Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2024/00006

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 138/ШШ2024/00081 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 74 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч *******, өмгөөлөгч Х.Ургаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******д 2022 оны 6 сарын 26-ны өдөр 1 сарын хугацаатай 14 000 000 төгрөг, 7 сарын 08-ны өдөр 35 000 000 төгрөг, 7 сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөг зээлдүүлсэн. 2022 оны 8 сарын 12-ны өдөр хугацаа дууссан боловч ******* нь үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл 74 000 000 төгрөг нэхэмжилсэн.  ******* нь 2022 оны 6 сарын 20-ны өдөр *******тай уулзаад манай хамаатан Америкт байдаг юм, түүнээс и-мэйл ирсэн гэж и-мэйлээ уншуулаад мөнгө олж өгөөч гэж гуйсан байдаг. Үүний дагуу ******* нь хамт ажилладаг ******* гэдэг хүнээс 2-3 удаа нийт 74 000 000 төгрөгийг зээлж *******д өгсөн. Хариуцагч нь би *******гаар мөнгө олуулаагүй, зээлээгүй гэж тайлбарласан байдаг. Мөнгө зээлдүүлсэн баримтын хувьд 2022 оны 7 сарын 25-ны өдөр хоёр тал гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл хэрэгт авагдсан.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хувьд харилцан эрх, үүрэг үүссэний үр дагаварт тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэнтэй холбоотой харилцаа байгаа юм. Хуульд зааснаар хүү, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой анз, алдангийн талаар бичгээр дурдаагүй учраас бэлнээр болон дансаар шилжүүлсэн нийт 74 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч 74 000 000 төгрөгийг аваагүй гэж огт маргадаггүй, харин хамтдаа залилуулсан гэдэг. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлд заасан хэлцлийн үр дагаврыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэл яригдаж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар талууд амаар хэлцэл хийсэн. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, эрх, үүрэг үүсгэсэн нөхцөл байдал байна. Иймээс нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу амаар хэлцэл байгуулагдсан. Энэ 74 000 000 төгрөгийн үр дагаварт ******* нь нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж, уг 74 000 000 төгрөгийг *******гаар төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. гэжээ.

2. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний фэйсбүүк хаягаар Ken ******* болон [email protected] хаягаар чат, илгээмж ирсэн юм. Дээрх и-мэйл болон чаттай холбоотой ******* багш бид хоёрын хооронд мөнгөний асуудал үүссэн. Би хэлтэй устай гадаад хэлний багшийн хэлсэн үгэнд итгэж цахим луйварт залилуулсан. Хэрвээ ******* багш анхнаасаа болохгүй гэж анхааруулсан бол би өөрөөсөө ч, өрөөлөөс ч мөнгө авч ийм асуудалд холбогдохгүй байсан. Харин ******* өөрөө надад ирсэн мэдээллийг олж мэдсэн учраас өөрийн нэрээр 2022 оны 6 сарын 26-ны өдөр ******* гэх хүнд 13 447 127 төгрөг, 2022 оны 7 сарын 08-ны өдөр ******* гэх хүний данс руу 20 000 000 төгрөг явуулсан. Би үүнийг хариуцан төлөх ёсгүй гэж үзэж байна. Мөн 2022 оны 7 сарын 09-ний өдөр өөрийн данснаас гүйлгээний утга дээр миний нэрийг бичиж 20 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Үүнийг мөн төлөх ёсгүй. Бид хоёрын хэн аль нь итгэсэн байсан болохоор би хөдөө явахдаа янз бүрийн мэдээлэл, хэл чимээ ирвэл хэрэг болох байх гэж бодоод гар утсаа ******* багшид үлдээгээд явсан. Гэтэл намайг байхгүйд 7 сарын 14-ний өдөр 11 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Тиймээс би зөвшөөрөхгүй. Үүнээс хойш дахин мөнгө шилжүүлээгүй.

Намайг Улаанбаатар хотод тагнуул, цагдаагаар явж байхад араас очиж 2022 оны 7 сарын 25-нд заавал нотариатаар батлуулна гээд мөнгө зээлдүүлсэн баримт үүсгэн батлуулсан. Эцэст нь намайг бусадтай нийлж залилчихаад өөрөө надад мөнгө зээлүүлсэн болж буцаагаад нэхэж авах гэсэн арга гэж үзэж байна. Иймд миний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нотариатаар батлуулсан бичиг баримтыг гаргаж өгдөг. Энэ асуудлаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Зээлэх хүсэл зориг байсан уу, ******* гэдэг хүн зээл авах ямар шаардлага байсан бэ гэдэг асуудал яригдана. Зээлийн эрх зүйн харилцааны асуудал үүссэн үү гэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа шиг шаардлага тухайн үед *******д байгаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөнгө зээлүүлсэн болохоос хамтарч залилуулаагүй гэдэг зүйлийг яриад байдаг. Гэтэл ******* сүүлд чат бичихдээ ...энэ худлаа байсан юм байна, залилуулчих шиг боллоо, гэхдээ та бичээд бай гэсэн байдаг. Нэхэмжлээд байгаа 74 000 000 төгрөгийн 33 000 000 төгрөгийг ******* Кен ******* гэдэг хүний данс руу хийдэг. Үлдэгдэл мөнгийг *******ийн данс руу хийж ******* буцаагаад ******* гэдэг хүний данс руу явуулдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулгаас харагддаг. Иймээс 74 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: 2022 оны 7 сарын 25-ны өдөр үйлдсэн мөнгө зээлдүүлсэн тухай хэлцлийг миний бие өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар үйлдээгүй юм. Энэхүү хэлцэлд гарын үсэг зурахыг *******, ******* нар шаардаж зуруулсан. Энэ хэлцлийг байгуулах талаар бид хамтдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад адилхан залилуулсан байна гэж хэлсэн тул би гарын үсэг зурахгүй гээд бид маргасан. *******, ******* нар эхлээд намайг гарын үсэг зурахыг шаардаж маш их дарамталсан. Сүүлдээ Б.******* багшид л үзүүлэх юм, өөр зүйлд хэрэглэхгүй гэж хууран мэхэлж зуруулсан. Би тэр өдөр маш их айдастай чухам юун дээр гарын үсэг зурснаа ч санахгүй байсан. Надад тэр үйлдсэн хэлцлийнхээ нэг хувийг ч өгөөгүй. Гэтэл уг хэлцлийг шүүхэд гарган өгч надаас 74 000 000 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхэд нэхэмжлэл ирүүлснийх нь дараа уг хэлцлийг уншихад агуулга нь зөвхөн *******гийн санаа зоригоор үйлдэгдэж, хүчээр зуруулсан нь нотлогдож байгаа. Учир нь миний овгийг буруу бичсэн байсан төдийгүй 13 447 127 төгрөгийг миний хүсэлтээр С.******* гэх хүний данс руу шилжүүлсэн мэтээр, мөн ******* гэх хүний данс руу шилжүүлсэн 20 000 000 төгрөгөө миний данс руу шилжүүлсэн гэж худлаа бичсэн байсан. Мөн надаас нэхэмжлээд байгаа 74 000 000 төгрөгийн 34 000 000 төгрөгийг ******* өөрийн данснаас залилагч этгээд рүү 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн нь түүний шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Миний хувьд *******гаас мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. Харин хоёулаа хамтдаа их хэмжээний доллар, алттай болох хүсэл зоригоор итгэж үнэмшин бусдад залилуулсан. Бодитоор энэ мөнгийг би зээлж ашиглаагүй бөгөөд залилагчийн дансанд *******тай хамтран шилжүүлсэн. ... Эцэст нь ******* миний бие *******гаас бодитоор 74 000 000 төгрөг зээлээгүй, цахим залилах гэмт хэргийн хамтран хохирогч болсон ба миний бие өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар дээрх хэлцлийг үйлдээгүй, *******, ******* нарын дарамт шахалт, ******* багшаас мөнгө зээлсэн, нэхээд байгаа учир түүнд зөвхөн харуулах зорилготой, өөр зүйлд хэрэглэхгүй гэсэн учир хууран мэхлэгдэж гарын үсэг зурсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд 2022 оны 7 сарын 25-ны өдрийн Мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

...2022 оны 7 сарын 25-ны өдрийн Мөнгө зээлдүүлсэн баримт буюу уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Мөнгө зээлдүүлсэн тухай баримт-ыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон, нотлох баримтаар хавсаргасан байдаг. Энэхүү нотариатчаар гэрчлүүлсэн, нөхөн хүлээн зөвшөөрч үйлдсэн мэт зээлийн гэрээний агуулга бүхий хэлцлийг ******* өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар үйлдээгүй. ...Талуудын хооронд мөнгөн хөрөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа бодитой үүсээгүй учир энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

...Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох зохицуулалт байдаг. Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн талаар тусгасан байдаг. Ямар учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцох вэ гэхээр Туркээс ирэх гээд байгаа бараа бүтээгдэхүүн олдохоо болиод ирэхээр *******ийг мөнгө зээлсэн болж харагдуулах гэсэн хүсэл зорилго агуулсан. Иймээс 2022 оны 7 сарын 25-ны өдрийн мөнгө шилжүүлсэн тухай баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...******* нь гадаадад байдаг дүү маань илгээмж явуулсан, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна, мөнгө зээлээч, эсхүл хүнээс ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч гэж удаа дараа гуйсан. Хамт ажиллаж байсан хүний хувьд итгээд тус болохыг хүссэний үндсэн дээр бусдаас авч дамжуулан мөнгө зээлдүүлсэн. *******ийн нэхэмжлэлд дурдаад байгаа 34 000 000 төгрөгийг ******* миний бие Б.*******, С.******* нарт өөрийн хүсэлтээр өгсөн мэт бичсэнийг зөвшөөрөхгүй. Надад мөнгө зээлэх шаардлага байхгүй. ******* нь өөрийн хүсэлтээр Б.*******, С.******* нарын дансыг надад өгч 33 447 127 төгрөгийг шилжүүлсэн нь чат /мессеж/-аар нотлогдож байгаа. Мөн үлдэгдэл 552 873 төгрөгийг ******* өөрийн данс руу шилжүүлж авсан нь дансны хуулгаар нотлогдоно. Үлдэгдэл 40 000 000 төгрөгийг ******* өөрийн данс руу шилжүүлж авсан. ******* нь надаар дамжуулан бусдаас зээл авсан гэдгээ баталж гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулсан нь хууль ёсны үйлдэл гэж үзэж байна. ...*******д ямар нэг шахалт дарамт үзүүлээгүй, сайн дурын үндсэн дээр хэлцэл хийсэн. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болорцэцэг, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******* багшийн хүнд тусархаг байдлыг ашиглаж ******* гэдэг хүн Хамаатандаа туслах гэсэн юм, мөнгө олж өгөөч гэж хандсан. Гэрч Б.******* нь ******* эгч надаас мөнгө гуйсан бол би зээлдүүлэхгүй байсан. гэж мэдүүлсэн байдаг. Иймээс *******гийн нэр хүндийг ашиглаж мөнгө олуулж, зээлүүлэх гэсэн зорилготойгоор өөрийн хамаатан гэж итгүүлсэн. Үүнийг хоорондоо чаталсан чатнаас харж болно. Хавтаст хэргийн 130-р хуудаст байгаа 7 сарын 07-ны чатад ...үүнийг зохицуулчих юм бол хүнээс авсан мөнгийг хэдэн хүүтэй байсан ч Зоригоотой ярьж байгаад 10 саяас доошгүй өгөх болно. Яагаад гэвэл гол төлбөрийг чи зохицуулж өгч байгаа учраас гэсэн байна. Үүнээс үзэхэд *******г эгчдээ туслах юм бол мөнгө төгрөг өгнө гэдэг зүйлийг хоорондоо тохиролцсон болох нь харагдаж байна. Иймээс хоорондоо хэлцэл байгуулж *******гийн нэр хүндийг ашиглан бусдаас мөнгө олуулсан.

... Мөнгө зээлэх шаардлагыг ******* эгч түрүүлж гаргасан. Иймд ******* татварын мөнгийг олъё, хоёулаа хуваая гэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү хийсэн хэлцлээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар бичгийн хэлбэрт оруулаад, хэлцлийг баталгаажуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг хүсэл зоригийн эсрэг айлган сүрдүүлж, дарамталж хийгдсэн нөхцөл байдал огт байхгүй.

...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хийсэн хэлцэл гэж үзэхээр ямар нэгэн хүсэл зориг дээр бид нэгдсэн гэсэн үг. Юуг нуух гээд энэ хэлцлийг хийгээд байгаа юм бэ гэдгээ нотолж, тайлбарлаж, үндэслэлээ гаргах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, *******тай хийсэн хэлцлийг халхавчлах гээд байна гэж дурддаг. *******тай хийсэн хэлцлийг халхавчлах ямар ч шаардлага байхгүй.

...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан нөхцөл байдлыг нотлон тогтоож чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага одоо ч тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Харин эсрэгээрээ сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, агуулга тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 40 552 000 /дөчин сая таван зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 448 000 /гучин гурван сая дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 360 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 527 950 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болгож, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 527 950 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

7. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч ******* нь зээлдүүлсэн мөнгөө эргүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган зээлийн гэрээний үүрэгт заасан мөнгийг авахаар шаардлагаа тодорхойлсон.

Шүүх зээлийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа маргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй, энэ талаар шүүх хуралдаанд огт мэтгэлцээгүй, энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байтал шүүх санаачлагаараа нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрөө тодорхойлж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэр гаргаж байгаа нь огт мэтгэлцээгүй, маргаагүй асуудалд дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь хууль ёсны байх, үндэслэл бүхий байх гэсэн зарчим алдагдсан.

Нэхэмжлэгч нэг ч удаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн талаар дурьдаагүй, энэ талаар манай өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нэг ч удаа мэтгэлцээн өрнүүлээгүй бөгөөд шийдвэр гарахад шүүх хуралдаанд оролцож байсан талууд бүгд гайхсан байдалтай байсан.

Гэтэл шүүхээс Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих бүлэгт заасан 492 дугаар зүйлийг баримтлан хариуцагчаас 40 552 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр болжээ.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг тайлбарлан шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэхдээ зөвхөн дансанд мөнгө орсон нь нэхэмжлэгч хариуцагчид энэхүү мөнгийг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн нь буруу болсон. Ингэж дүгнэхийн тулд хариуцагч миний бие хэрхэн үндэслэлгүй хөрөнгөжсөн бэ гэдгийг дүгнэх шаардлагатай байсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих явдлыг хууль ёсны орлогоор баталгаажиж зөвтгөгдөөгүй тийм хөрөнгө чинээг эзэмшиж, үр шимийг хүртэх асуудал гэж тодорхойлох бөгөөд би гийн мөнгө шилжүүлж байсан ******* гэх хүний данс руу түүнээс орж ирсэн мөнгийг дансандаа 2 минут болгон буцаан ******* гэх хүний дансруу шилжүүлсэн байдаг. Үүнд ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжин түүний үр шимийг хүртсэн зүйл байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгын баримтаас маш тодорхой харагдана.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлүүдэд зохицуулсан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зүйл заалтууд нь тухайн хөрөнгө шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж тухайн этгээдэд олгох зорилготой бөгөөд хөрөнгө олж авсан этгээдийн эзэмшилд шилжиж буй хөрөнгө үндэслэлгүйгээр шилжсэн байхаас гадна ийнхүү үндэслэлгүй хөрөнгө шилжиж ирснээр тухайн этгээдийн хөрөнгө нэмэгдэх, улмаар дээрх хөрөнгийн ашигтай байдал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн обьект болдог.

Нөгөөтэйгүүр эрх бүхий этгээдийн ухамсартай шилжүүлгийн үндсэн дээр бусад хэлбэрээр үндэслэлгүй хөрөнгөжих тохиолдол байдаг бөгөөд үүнд уг шилжүүлж буй хөрөнгийг давуу талыг өөр этгээдэд ногдуулж буй эсэхээр тодорхойлогддог.

Хариуцагч миний бие тухайн мөнгийг өөрийн дансаар дамжуулан шилжүүлсэн байдал нь надад ямар нэгэн хөрөнгийн давуу байдал огт үүсгээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар эсвэл ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж миний хувьд дүгнэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх үзсэн байдаг. Гэхдээ энэ хоёр хүн хоёулаа амар хялбар аргаар мөнгө олох гэж тухайн залилагч этгээд рүү мөнгө шилжүүлсэн. Ингэхдээ эхлээд бүр өөрөө мөнгө шилжүүлсэн. Дараа нь ийн данс руу мөнгө шилжүүлсэн хэдий ч 2 минутын дотор ******* гэх хүний данс руу шилжүүлсэн нь баримтаар харагддаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг үгний гол агуулга нь тухайн хүний хөрөнгө нэмэгдсэн байхыг шаарддаг. Гэтэл юун хөрөнгө мөнгө нь ихсэх. Насаараа ажиллаж байгаад авсан тэтгэмжийн мөнгөө хүртэл тухайн залилагчид алдсан байдаг. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна. гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэж байгаа гэж бодож байна. Анх Кен ******* гэдэг хүнтэй өөрөө холбогдсон байдаг. Энэ хүнд хүч хэрэглэж, дарамталж гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Татгалзлаа хариуцагч тал өөрсдөө нотлох ёстой байсан. хүчээр зуруулсан гэж хэлж байгаа боловч энэ тайлбараа нотолж чадахгүй байна. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг ямар байдлаар нотолж байгаа нь тодорхой бус байна. Энэ хүмүүс яг ийм хэлцэл хийх боломжгүй байсан гэдэг нь харагдахгүй байна. ... Маргалдаж байгаа асуудал нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан асуудал байна гэж шүүх дүгнэсэн. Талуудын хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээний асуудал биш байна гэж үзсэн. Ингэж дүгнэж байгаа нь алдаатай дүгнэлт биш юм. ... Ер нь тухайн мөнгийг авснаараа ийн мөнгө нэмэгдсэн шүү дээ. Тэр мөнгийг хадгалах, эсвэл шууд бусдад шилжүүлэх эсэх нь өөрийнх нь хүсэл зоригийн асуудал юм. ... Хариуцагч өөрөө хүчин төгөлдөр бус болохыг шаардсаар байсан. Ингэснээр үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдал үүссэн гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 74,000,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжилснийг хариуцагч ******* эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ...******* нь мөнгө олж өгч туслахыг хүссэн учир миний бие хамт ажилладаг багш Б.*******гаас хүүтэй мөнгө зээлж *******д нийт 74,000,000 төгрөг зээлдүүлсэн. Эхлээд амаар тохиролцсон боловч 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн тухай баримтыг бичгээр үйлдэж нотариатчаар гэрчлүүлсэн. Бидний дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир зээлийн гэрээний үүрэгт 74,000,000 төгрөг нэхэмжилнэ. ... хамтран залилуулсан асуудал байхгүй, эрүүгийн хэрэгт намайг хохирогчоор тогтоогоогүй. гэж тайлбарласан.

5. Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Миний фэйсбүүк хаягаар Кен ******* болон [email protected] хаягнаас чат илгээмж ирсэн. Би өөрөө гадаад хэл мэдэхгүй. ******* багш англи хэлний багш болохоор нь эгчийнхээ утсыг шалгаад өгөөч, ийм юм ирээд байх юм гэж утсаа харуулсан. ******* уншиж танилцаад, янз бүрийн мэдээллийн сувгаар шалгаад танд ирээд байгаа захидал үнэн бодит юм байна гэж хэлсэн. Бид хоёр аль аль нь итгэсэн. ******* багшийн үгэнд итгэж байсан болохоор түүний хэлсэн зааврыг даган дээрх харилцагчийн хэлсэн данс руу тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн. Дээрх мэйл болон чаттай холбоотой ******* багш бид хоёрын хооронд мөнгөний асуудал үүссэн. Би хэлтэй устай гадаад хэлний багшийн хэлсэн үгэнд итгэж цахим луйварт залилуулсан. Би өөрийн тэтгэвэрт гарахад олгосон 36 сарын тэтгэмжийг болон ******* багшийн надад өгсөн мөнгийг чатаар холбогдож нэхсэн данс руу шилжүүлсэн. ...энэ асуудлыг одоо Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа. ...Би *******гаас ямар нэгэн мөнгө зээлж аваагүй, хоёулаа цахим гэмт хэргийн хохирогч болсон учир нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... гэж тайлбарласан.

6. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: ... нэхэмжлэлийн үндэслэл болон 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн мөнгө зээлдүүлсэн тухай баримтын үндэслэл зөрүүтэй байгаа нь анхнаасаа хүчин төгөлдөр бус баримт юм, ... энэ хэлцлийг миний бие өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар үйлдээгүй, хэлцэлд гарын үсэг зурахыг *******, ******* нар шаардаж зуруулсан. ...*******, ******* нар эхлээд намайг гарын үсэг зурахыг шаардаж маш их дарамталсан. Сүүлдээ Б.******* багшид л үзүүлэх юм, өөр зүйлд хэрэглэхгүй гэж хууран мэхэлж гарын үсэг зуруулсан. Миний хувьд *******гаас мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. Харин хоёулаа их хэмжээний доллар, алттай болох хүсэл зоригоор итгэж үнэмшин бусдад залилуулсан. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн талаар тусгасан байдаг. Туркээс ирэх гээд байгаа бараа бүтээгдэхүүн ирэхээ болихоор нь ******* нь *******д мөнгө зээлсэн болж харагдуулах хүсэл зориг агуулж 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. ...Иймд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. ... гэж тодорхойлсон.

7. Нэхэмжлэгч ******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...******* нь гадаадад байдаг дүү маань илгээмж явуулсан, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна, мөнгө зээлээч, эсхүл хүнээс ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч гэж удаа дараа гуйсан учир бусдаас авч дамжуулан мөнгө зээлдүүлсэн. ...******* нь надаар дамжуулан бусдаас зээл авсан гэдгээ баталж гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулсан нь хууль ёсны үйлдэл гэж үзэж байна. *******д дарамт шахалт үзүүлээгүй, сайн дурын үндсэн дээр хэлцэл хийсэн. ...Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр ямар нэгэн хүсэл зориг дээр бид нэгдсэн гэсэн үг. Юуг нуух гээд энэ хэлцлийг хийгээд байгаа юм бэ гэдгээ нотолж, тайлбарлаж, үндэслэлээ гаргах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхээр Б.*******тай хийсэн хэлцлийг халхавчлах ямар ч шаардлага байхгүй. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, талуудын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна. гэх үндэслэлээр мэтгэлцжээ.

8. Хэрэгт цугларсан бичгийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн ХААН банкны тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 552,000 төгрөг, 7 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгөөр 3 удаа, 7 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 4 удаа, 7 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, ******* нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр С.*******ын ХААН банкны тоот дансанд 13,447,127 төгрөгийг, 7 дугаар сарын 08-ны өдөр Б.*******ийн ХААН банкны тоот дансанд 20,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөнгө зээлдүүлсэн тухай баримтыг *******, ******* нар үйлдэж нотариатчаар гэрчлүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгч өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь биш харин өөр үндэслэл тогтоогдвол шүүх тухайн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэнэ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм.

10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ба зээлийн харилцаа үүсэх үндэслэл нь зээлийн хэлцэл буюу мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч тохирсон хугацаанд үнийг төлөхөөр тохирч, улмаар үүнтэй холбоотойгоор эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн, үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчийн үүргийг тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-ний харилцаа үүсээгүй, хариуцагч *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн түүнээс 40,552,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн хүсэлтийн дагуу С.*******, Б.******* нарын дансанд мөнгийг шилжүүлсэн талаар тайлбарладаг боловч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас 33,448,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.

11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зөрчсөн гэх үндэслэлд хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл бүр хамаардаггүй, гагцхүү хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, хэлцлийн агуулга угтаа хуульд нийцэхгүй байхыг ойлгоно.

Зээлийн гэрээг амаар байгуулсан тохиолдолд талууд өмнө амаар байгуулсан гэрээгээ бичгэн хэлбэрт оруулж хэлцлийг баталгаажуулах боломжтой хэдий ч зохигч нарын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцэл байгуулагдсан мэт баримт үйлдэж, нотариатчаар баталгаажуулсан нь хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

12. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 138/ШШ2024/00081 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД    С.ОЮУНТУНГАЛАГ

Ц.ЭРДЭНЭЗУУ