| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/00478/И |
| Дугаар | 210/МА2024/00386 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00386
Ж.Анхтуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04130 дугаар шийдвэртэй
Ж.Анхтуяагийн нэхэмжлэлтэй, Х.Чимэд-Очирт холбогдох,
5,179,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн /цахим/, хариуцагч Х.Чимэд-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Х.Чимэд-Очир нь Казакстаны Жи тайм компаниас мөнгө ирнэ гэж хэлээд оффисын тавилгуудыг надаас 2017 оны 4 дүгээр сард 5,109,300 төгрөгөөр худалдан авсан. Гэвч Х.Чимэд-Очир нь надад өгсөн оффисийн хаягтаа байхгүй, надтай холбоо барихгүй, залгахаар утсаа авахгүй, мессеж бичихэд хариу өгөөгүй, гэрээний дагуу хүлээлгэн өгсөн тавилганы үнэ болох 5,109,300 төгрөгийг төлөөгүй.
1.2. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Х.Чимэд-Очирт холбогдуулан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 02683 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хариуцагчийн хаягийг тодруулснаар дахин шүүхэд хандсан.
Иймд хариуцагч Х.Чимэд-Очироос тавилганы үнэ болох 5,109,300 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 5,179,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр н.Цогтсугар нарын 200 гаруй нөхөд цугларч Казакстан улсын Жи тайм компаний үйл ажиллагааг хууль хяналтын байгуулагад буруутай гэж үзэж шийдвэрлэж байгаа учир олон нийтийн байгууллага байгуулах санал гаргаж Жи тайм корпарацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоо нийгэмд үйлчилдэг ТББ байгуулж удирдах зөвлөлийн гишүүн 15 хүний саналаар намайг тэргүүнээр сонгосон. Улмаар удирдах зөвлөлийн гишүүдийн санаачилгаар оффис түрээслэхээр болоход Ж.Анхтуяа нь миний оффисийг ашиглая бүх тавилга тоног төхөөрөмж нь бэлэн гэхэд УЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжин Ж.Анхтуяагийн оффис дээр төвлөрөн ажилласан. Гэтэл сарын түрээс 2,000,000 төгрөг байсанд шинээр үүсэж байгаа ТББ-д хүндээр тусч хямдхан байр түрээслэж Удирдах зөвлөлийн гишүүн санхүү аж ахуйн асуудал хариуцахаар томилогдсон Б.Жаргалсайхан гэдэг хүнд үүрэг өгч, Ж.Анхтуяа болон бусад гишүүдийн тавилга төхөөрөмжийг тоо ёсоор нь хүлээн авч хариуцан эвдэрч сүйдэх, бусдад шилжүүлэхгүй байхыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн.
2.2. Тухайн нөхцөл байдал хүндрэн эрүүгийн хэргийн шинж чанартай болоод ирэх үед холбооны гишүүд болон удирдах зөвлөлийн хүмүүс өөрийн санаачлагатай ажлаа хийхээ больж санхүүжилт доголдож түрээсийн төлбөрөө төлөх чадваргүй болсон. Ж.Анхтуяа болон бусад хүмүүс оффист нийлүүлсэн тавилга тоног төхөөрөмжөө ав гэсэн саналыг удаа дараа тавьсаны үндсэн дээр Ж.Анхтуяа нь өөрийн дүүг явуулж холбооны ажилтан н.Жаргалсайхан, н.Алтанцэцэг, н.Чимэд-Очир нарыг байхад 4 хүний суудалтай оффисийн диван, 1 хүний суудалтай 2 кресло, сэтгүүлийг жижиг ширээ, 6 ширхэг түшлэгтэй хар сандал, иж бүрэн комьютер зэргийг авч яваад 1, 2 метр, 1, 4 метр хэмжээтэй 2 ширээ 1 хар сандал, 2 туг тугны суурийг тавих газар байхгүй гээд түр үлдээгээд явсан.
2.3 Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Анхтуяа нь холбооны нэрийг ашиглан олон арван хүнээс янз бүрийн шалтгаан хэлж их хэмжээний мөнгөн хохирол учруулсан байсныг Удирдах зөвлөлийн гишүүдээс Ж.Анхтуяатай маш удаан хугацаатай холбогдож дээрх хүмүүсийн хохирлыг барагдуулж, үлдсэн тавилгаа авах тохиролцоонд хүрсэн. Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ж.Анхтуяагийн эцэг н.Жаргалсайханыг Казакстан улс дахь Жи тайм корпорацийн ажлыг шалгах ажлын хэсэгт оруулж, тус улсад явах зардлыг бүх гишүүдээсээ гарган дэмжлэг үзүүлж байснаас гадна хууль бус олон үйлдлийг холбооны удирдлага зохицуулан ажилласан. Ж.Анхтуяагийн нэмэмжилж байгаа тавилгын үлдэгдэл нь түрээсэлж байсан оффисст үлдсэн бөгөөд түрээсийн төлбөрөө төлөөд 2 ширээ, 1 сандалаа авах боломжтой гэдгийг байрны эзэн хэлж, уг тавилгыг хүлээлгэж өгсөн хүн н.Жаргалсайхантай тооцоо хийх нь зүйтэй.
2.4. Ж.Анхтуяа Жи тайм компанитай харьцаж байхдаа гэр бүлийн хамтаар их хэмжээний ашиг олж үнэтэй оффис түрээслэн шатсан тухайгаа бидэнд ойлгуулж өөрийн тавилгаа холбоондоо өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан бөгөөд худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй. Хамгийн сүүлд оффис дээр холбооны гишүүн н.Мянганбуу, Х.Чимэд-Очир нарыг байхад байр түрээслэгч орж ирээд оффист байсан бүх зүйлийг тэр чигээр нь хүлээн авч түрээсийн төлбөрөө төлөөд дээрх зүйлээ авахыг шаардаж н.Мянганбуу, Х.Чимэд-Очир нараас үүдний болон өрөөнүүдийн түлхүүрийг хүлээн авч биднийг гаргасан.
Иймд Ж.Анхтуяагийн нэхэмжилж байгаа тавилга Х.Чимэд-Очирт хамааралгүй болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Чимэд-Очироос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Анхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,109,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрт Ж.Анхтуяа нь хариуцагч Х.Чимэд-Очирт дээрх эд хөрөнгүүдийг өгсөн үйл баримт нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Би Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Х.Чимэд-Очирт өөрийн эзэмшлийн 5,109,300 төгрөгийн үнэ бүхий тавилга өгсөн. Хариуцагч Х.Чимэд-Очир нь 13 дугаар хороололд байрлах оффис нүүх үед тус тавилгуудын үнийг удахгүй өгнө хэлээд авч явсан нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон.
Мөн хариуцагч Х.Чимэд-Очир нь Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбооны үйл ажиллгаа явуулдаг гэх атлаа тус холбооны хуулийн этгээдийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь эргэлзээтэй, эд хогшлийг түрээсийн байрны төлбөрийн барьцаанд үлдээсэн гэх боловч уг холбоо түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтаа хариуцагч нотлоогүй. Тэрээр түрээсийн байрны 2 сарын төлбөрийн барьцаанд үлдээсэн тул надад хамаагүй гэх тайлбар нь хүний эд хөрөнгийг өөрөө дур мэдэн ашигласан нь тодорхой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхэд Ж.Анхтуяа нь Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбооны удирдах зөвлөлийн гишүүн мөн эсэхийг нотлохыг шаардсан. Тухайн холбооны бүх дүрмийг би нотариатаар баталгаажуулж, нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ж.Анхтуяаг удирдах зөвлөлийн гишүүн эсхүл ямар албан тушаал эрхэлдгийг тодруулсан нотлох баримтууд байдаг. Уг нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс гаргаж өгөхийг шаардаагүй учраас тухайн баримтуудыг хэрэгт хавсаргаагүй. Нэхэмжлэгч тал Х.Чимэд-Очир намайг дураараа Ж.Анхтуяагийн тавилгыг авч явсан гэх тайлбарыг гаргадаг. Тухайн Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбоог байгуулахад намайг холбооны тэргүүнээр олонх гишүүдийн саналаар томилсон. Миний бие хэзээ ч эд хөрөнгө, мөнгөний асуудалтай орооцолдохгүй гэдгээ тайлбарласан. Гэвч аж ахуйн болон мөнгөний асуудлыг н.Жаргалсайхан өөрийн санаачилгаар хариуцахаар болсон. Тухайн үед Ж.Анхтуяагийн оффис дээр очиход тухайн оффисыг 2,000,000 төгрөгөөр түрээсэлсэн гэж хэлээгүй. Мөн тухайн үед олон хүмүүс өөрийнх нь оффис дээр үйл ажиллагаа явуулах саналыг гаргаж байсан.
Гэвч тухайн газруудыг Ж.Анхтуяа хүлээн зөвшөөрөхгүй байж байгаад өөрийнхөө оффис дээр очсон. Тухайн оффис дээр 1 сар болоогүй байхад түрээсэлж буй газрын эзэн ирж, 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн тул бид нар уг оффисыг түрээслэх боломжгүй гэдгээ тайлбарласан. Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбоо НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд санал гаргаж, Сансрын орон сууцыг түрээслэхээр тохиролцсон. Ж.Анхтуяагийн гэх тавилгыг албан ёсоор Сансрын байранд авчирсан. Тухайн байранд 2, 3 сарын турш үйл ажиллагаа явуулж байхад эрүүгийн хэрэг маргаан үүсэхэд Ж.Анхтуяа болон бусад гишүүд нэрээ татаж авсан. Тухайн байранд Х.Чимэд-Очир би, н.Жаргалсайхан, н.Алтанцэцэг бид 3 үлдсэн. Уг тавилгыг Х.Чимэд-Очир намайг гарын үсэг зурж, хүлээн авч худалдан борлуулж болно гэж надад хэлж байгаагүй. Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбоо НҮТББ-ын удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, тухайн тавилгыг зөөж нүүлгэсэн. Учир нь 2,000,000 төгрөгөөр байр түрээсэлж дийлэхгүй учраас удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр Сансарын байр руу нүүх саналыг хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй нь хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар нотлогдсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.Анхтуяа нь хариуцагч Х.Чимэд-Очирт холбогдуулан тавилгын үнэд 5,109,300 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 5,179,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3. Талууд хооронд 5,109,300 төгрөгийн үнэ бүхий тавилга худалдсан эсэх, уг тавилгын үнийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эд хөрөнгө буюу тавилгын үнийг нийт 5,109,300 төгрөг гэж тодорхойлдог боловч хэдэн нэр төрлийн ямар эд хөрөнгө байсан, тэдгээр эд хөрөнгийн нэг бүрийн үнэ хэдэн төгрөг болохыг тодруулах ажиллагааг шүүх хийх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.
4.1. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэдэн нэр төрлийн ямар эд хөрөнгийг хариуцагчид хэзээ хүлээлгэн өгсөн, түүнээс ямар эд хөрөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид хэзээ буцаан хүлээлгэн өгсөн эсэх, үлдэх эд хөрөнгө хаана, хэний эзэмшилд байгаа эсэх нь мөн тодорхой бус байна.
4.2. Мөн Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоо НҮТББ-ыг төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгчийн эд хөрөнгийг тухайн байгууллага хамтран хариуцах эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.
5. Уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/04130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 97,822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ