Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0706/з |
Дугаар | 001/ХТ2016/0088 |
Огноо | 2016-03-14 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2016/0088
“Ньювиздом” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалтай, “Ньювиздом” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Ньювиздом” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанид Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Норд бензийн урд 10000 м.кв газар эзэмших эрхийг олгосон. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож газар эзэмших гэрээг байгуулах үүрэгтэй гэсэн ойлголттой хүлээж байсан. Газрын албанаас гэрээ гэрчилгээг бидэнд олгохгүй удаад байхаар нь албан бичиг явуулж гэрээ гэрчилгээ олгохыг шаардсан.
Гэтэл иргэн С.Баярхүүгийн эзэмшил 20000 м.кв газраас 9300 м.кв газар шилжүүлэн авсан иргэн О.Оюун-Эрдэнийн газрын кадастрын зургийг С.Баярхүүгийн эзэмшил газраас өөр байрлалд шилжүүлэн манай компанийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан байсныг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас олж мэдсэн. Бид энэ хууль бус ажиллагааны талаар 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан зөрчлийг арилгуулах, манай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулахаар гомдол гаргасан ба уг гомдлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хүлээн авч 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4/6214 тоот албан бичгээр хариу өгч Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хууль зөрчсөн үйлдлийг тогтоон уг зөрчлөө арилгаж буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон 2014 оны 09 дүгээр сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг тус албанд даалгасан. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба өнөөдрийг хүртэл бидэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож өгсөнгүй, дээр дурдсан гаргасан зөрчлөө арилгасангүй, дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлсэнгүй.
Хариуцагчийн энэхүү хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас манай компани Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй болж эрх ашиг хөндөгдөж байна. Бид Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны алба дээр удаа дараа очиж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шийдвэрийг биелүүлэхийг шаардсан боловч “тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч нь өөр дүүрэгт шилжсэн бид тэр хүнээс тайлбар авах хэрэгтэй байна”, мөн “Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга солигдож байгаа тул амжихгүй байна, удахгүй хариуг бичгээр өгнө” гэх мэтээр хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Цаашид энэ хэвээрээ Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны шийдвэрийг гарахыг хүлээсээр байхаар байна.
Иймд иргэн С.Баярхүүгийн эзэмшил 20000 метр квадрат газраас 9300 м.кв газар шилжүүлэн авсан О.Оюун-Эрдэнийн газрын кадастрын зургийг С.Баярхүүгийн эзэмшил газраас өөр байрлалд шилжүүлэн “Ньювиздом” ХХК-иин эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 тоот захирамжийн дагуу “Ньювиздом” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Норд бензийн урд 10000 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг, гэрээ байгуулахыг тус тус Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн С.Баярхүүд дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 398 дугаар захирамжаар тус дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчооны баруун талд 20000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байна. "Ньювиздом" ХХК-д дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 тоот захирамжаар 32 дугаар хороо "Норд бенз" ХХК урд 10000 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан ба тухайн үедээ мэдээллийн санд кадастрын зураг нь бүртгэгдээгүй байна. Дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 6 дахь хэсгээр иргэн С.Баярхүүгээс иргэн О.Оюун-Эрдэнэд 9300 м.кв газрын эрхийг шилжүүлэн одоо маргаж байгаа газарт байршуулж кадастрын зургийг мэдээллийн санд тухайн үед бүртгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. С.Баярхүүд олгосон 20.000 м.кв газрын зарим хэсэг нь бусдын эзэмшилд олгосон газруудтай давхцсан, бодит байдал дээр 20.000 м.кв хүрэхгүй байсан тул түүнээс эрх шилжүүлсэн 9300 м.кв газрыг өөр байршилд буюу “Ньювиздом” ХХК-ийн газартай давхцуулан өгсөн байна.
Одоо О.Оюун-Эрдэнийн 9300 м.кв, С.Баярхүүд үлдсэн бусдын газартай давхцалгүй 10.700 м.кв газар мэдээллийн санд бүртгэлтэй байна. С.Баярхүүгийн 20.000 м.кв, “Ньювиздом” ХХК-ийн 10.000 м.кв газар мэдээллийн санд ороогүй байсан. О.Оюун-Эрдэнийн 9300 м.кв газар “Ньювиздом” ХХК-ийн 10.000 м.кв газартай бүхэлдээ давхцсан, О.Оюун-Эрдэнэ уг газар дээрээ хашаа барьсан байгаа тул “Ньювиздом” ХХК-д шинээр байршил тогтоож өгөхөөр эвлэрэх хүсэлтэй байна” гэжээ
Гуравдагч этгээд О.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн О.Оюун-Эрдэнэ би 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 6 дахь хэсгээр иргэн С.Баярхүүгээс 9300 м.кв газрыг эрх шилжүүлэн авсан. Тус газрыг хууль тогтоомжийн дагуу хүсэлтээ өгч, кадастрын зураг хийлгэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн жил бүр газрын түрээсийн төлбөрөө тогтмол төлж ирсэн. Иймд нэхэмжлэгчийн иргэн С.Баярхүүгийн эзэмшил 20000 м.кв газраас 9300 м.кв газар шилжүүлэн авсан О.Оюун-Эрдэнийн газрын кадастрын зургийг С.Баярхүүгийн эзэмшил газраас өөр байрлалд шилжүүлэн “Ньювиздом” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулж, зургаа мэдээллийн санд оруулаагүй хугацаа алдсанаас энэ маргаан үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ньювиздом” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Баярхүүгийн эзэмшил 20.000 м.кв газраас дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар 9300 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан иргэн О.Оюун-Эрдэнийн газрын кадастрын зургийг С.Баярхүүгийн эзэмшил газраас өөр байршилд дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжаар “Ньювиздом” ХХК-д эзэмшүүлсэн 10.000 м.кв газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан үйлдэл нь болон энэхүү зөрчлийг арилгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн дагуу “Норд бенз” ХХК-ийн урд 10.000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахаас татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны үйлдэл нь тус тус хууль бус болохыг тогтоож, О.Оюун-Эрдэнийн кадастрын зургийг “Ньювиздом” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгахыг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Нэхэмжлэгч “Ньювиздом” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Биднийг анх шүүхэд нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарч уг захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90.3-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн.
Кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөлтэй компаниуд тухайн дүүргийн газрын албандаа бүртгүүлэн нэг системд орж ажилладаг бөгөөд манай компанид газар олголт хийх үед газар зохион байгуулагч н.Пүрэвсүрэн нь кадастрын зураг хийдэг тусгай зөвшөөрөл бүхий "Ти Жей Кей Эйч"ХХК-аар газар дээр нь очин булангийн цэгүүдийн хэмжилт хийлгэж, кадастрын зургийг хийсэн. Уг кадастрын зураг хавтас хэрэгт авагдсан бөгөөд түүн дээр бүх координатууд нь байгаа тул нэхэмжлэгч компанид олгосон газрын байршлыг тогтоох боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
О.Оюун-Эрдэнэ иргэн С.Баярхүүгийн 20000 м.кв газраас 9300 м.кв газрыг нь шилжүүлэн авах гэрээ хийж уг гэрээг нь үндэслэн газар эзэмшүүлэх эрхийг нь шилжүүлэх Дүүргийн Засаг даргын 2012 оны 387 тоот захирамж гарсан. Энэ захирамжаар 22-н товчооны баруун урд талд байрлалтай газрыг олгосон бөгөөд одоо уг газар нь С.Баярхүүгийн эзэмшил газрын хажууд байдаг. “Ньювиздом” ХХК С.Баярхүүгийн болон О.Оюун-Эрдэнийн газартай огт булаацалдаагүй. Тэрээр өөрийн эзэмшихээр эрх бүхий газартаа газар эзэмших эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд бид С.Баярхүүгийн 20000 м.кв газрын 10000 м.кв-ыг эзэмших эрхтэй гэж нэхэмжлэл гаргаагүй тул С.Баярхүүгийн эзэмшил газрын давхцалын талаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчиж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ньювиздом” ХХК тус дүүргийн 32 дугаар хороо “Норд бенз” ХХК-ийн урд 10000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.
Харин тус дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар гуравдагч этгээд О.Оюун-Эрдэнэд дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчооны баруун урд байрлах С.Баярхүүгийн 20000 м.кв газраас 9300 м.кв газрыг шилжүүлсэн гэх боловч дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газрын байршлыг өөрчлөн нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий дээрх газартай давхцуулан кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулан, эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн, кадастрын зургийг үйлдэж мэдээллийн санд бүртгэх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээд О.Оюун-Эрдэнэд бусдаас шилжүүлэн авсан газрыг эзэмшүүлэх ёстой атал тухайн газар нь “бусдын эзэмшил газартай давхцсан” гэсэн үндэслэлээр байршлыг өөрчилж, нэхэмжлэгчийн газартай давхцуулсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, нөгөөтэйгүүр дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд О.Оюун-Эрдэнийн эзэмших эрх бүхий газрыг өөр өөр байршилд олгосон байхад давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий газар давхцалтай эсэхийг шалгуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “гуравдагч этгээд О.Оюун-Эрдэнэд С.Баярхүүгээс шилжүүлсэн газрыг бусдын эзэмшил газартай давхцсан” үндэслэлээр газрын байршлыг өөрчилж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчснөөс гадна шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах дүүргийн Засаг даргын эрх хэмжээг хэрэгжүүлсэн хууль бус үйлдэл юм.
Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг зөв тайлбарлан, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт найруулга, бичиглэлийн хувьд ойлгомжгүй болсон байх тул зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ньювиздом” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн дагуу 10.000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахаас татгалзсан тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, О.Оюун-Эрдэнийн кадастрын зургийг “Ньювиздом” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгахыг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН