Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0219

 

 

 

 

“Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Э, Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль /2015 он/-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2.4, 14.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т к” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “К т и” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “К т и” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Иргэний хуулийн 27 дугаар зүйлийг 27.3 дахь хэсгийн “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр, ижил төстэй байж болохгүй” гэсэн заалтыг буруу тайлбарлан дүгнэлт хийснээрээ шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй юм. Учир нь хуулийн дээрх заалтаар “давхардсан”, “төөрөгдүүлэхээр”, “ижил төстэй” байж болохгүй гэсэн 3 нөхцөл шаардлагыг хууль тавьж байна.

Эдгээр нэр томъёоны талаас нь “и” гэдэг үгийг орхиод зөвхөн “Т к” болон “К т” гэсэн 2 холбоо үгийг авч үзвэл мэдээж “давхардсан” гэж, мөн “ижил төстэй” гэж харагдах боломжгүй байна.

Тийм болохоор нөгөө талаас нь “төөрөгдүүлэхээр” байна гэж үзэхэд хүрвэл: нэгдүгээрт “и” гэдэг үг нэмж орж ирэх тохиолдолд хэрхэн үзэх вэ гэдгийг, хоёрдугаарт анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох баталгаажуулах журам”-ын 3.3-ын “Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төстэй байж болохгүй” гэсэн заалт талаас нь аваад үзвэл ямар дүгнэлтэд хүрэх вэ гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй.

Анхан шатны шүүхийн гол алдаа нь “к”, “т” гэсэн үгийг хамтад нь биш дангаар нь авч үзсэнд байна гэж харж байна. Дангаар нь авч үзвэл бичвэрийн хувьд ч, авиан дуудлагын хувьд ч анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал зөрөх боломж олдохгүй. Асуудлын гол нь дээрх үгсүүд хоршиж байж бүрэн утгыг илэрхийлж байгаад байгаа юм. Түүгээрч барахгүй “и” гэдэг үг мөн нэмэгдэж ирж байж утга агуулгын хувьд ч тэс өөр болж ирж байгаад анхан шатны шүүх анхаарлаа хандуулж чадаагүйд гомдолтой байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор захиргааны байгууллага “и” гэдэг үгийг нэмсэн мэтээр ойлгож байгаа нь эцэстээ маргаан бүхий нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн дүгнэлтэд хүрэх зам нь болсон гэж үзэж байна.

Эцэст нь дурдахад хуулийн дээрх нэр томъёоны талаар хэл шинжилгээний мэргэжилтнүүд хэрхэн үзэх талаарх баримтыг хэрэгт оруулах тухай гуравдагч этгээдийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон атлаа “Т к” болон “К т и” гэсэн 2 өөр бичиглэл, 2 өөр авиан дуудлага, 2 өөр үгийн бүтэцтэй нэрийг Иргэний хууль зөрчсөн гэж дүгнэж байгаад харамсаж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах “Т к” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн 900000000 дугаарт бүртгэж, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /2007 онд гадаад худалдаа чиглэлээр, 2008 онд орон сууц ашиглалтын үйл ажиллагаа явуулах/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

Харин Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах “К т” ХХК 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдаж, гадаад худалдаа, хүнсний дэлгүүр, барилгын засвар хийх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгүүлэн, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Улмаар “К т” ХХК-ийн оноосон нэрийг өөрчилсөн бүртгэлийг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийлгэснээр “К т и” ХХК гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 00016000 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

Хэдийгээр нэхэмжлэгч “Т к” ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, гуравдагч этгээд “К т и” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрладаг гэсэн хаягийн бүртгэлтэй эрхийн улсын бүртгүүлсэн боловч бодит байдалд тус хоёр хуулийн этгээд нь Баянгол дүүргийн 7 дугаар хороонд нэг чиглэлийн буюу орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн бүртгэлийн хууль тогтоомж нь ... Иргэний хууль ... тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, 3.1.Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуулийн заалтаас үзэхэд 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Т к” ХХК гэсэн оноосон нэрээр бүртгэсэн атлаа 2015 оны 03 дугаар сарын 26-ын өдөр өөр хуулийн этгээдийг “К т” ХХК гэсэн нэрээр бүртгэж, улмаар “К т и” ХХК гэсэн нэрийн өөрчлөлтийг хийж, ижил төсөөтэй үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн нэрийг буюу “К т”, “К т и” ХХК гэж оноосон нэрийг олгож бүртгэсэн нь бусдыг төөрөгдүүлэхээр байх тул хариуцагчийн энэ үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тиймээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР