Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/0097

 


 “Глиймстар” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 66 дугаар магадлалтай, “Глиймстар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Глиймстар” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Монголросцветмет" ХХК-тай хамтран ажиллах талаар ярилцаж тус компанийн охин компани болох "Шижир-Алт" ХХК-тай хамтран ажиллахаар болж 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр "Техникийн мэдээлэл худалдах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх" гэрээг байгуулж, 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хамтын ажиллагааны Алт олборлох харилцан ашигтай байх тухай ХА-001 дугаартай гэрээ байгуулсан. Уг лиценз шилжүүлэх үйл ажиллагааг "Шижир-Алт" ХХК гардаж гүйцэтгэсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 469 тоот шийдвэрээр тус компанид шилжүүлсэн. “Шижир-Алт” ХХК-тай уулзалт хийн 2011 оны олборлолтын улиралд багтаан ажлаа эхлүүлэхгүй бол лицензээ буцаан авахаар тохиролцсон. 2011 оны 05 дугаар сард 66А тоот лицензийг "Шижир-Алт" ХХК-аас “Глиймстар" ХХК-д буцаан шилжүүлэхэд татгалзахгүй болохоо илэрхийлж холбогдох баримтыг бүрдүүлж Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст өргөдөл өгсөн. Тухайн үед өргөдөл хүлээн авах хэлтсийн мэргэжилтэн бүрдүүлэлтийг тоолж тулгаж үзээд "Шижир-Алт" ХХК-ийн "Совет"-ийн шийдвэр буюу ТУЗ-ийн шийдвэр дутуу, өргөдлийг хүлээн авах боломжгүй гээд аваагүй бөгөөд хуульч н.Ганболд гэдэг хүнтэй уулз гээд явуулсан. Бид тэр хүнтэй уулзахад анх танай "Глиймстар" ХХК-иас "Шижир-Алт" ХХК-д шилжсэн баримтын бүрдэл нь Ашигт малтмалын хуулийн 49 дүгээр зүйлийг зөрчсөн, бүрдэл дутуу байна. Хэрэв та нар шүүхээр явбал   анх шилжүүлсэн Кадастрын даргын 2009 оны 469 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, буцаан өөр дээрээ бичилт хийлгэн авах бүрэн боломжтой” гэж хэлсэн.  Ингээд арга буюу "Глиймстар" ХХК-аас 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 51 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягт хандан 1866А ашиглалтын тусгай зөвшөөрлөө буцаан авах хүсэлтээ дахин илэрхийлсэн ямар ч хариу өгөөгүй.

“Глиймстар" ХХК-аас лицензийн жил бүрийн төлбөрийг 2012 он хүртэл хувиасаа төлж байсан ба үүнээс хойш Ашигт малтмалын газар төлбөр аваагүй бөгөөд шалтгаан нь "урт нэртэй" хуультай хэмээн тайлбарласан. Манайхаас "Шижир-Алт" ХХК, "Монголросцветмет" ХХК-иудад удаа дараа албан бичиг илгээж, мөн очиж уулзахад тодорхой хариу өгдөггүй болно. Бид 2014 оны сүүлээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж өөрийн эзэмшиж байсан 1866А тоот лицензийн талаар лавлахад Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/300 тоот албан бичгээр "Шижир-Алт" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн лиценз Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор гол, усны эхтэй бүхэлдээ давхцалтай МВ-001866 тоот хүчингүй болсон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь жагсаалтад ороогүй болно” гэсэн хариу өгсөн ч цуцлагдсан талаарх мэдээллийг авсан. Уул уурхайн яамнаас 2015 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 1/815 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргын орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад "Асуудал шийдвэрлүүлэх тухай" албан бичгийг хүргүүлсэн боловч Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 934 тоот албан бичгээр ойлгомжгүй хариу өгсөн. Уул уурхайн яамнаас 3 талт уулзалтыг зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1160 тоот албан бичгээр энэхүү асуудлыг Ашигт малтмалын газрын шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардах бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хуулиараа нээлттэй байна гэсэн хариу өгсөн бөгөөд мөн Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад хандаж "Асуудал шийдвэрлүүлэх тухай" 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/1224 албан бичгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх хууль эрх зүйн бололцоотой хэмээн холбогдох асуудлыг судлан хууль, журамд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гарган хуулийн дагуу ажиллаж хариу эргэн мэдэгдэхийг даалгасан боловч манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх төрийн эрх бүхий байгууллага болоод "Шижир-Алт" ХХК-ийн буруугаас шалтгаалж хөндөгдсөн, өнөөдрийн байдлаар цуцлагдсан гэж байгаа нь 1866А тоот лицензээ эргүүлж олж авч чадахгүй байдалд хүрч улмаар нэхэмжлэгч эдийн засгийн асар их хохирол хүлээхэд хүрээд байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн "Шижир-Алт" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Шижир-Алт" ХХК-аас “Глиймстар" ХХК-д 1866А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, дээрх тусгай зөвшөөрлийг "Глиймстар" ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "МV-001866 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Шижир-Алт” ХХК-д Геологи. уул уурхай кадастрын албаны даргын 2009 оны 07 сарын 22-ний өдөр 469 дугаар шийдвэрээр шилжүүлсэн байна. Гэвч “Шижир-Алт” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй тул буцаан “Глиймстар” ХХК-ийн нэр дээр дээрхи тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүсэж 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан боловч уг тусгай зөвшөөрлийн өргөдлийн материалын бүрдэл нь шаардлага хангаагүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.2-т"... өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангахгүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах ..." гэж заасны дагуу "Шижир-Алт" ХХК-ийн үүсгэн байгуулагч компанийн шийдвэрийг шаардсан боловч ирүүлээгүй тул шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй.

Мөн тус тусгай зөвшөөрөл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль болон Засгийн газрын 2011 оны "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" 174 дүгээр тогтоолын дагуу Сангийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс санал ирээгүй тул 0 дүнтэй нөхөн олговортой гэж үзэн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Шижир-Алт” ХХК-аас “Глиймстар” ХХК-д 1866А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг “Глиймстар” ХХК-д шилжүүлэх өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээд “Шижир алт” ХХК-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “"Монголросцветмет" ХХК-ийн 100% охин компани юм. "Шижир-Алт" ХХК нь “Глиймстар" ХХК-ийн тавьсан саналын дагуу 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдөр "Техникийн мэдээлэл худалдах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулсан. "Шижир-Алт" ХХК-ийн зүгээс уг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу Мэдээлэл худалдах үнэнд гэрээний дүнгээр нийт 9,100,000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Уг гэрээг үндэслэн Ашигт малтмалын Газрын Геологи, Уул Уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 469 тоот шийдвэрээр МV-1866А тоот тусгай зөвшөөрлийг "Шижир-Алт" ХХК-д шилжүүлж, тусгай зөвшөөрлийн хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулан бүртгэсэн болно. 1866А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалсан болохыг "Шижир-Алт" ХХК-д мэдэгдсэн байдаг.

"Шижир-Алт" ХХК-ийн зүгээс 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1866А тоот тусгай зөвшөөрлийг сэргээн буцаан олгож өгөхийг хүссэн тухай албан тоотыг Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нарт хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар манай компанид ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа болно. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаар тогтоолоор Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын холбогдох хуулийг үндэслэл "Монголросцветмет" ХХК-ийн эзэмшлийн, "Шижир-Алт" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан 175А тусгай зөвшөөрлийг "Монголросцветмет" ХХК-ийн нэр дээр холбогдох өөрчлөлтийг оруулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 13.5-р зүйлд "Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ" гэж заасан байдаг.

Дээрх зарчмаар хэрэв төр тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу буцаан авсан бол мөн сэргээхэд уг талбайг эзэмшиж байсан этгээд буюу “Шижир-Алт” ХХК үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдлэх хуулийн заалттай байна. “Глиймстар" ХХК Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1866Атоот тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргуулах тухай хүсэлт нь өөрөө "Шижир-Алт" ХХК-ийн эрх ашигтай зөрчилдөж байна.

Иймд "Глиймстар" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.5-д заасныг баримтлан "Глиймстар" ХХК-ийн гаргасан, "Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн "Шижир-Алт” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Глиймстар” ХХК-ийн нэхэмжлэлийн бусад шаардлага болох "Шижир-Алт" ХХК-иас “Глиймстар" ХХК-д 1866А тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож дээрхи тусгай зөвшөөрлийг “Глиймстар" ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 66 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Шижир-Алт” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.2-д заасныг баримтлан “Глиймстар” ХХК-ийн гаргасан “Шижир-Алт” ХХК-иас “Глиймстар” ХХК-д 1886А тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг “Глиймстар” ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

“Шижир алт” ХХК болон “Глиймстар” ХХК 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Алт олборлох харилцан ашигтай байх” тухай ХА-001 дугаартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Шижир алт” ХХК-д өөрийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн. “Шижир алт” ХХК нь хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, цаашид хамтран ажиллахгүй талаар манайд мэдэгдэж, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн Тусгай зөвшөөрлийн техникийн мэдээ, мэдээлэл солилцох гэрээ”, Монгол –Оросын хамтарсан “Шижир алт” ХХК-ийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар албан бичгээр дээрх байдлаа нотолж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эргүүлж, нэхэмжлэгчид буцааж өгсөн ба хариуцагчийн хууль бус шаардлагын улмаас 2011 онд улсын бүртгэлд бүртгүүлж, чадаагүйн улмаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж хохирсоор байна.

Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6-т заасныг баримтлан “...ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, хууль бус байх талаар дүгнэсэн боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн хангахгүй болох талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан.  Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.5 гэсэн хуульд байхгүй заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх ба дээд шатны шүүх нь энэ байдлыг хянах чиг үүргээ ч биелүүлсэнгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох “...295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байдлыг бий болгоод зогсохгүй, нэхэмжлэгч зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах боломжийг хааж байгаа үйлдэл юм. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан нэхэмжлэл гэх нэр томьёог тайлбарласан хуулийн агуулгатай ч зөрчилдөж байгааг дээд шатны шүүхээр хянуулахыг хүсэхийн сацуу төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас аж ахуйн нэгжийн хувьд өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө шилжүүлж авч чадахгүй, улмаар хүчингүй болсон үйл байдал энэхүү үйлдлээс шалтгаалж, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг шүүх өөрөө хааж байгаа давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл болон хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцсэн байна. 

 Нэхэмжлэгч “Глиймстар” нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр өөрийн 1866А тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ “Шижир алт” ХХК-д шилжүүлснээр уг тусгай зөвшөөрлийг эзэмших эрх дуусгавар болсон байна.

Дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт орсон учир Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр 1866А тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул цуцлагдсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 1866А тусгай зөвшөөрлийг захиргааны байгууллага цуцлахаас өмнө “Шижир алт” ХХК  эзэмшиж байсан, харин нэхэмжлэгчид дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахыг зөвшөөрч “Шижир алт” ХХК-аас олгосон итгэмжлэл байхгүй, тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшигч биш учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 66 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН