Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Пүрэвтогтох

          шүүгдэгч Э.Д /цахим сүлжээгээр/

          шүүгдэгч Э.Дий өмгөөлөгч Д.Очирдорж

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дий гаргасан давж заалдах гомдлоор Э.Дд холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харагчууд овгийн Эрдэнэтуяагийн Э.Д, 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../;

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн,

 

Э.Д нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 9 дүгээр гудамжны 187 тоотод оршин суух иргэн Г.Чулуунцэцэгийн өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Эл Жи” загварын 43 инчийн “LCD” зурагтыг хулгайлж, бусдад 390.000 төгрөгийн,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа 3 хотхоны барилгын ажилчдын гэрийн гаднаас иргэн Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн 47-37 УНТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг, мөн автомашин дотор байсан нөүтбүүкийг хууль бусаар авч, бусдад 8.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Дийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Э.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сар, 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Дд 3 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дий цагдан хоригдсон 94 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Дөөс 932.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пүрэвсүрэнд олгохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаалтын шатанд тус хэргийн талаарх нотлох баримт буюу хяналтын камерийн бичлэгийг шалгуулахыг хүссэн боловч шалгаагүй, мөн прокурорын болон шүүхийн шатанд үүнийг хэлсэн боловч авч хэлэлцээгүй, хавтаст хэрэгтэй танилцах явцад тус хэргийн талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байсан гэрч хохирогчийг шүүх хуралдаанд байлцуулахыг хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэлийг хүндрүүлж, ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Одбаяр хорих 461 дүгээр ангид ирж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж байцаалт авсан ба миний бие эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд сүүлд яллагдагчаар татагдсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 17.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ прокурорт амаар болон бичгээр гаргасан боловч авч хэлэлцээгүй, мөн шүүх хуралдааны явцад тус хүсэлтийг шүүгчид хэлсэн боловч хэргийн тоот, дугаар байхгүй гэдэг шалтгаанаар нэгтгэх боломжгүй гэж үзсэн.

Иймд миний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч, хохирогч нар мэдүүлгээ зөрүүтэй мэдүүлдэг тул давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч болон хохирогчийг байлцуулах, дээр дурдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн  мөрдөгч Одбаярын хариуцан ажиллаж буй 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна ...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Дий өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Д нь хэргийг нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрмийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Тухайн хэрэг 2018 оны үйлдэл бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө үйлдэгдсэн хэрэг учраас нэгтгэж шийдвэрлүүлэх саналтай байгаа. 2018 оны 3 дугаар сарын 01-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, прокурор, мөрдөгч дутуу ажиллагаа хийсний улмаас хэрэг нэгтгэгдээгүй, хүсэлт удаа дараа тавьсан боловч тухай хүсэлтийг нь хүлээж аваагүй байдаг. Хэргийг нэгтгэснээр үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдал дордохгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж шийтгэсэнийг анхаарч үзэх ёстой. Учир нь хохирогч Чулуунцэцэгийн мэдүүлэгт тухайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн, зурагтыг аваад гарч байхад араас нь хашгирсан гэдэг. Тэгэхээр зурагт авахыг мэдсэн тул хулгайн гэмт хэрэг биш гэж үзэж байна. Мөн нөүтбүүк яг машин дотор байсан эсэх асуудал нь эргэлзээтэй байхад бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүйгээр тухайн хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэгтэй нэгтгэж дахиж шалгах нь зүйтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Э.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргийг нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

 

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Д нь Чулуунцэцэгийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хананаас нь телевизорыг нь авсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, мөн шүүгдэгч Э.Дий мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Гэрч Дайриймаа, Баярмагнай, хохирогч Пүрэвсүрэн нар энэ талаар мэдүүлэг өгсөн. Хэрэг гарах үед эдгээр хүмүүс хоносон бөгөөд өглөө босоод харахад Э.Д байхгүй байсан гэдэг. Мөн Пүрэвсүрэнгийн машин байхгүй байсан гэж бүгд тодорхой мэдүүлэг өгсөн, зөрүүтэй зүйл байдаггүй. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг нэгтгүүлэх талаар хүсэлт гаргаж өгөөгүй. Харин шүүх хуралдаанд хэргийг нэгтгүүлэх талаар хэлж байсан. Энэ нь холбогдох баримтаар тогтоогдоогүй учраас хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Энэ шүүх хуралдаанд дээрмийн гэмт хэрэгт холбогдсон гэх талаар баримт авчирсан байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байна. Уг эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд шүүгдэгч Э.Дийг холбогдуулан шалгаж байна гэх зүйл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялтанд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан бол нэмж нэгтгэж эдлэх ялыг тогтоож болно. Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй бодит дүгнэлт хийж үнэн зөв шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгч болон шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Э.Д нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 9 дүгээр гудамжны 187 тоотод оршин суух иргэн Г.Чулуунцэцэгийн өвлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Эл Жи” загварын 43 инчийн “LCD” зурагтыг хулгайлж, бусдад 390.000 төгрөгийн,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа 3 хотхоны барилгын ажилчдын гэрийн гаднаас иргэн Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн 47-37 УНТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг, мөн автомашин дотор байсан нөүтбүүкийг хууль бусаар авч, бусдад 8.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/,

хохирогч Г.Чулуунцэцэгийн “...хар өнгийн куртиктэй эрэгтэй орж ирээд зурагтыг маань хананд зүүлттэй байсныг татаж аваад гараад явчихсан. Байшинд гэрэлгүй, харанхуй байсан. Тэр эрэгтэй гарч явахдаа манай байшингийн түлхүүрийг аваад гаднаас намайг цоожлоод явсан. ...Миний бодлоор бол таксины жолооч гээд байсан эрэгтэй шөнө намайг унтахаар хэвтэж байхад байшинд орж ирж зурагтыг хулгайлаад аваад гарсан. Биеийн ерөнхий байдал, өмссөн хар өнгийн богино куртик зэрэг нь мөн байсан. Би хараад таньсан...” гэх мэдүүлэг /хх 7-9, 86-87/,

хохирогч Б.Пүрэвсүрэнгийн “...Бид нар хоол хийж идчихээд орой 12:00 цаг өнгөрөөгөөд Батмөнх, Баярмагнай, Болор-Эрдэнэ, Хатанбаатар, өдрийн ажилтан Э.Д бид зургаа хоносон. Би өглөө 7:00 цагт бие засах гээд дотуур өмдтэйгөө гарахад миний 4737 УНТ улсын дугаартай автомашин байгаагүй. Би буцаж гэртээ ороод машиныхаа түлхүүрийг өмдний халаасанд хийсэн байсан. Тэгээд өмдөө гэртээ хайгаад олоогүй, би өмдөө гаднаас олсон. Дотор нь автомашины түлхүүр байгаагүй. Цагаа тайлаад ширээн дээр тавьсан байхгүй болсон байсан. Тэгээд хамт хоносон хүмүүсээс өдрөөр ажил хийдэг Э.Д байхгүй болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би 4737 УНТ улсын дугаартай автомашинаа 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авсан. Миний автомашин дотроос нөүтбүүк алга болсон байсан. Миний автомашины урд гупэр доод хэсгээр нь юм мөргөөд хагалсан шинээр өөр засвар авахгүй, жолооч талын хаалганы нугас таслаад карлантайгаа хавираад байгаа, карлан нь хонхойгоод орсон байна, тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Бусдаар зүгээр байна...” гэх мэдүүлэг /хх 102-103, 104-105, 138-139/,

гэрч Б.Ууганбаатар /хх 12-13/, гэрч Б.Төгсжаргал /хх 88-89/, гэрч С.Баярмагнай /хх 106/, гэрч П.Дүүриймаа /хх 107/ гэх мэдүүлгүүд, Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 112-114/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-50, хх 109-110/,

Э.Дий сэжигтнээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 14-15/, сэжигтнээр өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл /хх 19/, илтгэх хуудас /хх 20,21/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 91/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 92, хх 101/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 96/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Дий гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Э.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 598 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Э.Д нь давж заалдах гомдолдоо “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Одбаяр хорих 461 дүгээр ангид ирж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж байцаалт авсан ба миний бие эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд сүүлд яллагдагчаар татагдсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 17.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ прокурорт амаар болон бичгээр гаргасан боловч авч хэлэлцээгүй, мөн шүүх хуралдааны явцад тус хүсэлтийг шүүгчид хэлсэн боловч хэргийн тоот, дугаар байхгүй гэдэг шалтгаанаар нэгтгэх боломжгүй гэж үзсэн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн  мөрдөгч Одбаярын хариуцан ажиллаж буй 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг нэгтгэж шийдүүлэх хүсэлтэй байна” гэх, өмгөөлөгч Д.Очирдоржоос гаргасан хүсэлтэд хавсаргасан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 30/1319 тоот албан тоот, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны 501 дүгээр байрны 2 дугаар орцонд 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 01:00 цагийн үед бусдад дээрэмдүүлж эд зүйлээ алдсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоол ирүүлсэн боловч энэ баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Э.Дийг тухайн хэрэгт хэрхэн, ямар байдлаар холбогдсон талаар хангалттай нотолсон баримт биш байна. Энэ тодорхойгүй баримтыг үндэслэн хэргийг нэгтгүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Дий гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ