Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0066

 

2016 оны 1 сарын 21 өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М" ХХК-тай хамтран ажиллах талаар ярилцаж тус компанийн охин компани болох "Ш" ХХК-тай хамтран ажиллахаар болж 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр "Техникийн мэдээлэл худалдах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх" гэрээг байгуулсан, 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хамтын ажиллагааны Алт олборлох харилцан ашигтай байх тухай ХА-001 дугаартай гэрээ байгуулсан. Уг лиценз шилжүүлэх үйл ажиллагааг "Ш" ХХК гардаж гүйцэтгэсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2009 оны 07дугаар сарын 22-ны өдрийн 469 тоот шийдвэрээр тус компанид шилжүүлсэн. “Ш” ХХК-тай уулзалт хийн 2011 оны олборлолтын улиралд багтаан ажлаа эхлүүлэхгүй бол лицензээ буцаан авахаар тохиролцсон. 2011 оны 05 дугаар сард 66А тоот лицензийг “Ш” ХХК-иас “Г” ХХК-д буцаан шилжүүлэхэд татгалзахгүй болохоо илэрхийлж холбогдох баримтыг бүрдүүлж Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст өргөдөл өгсөн. Тухайн үед өргөдөл хүлээн авах хэлтсийн мэргэжилтэн бүрдүүлэлтийг тоолж тулгаж үзээд “Ш” ХХК-ийн “С”-ийн шийдвэр буюу Төрийн албаны Зөвлөлийн шийдвэр дутуу, өргөдлийг хүлээн авах боломжгүй гээд аваагүй бөгөөд хуульч Г гэдэг хүнтэй уулз гээд явуулсан. Бид тэр хүнтэй уулзахад анх танай “Г” ХХК-иас “Ш” ХХК-д шилжсэн баримтын бүрдэл нь Ашигт малтмалын хуулийн 49 дүгээр зүйлийг зөрчсөн, бүрдэл дутуу байна. Хэрвээ та нар шүүхээр явбал анх шилжүүлсэн Кадастрын даргын 2009 оны 469 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, буцаан өөр дээрээ бичилт хийлгэн авах бүрэн боломжтой гэж хэлсэн.

Ингээд арга буюу “Г” ХХК-аас 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 51 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын дарга “Б”-т хандан 1866А ашиглалтын тусгай зөвшөөрлөө буцаан авах хүсэлтээ дахин илэрхийлж байсан ч ямар ч хариу өгч байгаагүй болно.

“Г” ХХК-аас лицензийн жил бүрийн төлбөрийг 2012 он хүртэл хувиасаа төлж байсан ба үүнээс хойш Ашигт малтмалын газар төлбөр авахгүй, тодорхой тайлбар өгөхөө больсон бөгөөд шалтгаан нь "урт нэртэй" хуультай холбоотой гэдэг болсон. Манайхаас “Ш” ХХК, "М" ХХК-иудад удаа дараа албан бичиг илгээж, мөн очиж уулзахад тодорхой хариу өгдөггүй болно.

Бид 2014 оны сүүлчээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж өөрийн эзэмшиж байсан 1866А тоот лицензийн талаар лавлахад Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/300 тоот албан бичгээр "Ш" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн лиценз Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор гол: усны эхтэй бүхэлдээ давхцалтай МВ-001866 тоот хүчингүй болсон ашиглалтын тусгайзөвшөөрөл нь жагсаалтад ороогүй болно гэсэн хариу өгсөн ч цуцлагдсан талаарх мэдээллийг авсан.

Уул уурхайн яамнаас 2015 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 1/815 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргын орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад "Асуудал шийдвэрлүүлэх тухай" албан бичгийгхүргүүлсэн боловч Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 934 тоот албан бичгээр ойлгомжгүй хариу өгсөн.

Уул уурхайн яамнаас 3 талт уулзалтыг зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1160 тоот албан бичгээр энэхүү асуудлыг Ашигт малтмалын газрын шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардах бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хуулиараа нээлттэй байна гэсэн хариу өгсөн бөгөөд мөн Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгч “Ү”-д хандаж "Асуудал шийдвэрлүүлэх тухай" 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/1224 албан бичгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх хууль эрх зүйн бололцоотой хэмээн холбогдох асуудлыг судлан хууль, журамд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гарган хуулийн дагуу ажиллаж хариу эргэн мэдэгдэхийг даалгасан боловч манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх төрийн эрх бүхий байгууллага болоод "Ш" ХХК-ийн буруугаас шалтгаалж хөндөгдсөн, өнөөдрийн байдлаар цуцлагдсан гэж байгаа нь 1866А тоот лицензээ эргүүлж олж авч чадахгүй байдалд хүрч улмаар нэхэмжлэгч эдийн засгийн асар их хохирол хүлээхэд хүрээд байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн "Ш" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Ш" ХХК-иас “Г” ХХК-д 1866А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, дээрх тусгай зөвшөөрлийг "Г" ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: " ... МV-001866 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-д Геологи. уул уурхай кадастрын албаны даргын 2009 оны 07 сарын 22-ний өдөр 469 дугаар шийдвэрээр шилжүүлсэн байна.

Гэвч “Ш” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй тул буцаан “Г” ХХК-ийн нэр дээр дээрхи тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүсэж 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан боловч уг тусгай зөвшөөрлийн өргөдлийн материалын бүрдэл нь шаардлага хангаагүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.2-т"... өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангахгүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах ..." гэж заасны дагуу "Ш" ХХК-ийн үүсгэн байгуулагч компанийн шийдвэрийг шаардсан боловч ирүүлээгүй тул шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй.

Мөн тус тусгай зөвшөөрөл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль болон Засгийн газрын 2011 оны "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" 174 дүгээр тогтоолын дагуу Сангийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс санал ирээгүй тул 0 дүнтэй нөхөн олговортой гэж үзэн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 сарын 02-ний өдрийн 295 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Ш” ХХК-иас “Г” ХХК-д 1866А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлэх өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээд "Ш" ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: " Манайх "М" ХХК-ийн 100% охин компани юм.

"Ш" ХХК нь Г" ХХК-ийн тавьсан саналын дагуу 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдөр "Техникийн мэдээлэл худалдах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ байгуулсан. "Ш" ХХК-ийн зүгээс уг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу Мэдээлэл худалдах үнэнд гэрээний дүнгээр нийт 9,100,000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Уг гэрээг үндэслэн Ашигт малтмалын Газрын Геологи, Уул Уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 469 тоот шийдвэрээр МV-1866А тоот тусгай зөвшөөрлийг "Ш" ХХК-д шилжүүлж, тусгай зөвшөөрлийн хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулан бүртгэсэн болно.

1866А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийндаргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалсан болохыг "Ш" ХХК-д мэдэгдсэн байдаг.

"Ш" ХХК-ийн зүгээс 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 1866А тоот тусгай зөвшөөрлийг сэргээн буцаан олгож өгөхийг хүссэн тухай албан тоотыг Ашигт Малтмалын газрын дарга Ү, Кадастрын хэлтсийн дарга Ч нарт хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар манай компанид ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа болно.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаар тогтоолоор Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын холбогдох хуулийг үндэслэл "М" ХХК-ийн эзэмшлийн, "Ш" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан 175А тусгай зөвшөөрлийг "М" ХХК-ийн нэр дээр холбогдох өөрчлөлтийг оруулсан.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 13.5-р зүйлд "Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ" гэж заасан байдаг.

Дээрх зарчмаар хэрэв төр тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу буцаан авсан бол мөн сэргээхэд уг талбайг эзэмшиж байсан этгээд буюу “Ш” ХХК үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдлэх хуулийн заалттай байна.

1866А тоот тусгай зөвшөөрлийг манай компанийн нэр дээр сэргээн буцаан олгохгүй байгаа талаар Ашигт малтмалын газрыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд асуудлыг нарийвчлан судалж байгаа ба ойрын хугацаанд хуулийн дагуу зохих гомдлыг тавих болно.

“Г” ХХК Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1866 тоот тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргуулах тухай хүсэлт нь өөрөө "Ш" ХХК-ийн эрх ашигтай зөрчилдөж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Г" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.5-д заасныг баримтлан "Г" ХХК-ийн гаргасан, "Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Ш” ХХК-иас “Г” ХХК-д 1866А тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож дээрхи тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

"Ш" ХХК болон "Г" ХХК-иуд 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Алт олборлох харилцан ашигтай байх тухай ХА-001 дугаартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Ш” ХХК-д өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн юм. "Ш" ХХК нь хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж цаашид хамтран ажиллахгүй талаар манайд мэдэгдэж 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн техникийн мэдээ мэдээлэл солилцох гэрээ, Монгол-Оросын хамтарсан "Ш" ХХК-ийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар албан бичгээр дээрх байдлаа нотолж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эргүүлж нэхэмжлэгчид өгсөн юм. Дээрх гэрээ, холбогдох хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлж "Ш" ХХК-иас "Г" ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст тухайн үед хандахад бүрдүүлбэл зохих баримт бус "Ш" ХХК-ийн Советын шийдвэрийг шаардаж өнөөдрийн маргаан эхэлсэн бөгөөд "Ш" ХХК-иас хүчин төгөлдөр гэрээнийүндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө манайд шилжүүлээд өгсөн. Гагцхүү улсын бүртгэлдбүртгүүлэхтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагын хууль бус шаардлага, шийдвэр удаан гардаг процессоос шалтгаалан тусгай зөвшөөрөл цуцлагдсан үйл байдлыг 2015 оны 03 дугаар сард эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсныг мэдэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа хийсний үндсэн дээр шүүхэд хандсан байх тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан "нэхэмжлэл" гэж иргэн, хуулийн этгээдээсзахиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэсэн заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсанаас хойш захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл энэхүү маргааны захиргааны хэрэг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай болжээ.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч болон хариуцагч нарын дунд гомдол хүсэлт гаргах, түүнд хариу өгөх, удаа дараа уулзаж амаар болон бичгээр уулзалтын тэмдэглэл хөтлөх, Уул уурхайн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/815, Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний 6/2854, Ашигт малтмалынгазрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/2934, Уул уурхайн яамны 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7/1072 дугаар албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гурвалсан уулзалтын хурлын тэмдэглэл, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1160 дугаар албан бичиг, Уул уурхайн яамнаас 3 талтуулзалтыг зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1160 дугаар албан бичиг, Ашигт малтмалын газрын түр орлон гүйцэтгэгч “Ү”-д хандаж "Асуудал шийдвэрлүүлэх тухай" 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/1224 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар урьдчилан хянаншийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдаж байсныг нотолж байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэл болон хэргийг бүхэлд нь хянаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-ийн эзэмшиж байсан 1866А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-д шилжүүлэхдээ шаардаагүй атлаа “Ш” ХХК-иас “Г” ХХК-д уг тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэх хүсэлт гаргах үед “Ш” ХХК-ийн толгой компани болох “М” ХХК-ийн зөвшөөрлийг шаардаж тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй байна.

Хариуцагч нь дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй шалтгаанаа Ашигт малтмалын тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 49 дүгээр зүйлийн 49.6.2-т өргөдөл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах гэж заасны дагуу толгой компанийн зөвшөөрлийг өргөдөл гаргасан “Ш” ХХК-иас шаардахад ирүүлээгүй тул ... өргөдлийн материалын бүрдэл нь хангагдаагүй ... гэж үзэж шилжүүлээгүй гэжээ.

Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.2-т ... нэмэлт мэдээлэл ирүүлэхийг шаардах ... гэсэн нь тодорхой бус нэр томьёо байх бөгөөд захиргааны байгууллага хуулийн тодорхой бус нэр томьёог хэрэглэхдээ хуулийн зорилгод нийцүүлэн өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тухайн нөхцөл байдалд ач холбогдолтой талаас нь чөлөөтэй хэрэглэх боломжтой боловч тодорхой бус нэр томьёог адил нөхцөл байдалд ялгамжтай хэрэглэх эрхгүй.

Хариуцагч нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл, хавсаргасан гэрээ, бусад баримтад “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л гарын үсэг зурсан байхад толгой компанийн шийдвэрийг шаардснаас үзвэл “Ш” ХХК-ийн удирдлагыг гүйцэтгэх захирал Л төлөөлөх эрхгүй гэж үзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т өргөдөлд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, 49.4.3-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотолсон баримт бичгийг хавсаргана гэж зааснаас үзвэл хуульд заасан тодорхой шаардлага хангасан, тусгай зөвшөөрлийн эрх, үүргийг хүлээх чадвартай хуулийн этгээдэд шилжүүлэх үүрэгтэйгээр зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа үед ч тухайн компанийн удирдлага хүлээн зөвшөөрсөн эсэхийг шалгахаар байна.

Гэтэл уг тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-иас “Ш” ХХК шилжүүлэн авах үед дээрх хуульд заасан баримт бичгүүдэд гүйцэтгэх захирал Л гарын үсэг зурсан байхад толгой компанийн шийдвэрийг шаардаагүй, түүнийг компанийн удирдлага мөн гэж үзсэн атлаа тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэх өргөдөл гаргах үед ялгамжтай хандаж хуулийн тодорхой бус нэр томьёог хэрэглэсэн нь төрийн албаны тэгш, шударга байх зарчимд нийцэхгүй байна.

Хариуцагчийн дээрх эс үйлдэхүй нь хууль бус боловч “Ш” ХХК-ийг шилжүүлэн авснаас хойш уг тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарсны улмаас Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын дагуу Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцлагджээ. Нэгэнт нэхэмжлэлд дурдсан шалтгаанаас өөр үндэслэлээр уг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байх тул уг цуцлагдсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Ш” ХХК байх үед нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлээс өөр шалтгааны улмаас уг тусгай зөвшөөрөл цуцлагдсан байх тул дээрх 295 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ... 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь буруу байх тул зөвтгөж өөрчлөх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.2-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн гаргасан “Ш” ХХК-иас “Г” ХХК-д 1886А тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ