Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 707

 

 

 

 

 

 

 

    2020           10             27                                        2020/ШЦТ/707                                  

                                                                                                                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ч-гийн Б-д холбогдох эрүүгийн 19100 1591 0766 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Бадмаараг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, гэрч Ч.Ба, Б.М, Н.Э, шинжээч эмч Т.Чимэд-Очир нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Даариймаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Тод Ундрага” ХХК-ийн уурхайд ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Ч-гийн Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд Б.Чтэй маргалдаж толгой руу нь цохиж, санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн миний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсанаас өөр байсан. Би аавынхаа толгойнд цохисон гэж мэдүүлэг өгөөгүй. Байцаагчид аавыг тохойноос нь татаж босгох гэж байгаад мөргүүлээд хойшоо савахдаа аавын эрүүнд хальт гараараа хүрсэн гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхэд толгой буюу чамархай руу цохисон гэж өөрчлөгдсөн байсан. Үүнийг би 409 дүгээр хорих ангид шийтгэх тогтоол гардаж авахдаа уншиж мэдсэн.

Байцаагч надаас эхний мэдүүлэг авахдаа тэр өдөр юу болсон талаар асуух гэсэн юм аа, ахын дүү ирээд тодорхой тайлбарлаад өгөөч гэж дуудахаар нь би болсон асуудлыг бүгдийг нь ярьсан. Тэгэхэд надад “ахын дүүд гомдол ирсэн, үүний дагуу шалгаж байгаа юм” гэж хэлсэн. Би өөрийнхөө өгсөн мэдүүлгийг уншихад намайг аавынхаа эрүүнд цохисон болгосон байхаар нь би “шүргэсэн гэж хэлсэн ш үү дээ” гэхэд “чи хойшоо савахдаа цохичихож байгаа биз дээ, цохисон шүргэсэн хоёр хоорондоо ялгаа байхгүй, гарын үсгээ зурчих” гээд зуруулсан. Тэгээд “ээжтэй чинь уулзъя” гээд гараад ээж бид хоёрт “та хоёрт таньдаг өмгөөлөгч байгаа юу” гэхээр нь “байхгүй” гэсэн. “Ахад нь таньдаг хоёр өмгөөлөгч байна, энэ хоёрын нэгийг нь сонгоод авчих. Энэ өмгөөлөгчийг авчих, өмнө нь мөрдөн байцаагч хийж байсан. Таньж мэддэг хүн хамт ажиллахад амар байдаг юм” гээд Э өмгөөлөгч рүү залгаж хэлсэн.

Маргааш нь Э өмгөөлөгчтэй уулзахад надаар 2 бичгэн дээр гарын үсэг зуруулаад, “байцаагчдаа оруулаад өгчих” гэхээр нь оруулаад өгсөн. Дараа нь “прокуророос хэргийг зүйлчилсэн байна, хүрээд ир” гээд мэдүүлэг авах үедээ “чи аавынхаа толгой руу нь цохисон юм бишүү” гэхэд “би таньд хэлсэн шүү дээ, би цохиогүй, эрүүн дээр нь шүргэсэн” гэж хэлэхэд “гар чинь ямар хэлбэртэй байсан бэ” гэхээр нь “атганыхаа өндгөн хэсгээр хальт шүргэсэн” гэсэн. Тэр үед байцаагч дүрс бичлэгээр мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт би шүргэсэн гэсэн, цохисон гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Таалийгаач бол миний том хүү байгаа юм. Манай хүү ажлын газрын хүмүүстэйгээ гэртээ ирсэн юм шиг байгаа юм. Харин өглөө ажлаасаа буугаад, ажил дээрээ 1 шил архи уусан гэсэн. Гэртээ бас архи уух гэсэн юм шиг байна лээ. Тэгэхэд нь Б загнаад, усаар тоглолоо гээд хамт явсан хүмүүсийг загнаж дургүйцжээ. Архи уусан хүнийг загналгүй л яахав. Манай хүү тэр хүмүүстэйгээ дагаж явах гэхэд нь явуулаагүй байна. Тэгээд энэ хоёр хоорондоо маргалдсан гэж ойлгосон. Би юу болсоныг хараагүй, гэртээ байж байтал Б дүүтэйгээ хамт уйлаад ороод ирсэн. Намайг өрхийн эмнэлэгт очиход манай талийгаач хүү өрөөсөн гуталтайгаа байсан. Хашаандаа нас барсан байхад нь эмнэлэгт тээвэрлэж авч ирсэн байсан. Манай хүү нэг их архи уугаад байдаггүй, эрүүл саруул хүн байсан.” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тэр өдөр манайх гэрээ буулгаад хулдаасаа дэвсэж байсан. Хадам аав ажлын хүмүүстэй согтуу ирсэн. Бид хэд ус авчирч өгөх хүнгүй байсан ба тэр хүмүүс гадаа усаар тоглоод байхаар нь манай нөхөр “битгий усаар тогло” гэхэд аав уурлаад маргасан. Аав “надаар тэжээлгэж байж надаас хар ус харамлалаа” гэсэн. Манай нөхөр гэрийн дотор, аав гадаа зогсоод маргалдаад байсан. Тэгэхэд нь би ээжийг дуудсан.

Аавтай хамт ирсэн нэг хүн орж ирээд “миний хөгшөөн, аавтайгаа ингэж муухай харьцаж яах гэсэн юм, гэрийг чинь хамт янзлъя” гээд тусалсан. Аав “дахиад нэг юм ууя” гэхэд нэг эгч яах юм бэ гээд ус авч өгөөд, гэрлүү нь оруулсан. Нөхөр бид 2 гэртээ хувцасны шкаф тавих гэж байхад хүүхэд уйлахаар нь гарахад аав хүүхдийн дээрээс дараад унасан байсан. Манай нөхөр аавыг өргөөд, хүүхдээ авч надад өгсөн. Тэгээд би хүүхдээ саатуулах гээд явсан ба тэр хооронд манай нөхөр аавыг “та унтаад өгөөч” гэсэн. Тэгэхэд ээж, дүү 2 машинтайгаа ирсэн. Аав үүдэнд суучихсан байхад ээж бас “унт” гэж байсан. Аавыг өргөж гэрт оруулах гэж байгаад надад “аав чинь сонин болчихлоо, түргэн тусламж дууд” гэсэн боловч түргэн тусламж ирэхгүй байхаар нь өрхийн эмнэлэг рүү явцгаасан.” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч Н.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би тухайн өдөр бага хүүгийнхээ сургууль дээр засвар хийж байсан. Манай охин руу залгаад “аав ажлынхаа хүмүүстэй согтуу ирсэн байна” гэсэн. Би юм хийж байсан учир тоогоогүй. Тэгээд охинтойгоо сургуулиас гараад явж байхад талийгаачийн ажлын хүмүүс зөрсөн. Намайг хашаандаа ирэхэд манай талийгаач нойтон зүйл дээр суучихсан байсан. Би очоод “миний хань босоо, унтчих. Хоёулаа их ажилтай байхад яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд босохгүй байсан ба надад юм хэлэхээр нь сонсоогүй. Тэгэхээр нь охин, хүү хоёроор өргүүлье гээд дийлээгүй болохоор хөнжил дэвсээд хэвтүүлсэн. Тэгэхэд манай хүний цээж нь сонин болоод, сонин дуугараад байхаар нь түргэн тусламжинд дуудлага өгсөн. Тэгээд түргэн тусламж ирэхгүй байхаар нь охиныгоо эмээ рүү нь явуулсан. Дахин түргэн рүү залгахад “та нар наад хүнээ согтуу гэж хэлсэн биз дээ, одоо очиж байна” гээд утсаа салгасан. Манай хүү “ээж, наад хүмүүс чинь мөд ирэхгүй юм байна. Суулгаад явъя” гээд машиндаа суугаад явсан. Эмнэлгийн гадаа ирэхэд сувилагч гарч ирж үзээд “зүрх нь сонсогдож байна” гэсэн. Нилээн удаж байгаад эмч нь ирээд “зүрх цохилохгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

5. Гэрч Ч.Ба-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тухайн өдөр өглөө би ээжтэй хамт бага дүүгийн сургууль руу анги танхимыг нь янзлах гээд явсан. Тэгэхэд эхлээд манай ах залгаад ээжтжй ярьсан. Дараа нь дахиад надтай яриад “аав согтуу ирсэн маргалдаад байна, хурдан хүрээд ир” гэсэн. Замдаа Хайрханы тэнд аавын ажлынхантай зөрсөн. Гэртээ ирэхэд аав газар дээр завилаад сууж байсан. Ээж аавд “ажлаа тараад над дээр ирэх ёстой байсан биздээ, яагаад уугаад ирсэн бэ” гэхэд аав нэг үг хэлсэн, гэхдээ сонсож чадаагүй. Ээж аавыг нойтон газар сууж байгаа юм чинь гэртээ оруул гэхээр нь ах үрье гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгэхээр хөнжил дэвсээд хэвтүүлэхэд аавын цээж хөхрөөд улайгаад эхэлсэн. Тэгэхэд ээж “наад хүн чинь сонин болоод байна шүү дээ, М түргэн дууд” гээд, надад эмээг дуудаад ир гэсэн. Би эмээг дуудаад ирэхэд бэр эгч байсан. Бусад нь хаашаа явсан бэ гэхэд түргэн ирэхгүй байхаар нь өрхийн эмнэлэг явсан гэсэн. Эмээ, бэр эгч 2 араас нь такси бариад явсан.” гэсэн мэдүүлэг,

 

6. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байна. Эд эсийн шинжилгээ гэж эрхтний дээжийг микроскопоор шинжилсэн шинжилгээг хэлнэ. Артерийн судасны хана өвчин, буруу хооллолтын улмаас зэрэг олон шалтгааны улмаас зузаардаг, яг тэрний улмаас гэж ялгаж хэлэх хэцүү. Тархины бүх гадаргууг бүрхдэг хэсгийг аалзан хальс гэж нэрлэж байгаа. Тархины хажуу ховдол болон 3, 4-р ховдол тархин дотроо байдаг. Их тархи 2 тал бөмбөлгөөс бүрддэг. Энэ хоёр бөмбөлгийн хоёр хэсэгт тус тусдаа байгаа хөндийг хажуу ховдол гэдэг, харин 3, 4-р ховдол гэж байгаа нь хажуугийн ховдолоос доош тархины баруун хэсэгт орж байгааг 3 дугаар ховдол, бага тархи руу орж байгааг 4 дүгээр ховдол гэнэ.

Өвчний үед ердийн цус харвалт үүсдэг бол гэмлийн үед гэмтлийн гаралтай цус харвалт үүсдэг. Ердийн цус харвалтын үед тархины 2 бөмбөлөг тэгш, хуйханд гэмтэл байхгүйгээр үүсдэг.

Энхбаатар гэдэг хүн бол онолын олон салаа ойлголтын нэгийг барьж мэдүүлэг өгсөн байна. Анагаахын шинжлэн ухаан нэг салаагаар явах боломжгүй, олон талаас харж олон урвалыг харж байж шинжилгээг хийнэ. Шинжилгээг би хийсэн, дүгнэлтийнхээ хариуцлагыг би өөрөө хүлээнэ. Энхбаатар гэдэг хүн бол миний гаргасан дүгнэлтэн дээр мэдүүлэг өгсөн байна. Үүнийг бол би мэдэхгүй.

Огилтоос болж цус харвалт үүсэхгүй. Огилт нь цус харвалт үүсгэх шалтгаан болж чадахгүй. Судасны хананы зузааралт цус харвалтад нөлөөлнө. Тухайн гэмтэл нь тархмал цус харвалттай. Гэмтлийн шалтгаантай цус харвалт нь тархи цалгих буюу доргиход үүснэ. Тархи хүнд хэлбэрээр доргиход үүсдэг гэсэн үг. Тархины цалгилт бол зөвхөн нэг хэсэг газар үүсдэг зүйл биш, нийлэнхүүдээ доргино. Энэ тохиолдолд аалзан хальс цочирно. Аалзан хальс бол хүний нүдэнд харагдахаар судаслаг зүйл биш, тунгалаг бүрхүүл байдаг. Тэр хальсны судасны хана гэмтсэний улмаас үүсч байна гэж ойлгож болно.

Тархины битүү гэмтэл явганаас унахад үүсэж болно. Үхэлд хүргэж байгаа тархины гэмтлүүд нүүрний зүүн дээд хэсэгт хүчин үйлчилсэн байх боломжтой. Гэмтэл авснаас газар дээрээ нас барна, удаан амьдрах боломжгүй.

Ер нь бол явганаас унаж тархины гэмтэл авсан тохиолдол байдаг, мөн унасан чиглэлээсээ хамаараад нүүрэн дээр зураас бий болдог. Талийгаачийн нүүрэн дээр бол зураасан зулгаралт үүсээгүй байсан. Талийгаач хүүхэд авах гэж тонгойход талийгаачийн толгой газарт улам ойртож байна. Энэ тохиолдол дээр боломж бага байна.

Талийгаачийн тархины цусан харвалт толгойн 2 талын суурь чамархайд үүссэн байсан. Дагз хавьцаа мөн гэж ойлгож болно. Талийгаачид үүссэн гэмтлийн үйл явц 10 гаруй хоног үргэлжлэх боломжгүй, нүүрэн дээр учирсан зулгаралт бол хуучин гэмтлүүд байсан. Харин тархинд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Тархины хуучин гэмтлийн голомт байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас:

 

1. Хэрэг учрал болсон гэх хххх тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-14х/,

 

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-18х/,

 

3. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1402 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Тархины битүү гэмтэл: 1/ Их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3, 4-р ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, баруун, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт. 2/ Тархи, уушгины эрс хаван, дотор эрхтэний цус эргэлтийн цочмог хямрал. 3/ Хүнд зэргийн согтолт /Цусанд 2.6 промилли спиртийн агууламж/. Нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил.

Дүгнэлт:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3, 4-р ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, баруун, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.6. Дээрх шарх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл бөгөөд дээрх тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

3. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 4.2 промилли, шээсэнд 2.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

5. Талийгаачийн цус нь АВО системээр А2-р бүлгийн харъяалалтай байна.

7.2019.06.22-ны өдрийн 20:00 цагт үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 6-8 цаг болсон байх боломжтой байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 60-63х/,

 

4. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 1055 дугаартай актын:

1. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын 1402 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3, 4-р ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, баруун зүүн тохой, зүүн баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цогцост хийсэн шинжилгээ, эд эсийн шинжилгээнээс үзэхэд цусны даралт ихсэх өвчин тогтоогдсонгүй. Эд эсийн давтан шинжилгээгээр тархины судасны хатуурал тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 73-77х/,  

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын өгсөн:

“...Би хххх тоотод өөрийн эхнэр Д.С-гийн хамт оршин суудаг байсан. Миний төрсөн хүү Б.Ч /40настай, эрэгтэй/ нь “Таван Богд групп” ХХК-ийн “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрт ээлжийн машинист ажилтай бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед ажлаасаа буугаад, хамт ажилладаг 2 ажилтны хамт архи ууж, тэр хоёр залуугаа дагуулаад өөрийн гэр болох хххх тоотод очсон байдаг.

Тухайн өдөр миний талийгаач хүү Б.Ч-г гэртээ очиход хашаанд хамт амьдардаг ууган хүү Ч.Б нь байсан ба аавыгаа загнаад “та согтуу ирлээ, гэрийн дулаалга авах гэж байхад яагаад согтуу ирж байгаа юм” гэж уурлаад салаавч гаргасан байсныг талийгаач хүүгийн минь хамт ажилладаг 2 залуу харсан байсан. Тэгээд тэр хоёр залуу хүүгээс маань “энэ яасан ууртай залуу вэ, энэ хэн юм” гэж асуухад миний талийгаач хүү Ч “миний хүү байгаа юм” гэж хэлсэн гэсэн.

Тэгээд миний талийгаач хүүтэй хамт ажилладаг тэр 2 залуу тэдний гэрээс ажил руугаа явж очоод талийгаачийн төрсөн дүү Долгорсүрэнд “танай ахын хүү нь гэх залуу салаавч гаргаад загнаж уурлаж байна, яасан айхтар ууртай залуу вэ” гэж хэлсэн байдаг. Манай охин Д нь талийгаач ахтайгаа хамт ажилладаг юм.

Ингээд тухайн өдөр 13 цагийн үед хөгшин бид хоёрыг гэртээ байж байхад ач хүү Б, ач охин Ба хоёр хамт орж ирээд “аав нас барчихлаа, хоолойнд нь том юм тээглээд бөөлжсөндөө гахаад нас барсан юм шиг байна” гэж хэлсэн. Мөн Б хэлэхдээ “аав манай хүүхдийг тэвэрч байгаад газар уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүүгээ хаана байгаа”-г асуухад “өрхийн эмнэлэг дээр байгаа” гэж хэлээд, эхнэр бид хоёрыг дагуулж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Аюут” өрхийн эмнэлэгт очсон. Манай эхнэр, бид хоёрыг өрхийн эмнэлэг дээр очиход талийгаач хүү Ч-г өрхийн эмнэлгийн орон дээр дээш нь эгц харуулж хэвтүүлсэн, дээгүүр нь цагаан даавуу бүтээсэн байсан ба цагаан даавууг авч харахад ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан ба царай нь цагаан болсон байсан. Ийм л үйл явдал болсон.

...Миний мэдэж байгаагаар Ч хааяа нэг л архи уудаг байсан гэж сонссон. Би 3 удаа архи ууж байхыг нь харсан. Миний хүү Ч-гийн эхнэр Э бүх зүйлийг нь гартаа барьсан, 20 жил ажиллахдаа өөртөө ч тамхи авч татдаггүй ба эхнэртэйгээ байнга хэрүүл маргаантай байдаг, ууган хүү Б нь хүүг маань зодож байсан.

...Би ШШҮХ-ийн дүгнэлтүүдтэй танилцсан, надад санал хүсэлт байхгүй. Надад ямар ч гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ач хүү Б өсвөр насны хүүхэд учир омголон зангаар ийм үйлдэл гаргасан байх. Тийм учраас надад ямар ч гомдол санал байхгүй. Бид нар ач хүүдээ ял шийтгэл өгүүлмээргүй байна. Энэ хүүхэд ял шийтгэл аваад явах юм бол их хэцүү байх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х, 141х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ийн гэрчээр өгсөн:

“...Өнөөдөр амралтын өдөр учир өрхийн эмнэлэг ажиллаагүй. Бид нар их цэвэрлэгээ болон дотоод ажил хийхээр цугларсан байсан. Өдрийн 13 цаг 05 минутын орчимд гаднаас дээгүүрээ нүцгэн, доогуураа шорттой 20 гаран насны амьсгаадсан байдалтай нэг залуу хүүхэд “эмч байна уу, манай аав ухаан алдаад уначихлаа” гэж орж ирсэн. “Хаана байгаа юм бэ, юу болсон юм бэ” гэхэд “гадаа машинд байгаа, гэртээ байж байгаад ухаан алдаад уначихсан” гэж хэлсэн. Дагаад гарахад эмнэлгийн урд саарал өнгийн Приус маркийн машин зогсож байсан.

Дотор нь эхнэр нь гэх хүн нөхөр гэх хүнээ тэвэрсэн байдалтай уйлаад хойд суудал дээр нь сууж байсан. Нөхрийнх нь хамаг бие хөхөрсөн байхаар нь гарын захын судсыг тэмтрэхэд пульс орж ирэхгүй, ухаангүй байдалтай ам нь хагас ангайсан, дээш харсан байдалтай байсныг хүүгээр нь өргүүлэн өрхийн эмнэлгийн физик эмчилгээний тасагт оруулсан. Ороод эмч нараа дуудаад үзэхэд хүүхэн хараа өргөссөн, зүрхний цохилт орж ирэхгүй, хэлээ хазсан бололтой амнаас нь бага зэрэг цус шүүрсэн, нас барсан байсан. Манайд хүн үзсэнээс хойш 30-аад минутын дараа 103-ын эмч ирсэн.

Талийгаач Ч урьд өмнө надад бол үзүүлж байгаагүй, түүнд архаг хууч өвчин байсан эсэх талаар мэдэхгүй байна. Манай эмнэлэг гудамж гудамжийн айлын хүмүүсийг өөр, өөр эмч хариуцаж үздэг. Хүү нь ярихдаа “манай аав согтуу гэртээ ирээд манай хүүхдийг тэвэрч байгаад хойшоогоо саваад уначихсан. Унаад ухаан алдаад сэрэхгүй болохоор нь ус цацсан боловч сэрээгүй” гэсэн. Тэгээд “шууд түргэн дуудаад ирэхгүй, удаад байсан учраас өөрсдөө наашаа аваад ирлээ” гэж хэлсэн. Ч-гийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. Түүний хүүхэн хараа өргөссөн, пульс орж ирэхгүй, чагнахад зүрх орж ирэхгүй байсан учраас “нас барсан” гэж дүгнэж анхны тусламж үзүүлээгүй, үзүүлэх шаардлага байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мгийн гэрчээр өгсөн:

“...Би талийгаачийн том хүү Б-тай гэр бүл болон амьдарч байгаа бөгөөд талийгаач нь манай хадам аав байгаа юм. Бид нар нэг хашаанд хамт амьдардаг.

2019 оны 6 сарын 22-ны өдөр манай нөхөр Б, том хүү Т бид гурав гэрээ буулгаад янзалж байхад талийгаач хадам аав гаднаас ажлынхаа гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн ба талийгаач архи уусан, согтуу байсан. Тэр хүмүүс манайд хэсэг байж байгаад явсан. Талийгаач хүүхдийн тэргэн дээр байсан ач хүү Төгөлдөрийг авах гэж байгаад газар унаад өгсөн. Тэр үед гаднаас эмэгтэй дүү Ба, хадам ээж Э нар орж ирээд талийгаачийг гэр лүү нь оруулах гэж байгаад “амьсгалахгүй байна, түргэн дууд” гээд түргэн дуудсан. Талийгаач “Таван Богд” ХХК-нд хэвлэх үйлдвэрт ээлжийн ажил хийдэг. Талийгаач нээх архи уугаад байдаггүй, баяр ёслолоор хааяа нэг уудаг, уусан үедээ агсан согтуу тавьж хүнтэй муудалцсан зүйл огт байхгүй.

Талийгаачтай хамт ирсэн хүмүүсийн талаар мэдэхгүй байна, манайд ирсэн хүмүүстэйгээ маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй, хамт ирсэн хүмүүстэйгээ архи уугаагүй.

Хоёр сарын өмнө өөрийнх нь төрсөн дүү Должоо гэдэг хүн Солонгос Улсаас сөжү гэдэг архи авчирч өгсөн, тэрийг хамгийн сүүлд уусан гэж бодож байна, сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/, 

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ийн гэрчээр өгсөн:

“...Би өөрийн талийгч нөхөр Б-ын Ч-тэй 1996 онд танилцаж, 1999 онд ууган хүү Б-г төрүүлсэн. Бид хоёр тухайн үед хадам эцэг, эхийндээ амьдардаг байсан ба дундаасаа 4 хүүхэдтэй. Манай нөхөр бид хоёр хххх тоот хашааг түрээслэж амьдардаг бөгөөд тухайн хэрэг учрал болдог өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед би өөрийн бага хүү З-хаа сурдаг ангийн засварын ажлыг хийхээр охин Ба, дунд хүү Д, бага хүү З нарын хамт 114 дүгээр сургууль руу явсан.

Манай хашаанд ууган хүү Б, эхнэр М болон хоёр хүүхдийнхээ хамт тусдаа Монгол гэрт амьдардаг. Ингээд би засварын ажлаа хийгээд хүүгийнхээ сургууль дээр байж байхад 12-13 цагийн үед бэр охин М- 80хххх04 дугаарын утсаар миний 99хххх91 дугаарын утас руу залгаж “ээж, та хурдан хүрээд ирээ, аав нэг сонин болчихлоо” гэхээр нь би сургуулиас гараад ирэхэд манай нөхөр Б.Ч хүү Б-гийн гэрийн хаалганы урд талд усны шалбааг дээр суусан байдалтай байж байсан.

Тэгээд би очоод “миний хайраа, босооч ээ” гэхэд амандаа юм сул хэлэх шиг болохоор нь би сонсож чадаагүй. Тэгээд “талийгаачийг өргөөд гэртээ оруулчих” гээд хүү Б, Ба хоёрт хэлсэн боловч талийгаачийг өргөх гэхэд дийлэхгүй байсан ба гэрийн хажуу талд юм дэвсээд хэвтүүлсэн. Тэгэхэд сэргэхгүй байхаар нь хоёр удаа нүүр рүү нь ус цацсан. Тухайн үед манай охин Ба бэр М-гийн утсаар түргэн тусламж 103 руу дуудлага өгсөн байсан. Удалгүй нөхөр Чгийн царай нь хөхрөөд эхлэхээр нь түргэн тусламжийн 103 утас руу дахин яриад “яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэхэд “та нар дөнгөж сая дуудлага өгсөн биз дээ, наад хүн чинь согтуу байсан гэсэн үү, одоо очиж явна” гээд утсаа тасалсан. Тэгээд Б “түргэн ирэхгүй удах юм байна, ээж алив машинд суу” гээд нөхөр Ч-г автомашинд суулгаад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Аяюут” өрхийн эмнэлэг дээр очсон.

Тухайн үед гадна хашааны хаалга нь хаалттай байсан ба манай хүү Б хашааг нь давж ороод дотроос эмч гаргаж ирээд, нөхөр Ч-гийн зүрхний цохилтыг нь шалгаж гарын судсыг дарж үзээд дотогшоо оруулсан. Ингээд өрхийн эмнэлгийн эмч нар үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Удалгүй араас түргэн тусламжийн 103-н эмч ирж үзээд мөн “нас барсан байна” гэж хэлсэн.

Талийгаач Б.Ч-д архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй, харин нойр булчирхай, ходоод зэрэг нь өвддөг байсан. Нас барахаасаа өмнө шүд нь өвдөөд үрэвссэн байсан. Манай хүү Б, Ч нар хоёулаа огцом ууртай, тэр хоёр хоорондоо харьцаа сайтай л байдаг. Хааяа нэг хэрүүл маргаан гардаг. Тухайн үед нөхөр Ч багахан уусан байсан. Тухайн хэрэг учрал болсон өдөр талийгаач нөхөр маань ажлынхаа хүмүүстэй хамт ирсэн ба манай хүү “усаар тоглолоо” гэж нөгөө хүмүүст нь хэлэхэд нөхөр маань “хар ус харамлалаа” гээд хүүгээ загнахад хүү Б аавынхаа өөдөөс хэрэлдээд “би танаар биш ээжээрээ тэжээлгэдэг” гэж хэлсэн байсан. Тэр хүмүүсийг байхад хэрэлдээд, явснаас хойш хэрүүл маргаан гаргаагүй гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Би талийгаач Ч-тэй 2017 оны 01 дүгээр сарас эхлэн “Таван Богд” ХХК-ийн охин компани болох “Улаанбаатар принт” ХХК-нд хамт ажиллаж байгаа бөгөөд намайг ажилд ороход Ч ах ажилладаг байсан. Би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ээлжинд хонож ажилласан ба Ч ахтай хамт нэг ээлжинд гарч хонож ажиллаад бууцгаасан.

Маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 09 цагт ээлж солилцоод 10 цагийн үед ажлаасаа гарцгаасан. Тэгээд талийгаач Ч бид хоёр ажлаас гарах хүсэлтээ өгсөн байсан болохоор хамт гарсан ээлжнийхээ залуучуудтай ганц шил архи авч уугаад “салцгаая” гээд Г, О, Т, О нарын хамт дэлгүүр орж 0,75 литрийн савалгаатай “Голд Чингис” архи авч хувааж ууцгаасан. Тэр үед архиа ууж дуусгаад талийгаач Ч ахыг гэрт нь хүргэж өгөхөөр болж, архи уугаагүй О-аар автомашинаа жолоодуулж явсан.

Ингээд талийгаач Ч ахын гэр болох Хан-Уул дүүргийн хххх тоотод 13 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед талийгаач Ч ахын хамт хашаанд явж ороход хоёр Монгол гэртэй, зүүн урд талын гэрт талийгаачийн өргөмөл хүү гэх 20 гаран насны эрэгтэй, эхнэр хүүхдийн хамт гэрийн хулдаасаа дэвсэх гээд тавилгаа зөөж байсан. Тэгэхэд талийгаач Ч ах хүүгийнхээ гэрт ороод “аав нь туслах уу” гэж хэлэхэд хүү гэх эрэгтэй нь “хуц пизда минь, чиний тус надад хэрэггүй, чи хэзээ намайг гэдэг болсон юм, архиа шингээж сур, аятайхан байхгүй бол ална шүү” гээд шууд уурласан.

Тэр үед Тулга ах Ч ахад хандаж “за, за гаръя, танай хүүхэд чинь уурлаад байна, танай гэрт орьё” гээд гарцгаасан. Тэгээд Ч ахын гэрт ороод сууцгаасан ба би бие засах гээд модон жорлон ороход нэг талын гишгэдэг банз мултараад нэг хөлөө баас болгосон. Тэгээд гадаа ажлынхаа О, Т хоёрыг дуудаж ус авчруулаад, пүүзээ цэвэрлэх үед талийгаач Ч-гийн хүүгийнх нь эхнэр гэх эмэгтэй гэрээсээ гарч ирээд “ус бага байхад чинь усаар тоглолоо” гэж хэлсэн. Уг нь тухайн үед усаар тоглоогүй, бохирдуулсан пүүзээ угааж цэвэрлэж байсан юм.

Тэгэхээр нь би О, Т хоёрт усны савыг нь өгч худаг руу явуулж ус авчруулсан. Тэр үед талийгаач Ч, Т ах хоёр талийгаачийн өөрийнх нь гэрт цай уугаад цуйван идэж байсан. Тэгээд О, Т, О бид гурав гэрт орж хүүгийнх нь гэрийн ажилд тусалж тавилгыг нь зөөж байгаад 14 цаг өнгөрч байхад явсан.

Тухайн үед талийгаачийг хүүтэйгээ таарамж муутай, хүү нь их түргэн ууртай, харьцаа муутай залуу байхаар нь “аваад явъя” гэж ярьж байсан ба талийгаач ч бас “хамт явъя, дахиад дэлгүүрээс ганц шил архи аваад хуваагаад ууцгаая” гэж ярьж байсан. Тэгэхэд манай ажлын Т “одоо больцгоо, гэрт нь хүргэж ирсэн, унтуулж амраа” гэж хэлээд талийгаач Ч ахыг үлдээгээд явсан.

Ч ах Т ахтай хоорондоо ярилцаж байгаад “за за хөгшин нь ингээд үлдлээ, гэртээ орж амарлаа, энэ балай юмтай юу ярих вэ, угаасаа ингэж уурлаж байдаг юм” гэж байсан. Бид нарыг байж байхад зодоон, маргаан болоогүй. Талийгаач Ч ах машинд архи уухдаа 3 хундага л уусан. Өөр архи нэмж уугаагүй, бага зэрэг согтолттой байсан, бараг эрүүл байсан гэхэд л болно.

Талийгаач хүүтэйгээ ерөөсөө хэрэлдээгүй, “чи арай ч дээ, би яадагаа алдсан архичин байгаа биш, юундаа уурладаг юм бэ” гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач дээгүүрээ саарал футболк, доогуураа хөх бэлтгэлийн өмд өмссөн байсан. Талийгаач ажил дээрээ болон ажлаас буугаад унаж гэмтсэн асуудал байхгүй, мөн бид нартай ямар ч маргаан үүсгээгүй, тэгэх шаардлага байхгүй. Талийгаачийн биед ил харагдах ямар ч гэмтэл шарх зулгаралт байгаагүй. Бид нар хамт байсан, ямар ч тийм гэмтэл шарх харагдаагүй, зүгээр байсан. Хэрэв талийгаачийн зүүн хөмсөг шарх зулгаралт болон тохойд шалбарч зулгарсан бол футболк өмссөн байхад мэдэгдэх байсан.

Талийгаачийн хүүгийн гэрийн гадна эд зүйлс эмх замбараагүй байгаагүй, зүгээр байсан. Бүх гэрийнхээ эд зүйлсээ тавилгуудаа оруулаад тавьсан байсан. Хүүхдээ тэргэн дээрээ суулгасан шар өнгийн хүүхдийн хоёр хөлтэй ширээ шиг юмыг тэргэн дээр хүүхдийнхээ урдуур тавьсан байсан. Ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/, 

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ын гэрчээр өгсөн:

“...Би талийгаач Б.Ч-тэй 2006 оны 5 дугаар сараас эхлэн “Таван Богд” ХХК-ийн охин компани болох “Улаанбаатар принт” ХХК-нд хамт ажиллаж байгаа бөгөөд бид хоёр нийтдээ 13 жил хамт ажилласан. Талийгаач Б.Ч 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ээлжинд хонож ажиллаад, маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ээлжнээс бууж байсан. Би тухайн үед ажлаасаа түр чөлөө авсан, хөлөө гэмтээгээд ажилдаа явахгүй байсан. Манай талийгаач Ч болон Б хоёр ажлаасаа гарах өргөдлөө өгсөн байсан ба “нэг ээлжнийхэн нь гаргаж өгье” гэж дуудахаар нь би талийгаач Ч, Б, Т, Онарыг ээлжнээсээ буухад нь очсон.

Бид нар хамт 10 цаг өнгөрч байхад, ажлынхаа ойролцоо байх “Ази Монгол зоог” гэх зоогийн газарт хоол идэцгээгээд, тэндээсээ гараад Бийн автомашинд дэлгүүрээс авсан 0.75 литрийн “Голд Чингис” архиа хувааж уусан. Тухайн үед талийгаач Ч 3 л хундага уусан. Тэгээд өдөр 12 цаг өнгөрч байхад талийгаач автобусанд суугаад “гэртээ харилаа” гэхээр нь “хэрэггүй ээ, хүргэж өгнө” гээд Бийн автомашиныг ажлынхаа Одбыг дуудаж жолоодуулаад явцгаасан.

Өдөр 13 цаг өнгөрч байхад талийгаач Ч-гийн гэр болох Нисэхэд очиход хашаандаа зэрэгцээ хоёр Монгол гэртэй байсан ба зүүн талын гэрт талийгаачийн хүү гэх 20 гаран настай эрэгтэй, эхнэр, 1 хүүхдийн хамт гэрийнхээ тавилгаа зайчлаад, хулдаасаа авч байсан. Бид нар автомашинаас буугаад бие засах нь биеэ засаад, талийгаач бид хоёр хамт өөрийнх нь гэр болох баруун талын гэрт ороод цуйван байхаар нь хувааж идээд, гэрээс нь гараад ирэхэд манай ажлын дүү нар болох Т, Б, О гурав хуванцар савтай уснаас нь ус аваад Бийн пүүзийг угааж байгаад толгойгоо норгоод ус цацалсан юм шиг байгаа юм.

Тэгэхэд талийгаачийн хүү гэх залуу, түүний эхнэр хоёр уурлаад “юм хийх гэж байсан усаар тоглолоо” гэж хэлсэн. Тэр үед талийгаач Ч “чи хар ус харамлалаа, би наад усыг чинь байнга авдаг биз дээ, чи хэзээ ус авдаг байсан юм” гэхэд хүү гэх залуу нь шууд “пизда, лалар” гэж хараагаад аманд нь салаавч хийгээд цохих гээд дайраад байсан. Тухайн үед би гайхсан. Хүүхэд нь гэхэд арай их ууртай, ааш авиртай, догшин залуу байсан, мөн аавыгаа хэлэх хэлэхгүй үгээр харааж байсан. Тэгэхээр нь болиулаад талийгаачтай хамт хүүгийнх нь гэрт орж тавилгыг зөөж тусалсан. Талийгаач ач хүүгээ тэргэн дээр сууж байхад нь аваад тэвэрч байсан.

Тэгээд Одб, Т, О гурвыг усанд нь яваад ирэхэд бүгдээрээ машиндаа суугаад явах гэхэд талийгаач Ч “би хамт явъя” гэхэд нь “хэрэггүй, яах юм, унтаж амар” гээд үлдээсэн. Ч үлдэхдээ “хөгшин нь ингээд үлдлээ, гэртээ орж амарлаа. Энэ балай юмтай юу ярих вэ, угаасаа ингэж уурлаж байдаг юм” гэж хэлж байсан. Бид нарыг байхад зодоон маргаан болоогүй. Ер нь хүүгийнх нь харьцаа, ааш авир нь айхтар байсан.

Талийгаач Ч тухайн өдөр хэвийн байсан ба 150-200 грамм л архи уусан. Өөр нэмж уугаагүй болохоор бараг эрүүл байсан гэхэд болно. Талийгаач Ч хүүтэйгээ ерөөсөө хэрэлдээгүй, харин хүүгээ “муу шээс минь, чимээгүй байгаарай” гэхэд хүү нь “би чиний шээс биш” гээд салаавч гаргаад байсан. “Би чамайг өдий зэрэгтэй явуулж байгаа шүү” гэхэд “чи муу пизда ална шүү” гээд л байсан. Тухайн үед Ч дээгүүрээ саарал футболк, доогуураа бэлтгэлийн өмд өмссөн байсан. Талийгаач ажил дээрээ болон ажлаас буугаад унаж гэмтсэн асуудал байхгүй, мөн бид нартай ямар ч маргаан үүсгээгүй, тэгэх ч шаардлага байхгүй. Талийгаач футболк өмссөн байсан болохоор ямар ч гар тохойнд гэмтэл шарх харагдаагүй. Талийгаачийн хүүгийн гэрийн гадна байгаа эд зүйлс эмх замбараагүй байгаагүй, зүгээр байсан. Ач хүү нь тэргэн дээрээ суусан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/, 

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Тгийн гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Таван Богд” группын харъяа компани болох “Улаанбаатар Принт” ХХК-нд дэвтэрлэгчээр ажилд орсон. Намайг анх ажилд орж байхад талийгаач Б.Ч ах ажиллаж байсан ба техникчээр ажилладаг байсан. Манай “Улаанбаатар Принт” ХХК нь ээлжинд гарч ажилладаг бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ээлжинд гарч 2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед ээлж хүлээлцээд 10 цаг гээд ээлжнээс буусан. Тухайн үед хамт ээлжинд гарсан Ч ах, Б хоёр ажлаасаа гарахаар өргөдлөө өгсөн байсан учир тэр хоёрыг гаргаж өгөхөөр ажлынхаа урд байх “Ази Монгол” хоолны газарт хамт ажилладаг Гантулга, талийгаач Ч, Б, О нарын хамт орж хоол идээд 11 цаг өнгөрч байхад хоолны газраас гарч дэлгүүрээс 0.75 литрийн “Голд Чингис” аваад ажлынхаа ойролцоо байх дэлгүүрийн гадна Бийн автомашин дотор ууцгаасан. Тэр үед би нэг хундага л уусан. Ч ах нэг их уугаагүй, урдны гараан дээрээ шүд нь өвдөөд гэж эмнэлэгт үзүүлсэн гэсэн, шүд нь өвдсөн гэснээс бусдаар бол бие нь эрүүл саруул хүн байгаа юм. Ч ах 3 хундага уусан, эрүүл шахуу байсан. Тэгээд тэнд архиа ууж дуусгаад Одбыг дуудаж Б ахын автомашиныг жолоодуулж Ч ахыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Ингээд өдөр 13 цагийн үед Ч ахын гэр болох Нисэхэд очиход хашаандаа хоёр зэрэгцээ шахуу Монгол гэртэй байсан. Зүүн гэрт нь Ч ахын хүү гэх 20 гаран насны залуу эхнэр, хүүхдийнхээ хамт байсан ба гэрийнхээ хулдаасыг тавьж байсан ба гэрийнхээ зарим эд зүйлийг гадна гаргаж тавьсан байсан. Хүүхдээ гэрийн хаалганы урдаас харуулаад тэргэн дээр суулгасан байсан. Би бие засах гээд модон жорлон ороод буцаад явахад Ч “ах энэ манай зээ” гэж хэлж байсан.

Тухайн үед би Монгол гэр лүү ороогүй бөгөөд хашаандаа ороход Ч ах хүүгийнхээ гэрт ороод “туслах уу” гэхэд хүү гэх залуу нь шууд уурлаад “пизда минь, ална шүү архиа шингээгээрэй” гээд байсан. Ч ах ерөөсөө уурлаж агсан согтуу тавиагүй байхад хүү нь гэх залуу аймар ууртай догшин харьцаатай залуу байсан.

Тэр үед манай ажлын Б бие засах гээд жорлон ороход хөл гишгэдэг банзны нэг тал нь мултарч унаад Б пүүзээ баас болгосон ба тэдний гадна байсан савтай усаар пүүзээ цэвэрлэж угаасан ба толгойгоо бас шавшсан чинь хүү нь уурлаад “наадах чинь юманд хэрэглэх гэж байгаа ус байсан шүү дээ” гэхэд Ч ах “би чамайг өдий болтол өсгөж байхад манай хамт ажилладаг хүмүүсээс хар ус харамлалаа” гэхэд хүү гэх залуу нь шууд “пизда минь” гээд л дайраад цохих гээд байсан. Бид нарыг байсан болохоор арай ч цохиогүй, байхгүй үед бол цохих байсан.

Тэгэхээр нь Одб бид хоёр усанд явж хөх өнгийн хуванцар саваар ус авчирч өгсөн. Гантулга ах, Б, О гурав хүүгийнх нь гэрийн ажилд туслаад үлдсэн. Тэгээд усыг нь авч өгөөд гэрийнх нь эд зүйлийг янзалж өгөөд 14 цаг өнгөрөөд 15 цаг болох гэж байхад явцгаасан. Би Ч ахыг хүүтэйгээ маргалдаад байхаар нь өөрийнх нь гэрт дагуулж ороод “битгий маргалд” гэхэд Ч ах гэрээсээ гарч ирээд “бид нартай хамт явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж “та хоёр хоног ажилласан юм чинь гэртээ амар, бид нар ч бас гэртээ харилаа” гэж хэлээд үлдээгээд явсан. Бид нарыг байхад хашаанд зодоон болоогүй, хүүхдүүд нь гэртээ байсан ба Ч ах бид нарыг гаргаж өгөөд үлдсэн.

Талийгаач Ч ах машинд архи уухдаа 3 хундага уусан. Тухайн үед Ч ахын хүү ямар шалтгааны улмаас уурлаад байсныг мэдээгүй, зүгээр очиход шууд уурлаад, хэрүүл хийгээд байсан. Талийгаач тухайн үед дээгүүрээ саарал футболк, хар өнгийн нимгэн цув, доогуураа хөх бэлтгэлийн өмд өмссөн байсан. Талийгаач ажил дээрээ болон ажлаас буугаад унаж гэмтсэн юм байхгүй, мөн бид нартай ямар ч маргаан үүсгээгүй. Биед нь харагдах ил гэмтэл, шарх зулгаралт болон зүүн хөмсөг, тохой зэрэгт шарх зулгаралт үүсээгүй байсан. Бид нарыг явсаны дараа тийм зүйл болсон байх, талийгаачийн хүүгийн гэрийн гаднах эд зүйлс эмх замбараагүй байгаагүй, зүгээр байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/, 

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэлд:

“...Талийгаач Ч-гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн гавал тархины гэмтэл нь явганаас унах үед үүсэх боломжгүй. Нүүрээр шороо болон бусад газарт унасан гэж үзвэл хүч үйлчилсэн цэг болох зүүн хөмсөгний язарсан шарх орчимд, мөн нүүрний товгор хэсгүүдэд зулгаралт үүссэн байдаг. Тухайн тохиолдолд уг шарх болон нүүрний хэсэгт зулгаралт үүсээгүй байсан. Зүүн хөмсөг, шанаа хэсэгт үүссэн шарх, цус хуралтыг харахад уг тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох хүчний улмаас үүссэн байх боломжтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 142-143х/,

 

13. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1338 дугаартай:

1. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ч.Б нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ч.Б нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна.

5. Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 89-90х/,

 

14. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 184-188х/,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-гийн яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 17-319 тоотод өөрийн эхнэр Б.М болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай хашаанд баруун талын гэрт төрсөн эцэг Б.Ч, эх Б.Э, дүү Ч.Ба, дунд дүү Ч.Д, бага дүү Ч.З нар амьдардаг юм. Манай аав Ч нь “Таван Богд” ХХК-ийн “Улаанбаатар принт” компанид ахлах хэвлэгч ажилтай байсан. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ээлжинд гарсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ээлжнээс буугаад, өдөр 12 цагийн үед гэртээ ирсэн ба ажлынхаа 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй хамт, бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүргүүлж ирсэн.

Тухайн үед би эхнэрийн хамт гэрийнхээ доторхи тавилгыг цэгцэлж, шалны хулдаасыг янзлах гээд зарим тавилгаа гаргаад, зарим нэгийг нь гэртээ байлгаж байгаад хулдаасаа янзалж байсан юм. Аав ажлынхаа хүмүүстэй шууд өөрийн гэр буюу манай гэрийн баруун талын гэрт ороод хэсэг байсан ба ажлынх нь зарим хүмүүс хөх хуванцар савтай усаар тоглоод, бие бие рүүгээ цацаад байхаар нь би “над усыг чинь авдаг юм ш дээ, тоглохоо больчихооч” гэхэд тэд больсон. Тэгэхэд аав гэрээсээ гарч ирээд “юу болоод байгаа юм” гэхээр нь би “танай ажлын хүмүүсийг усаар тоглохоо болиоч гэж хэлсэн юм” гэж хэлсэн. Тэгэхэд аав надад “чи хар ус хүнээс харамлалаа, чамайг тэжээж байгаа биз дээ гуйлгачин минь” гэхээр нь би “чамаар биш, ээжээрээ тэжээлгэж байгаа шүү” гэж хэлээд салаавч гаргасан. Манай аавын ажлын хүмүүс бид хоёрыг “больцгоо” гэж хэлээд салгасан.

Тэр үед нэг эрэгтэй, эмэгтэй хоёр нь “ус аваад өгье” гээд сав авч, худаг яваад ус аваад ирсэн ба үлдсэн 2 эрэгтэй нь надтай хамт гэрийн доторх тавилгыг зөөхөд тусласан. Удалгүй аавын ажлын хүмүүс “явлаа” гэж хэлээд явах гэхэд аав тэр хүмүүстэй “хамт явъя, нэг шил архи ууя” гээд байхаар нь би “та боль л доо, унт л даа” гэсэн. Тэгэхэд аав “чамаар архи уухаа заалгахгүй шүү” гэхэд ажлынх нь эмэгтэй аавд хандаж “та гэртээ ороод унтчих, архи нэмж уугаад хэрэггүй” гээд гэрт нь оруулсан. Би тухайн үед ээж рүүгээ утсаар яриад “аав архи уугаад ирсэн байна” гэж хэлсэн. Манай ээж Э, дүү Ба нар бага дүү Золжаргалын сургууль дээр очиж ангийнх нь ширээ сандалыг будах гээд явсан байсан юм.

Аав ажлын хүмүүс нь явсаны дараа унтахгүй, тэрүүгээр явж байгаад урд талд тэргэн дээр сууж байсан манай бага хүүг тэврэхээр авсанаа гэнэт урагшаагаа бүдэрсэн үү, яасныг мэдэхгүй хүүхдийг маань доошоо хийгээд унасан. Тэгэхэд би гүйж очих замд хүүхдийн тоглоомон шар ширээ хөлд тээглэхээр нь өшиглөөд хагалсан. Би аавын доороос хүүхдээ авч, эхнэртээ өгөөд эргэж хараад “аав унт л даа, ямар лайтай юм бэ” гэхэд аав босоод ирсэн ба намайг шууд толгойгоороо мөргөөд ирэхээр нь би хойшоо болоод, баруун гараараа саваад цохисон.

Тэгэхэд аав амьсгалж чадахгүй байгаа ч юм шиг, эсхүл бөөлжисөө гаргаж чадахгүй байгаа ч юм шиг болоод ухаан алдаад байхаар нь халбагаар амыг нь ангайлгах гэж оролдож байгаад үүдэн дээд нэг шүдийг нь унагаасан.

Тухайн үед ээж Э, дүү Ба хоёр гаднаас орж ирсэн ба аавыг дүү Ба бид хоёр сугадаж өргөөд, гэрийн хажуу талд ээжийн дэвссэн юман дээр хэвтүүлээд дээрээс нь ус цацаж сэрээх гэсэн боловч сэрэхгүй, сонин дуугарч байгаад царай нь хөхрөөд эхэлсэн. Тэр үед манай эхнэр түргэн тусламж руу дуудлага өгөөд 5-10 орчим минут болохоор нь яараад Хан-Уул дүүргийн “Аяюут” өрхийн эмнэлэг рүү аавыг машины хойд суудал дээр хэвтүүлээд, ээж Эийн хамт очсон. Тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор өрхийн эмнэлгийн гадна хаалга цоожтой байсан, дотор талын хаалга онгорхой байхаар нь би хашааг нь давж ороод, эмч дагуулж гарч ирэхэд эмч аавыг машин дотор судсыг нь барьж үзээд, "өргөөд эмнэлэг рүү оруул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавыг өргөөд эмнэлэг рүү оруулж, орон дээр хэвтүүлэхэд уг өрхийн эмнэлгийн эмч нар үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Удалгүй 103-н эмч ирээд дахин үзэж “нас барсан байна” гэж хэлсэн.

Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, надад санал хүсэлт байхгүй. ...Би аав Ч-гийн зүүн талын чамархай буюу хацарнаас дээш хажуу хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед манай эхнэр М-гаас өөр хүн байгаагүй, манай эхнэр хүүхдээ аваад гэрт орсон байсан болохоор намайг аавыг цохисныг хараагүй. Тухайн үед аав Ч намайг мөргөхөөр нь уур хүрээд цохисон. Би аавыг баруун гараараа цохихдоо атгасан гарынхаа дотор хажуу хэсгээр цохисон. Би аавыгаа алчихна гэж бодоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 136-137х/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 93х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 65х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 97х/, сурагчийн хувийн хэрэг /хэргийн 102-112х/, суурь боловсролын болон мэргэжлийн боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 113-118х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.    

                            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдан тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9-р хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд шүүгдэгч Ч.Б болон түүний төрсөн эцэг Б.Ч нарын хооронд хувийн сэдэлттэй таарамжгүй харилцаа үүссэн,  тодруулбал: хүү нь эцгийгээ “ажил ихтэй байхад согтуу ирлээ, хамт ирсэн ажлын газрын хүмүүс нь хэрэглэх гэж байсан усаар тоглолоо” гэх зэргээр уурлан зүй бус харилцахад эцэг Б.Ч нь “чи хар ус харамлалаа, чамайг тэжээж байгаа биздээ гуйлгачин минь” гэх зэргээр өөр хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн маргасан, мөн амь хохирогч Б.Ч нь Ч.Бгийн бага хүүг нь тэврэх гэж байхдаа унах үед нь “хүүхэд дарж уналаа” гэх шалтгаанаар уурлан, улмаар амь хохирогч нь түүний толгой тус газарт мөргөх үед шүүгдэгч Ч.Б нь эцгийнхээ толгойн тус газарт буюу зүүн хөмсөгт атгасан гарынхаа /баруун/ дотор хэсгээр цохисноос амь хохирогч Б.Ч нь биедээ “... их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3, 4-р ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт” гэмтэл авч нас барсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хэргийн шүүгдэгч Ч.Б нь амь хохирогч Б.Ч-гийн толгойн тус газарт нь атгасан гарынхаа /баруун/ дотор хэсгээр нэг удаа цохисноос түүний биед шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1402 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь, мөн хэргийн хохирогч Б.Ч нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 1338 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1402 дугаартай дүгнэлт болон хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн  1055 дугаартай /хэргийн 60-63х, 73-77х, 89-90х/ дүгнэлт баримтуудаар тус тус нотлогдсон байна.  

Прокуророос, шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 9-р хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд өөрийн эцэг Б.Чтэй тодорхой шалтгааны улмаас маргаж, зүй бус харьцан, улмаар түүний толгой тус газарт баруун гарын атгасан хэсгээр цохисноос амь хохирогч Б.Ч нь биедээ “... их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдол болон 3, 4-р ховдлын цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, зүүн хөмсөгний хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт” гэмтэл авч нас барсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...Надад ямар ч гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй, миний ач хүү Б өсвөр насны хүүхэд учир омголон зангаар ийм үйлдэл гаргасан байх, тийм учраас надад ямар ч гомдол санал байхгүй, бид нар ач хүүдээ ял шийтгэл өгүүлмээргүй байна.” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...нас барсан хүнийг дахин амьдруулж чадахгүй. Шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэнэ, нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй.

Иймд шүүгдэгч Ч.Б-г хувьд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгджээ. /хэргийн 93х/

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс цагдан хоригдож, 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгчээр нийт 279 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.  

Шүүгдэгч Ч.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.    

Түүнчлэн шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “...Талийгаачид ердийн цус харвалтын улмаас тархины гэмтэл учирсан байх боломжтой. Шинжээч эмч нарын гаргасан 2 дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй, мөрдөгчийн тогтоолд дурьдсан асуултад хариулаагүй. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, мөрдөгчийн зүгээс өмгөөлөгчийг тулгаж сонгуулсан. Ялаа хүлээхээр ятгаж, өгсөн мэдүүлгийг өөрчилсөн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай байдал тогтоогдохгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү.“ хэмээх санал гаргаж мэтгэлцсэнийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр шүүх хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Ч-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-гийн цагдан хоригдсон нийт 279 /хоёр зуун далан ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           И.ГАНБАТ

                                 

                               ШҮҮГЧИД                                                  Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                                

                                                                                                   С.СЭРЖМЯДАГ