Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Өлзийбат, Ж.Чинбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Ж.Өлзийбат, Ж.Чинбат, тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Б.Нямдоржийн өмгөөлөгч А.Бүдханд,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Өлзийбат, Ж.Чинбат нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201626031134 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт Жамъяны Чинбат, 1980 оны 12 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧО80121457/;

Монгол овогт Жамъяны Өлзийбат, 1974 оны 6 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-2 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД:ЧО74062215/;

            Ж.Чинбат, Ж.Өлзийбат нар бүлэглэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 58 дугаар байрны 82 тоотод дүү Ж.Баасансүрэнг зодлоо гэх шалтгаанаар иргэн Б.Нямдоржийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ж.Чинбатыг 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Ж.Өлзийбатыг 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Ж.Чинбат, Ж.Өлзийбат нар нь 300 цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Чинбат, Ж.Өлзийбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Ялтан Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.Өлзийбат, Ж.Чинбат нар нь бүлэглэн хохирогч Б.Нямдоржийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогддоггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэжээ. Тухайн хэрэг гарах үед Ж.Өлзийбат нь Ж.Чинбаттай бүлэглэн Б.Нямдоржийн биед хөнгөн гэмтэл учруулаагүй, зөвхөн Ж.Чинбат, Б.Нямдорж нарын үйлдлийг таслан зогсоох зорилгоор дундуур нь орж салгасан болох нь гэрч Ж.Баасансүрэн, Б.Мягмарсүрэн нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал: гэрч Ж.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Чинбат ах ороод ирсэн. Тэгээд Нямдоржийг хоёулаа гаръя гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр шууд үгийн зөрүүгүй барилцаад авсан. ...Б.Нямдорж, ахыг зуураад тавихгүй байсан. Тэгээд сүүлд нь Ж.Өлзийбат ах орж ирээд мөн л салгах гээд өчнөөн оролдсон. Тэгтэл тавихгүй Ж.Чинбат ахаас зуурчихаад орилоод чарлаад байсан. Ж.Чинбат ахтай барьцалдаж ноцолдож байх үедээ гэмтсэн байж магадгүй. ...Ж.Чинбаттай ноцолдож байх үед Б.Нямдоржийн хамраас цус гарсан. Ж.Чинбатын хамраас ч мөн цус гарсан. ...Намайг Б.Нямдорж зүгээр байхад алгадсан. ...Ж.Өлзийбат ах бол Б.Нямдоржийг огт цохиж зодоогүй. Салгах гэж оролдсон. Гурвуулаа эрүүл байсан...” /хх-ийн 56-57/, гэрч: Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Удалгүй Ж.Чинбат гаднаас ганцаараа орж ирсэн. Ж.Чинбатыг орж ирэхийг харангуутаа Б.Нямдорж өөдөөс нь босч очоод Чинбаа юу гэж хэлсэн. Тэгтэл Ж.Чинбат чи яахаараа миний дүүг зоддог юм бэ гээд үгийн зөрүүгүй тэр 2 барилцаж аваад жижиг өрөө рүү орсон. Дээр доороо ороод өнхрөлдөөд орон дээрээс унаад байсан. Тэр үед Б.Нямдоржийн хамарнаас цус гарсан байсан. ...Удалгүй араас нь Ж.Өлзийбат орж ирсэн. Орж ирээд больцгоо гээд том дуугарч тэр хоёрыг салгаад жижиг өрөөнөөс гаргаж нэгийг нь үүд рүү нөгөөг нь том өрөө тийш гаргасан. Тухайн үед гурвуулаа эрүүл байсан...” /хх-ийн 58-61/, Ж.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Яг энэ үед манай ах Ж.Өлзийбат гаднаас орж ирсэн. Салгах гэтэл Б.Нямдорж намайг тавихгүй би энийг алж байж тавина гээд байсан. Ж.Өлзийбат ах бид хоёрыг салгах гээд дундуур орж Б.Нямдоржийн гарыг тавиулах гээд 1-2 удаа гар руу нь цохиж байсан. Б.Нямдорж миний хувцаснаас зуураад тавихгүй байсан...” /хх-ийн 62-63/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ж.Өлзийбат, Ж.Чинбат нар нь бүлэглэн Б.Нямдоржийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна. Түүнчлэн хохирогч Б.Нямдорж нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн маргаан урьд зээлсэн байсан мөнгөнөөс болсон, би тухайн үед эхнэрээ алгадаагүй, Ж.Өлзийбат, Ж.Чинбат нар намайг нийлж зодсон гэх боловч түүний мэдүүлэг нь дээрх гэрч нарын мэдүүлгээр давхар үгүйсгэгдэж байгаа болно. Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ тухайн хэрэг гарах үед байсан гэрч Б.Мягмарсүрэн, Ж.Баасансүрэн нарын мэдүүлгийг үнэлэлгүй зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн Ж.Өлзийбат, Ж.Чинбат нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ж.Өлзийбатын хувьд Ж.Чинбаттай бүлэглэн хохирогч Б.Нямдоржид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байхад анхан шатны шүүх Ж.Өлзийбатыг гэм буруутай байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Өлзийбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Ж.Чинбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

            Хохирогч Б.Нямдоржийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Нямдорж шүүх хуралдаанд ирэх талаар мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байна. Бодоход хөдөө томилолтоор явсан байхаа. Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Хэргийн талаар үнэн зөв, тогтвортойгоор мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгчийн эхнэр Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарын төрсөн дүү учир гомдол, саналгүй тухайгаа анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Эхнэр нь саяхан төрөөд 4 хүүхэдтэй болсон гэр бүлээ авч үлдэхийн тулд эвлэрсэн байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийн талаар санал гомдол байхгүй тул шүүх эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

            Хавтаст хэрэгт бүрдсэн баримтаас үзэхэд Ж.Өлзийбат нь хэрэг гарах үед Ж.Чинбат, Б.Нямдорж нарыг салгасан болох нь гэрч Ж.Баасансүрэнгийн “...Б.Нямдорж Ж.Чинбат ахыг тэвэрч барьчихаад ерөөсөө тавихгүй байсан. Тэгээд салахгүй болохоор нь том ахыг дуудаж оруулж ирсэн. Тэгээд Ж.Өлзийбат ах орж ирээд салгах гээд зөндөө оролдсон боловч зууралдаад Б.Нямдорж тавихгүй байсан...” /хх-ийн 56/, гэрч Б.Мягмарсүрэнгийн “...Ж.Чинбат гаднаас ганцаараа орж ирсэн. ...Тэгтэл Ж.Чинбат “чи яахаараа миний дүүг зоддог юм бэ” гээд үгийн зөрүүгүй тэр хоёр барилцаж аваад жижиг өрөө рүү орсон. Дээр доороо ороод өнхрөлдөөд, орон дээрээс унаад байсан. Тэр үед Б.Нямдоржийн хамраас цус гарсан байсан...” /хх-ийн 60/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд Ж.Өлзийбатын дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ж.Чинбат нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 58 дугаар байрны 82 тоотод дүү Ж.Баасансүрэнг зодлоо гэх шалтгаанаар иргэн Б.Нямдоржийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Нямдоржийн “...Би гал тогооны өрөөнд ороод удаагүй байхад хадам ах Ж.Чинбат нь орж ирсэн бөгөөд орж ирэхдээ “Нямаа чамайг алах болно” гээд миний хамар луу мөргөсөн бөгөөд чи яаж байна гэж хэлээд тэврээд авсан. Түүнийг тэвэрч аваад гэрээсээ түлхэж гаргах гэтэл Ж.Чинбат нь баруун гараа сугалаад намайг унтлагын өрөө рүү түлхэж бид хоёр тэврэлдэж орон дээр унацгаасан. Тэгээд газар унахад би доор нь орсон бөгөөд Ж.Чинбатаас мултраад босоход Ж.Чинбат нь миний нүүрэн тус газар цохисон. Би тэр үед бултаж арагшлах үед Ж.Чинбатын ах Ж.Өлзийбат нь миний 2 гарыг биедээ хавсран барьж хөдлөх бололцоогүй болгосон бөгөөд тэр үед Ж.Чинбат нь миний цээж рүү, 2-3 удаа нүүрэн тус газар 4-5 удаа цохисон, тэр үед зүүн доод үүдэн шүд хугарсан. Би өөрөө сахарын өвчтэй учир зүрхний ачаалал хэт ихсэж, миний нүд харанхуйлж эхэлсэн...” /хх-ийн 23-24/,

            гэрч Б.Жаргалын “...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би ажлаа тараад гэртээ 18 цагийн үед ирсэн. Би хоолоо хийчихээд ойрд нөхрийн дүү Ж.Баасансүрэнгийн гэрт ороогүй, сар уулзсангүй, хоол өгөнгөө уулзчихаад ирье гэж бодоод тэднийд хоол бариад орсон. Намайг ороход Ж.Баасансүрэнгийн нөхөр Б.Нямдорж том өрөөндөө орон дээр хэвтэж байсан. Тэгээд би “хоол авчирсан, хоол ид” гэхэд хоол идэх гээд босч ирсэн. Тэгэхээр нь би “сонин юу байна, сар уулзсангүй” гэхэд, “өө ёстой сүүлийн бүтэн сар хэрүүлтэй байна, сонгуулиас хойш сонссон л байлгүй дээ, ...энэ нэг гайгаа эцэг эх нь ирж авахгүй юм, эцэг, эх нь надаас ирж уучлалт гуйх ёстой” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, яахаараа чамаас уучлалт гуйх ёстой юм бэ, чи өөрөө согтуу эхнэрээ зодсон юм биш үү” гэхэд, “тэгсэн байсан ч яадаг юм бэ, энэ нэг гайгаа ирж авахгүй, би энэнээс салмаар байна” гэсэн. Тэр үед эмээ “чи юу яриад байгаа юм бэ, би охиноо аваад явья” гэсэн. Тэгтэл Б.Нямдорж “би бүтэн сар энийг дарамталж, зодож байгаа, харах уу” гээд жирэмсэн эхнэрээ алгадаад авсан. Би тэр үед нь болиулах гэж очоод ер нь хоёр ах нь байгаа юм чинь дуудья гэж бодоод гарч гэрт ороод 2 ах болох Ж.Өлзийбат, Ж.Чинбат нарт болсон асуудлыг хэлсэн...” /хх-ийн 53-54/,

            гэрч Ж.Баасансүрэнгийн “...2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 19-20 цагийн үед манай гэрт ах Ж.Чинбатын эхнэр Б.Жаргал орж ирсэн. Мөн манай гэрт аавын эгч Б.Мягмарсүрэн дөнгөж орж ирсэн байсан. Тэгтэл гэнэт манай нөхөр уурлаад эхэлсэн. ...Тэгээд гэнэт тэр хоёрт ууралснаа харуулах гэж байгаа юм шиг намайг тэр хоёрын нүдэн дээр алгадаад авсан. Би “дүүг чинь өдөр болгон ингэж зодсон боловч дүү чинь явахгүй байна” гэж хүний уур хүргэх гэж байгаа байдалтай хэлсэн. Тэгтэл бэр эгч Жаргал “чи ямар сонин юм бэ” гээд уурлаад гараад явсан. ...Удалгүй Ж.Чинбат ах ороод ирсэн. Тэгээд Б.Нямдоржийг “хоёулаа гарья” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр шууд үгийн зөрүүгүй барилцаад авсан. Ширээн дээрээс нэг юм шүүрээд авч байсан. Яг юу авсаныг нь би анзаарч хараагүй. Халбага сэрээ хоёрын нэг нь байсан байх. Тэр хоёр гэрийн коридорт нилээн ноцолдсон. Тэгээд тэндээсээ унтлагын өрөөний үүдэн хэсэгт очсон. Б.Нямдорж Ж.Чинбат ахыг тэвэрч барьчихаад ерөөсөө тавихгүй байсан. Тэгээд салахгүй болохоор нь том ахыг дуудаж оруулж ирсэн. Тэгээд Ж.Өлзийбат ах орж ирээд салгах гээд зөндөө оролдсон боловч зууралдаад Б.Нямдорж тавихгүй байсан. Тэгээд арай гэж салгаад Б.Нямдоржийг орон дээр суулгатал улайраад Ж.Чинбат, Ж.Өлзийбат ах нар луу дайраад байсан...” /хх-ийн 56/,

            гэрч Б.Мягмарсүрэнгийн “...Б.Нямдорж надаас “за Мийгаа эгч ээ, засварын ажил дуусч байна уу” гэж асуусан. Би “гайгүй ээ дуусч л байна” гэж хариулсан. Тэгтэл “би танай дүүг өдөр болгон л зодож байгаа” гэсэн. “Чи юу яриад байгаа юм бэ” гэхэд, “зодоод байхад ээж, аав нь ирэхгүй байна, ах, дүү нар нь ирж энийг авахгүй байна. Энэ надад их гай болж байна, би энэнээс салмаар байна” гэсэн. Би тоглож байна гэж бодоод “тэгвэл манайх руу явуулчих” гээд Б.Нямдоржийн мөр лүү гараараа зөөлөн алгадаж хэлсэн. Тэгээд байж байтал Ж.Баасансүрэнгийн ах Ж.Чинбатын эхнэр Б.Жаргал хоол бариад гаднаас орж ирсэн. Авчирсан хоолоо ширээн дээр тавьсан. ...Ж.Баасансүрэн хойд өрөө рүү орж байсан. Тэгтэл Б.Нямдорж “би энийг хоол хийлгэх гэж авч суусан юм. Дандаа зодож байгаа харах уу” гээд босоод араас нь явсан. Би хоол руу хараад огт тоогоогүй байж байтал нөгөө өрөөнд эмэгтэй хүн уйлах шиг чимээ гарсан. Гайхаад очоод хартал Ж.Баасансүрэн орон дээрээ уйлаад сууж байсан. ...Тэр хооронд Б.Жаргал гараад явсан. Удалгүй Ж.Чинбат гаднаас ганцаараа орж ирсэн. Ж.Чинбатыг орж ирэхийг харангуутаа Б.Нямдорж өөдөөс нь босч очоод “аа Чинбаа юу” гэж хэлсэн. Тэгтэл Ж.Чинбат “чи яахаараа миний дүүг зоддог юм бэ” гээд үгийн зөрүүгүй тэр хоёр барилцаж аваад жижиг өрөө рүү орсон. Дээр доороо ороод өнхрөлдөөд, орон дээрээс унаад байсан. Тэр үед Б.Нямдоржийн хамраас цус гарсан байсан...” /хх-ийн 60/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11422 дугаар дүгнэлтэд “...Б.Нямдоржийн биед уруулд шарх, цус хуралт, 1 шүдний булгарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” /хх-ийн 28/ гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт шалгавал зохих байдал бүрэн шалгагдсан, хэргийн бүрдэл хангагдсан байна.

            Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Ж.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Ж.Чинбат нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ялтан Ж.Өлзийбат, Ж.Чинбат нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг:

1. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Өлзийбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.” гэж,

2. “Прокуророос Ж.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ж.Чинбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

            3. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Чинбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

            Хоёр. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            Гурав. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ                                                    

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ