Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0393

 


Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Т-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0394 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Т-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр сарын 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хугацаанд нэхэмжлэгч Н.Т-ын цалин хөлсний зөрүү 6.143.751 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Н.Т-д олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар Н.Т намайг Замын-Үүд дэх гаалийн газраас Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт сэлгэн томилсонтой би маргалдахгүй ээ, харин ийнхүү Сэлэнгэ аймаг руу томилохдоо гаалийн улсын ахлах байцаагчаас гаалийн улсын байцаагч болгон албан тушаал бууруулсанд гомдолтой байна” гэж мэдэгдсэн бөгөөд энэ тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдэн үлдсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс Н.Т-ыг Замын-Үүд дэх гаалийн газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь нэхэмжлэгчийн маргаан үүсгээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/173 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч Н.Т-ыг Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон бөгөөд нэхэмжлэгчийг хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/608 дугаар тушаалаар[2] уг албан тушаалаас чөлөөлж, Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас гаргах шийдвэрийн үндэслэл тодорхой байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй зэргээр алдаатай захиргааны акт байна.

Тодруулбал, хариуцагчаас дээрх Б/608 дугаар тушаалын үндэслэлээ “...гаалийн улсын байцаагч Н.Т нь Гаалийн улсын ахлах байцаагчийн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан зүйл огт байхгүй, ...уг хууль бус тушаалыг зөвтгөж Б/608 дугаар тушаалыг гаргасан...” гэж, “...Ингэхдээ урьд эрхэлж байсан албан тушаалтай адил буюу гаалийн улсын байцаагчаар сэлгэн томилсон...” гэж зөрүүтэйгээр тайлбарлажээ.

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.” гэж заасан боловч ийнхүү сэлгэн ажиллуулахдаа албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байна.  

Нэхэмжлэгчийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилохдоо гаалийн улсын ахлах байцаагчийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгараагүй гэж буруутгаж байх боловч маргаж буй тушаалд энэ нь тодорхой тусгагдаагүй, Н.Т-ыг гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон тушаалыг ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгоогүй хэвээр үйлчилж байх тул хариуцагчаас гаргасан уг үндэслэлийг зөвтгөх үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч сэлгэн томилсонтой нэхэмжлэгч маргаагүй, харин ийнхүү сэлгэн томилохдоо улсын ахлах байцаагчаас улсын байцаагч болгон албан тушаал бууруулсанд гомдолтой байгаа. Шүүх Н.Т-ыг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилсон нь нэхэмжлэгчийн маргаан үүсээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан” гэж дурдсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон тул анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэн буруутгаж, гомдлыг хүлээн авахааргүй байна.

Түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.5-д агентлагийн даргын бүрэн эрхийг хуульчилж, төрийн албан хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэйг заасан ч төрийн жинхэнэ албан хаагчийг, илүү нарийвчилсан зохицуулалт бүхий Төрийн албаны хуультай уялдуулан мөн хуульд заасан журмын дагуу томилж чөлөөлөх, тэгэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж эрхээ хэрэгжүүлэхийг хуульчилжээ.

Хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан гаалийн улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолт[3], Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/173 дугаар тушаалын хавсралт[4], 2018 оны Б/608 дугаар тушаалаас үзэхэд хариуцагч  Н.Т-ыг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тушаал гаргасан байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчид цалин хөлсний зөрүү олговрыг бодож олгохдоо тооцооллын алдаа гаргасан тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “цалинг бодохдоо хэрхэн, яаж бодсон тодорхойгүй, алдаатай бодсон” гэх гомдлыг хүлээн авч, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332, 2018 оны 264, 2019 оны 24 дүгээр тогтоолуудын хавсралт, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн 01-03/1411 дүгээр албан бичгийн хавсралт цалингийн карт зэргээс үзвэл Н.Т нь гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-12 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар /845212/, гаалийн улсын байцаагчаар ажиллахдаа ТТ-10 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалаар /778904/ цалинжиж байсан байх бөгөөд нэмэгдлийн хувь нь адил байсан байна.

Гаалийн улсын ахлах байцаагчийн үндсэн цалин 845.212 төгрөг+нэмэгдэл 676.170 төгрөг /80%/ нийт 1.521.382 төгрөг, гаалийн улсын байцаагчийн үндсэн цалин 778.904 төгрөг+нэмэгдэл 623.123 төгрөг /80%/ нийт 1.402.027 төгрөг байх бөгөөд уг хоёр албан тушаалын цалингийн зөрүү 119.355 төгрөг /сар/ ба маргаж буй тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт ажлын хоног 102х5.425 /119.355:22 нэг өдрийн дундаж цалин/=553.350 төгрөгийг олгох байжээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0314 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “6.143.751 /зургаан сая нэг зуун дөчин гурван мянга долоон зуун тавин нэг/” гэснийг “553.350 /таван зуун тавин гурван мянга гурван зуун тавь/ гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 28 хуудас

[2] Хавтаст хэрэг 30 хуудас

[3] Хавтаст хэрэг 31 хуудас

[4] Хавтаст хэрэг 29 хуудас