Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 109/2015/0023/з |
Дугаар | 001/ХТ2016/0087 |
Огноо | 2016-03-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2016/0087
“Архангай аймгийн ахмадын хороо” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар магадлалтай, “Архангай аймгийн ахмадын хороо” ТББ-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Архангай аймгийн ахмадын хороо” ТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аймгийн Ахмадын хороо нь "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ" гэсэн заалтын дагуу аймгийн төсвөөс 15 жил санхүүжүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.
Архангай аймгийн 2014 оны төсөвт энэ зориулалтаар нэр заагдан 70 гаруй сая төгрөг туссан бөгөөд тухайн оны эхний улирлын санхүүжилт хэвийн хийгдсэн боловч аймгийн төрийн сан тодорхой бус шалтгаанаар 2014 оныг дуусталх хугацааны санхүүжилт хийгээгүй. Түүнчлэн жил бүр аймгийн Засаг даргатай санхүүжилтийн үр дүнгийн гэрээ хийдэг атал 2013-2015 онуудад тодорхой бус байдлаар гэрээ хийхээс түтгэлзэн Ахмадын хорооны санхүүжилтыг олгоогүй. Энэ асуудлаар аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Гүрсүрэн нарт удаа дараа буюу 10 гаруй удаа биеэр болон бичгээр хандсан боловч ямар нэг тодорхой хариу өгөлгүй байсан тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Шүүх аймгийн Ахмадын хороог улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлээгүй гэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 215 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ахмадын хороо 2015 оны 01 дүгээр сарын 16-нд улсын бүртгэлийн тухай шинэ хуулийн дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. Энэ онд аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж санхүүжилт олгохыг хүссэн боловч боломжгүй гэсэн хариу ирүүлсэн болно. Монгол Улсын Сангийн сайдаас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1/315 дугаар албан бичгээр аймаг, сумдын Ахмадын хорооны санхүүжилтийн тухай албан бичиг ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна. Аймгийн Ахмадын хороо нь 19 суманд ахмадын зөвлөлтэй бөгөөд жил бүр ажлын төлөвлөгөө гарган тухайн жилд тодорхой ажлуудыг ахмад настнуудын нийгмийн хамгаалал, тэдэнд чиглэсэн олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. 2014 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд сумдын Ахмадын зөвлөлийн дарга нарын сар бүрийн урамшуулал болон бусад зардлуудыг санхүүжүүлээгүйгээс шалтгаалан Ахмадын хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод байна.
Иймд зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах үүднээс "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу орон нутгийн төсвөөс олгох ёстой 2015 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын 15 сая төгрөгийг олгохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд “Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг зарчмын хувьд дэмжин тогтоол гаргахаар болсон.
Дээрх Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолоор Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх, энэ талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад өгсөн.
Засгийн газрын 2015 оны 48 дугаар тогтоолын хүрээнд нэг талаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч С.Эрдэнэ, нөгөө талаас “Монголын чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн Г.Баасан нар “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын төсвийн ерөнхийлөн захирагч, Монголын чөлөөт ахмадын холбооны ерөнхий менежерийн хооронд “төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх тухай” гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна. Гэрээг орон нутагт буюу Архангай аймагт хэрэгжүүлэхээр нэг талаас Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, нөгөө талаас Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Б.Жаргалсайхан нар “Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх” гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан.
Дээрх гэрээнүүдийг байгуулах үед болон гэрээ байгуулахаас өмнө аймгийн “Ахмадын хороо”-ны дарга Д.Самданмөнхөөс орон нутгаас санхүүжилт авах талаар аймгийн Засаг дарга болоод Засаг даргын Тамгын газарт ямар нэгэн санал, хүсэлт, ажлын төлөвлөгөө, гэрээ амаар болон бичгээр ирээгүй. “Ахмадын хороо”-ны дарга Д.Самданмөнх нь улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан талаарх мэдээлэл ирүүлээгүй /гэрчилгээгээ үзүүлээгүй/ учир дээрх байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсныг мэдэх боломжгүй байсан. Харин Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсныг мэдсэн.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.1-д “Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухай орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж хуульчилсан нь заавал Архангай аймгийн “Ахмадын хороо”-нд санхүүжилт олгоно гэсэн асуудал биш харин аймгийн хэмжээний нийт ахмад настны эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Б.Жаргалсайхантай гэрээ байгуулан санхүүжилт олгож ажиллаж байгаа нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа юм.
“Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Б.Жаргалсайхан нь улирал бүр авсан санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлаа аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллаж байна. 2015 оны тухайд Чөлөөт Ахмадын хороотой гэрээ байгуулаад, гэрээний дагуу санхүүжилт улирал бүр олгож байгаа. 2016 оны тухайд Монголын Чөлөөт Ахмадын хороо, Монголын Ахмадын хороо аль аль нь гэрээний төслөө барьж ирээд Засаг дарга болоод Засаг даргын Тамгын газрын даргатай ярилцаад ямар нэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжтой.
“Ахмадын хороо”-ны дарга Д.Самданмөнх нь 15 жилийн турш орон нутгаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байсан боловч аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт ажлын төлөвлөгөө, гэрээ ирүүлж байгаагүй, албан ёсны гэрээ байгуулж ажиллаагүй, орон нутгаас авч байсан санхүүжилтийг ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулж байсан талаар тайлан ирүүлж байгаагүй юм. Одоо 2015 оны санхүүжилтээс мөнгө үлдээгүй. 11 сарын эхний 10 хоногтоо багтаагаад санхүүжилт хийчихдэг учраас 74 сая төгрөгнөөс үлдсэн мөнгө байхгүй, бүрэн олгогдсон гэж үзэж болно. Шинэ Төсвийн тухай хуулиар аймгийн Засаг дарга ямар нэг байгууллагад гэрээгүйгээр санхүүжилт үзүүлэх боломжгүй гэсэн хаалт тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн 14.2.2, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.2, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Архангай аймгийн ахмадын хороо” ТББ-ын 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар хүртэлх санхүүжилт 15 сая төгрөгийг олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Архангай аймгийн Ахмадын хороо” ТББ-ын дарга Д.Самданмөнх нь Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд 2015 онд хамтран ажиллах гэрээ, ямар нэгэн санал хүсэлт, ажлын төлөвлөгөө албан ёсоор ирүүлээгүй тул тухайн Төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах, санхүүжилт олгох боломж байхгүй. Гэрээний төслөө ирүүлээгүй төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах эрх аймгийн Засаг даргад хуулиар олгогдоогүй.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр "Архангай аймгийн Ахмадын хороо" ТББ-ын дарга Д.Самданмөнхөөс аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй 2015 онд хамтран ажиллах гэрээний төсөл болон гэрээ, санхүүжилт авах хүсэлт ирүүлээгүй болох нь нотлогдсон. Мөн шүүх аймгийн Засаг даргыг гэрчээр асуухад "Ахмадын хороо"-ны дарга Д.Самданмөнх нь аймгийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээ, гэрээний төсөл, санхүүжилт авах хүсэлт ирүүлээгүй гэж хэлдэг зэргээс "Ахмадын хороо"-ны дарга Д.Самданмөнх нь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар 2015 онд хамтран ажиллах гэрээ, ажлын төлөвлөгөө, сахүүжилт авах хүсэлт ирүүлээгүй болох нь тогтоогддог.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай магадлалаар "Ахмадын хорооны" дарга Д.Самданмөнх нь 2015 онд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах, санхүүжилт авах талаар аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын эрх бүхий бусад албан тушаалтнуудад олон удаа хандаж байсан талаар Засаг дарга, түүний Тамгын газрын эрх бүхий бусад албан тушаалтнуудаас тайлбар, лавлагаа авах, нэхэмжлэгч гэрээ байгуулахаар хандсан байхад хариу өгөөгүй болон татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэж нотлох баримтад үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь:
Аймгийн "Ахмадын хороо"-ны дарга Д.Самданмөнх нь аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд 2015 онд хамтран ажиллах гэрээ, ямар нэгэн санал хүсэлт, ажлын төлөвлөгөө албан бичгээр болон амаар иүүлээгүй гэдэг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэрэгт хийсэн үзлэг, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг гэрчээр асууснаар тогтоогдсон байхад дахин "Ахмадын хорооны" дарга Д.Самданмөнхөөс гэрээ байгуулах хүсэлт, гэрээ, гэрээний төсөл ирүүлснийг шүүх шалгах шаардлага байхгүй.
Мөн аймгийн Засаг даргад төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх эрхийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ”, 9.3-д “Энэ хуульд заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно” гэж заасны дагуу олгогдсон ба харин аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон холбогдох ажилтнуудад төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах эрх хуулиар олгогдоогүй учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий бусад албан тушаалтнуудаас шүүх тайлбар, лавлагаа авах шаардлага байхгүй.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн бус байгуулагатай /Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх/ гэрээ байгуулах эрх байхгүй.
Аймгийн Засаг дарга манай байгууллагатай гэрээ байгуулаагүй байгаа эс үйлдэхүйн талаар аймгийн Засаг даргатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир энэ хэрэгт "Чөлөөт ахмадын холбоо"-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй.
Аймгийн Засаг даргын "Чөлөөт ахмадын холбоо"-той 2015 онд хамтран ажиллахаар байгуулсан гэрээний үүргийн дагуу Засаг даргын Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 16 дугаар зүйлийн 16.5, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь “Чөлөөт ахмадын холбоо” аймгийн Засаг дарга нарын хооронд 2015 онд хамтран ажиллахаар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу санхүүжилтийг хуваарийн дагуу Чөлөөт ахмадын холбоо"-д 2015 онд олгосон нь хууль зөрчөөгүй.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийдвэр нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.
“Архангай аймгийн ахмадын хороо” ТББ-аас “2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар хүртэлх санхүүжилт 15 сая төгрөгийг олгохгүй байгаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлээ “жил бүр аймгийн Засаг даргатай санхүүжилтын үр дүнгийн гэрээ хийдэг атал 2013-2015 онуудад тодорхой бус байдлаар гэрээ хийхээс түдгэлзэн санхүүжилт олгоогүй, аймгийн Засаг даргад гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй” хэмээн маргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл уг шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах боломж олгож, хугацаа тогтоолгүйгээр захиргааны хэрэг үүсгэсэн нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3-т заасныг зөрчсөн байна.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ”, 9.3-д “Энэ хуульд заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуульд заасны дагуу ахмад настнуудыг төлөөлөх байгууллагыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан нь аймгийн Засаг дарга болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч “нэхэмжлэлийн шаардлагаа аймгийн Засаг даргад холбогдуулан гаргаагүй” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аймгийн Засаг даргыг татан оролцуулаагүй нь буруу болжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлан, хариуцагчийг тодорхойлох эрхтэй боловч “Архангай аймгийн ахмадын хороо” ТББ-ын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан маргааны үйл баримт нь аймгийн Засаг даргын эрх хэмжээтэй холбоотой байгаа тухайн тохиолдолд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 24.2-т “хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол уг этгээдийг шүүгч хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэсний дагуу жинхэнэ хариуцагчаас тайлбар гаргуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН