Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 219

 

 

Ч.Бд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн  танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаар магадлалтай, Ч.Бд холбогдох 1910015910766 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Ч.Нандин-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шаазгай овогт Ч.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон нийт 279 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Б гаргасан гомдолдоо: “2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний аав Чтэй гэрт хамт ирсэн Б, Г, Т нар хариуцлагыг өөрсдийн биеэс зайлуулах зорилгоор үг нэмж, худал мэдүүлэг өгч миний харагдах байдлыг хүндрүүлж байна. Гуравхан хүний өөрсдийгөө хамгаалсан мэдүүлгээр хүнийг шууд дүгнэж болохгүй. Мөрдөгч эдгээр хүмүүсийг бусад гэрчүүдтэй нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй. Тэр өдөр яг юу болсон талаар маш сайн мэдэх гэрч М болон миний бие эдгээр хүмүүстэй нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна.

Шинжээч Энхбаатар нь олон жил ажилласан, дадлага туршлагатай тангараг өргөсөн эмч хүн. Хавтаст хэрэгт авагдсан 1402 дугаар шинжилгээтэй өөрийн биеэр танилцаж, дүгнэлт хийж, тайлбар мэдүүлэг өгсөн. Мэргэжлийн эмч хүн ийм зүйл ярьж байхад яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ? Энд бас хүний амьдрал хэрхэн, яаж өөрчлөгдөх нь шалтгаалж байгаа шүү дээ! Бүр цаашилбал үр хүүхдүүдийн минь ирээдүй, нэг өрх айлын амьдрал шийдэгдэх асуудал байхад, хэт нэг талыг барьж болохгүй гэж өрх толгойлсон эцэг, залуу хүний хувьд бодож байна.

Дашцэрэн мөрдөгч Энхбаатар эмчээс мэдүүлэг авсан нь буруу гэх юм. Дашцэрэн байцаагч миний мэдүүлгийг өөрчилж, дүрс бичлэгээр авсан мэдүүлэг болох нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй. Миний хууль, эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан намайг хуурч, өөрийн талын хүн болох өмгөөлөгчөө надад тулгаж өгсөн. Э өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 гэдэг зүйл ангиар ихдээ л албадан арга хэмжээ авах болно гэж надад итгүүлж хуурсан юм. Мөрдөгч Дашцэрэн нь “нөхрийг чинь, хүүг чинь, ахыг чинь ганцад хорьж тамлаж байгаад хэрэг хүлээлгэж чадна” гэх зэргээр ар гэрийг минь айлган сүрдүүлж байсан нь хууль бус биш гэж үү.

1401 болон 1055 дугаартай шинжилгээнүүд хоорондоо зөрүүтэй. Адилхан нэг хүнд хийж байгаа шинжилгээ атал яагаад ингэж өөр гарах болсон юм бэ? Өөр гарсан тайлбар шалтгаан гээд олон асуултууд гарч ирж байна. Хэрэв 2020.10.27-нд анхан шатны шүүхэд Энхбаатар эмчийг оролцуулаад мэтгэлцсэн бол асар олон эргэлзээ шийдэгдэх байсан шүү дээ. Хэрэв 2020.10.27-нд Энхбаатар эмч мэтгэлцээнд орсон бол эрх тэгш байх байсан юм. Тэгэхэд анхан шатны шүүх авч хэлэлцээгүйд миний бие маш их гомдолтой байна.

Гэрч Э, М, Б нар нь тус өдөр хамт байсан хүмүүс. Яагаад эдгээр хүмүүсийн ярьж, хэлж байгааг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ? Эдгээр хүмүүс тэр өдөр юу болсон талаар маш сайн мэдэх хүмүүс. Тэгэхэд өөрсдийгөө хамгаалсан гурван хүний мэдүүлгээр хүнийг шууд дүгнэж шүүн таслаж болохгүй болов уу! Ямарваа хэрэг 100 хувийн нотлох баримтан дээр тулгуурлан хүнийг шүүн тасалдаг гэж ойлгодог. Тэгэхэд эргэлзээтэй асуудлууд маш их байхад яагаад шалгаж үзэхгүй байгаа юм бэ?

Би анх мэдүүлэг өгч үзээгүй, хуулийн мэдлэггүй, мөрдөн байцаагчид итгэсэн. Төрийн хувцас өмсөж, тангараг өргөсөн, ахмад цол зүүсэн хүн, хүнийг хуулийн мэдлэг үгүйг далимдуулан хуурч, амьдралыг нь хутганы ирэн дээр шидэж, өөрсдөө сайн ажилласан нэр зүүж, цол ахиж, албан тушаал ахидаг. Хүнд итгэснийхээ төлөө 10 жилийн ял авч, амьдралаараа хохирч, эхнэр хүүхдүүд, настай эхийгээ яаж байгаа бол гэж санаа зовон, юу ч хийж чадахгүй сууж байгаадаа маш их гомдолтой байна.

Миний бие 461 дүгээр ангид хоригдож байхдаа анхан шатны шүүхэд хүсэлт тавьсан. Мөрдөн байцаагч Дашцэрэн нь “Хувай F30” гэх маркийн гар утсаар дүрстэй мэдүүлэг авсан. Тэр бичлэг нь миний мэдүүлгийг өөрчилж, миний эсрэг болгосон нотлох баримт юм. Үүнийг шалгаж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Харин анхан шатны шүүх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ дүрс бичлэг нь хавтаст хэрэгт зайлшгүй байх нотлох баримт биш гэж үү?

Миний зүгээс техник технологи өндөр хөгжсөн үед үнэн, худлыг ялгадаг төхөөрөмжөөр мэдүүлэг өгч, үнэн зөвийг олж шийдүүлмээр байна. Би тэр өдөр аавдаа гар хүрээд амь насанд нь аюул учруулсан бол анх 6 жилийн ял сонсохдоо дуугүй шорон гэдэг газар нь очоод өөрийгөө зүхээд, тарчлаад байж байх байсан. Тэр бүү хэл надад амьдрах хүсэл ч төрөхгүй байсан. Тухайн үед юу болсон талаар би үнэнийг л хэлсэн. Тэгэхэд яагаад өөрчилж байгаа юм бэ? “Ахын дүү зүгээр, аав нь хүүхдийг чинь тэврээд унахдаа толгойгоороо газар мөргөж бэртэл авсан байх, гайгүй” гээд байсан хүн мэдүүлгээ өөрчилж, намайг яах гэж хуурсан юм бэ? Өнөөдөр мэдлэг боловсрол дутмаг нь миний буруу ч гэлээ би төрийн цагдаад итгэсэн. Итгэснийхээ төлөө 10 жилийн хорих ял авсан. Ээж, аав шигээ адилхан эцэг хүний үүрэг хүлээсэн хүн. Би залуучуудыг амьдралыг зугаа цэнгэл гэж битгий бодоосой, амьдралыг бодитоор харж, эерэгээр амьдраасай гэж хүсдэг, эгэл жилийн залуу, гэр бүлийн өрхийн тэргүүн. Би хүний хуулийн мэдлэггүйг далимдуулдаг цагдаа нарын хэрэг, шүүхийн өмнө худал баг зүүж өмгөөлөгч нэр зүүсэн, шударга бус хүмүүсийн эсрэг тэмцэж, нэр төр болон амьдралаа цэвэрлэж авах болно. Би энэ хэрэгт буруутай байсан бол бал, цаас бариад гомдол бичээд суухгүй байсан. Энэ нийгэм шударга бус болохоор мөхөс миний бие та бүхэнд хандаж байгаа минь энэ! Би цаашид энэ хэргийн үнэн зөвийг шударгаар шийдвэрлэх хүртэл шат шатны байгууллага, шат шатны албан тушаалтанд өөрийн талаарх гомдол, эсэргүүцэл, санал хүсэлтийг гаргасаар байх болно. Надад тохиолдсон үйл явдлыг бодитоор харж, олон талаас нь авч үзэж, энэ хэргийн үнэн зөвийг олохын тулд дахин шалгуулж өгнө үү” гэжээ

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 107 дугаартай магадлалтай танилцахад, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр буюу хохирогчийг санаатай алсан гэх шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй, хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очир мэдүүлэг өгөхдөө хоёрдмол утгагатай, гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн, тайлбар өгсөн, энэ нь шүүгдэгч гэм буруутай эсэх, түүний гэм буруугийн хэлбэрт эргэлзэх шалтгаан болж байхад давж заалдах шатны шүүх эдгээрт дүгнэлт хийгээгүй байна. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 707 шийтгэх тогтоолыг зөвтгөхдөө “Шинжээч эмч Т.Чимэд-Очирын 1402 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна... гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн... түүний үйлдлийг... зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ... шинжээчээр томилогдоогүй эмч Г.Энхбаатараас гэрчээр мэдүүлэг авсныг нотлох баримтын хүрээнд үнэлэх үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй...” гэсэн магадлал гаргасныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж…,

Шинжээчийн 1402 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Ч.Бгийн мэдүүлгийг магадлалын үндэслэл болгосон атлаа тэдгээрийг үгүйсгэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл болсон цагаатгах нотлох баримтууд буюу гэрч Б.Мгийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан тайлбар, шүүх эмнэлгийи эргэлзээтэй дүгнэлт зэргийг няцааж, үгүйсгэсэн үндэслэлийг магадлалд тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар эүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж тус тус үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гомдол гаргаж байна.

Нэг. Хэргийн товч утга: /Шийтгэх тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 9-р хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд өөрийн эцэг Б.Чтэй тодорхой шалтгааны улмаас маргаж, зүй бус харьцан, улмаар түүний толгой тус газарт баруун гарын атгасан хэсгээр цохисноос амь хохирогч Б.Ч нь биедээ “...их, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3,4-р ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорхи ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл авч нас барсан...

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар.

Шүүгдэгч Ч.Б амь хохирогч Б.Чгийн толгойн тус газарт буюу зүүн хөмсөгт атгасан гарынхаа баруун дотор хэсгээр цохисноос амь хохирогч ... биедээ гэмтэл авч нас барсан болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх 707 дугаар шийтгэх тогтоолдоо дүгнэсэн боловч энэ нь бусад байдлаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ч.Б “аавыгаа санаатай цохиогүй” гэж мэдүүлсэн байхад түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй нийцээгүй, түүний мэдүүлэг дангаар нотлох баримт болох хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б “мөрдөгч өөрийг нь төөрөгдүүлсэн, хэлээгүй зүйлийг нь хэлсэн мэтээр, түүний ярианы агуулгыг өөрчилж мэдүүлэгт тусгасан байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан тэдгээр мэдүүлгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ хэлж ярьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйпнйн 1 дэх хэсэг “яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” үндэслэлтэй бөгөөд энэ асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шалтгаан үүссэн байхад, шүүгдэгчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг магадлалаар зөвтгөсөн нь буруу байна.

“Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон” нотлох баримт гэж шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтийг шүүх үнэлж болох хэдий ч шинжээчийн энэхүү дүгнэлтийг гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоох давхар нотолгоо болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл “амь хохирогчийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл” гэсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлоход л ач холбогдолтой болохоос бус, санаатай үйлдлийн улмаас, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас уг гэмтэл үүсгэгдсэн үү гэдгийг нотолж, тогтоосон нотлох баримт биш. Харин гэм буруугийн хэлбэрийг энэ дүгнэлтээр бус мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад бусад байдлаар тогтоох боломжтой. Амь хохирогч Б.Ч нь уналтаас эсхүл шүүгдэгч Ч.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болгоомжгүй үйлдлийн улмаас дээрхи гэмтлийг авч, амь нас нь хохирсон байж болзошгүй гэдэг нь бусад байдлаар нотлогддог юм.

Гэтэл Ч.Б аавыгаа санаатай цохисон гэдгийг, түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэр мөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад бусад байдлаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй бөгөөд тэр гэм буруутай эсэх, түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тооцож, “Хүн алах“ гэмт хэргээр зүйлчилсэн нь эргэлзээтэй байхад мөрдөгчийн хууль бус арга хэрэглэн түүнээс авсан байж болзошгүй мэдүүлгийг, өөрийнх нь эсрэг ашиглах буюу гэм буруугийн санаатай хэлбэрт тооцох шууд нотлох баримт болгон шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтээр магадлаж, гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна гэж өрөөсгөл байдлаар дүгнэн, санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг магадлалаар эөвтгөснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар.

1.1402 дугаартай дүгнэлтийн С-1402 дугаартай эд эсийн шинжилгээгээр “аалзан бүрхүүлд тархмал цус харвасан, артерийн судасны хана зузаарч нэгэн төрлийн будагдсан” гэж маш тодорхой бичсэн байснаа 1055 дугаартай дүгнэлтэнд “эд эсийн давтан шинжилгээгээр тархины судасны хатуурал тогтоогдсонгүй” гэж ерөнхий байдлаар дүгнэж, уг дүгнэлтийг хийсэн бодит үндэслэл, арга зүйг огт дурдаагүй байдаг нь маш эргэлзээтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очир мэдүүлэг өгөхдөө энэ эргэлзээг тайлж чадаагүй, хоёрдмол утгатай тайлбар өгдөг бөгөөд “Амь хохирогч Б.Чг үхэлд хүргэсэн тархины гэмтлийг уналтаас авах боломжтой” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар цагаатгах нотлох баримт гэж үзэж гомдол гаргасан байхад эдгээр тайлбар, мэдүүлгийг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ магадлалд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар эүйлийн 2 дахь хэсгийн 2.5-тай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч талын гаргаж байгаа цагаатгах нотлох баримтыг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ магадлалдаа тусгаагүй атлаа шинжээчийн 1402 дугаартай дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэг зэрэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн нөгөө нэг үндэслэл болсон байгаа нь дээрхи заалттай зөрчилдөж байна.

2.Амь хохирогч Б.Чтэй хамт ирсэн ажлын газрын хүмүүсийг явсны дараа тэдний амьдран суудаг хашаанд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хамгийн сайн гэрчилж, нотлох хүн нь талийгаач Б.Чгийн бэр М байдаг бөгөөд тэр төрөл төрөгсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээсээ татгалзаж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт худлаа мэдүүлбэл хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлж, гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...талийгаач хүүхдийн тэргэн дээр байсан ач хүү Төгөлдөрийг авах гэж байгаад газар унаад өгсөн...” гэж, мөн шинжээч эмч Т.Чимэд-Очир “амь хохирогч Б.Чг үхэлд хүргэсэн тархины гэмтлийг уналтаас авах боломжтой” гэж тус тус мэдүүлсэн нь амь хохирогч үхэлд хүргэх гэмтлийг уналтаас авах боломжтой байсан гэдгийг нотлох, шүүгдэгчийн гэм бурууг цагаатгах нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Нөгөө талаар дээрхи мэдүүлгүүд нь тухайн өдөр аав Б.Чгээ Ч.Б санаатай цохиогүй, уг гэмтлийг амь хохирогч уналтаас авсан байж болзошгүй гэдгийг давхар нотолдог бөгөөд түүний гэм бурууг цагаатгах үндэслэл бүхий эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ магадлалд тусгаагүй атлаа эдгээрийг гэм буруутайд тооцох нотлох баримт болгож ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-тай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

Дээрхи байдлуудад дүгнэлт хийхэд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Ч.Бн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бусаар авсан байж болзошгүй түүний мэдүүлгээс өөр эх сурвалжаар буюу шүүхийн хэлэлцүүлэг болон бусад баримтаар аавыгаа санаатай цохисон гэх түүний үйлдэл нотлогдоогүй, түүний үйлдлийн гэм буруугийн санаатай хэлбэр хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүнийг алах” зүйл хэсгээр зүйлчилж, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүний гэм буруугийн санаатай хэлбэрийг үгүйсгэсэн цагаатгах баримтуудыг няцааж, үгүйсгэсэн үндэслэл магадлалд бичигдээгүй, мөн амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл уналтаас үүссэн байх боломжтой гэх нотлох баримтуудыг магадлалаар үндэслэлтэй няцааж, үгүйсгэж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой эөрчсөн, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дээрхи байдлаар эргэлзээ гарч байна гэж үзэх үндэслэлтэй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд мөн хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Ч.Б нь гэрчээр болон яллагдагчаар “амь хохирогч Чг баруун гараараа цохисон” гэх мэдүүлгийг өгсөн. Гэтэл шүүгдэгч Ч.Б нь дээрхи гэрчийн мэдүүлгийг өгөхдөө хууль зүйн туслалцаа авах эрхээр огт хангагдаагүй. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эсрэг гэрчээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Мөн Ч.Бгаас яллагдагчаар мэдүүлэг авахдаа мөрдөгч Э.Дашцэрэн нь өөртэйгээ хамт ажилладаг байсан өмгөөлөгч Н.Эийг тулган, сонгож өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Энэ нь шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” гэж заасан эрхийг ноцтой зөрчсөн. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай Дүгнэлтийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг үндэслэлгүй хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байх ёстой. Энэ утгаараа хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулж өгөөгүйн улмаас тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авч, түүний эрхийг хөндөх байдал гаргахаар байгааг хууль тогтоогч анхаарч, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна” гэж дүгнэсэн. Тиймээс ч шүүгдэгч Ч.Б нь амь хохирогч Б.Чгийн толгойн тус газарт нь атгасан гарынхаа баруун дотор хэсгээр нэг удаа цохисон гэх мэдүүлгээ тэрээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд удаа дараа үгүйсгэсэн.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Ч.Б нь амь хохирогч Б.Чгийн толгойн тус газарт нь атгасан гарынхаа баруун дотор хэсгээр нэг удаа цохисноос түүний биед шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1402 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан нь шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна” гэж дүгнэсэн нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1402 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй байхад шүүх шийтгэх тогтоолдоо үнэлж, шүүгдэгчийн өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлгийг давхар нотолж байна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 1402 дугаартай эд эсийн шинжилгээгээний дүгнэлтээр “артериолосклерз буюу артерийн судасны хатуурал” тогтоогдсон байдаг. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаартай шинжээч нарын дүгнэлтэд “Эд эсийн давтан шинжилгээгээр тархины судасны хатуурал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн.

Гэтэл амь хохирогч Чгийн эд эсэд хийсэн эхний шинжилгээгээр тархины судасны хатуурал буюу даралт ихсэх өвчний улмаас нас барах өвчний шинж тэмдэг илрээд, давтан шинжилгээгээр илрэхгүй байгаа нь дээрхи хоёр шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болохыг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү эргэлзээ бүхий шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтийг үндэслэн, шүүгдэгчийн өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлгийг давхар нотлогдож байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судлаагүй, хэргийг тал бүрээс нь үнэлээгүй. Мөн Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлт, гэрч Б.М, Ч.Б, Г.Энхбаатар нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа тогтоолд огт тусгаагүй. Харин яллах талын дүгнэлт, нотлох баримтуудыг тусгасан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу тусгах ёстой ч энэ талаар огт тусгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан 1402, 1055 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг шүүх шинжилгээний байгууллага болон шүүх шинжилгээний байгууллагаас гадуурхи байгууллагаар /тодруулбал эрүүл мэндийн салбар зөвлөл/ арилгах бүрэн боломжтой байхад зөрүүг арилгалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гаргасан гомдолдоо: “Миний ач хүү Б санамсаргүй, гэр ахуйн үйл явцаас болж ийм байдалд хүрснийг миний бие удаа дараа анхан болон давж заалдах шүүх хуралд оролцохдоо илэрхийлсэн бөгөөд хөнгөн ял шийтгэл өгөхийг хүсч байсан билээ. Ч.Б нь 0-4 насны хоёр хүүхэдтэй, 12-18 насны гурван дүүтэй, аж амьдралын хувьд тааруухан нэгэн бөгөөд ирээдүйд үр хүүхэд, дүү нараа асран хамгаалах хүмүүсийн нэг юм. Хохирогч миний бие гомдолгүй. Бидний санал хүсэлтийг хүлээн авч Ч.Бг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Ч.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг цохисон, шүүхийн шатанд хохирогч Б.Чг цохиж зодоогүй гэж тогтворгүй мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан гэрч, шинжээч эмч Д.Чимэд-Очир нарын мэдүүлэг, 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаас хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд 1 дүгээр хавтаст хэргийн 135-137 дугаар хуудсанд шүүгдэгч Ч.Бн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар анх удаа мэдүүлэхдээ “ааваа та унтаач дээ гэхэд намайг мөргөхөөр нь баруун гараараа зүүн талын чамархай хэсэгт уур хүрээд цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт нотолгооны хувьд чухал ач холбогдолтой байна гэж үзэхээр байна. Учир нь яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хэдий ч энэ мэдүүлгийн хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож, хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон байна гэж дүгнэж байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дугаар хуудсанд Г.Энхбаатар гэдэг хүнийг гэрчээр асуусан нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь хэрэг болсон газарт байгаагүй, хэргийн талаар болсон үйл явдлыг мэдэхгүй, түүнчлэн хэрэгт шинжээчээр оролцож, дүгнэлт гаргаагүй байхад шинжээчийн дүгнэлттэй холбоотой зүйлийн талаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байхад шүүгдэгч Ч.Бгаас хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг танилцуулж байна” гэв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Ч.Нандин-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот гэрийнхээ хашаанд өөрийн эцэг Б.Чтэй маргалдан нүүр рүү нь гараараа цохиж, биед нь “тархинд цус харвалт” бүхий үхэлд хүргэсэн хүнд гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Бг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу тухайн гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хууль зөрчин бэхжүүлэх, эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар, өмгөөлөгч Н.Эийн хамт “... Би аавын доороос хүүхдээ аваад эхнэртээ өгөөд эргэж хараад аав унт л даа, лайтай юм бэ гэж хэлэхэд аав босоод ирсэн байсан ба намайг шууд толгойгоороо мөргөөд ороод ирэхээр нь хойшоо болоод … шууд баруун гараараа түүний толгой хэсэг рүү цохисон… Би аав Чгийн зүүн талын чамархай буюу хацарнаас дээш хажуу хэсэгт нэг удаа цохисон… манай эхнэр М хүүхдээ аваад гэртээ орсон байсан болохоор намайг аавыг цохисныг хараагүй. Тухайн үед эцэг Ч намайг мөргөхөөр нь уур хүрээд цохисон /хх-135/ гэж мэдүүлсэн,

мөн  тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч  “Би аавтайгаа маргалдаж байхдаа түүний нүүрэн тус газар нь шанаадсан. Аав надад цохиулсны дараа гэрийн довжоон дээр сууж байсан бөгөөд түүний бие муудсан байсан. Тухайн үед ээж бид хоёр түргэн тусламж дуудаж аавыг эмнэлэгт хүргэж өгсөн боловч эмч миний аавыг нас барсан гэж хэлсэн… Би аавынхаа баруун шанаанд нь цохисон… Миний аав намайг эхэлж мөргөсөн, харин би түүнээс цочсондоо арагш савж унахдаа түүнийг шанаадсан. Би цочсондоо түүний нүүрэн тус газар нь гараараа цохисон… Миний аав эхэлж миний хүүхдийг тэвэрч байгаад дээрээс нь унасан. Тэгээд би хүүхдээ аавын доороос гаргаж авч түүнтэй маргалдсан… Миний эцэг намайг загнаад байсан тул би түүнтэй маргалдсан. Би уураа барьж дийлээгүй учраас түүнийг цохисон. Миний буруу. Би баруун гараараа цохисон…” /1хх-193/ гэж тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Мөн тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө шүүгдэгч Ч.Б нь өөрийн эцэг Б.Чг архи уусан, мөн хамт ирсэн ажлын газрын хүмүүс хэрэглэх гэж байсан усыг нь бие бие рүүгээ цацаж тоглосон гэх шалтгаанаар загнаж, салаавч гарган “пизда лалар, архиа шингээ” гэх мэт цээртэй үгээр харааж, цохих гэж дайрч байсан, мөн хувийн байдлын хувьд цочмог ууртай, урьд нь хохирогчийг зодож байсан талаар гэрч Ч.Б /1хх45-46/, гэрч Б.Э /1хх47-48/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б /1хх-20/ нарын өгсөн мэдүүлгүүд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангажээ.

Түүнээс гадна шүүх эмнэлгийн шинжээчийн 1402 тоот дүгнэлтээр талийгаачийн биед их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3, 4 дүгээр ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба явганаас унах үед үүсэх боломжгүй талаар уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Т.Чимэд-Очир мэдүүлснийг /хх-142/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороо, М.Золжаргал, Б.Энүжин нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 1055 дугаартай дүгнэлт /хх-73/ давхар баталгаажуулсан байна.

Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч Г.Энхбаатарын “…хохирогчид учирсан цус харвалт гэмтэл нь цусны даралт ихсэх өвчний улмаас үүссэн байх боломжтой. Тархины суурь хэсгийн болон ховдлын цус харвалт нь ихэвчлэн даралт ихсэх өвчний улмаас тархины артерийн судасны хана зузаарах, хатуурах, хагарсны улмаас үүсдэг. Гэмтлийн улмаас үүсэх тохиолдол маш ховор байдаг. Эд эсийн шинжилгээгээр тархины судасны хатууралтай гарсан байна.  Тархины няцрал гэмтэл тогтоогдоогүй … Тархины суурийн болон ховдлын тархмал цус харвалт өвчний улмаас нас барсан байна.” гэсэн /хх-36/ мэдүүлэг авагдсан байх боловч тэрээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1402 болон 1055 дугаартай дүгнэлтийг гаргахад шинжээчээр томилогдож оролцоогүйгээс гадна дээрх мэдүүлэг нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 1055 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж, хохирогчид судасны хатуурал тогтоогдоогүй тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчимд тулгуурлан үнэн зөв, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Ч.Бг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1402 болон 1055 дугаартай дүгнэлтүүдийг хуульд заасан журмыг зөрчиж гарсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанаар өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүнд үндэслэн хийгдсэн хууль зүйн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Нандин-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Нандин-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                   С.БАТДЭЛГЭР

                                   Б.БАТЦЭРЭН

                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН