Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 100

 

 

 

 

                                                                                      

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

    шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Э-гийн Д-д холбогдох 18100251300000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 13 дугаар гудамж 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Х- овогт Э-гийн Д-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

  1. Шүүгдэгч Э.Д- нь  2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 9 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух иргэн Г.Ч-ийн өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч, LG брэндийн 43 инчийн LCD зурагтыг хулгайлж, бусдад 390.000 төгрөгийн хохирол,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа 3 хотхоны  барилгын ажилчдын гэрийн гаднаас иргэн Б.П-гийн эзэмшлийн 0000УНТ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг мөн автомашин дотор байсан нөүтбүүкийг хууль бусаар авч, бусдад 8.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Д-өөс: “...Надад хүний машин унаж явсан нэг гэмт хэрэг байгаа. Надаас 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр мэдүүлэг авсан. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би телевизорыг Өлзийт хорооллоос авсан. Би хохирогч Чулуунцэцэгийг таньдаггүй байсан. Гэр нь онгорхой байхаар нь орсон. Гэрээс нь гарах гэж байсан чинь түлхүүр нь байхаар нь миний хойноос гараад ирж магадгүй гээд гаднаас нь түгжчихсэн. Бусдын автомашиныг авч явахдаа эзнээс нь зөвшөөрөл авсан. Гэрчүүд нь гэнэт олон болсон. Тухайн үед хажууд 2 хүн л байсан.  Би зурагтны хохирол төлбөр төлсөн. Нөгөө хохиролоо төлөөгүй байгаа. Бусдын орон байранд нэвтэрч телевизор, бусдын автомашиныг хулгайлсан үйлдэлд миний гэм буруу байгаа. Машинд нөүтбүүк байхгүй байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Болсон үйл явдлыг санаж байна. Тухайн машинд нөүтбүүк байгаа гэж миний нүдэнд харагдаагүй. Пүрэвсүрэнгийн машин над дээр 7 хоног байсан. Надад машиныг буцааж өгөх санаа байсан. Гэвч машиныг нь эвдэлчихсэн болохоор санаа зовоод аваачиж өгөөгүй юм...” гэв.

        

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Ч-ийн: “...Хүүгийн араас таксины жолооч гэх дээгүүрээ богино хар өнгийн куртик өмссөн, туранхай, 168-176 см орчим өндөртэй, 20-25 насны эрэгтэй орж ирсэн. Тэр таксины жолооч “10.000 төгрөг болсон” гэж хэлсэн ба надад бэлэн мөнгө байхгүй байсан учир би “утасны дугаараа үлдээчих” гэх хэлэхэд тэр залуу “утас барьдаггүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би “дансны дугаараа үлдээчих” гэхэд “данс байхгүй” гэж хэлээд гараад явсан. Би араас нь цонхоор харахад такситайгаа яваад өгсөн. Удалгүй цагдаа нар дуудлагаар ирлээ гээд орж ирээд манай хүү Бат-Эрдэнийг аваад явчихсан. Би гэртээ ганцаараа үлдсэн ба хүүгийнхээ авч ирсэн архинаас уугаад бага зэрэг согтоод унтахаар хэвтэж байтал байшингийн хаалга онгойсон. Харсан чинь хар өнгийн куртиктэй, эрэгтэй орж ирээд зурагтыг маань хананд зүүлттэй байсныг татаж аваад гараад явчихсан. Байшинд гэрэлгүй, харанхуй байсан. Тэр эрэгтэй гарч явахдаа манай байшингийн түлхүүрийг аваад гаднаас намайг цоожлоод явсан. Би тухайн үед “хөөе юу болж байна, хулгайч” гэж орилсон боловч согтуу байсан учраас орноосоо босч чадахгүй байсан. Миний бодлоор бол таксины жолооч гээд байсан эрэгтэй шөнө намайг унтахаар хэвтэж байхад байшинд орж ирж зурагтыг хулгайлаад аваад гарсан. Биеийн ерөнхий байдал, өмссөн хар өнгийн богино куртик зэрэг нь мөн байсан. Би хараад таньсан. Манайхаас хулгайлж авч явсан зурагт нь хар өнгийн, 43 инчийн, LG  маркийн, LCD зурагт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Хохирогч Б.П-гийн:“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байгаа Цагдаа-3 хотхоны гадна пасатанд үндсэн ажилчид сунаж ажиллаад, өдрийн ажилчид 20:00 цагт буугаад бид нар 22:00 цагт буугаад байрладаггүй хүмүүс гэр лүүгээ явцгаасан, байрладаг хүмүүс нь ажил дээрээ хонохоор болоод байрладаг гэртээ ороход өдрийн ажилтан Д- гэх хүүхэд байж байсан. Бид нар хоол унд хийж идчихээд орой 12:00 цаг өнгөрөөгөөд  Батмөнх, Баярмагнай, Болор-Эрдэнэ, Хатанбаатар өдрийн ажилтан Д- бид зургаа хоносон. Би өглөө 07:00 цагт бие засах гээд дотуур өмдтэйгөө гарахад миний 0000УНТ улсын дугаартай автомашин байгаагүй. Би буцаж гэрт ороод машиныхаа түлхүүрийг өмдний халаасанд хийсэн байсан. Тэгээд өмдөө гэртээ хайгаад олоогүй. Би өмдөө гаднаас олсон, автомашины түлхүүр байгаагүй. Цагаа тайлаад ширээн дээр тавьсан байхгүй болсон байсан. Тэгээд өглөө босоход хамт хоносон хүмүүсээс өдрийн ажил хийдэг Д- байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/,

Гэрч Б.Т-ын:“...Тэр залуу ганцаараа 42 инчийн LG маркийн удирдлагагүй зурагт барьцаанд тавихаар явж байсан. Түүний бичиг баримтыг үзэх гэхэд байгаагүй, хурууны хээний лавлагаатай явж байсан. УШ00232110 регистрийн дугаартай Э-гийн Д-  гэдэг хүүхэд байсан. Би зурагтыг үзэж байгаад 14 хоногийн хугацаатай 250.000 төгрөгөөр барьцаанд авсан. Удирдлагагүй саарал хүрээтэй хар зурагт байсан. Маргааш нь тэр залуу дахин ирж мөнгө нэмж өгөөч гэхээр нь би өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/,

Гэрч Б.У-ын: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би дэлгүүртээ сууж байсан, манай эхнэр дэлгүүрийн хажуугийн өрөөнд байж байсан. Манай дэлгүүрт орой 20 цагийн үед 20-25 орчим насны 168-170 орчим см өндөртэй, халимаг үстэй, бор царайтай, туранхай, дээгүүрээ хүзүүтэй, цагаан ноосон цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй орж ирээд надад хандаж “ахаа утсаараа нэг яриулаач, такси барьж ирээд мөнгөө өгөхгүй байна” гэхээр нь өөрийн ашигладаг 86054041 дугаараар 102 дугаар руу яриулсан... Тэр эрэгтэй орж ирээд таксины жолооч байгаа юм, такси барьж ирсэн хүн мөнгөө өгөхгүй, зодох гээд хутга барьж дайраад байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа руу утсаараа нэг удаа яриулчих гэж гуйсан. ...Миний харсанаар тэр эрэгтэй  цагаан өнгийн, Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодож байсан. Би улсын дугаарыгнь хараагүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч С.Б-гийн: “...Өчигдөр орой 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа буугаад цайгаа уучихаад ажил дээр Пүрэвсүрэн, Болор-Эрдэнэ, Хатанбаатар, Батмөнх, Д- бид 6 хоносон. Д- ганцаараа хувцастайгаа унтсан. Хувцасаа тайлаач гэхэд яах вэ гээд байсан. Би жоохон зүйрмэглээд байж байхад миний утсыг гуйгаад байхаар нь ав ав гээд хэлчихсэн. Миний утсаар юм үзээд байж байсан. Тэгээд би унтчихсан. Өглөө манай ажлын ах Пүрэвсүрэн Приус-20 маркийн  сувдан цагаан өнгөтэй 0000УНТ улсын дугаартай машин байхгүй талаар мэдээд,  түлхүүр нь өмдний халаасанд байсан гээд өмдөө хайж байтал гаднаас олоод Д- байхгүйг мэдээд юу алга болсон талаар шалгахад машин дотор явж байгаа Пүрэвсүрэнгийн нөүтбүүк, түрийвч цахим үнэмлэх, жолооны үнэмлэх лав байсан. Өөр зүйл байгаа байх би сайн мэдэхгүй байна...”/хх-ийн 106 дугаар хуудас/

Гэрч П.Д-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад ажил руугаа ирж байхад 07:10 минут орчим Баярмагнайгийн машинтай тааралдсан. Би ажил руугаа Эрдэнэтолгой өгсөөд явж байсан тоосгон дэлгүүрийн үүдэн дээр зөрсөн. Би ажил дээрээ ирэхэд манай 5 ажилчин Пүрэвсүрэн, Хатанбаатар, Батмөнх, Баярмагнай, Болор-Эрдэнэ нар унтаж байсан. Намайг орж ирэхэд Баярмагнай сэрчихээд унтаад өгсөн. Дараа нь Пүрэвсүрэн босч бие засах гээд өмдөө хайгаад олохгүй байсан. Тэгээд дотуур өмдтэйгөө гарч бие засчихаад гаднаас орж ирэхдээ өмдөө бариад ороод ирсэн. Орж ирээд миний өмдийг гаргаад хаячихаж миний машин хаана байна гээд машинаа надаас асуусан... Тэгээд Д- бацаан хаана байна энэ хэлэхгүй машин унаад явчихлаа даа гээд ирэх болов уу гээд хэсэг хүлээсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/,

  Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд

-2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХУ2-18-684 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50 дугаар хуудас/,

- “Тод үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 110 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Э.Д-ий: “... Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20-21 цагийн орчимд байх цагийг нь сайн санахгүй байна... Би байшинд шууд ороод хананд өлгөөтэй байсан зурагтыг аваад гарсан. Гарах үедээ хаалганы дотор хэсэгт зоолттой байсан түлхүүрийг аваад хаалгыг хааж гаднаас нь цоожлоод зурагтыг нь машиндаа хийгээд аваад явсан. Тэр эгчийг араас гараад ирж магадгүй гэж бодоод би хаалгыг гаднаас нь түлхүүрээр нь цоожлоод түлхүүрийг нь гадна талд нь зоолттой орхиод явсан. Хулгайлж авсан зурагтаа би Хархорин захын хажуу талын ломбарданд 205.000 төгрөгөөр өөрийнхөө хурууны хээгээр иргэний цахим үнэмлэхний лавлагааг авч түүгээрээ тавьсан. 14 хоногийн хугацаатай. Мөнгийг үрж дуусгасан. хулгайлж авсан зурагт нь 43 инчийн хар өнгийн LG маркийн зурагт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, ...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны Үнэгүй.мн сайтнаас өдөр өдөрт нь мөнгийг нь өгнө барилгын пасатчин ажилд авна гэсэн байсныг уншаад Соёлоо гэдэг бригадын даргатай уулзаж ажилд орсон юм. Манай гэр Сүхбаатар дүүрэгт хангай хотхонд байдаг байсан ба ажил Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд Цагдаа 3 хотхоны гадна пасатны ажил хийдэг байсан юм. Би гэрээсээ ажилдаа явдаг байсан. 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой манай ажлын ах нар архи уугаад би гэртээ харих гээд оройтчихоод яах вэ гэж байтал Пүрэвсүрэн ах надаар нэг шил архи авахуулаад намайг машин барьж чаддаг бол миний машиныг аваад яв гээд байхаар нь би үнэмлэхгүй шдээ гэсэн чинь чи бариад үзүүлчих гэхээр нь би хашаан дотор хөдөлгөөд үзүүлсэн юм. Ингээд би шөнө 2 цаг өнгөрч байхад Пүрэвсүрэн ахын “Тоёота Приус-20” маркийн автомашины түлхүүрийг аваад машиныг нь өөрөө жолоодоод гэр лүүгээ явж байгаад Офицерүүдийн ордны тойрог дээр замын голд байсан бакришикийг харалгүй дайраад машиных нь урд талын гүперийг доод хэсгийг нь хагалчихсан юм. Тэгээд тэр чигтээ гэртээ хариад маргааш нь ажил дээрээ очоогүй юм. Би хүний машин эвдэлчихсэн учраас айгаад очиж чадаагүй. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараагүй. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс Пүрэвсүрэн ахын машинтай гадуур явж байсан. Би ажил дээрээ огт очоогүй. Ингээд 5-6 хоногийн дараа хөД-т эргүүлийн цагдаа нарт баригдаад машиныг нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 141 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/,

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны  өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 72-76 дугаар хуудас/,

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 169-172 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Д-ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

                                                                                                       

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

        Шүүгдэгч Э.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 9 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух иргэн Г.Ч-ийн өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч, LG брэндийн 43 инчийн LCD зурагтыг хулгайлж, бусдад 390.000 төгрөгийн хохирол, мөн 2018 оны  10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа 3 хотхоны  барилгын ажилчдын гэрийн гаднаас иргэн Б.П-гийн  эзэмшлийн 0000УНТ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг мөн автомашин дотор байсан нөүтбүүкийг хууль бусаар авч, бусдад 8.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/, хохирогч Г.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, хохирогч Б.П-гийн мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/, гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/, гэрч Б.У-ын мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч С.Б-гийн мэдүүлэг/хх-ийн 106 дугаар хуудас/, гэрч П.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХУ2-18-684 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 390.000 /гурван зуун ерин мянган төгрөг/-р үнэлэгдэв” /хх-ийн 50 дугаар хуудас/, “Тод үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлан “тогтоолд тавигдсан асуултын дагуу судалгаа шинжилгээ хийж, ижил төрлийн байж болохуйц эд зүйлсийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ ханшийг судалж өнөөгийн зах зээл дээр дунджаар 8.250.000 /найман сая хоёр зуун тавин мянган төгрөг/-н үнэ ханштай байх боломжтой байхыг тогтоов /хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.   

Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг “...хүн байнга амьдрах... орон байранд нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулсан байна.  

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Д- нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, уг ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

 

Хохирогч Г.Ч-ийн гэмт хэргийн улмаас учирсан  хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Б.П- нь нөүтбүүкний 250.000 төгрөг, машины эвдрэлийн 682.500 төгрөг нийт 932.500 төгрөгийн хохирол нэхэмжилсэн нь төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Э.Д-өөс 932.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.П-д олгох нь зүйтэй байна. 

       Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Д- нь 94 /ерэн дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

  

1. Х- овогт Э-гийн Д-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Д-ийг 3 /гурав/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Д-ийг энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сар, 8 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар, 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Э.Д-д оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар, 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-ий цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Д-өөс 932.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.П-д олгосугай

 

         7.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

         8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ