.Отгонбаатар гэдэг хүн хүргэж ирсэн” гэж мэдүүлдэг. Тухайн зочид буудал нь шороо, тоос болохооргүй дотоод орчинтой. Хохирогч нь өөр хүнтэй маргалдсан, өөр хүнээс гэмтэл авсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир унаж гэмтэл учирсан байх магадлалтай байна. Түүнийг хүргэж ирсэн гэх н.Отгонбаатараас мэдүүлэг аваагүй, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогоогүй атлаа миний үйлчлүүлэгчийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Д.П- нь хохирогчийн нүүрэн тус газарт нь алгадаж, хөлөөрөө өшиглөсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэдэг. Харин давж заалдах шатны шүүх нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадаж, цээжин хэсэгт нь хоёр удаа өшиглөж, баруун гар руу нь хоёр удаа цохисон гэх нэмэлт үйл баримтыг дүгнэдэг. Шүүх хохирогчийн эхнэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Хохирогч хутга барьж миний үйлчлүүлэгч рүү дайрсан, заналхийлсэн үйлдэл хийсэн бөгөөд Д.П- өөрийгөө хамгаалсан үйл баримт байдаг ба үүнийг анхаарч үзээгүй. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.П-д холбогдох хэргийн үйл баримт тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч, хохирогч нарын шинэ жилийн арга хэмжээний үед ноцолдож байсан, үүнийг нь салгасан, салгасны дараа Д.П- нь хохирогчийн нүүрэн тус газарт цохисон, өгзөг хэсэг рүү нь өшиглөсөн үйл баримтыг гэрч н.Алтангэрэл, буудлын ресепшин н.Баярмаа нар гэрчилдэг. Мөн Д.П- нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ нүүрэн тус газарт нь алгадсан талаар мэдүүлдэг. Хохирогч буудлаас 1 цагийн үед гарсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн эхнэр н.Нарангэрэл нь гэртээ 2 цагийн үед ирсэн талаар мэдүүлдэг. Шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.П-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх Д.П-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөрдөн байцаалт болон шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Д.П-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүйн улмаас эргэлзээ бүхий болжээ.
Аливаа хүний гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг болно.
Мөрдөн байцаалтаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны шинэ жилийн баяр тэмдэглэх арга хэмжээнд оролцохдоо хохирогч С.Мажигбалдан нь согтуурхаж нэг ширээнд хамт сууж байсан Д.П-тэй маргалдан хутга барьж дайрахад Д.П- хориглон хамгаалж хутгатай гарыг ширээн дээр дарж байхад гэрч Ч.Алтангэрэл хутгыг салган авч ширээн дээр тавьсан, зочид буудлын угтагч Б.Баярмаа уг хутгыг ширээн дээрээс авч өөр газар нуусны дараа Д.П- нь С.Мажигбалдангийн зүүн хацар руу алгадахад тухайн зочид буудлын угтагч Б.Баярмаа, шүүгдэгчтэй хамт явсан Ч.Алтангэрэл нар салгаж холдуулсан, С.Мажигбалданг заал руу орж ширээн доогуур өлгүүрийн пайз хайж тонгойсон байхад нь “хутга хайж байна” хэмээн бөгс рүү нь өшиглөхөд С.Мажигбалдан ширээ, сандал мөргөж газар унаагүй” гэх үйл баримт тогтоогджээ.
Хэрэг учрал болох үед хамт байсан, тухайн үйл явдлыг харсан гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.П- нь С.Мажигбалдангийн хүзүүн дээр дарж хутгатай гарыг нь барьсан, зүүн хацар руу нь алгадсан, тонгойсон байхад өгзөг рүү нь нэг удаа өшиглөсөн” болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.
Гэтэл шинжээчийн дүгнэлтээр С.Мажигбалдангийн биед “баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд тухайн “... баруун зовхины цус хуралт хөнгөн зэргийн гэмтэл нь унах үед үүсэхгүй, ирмэгтэй товгор зүйл мөргөхөд үүсэх боломжтой” хэмээн тайлбарлажээ.
Хэргийн бодит үнэнийг тогтоох зорилгоор хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулсан яллах болон цагаатгах нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж, эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг болно.
Гэтэл шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаж дүгнэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийн Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсны улмаас хэргийн бодит байдалд ноцтойгоор нөлөөлөх дүгнэлт хийсэн байна гэж үзэв.
Энэ бүхнийг нэгтгэн дүгнэвэл хохирогч С.Мажигбалдангийн эрүүл мэндэд учирсан гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Д.П- учруулсан гэх үйл баримтыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул Д.П-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 496 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1238 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.П-г цагаатгасугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН